Бразилд хоногт коронавирусний халдварын 9000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 21 468 121 болжээ.
Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо 597 948 болсон байна.
Бразилын Эрүүл мэндийн сайд Марселу Кейрога коронавирусний халдвараар өвчилжээ. Тэрбээр Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаруг Нью-Йорк руу дагалдаж очоод коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Globo сонинд мэдээлснээр Бразилын Эрүүл мэндийн сайд Нью-Йоркт үлдэж, 14 хоног тусгаарлалтад байх гэнэ. Бразилын Ерөнхийлөгчийн айлчлалын багийн бүх хүн шинжилгээ өгөх аж.
Дэлхий дахинд коронавирусний халдварын тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, Их Британи, Орос, Турк улс тэргүүлж байна. Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлснээр АНУ ковидын халдварын болон нас баралтын тоогоороо тэргүүлж байна. АНУ-д өнөөдрийн /2021.10.05/ байдлаар 43 654 161 хүн ковидын халдвараар өвчилж, 701 326 хүн нас баржээ.

Дэлхий дахинд нийт халдварын тоо 219 456 675 болж, нас баралт 4 547 782 хүрлээ. Өвчлөлийн тоо нь 20 сая давсан гурван улс байгаа нь АНУ, Энэтхэг, Бразил юм. Бразил улс өнгөрсөн өвөл Энэтхэгийн урд дэлхийд хоёрдугаарт явж байсан билээ. Тус улсад халдвар хоногт 80-100 мянга давж, нас баралтын тоогоороо ч урд нь зөвхөн АНУ байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд Бразилд өдөрт 4000 хүн нас барж, оршуулгын газар ачааллаа дийлэхээ больж байв. Нөхцөл байдал маш хүндэрсэн тухайн үед Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару улс орныхоо эдийн засгийг бодоод хөл хорио тогтоохгүй гэж мэдэгдсэн нь шуугиан тарьсан билээ.
Дэлхий дахины коронавирусний халдварын шалтгаант нас баралтын 10 хувь нь Бразил улсад бүртгэгджээ. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сард хоногт 100 158 тохиолдол бүртгэгдэж рекорд тогтоож байв.
![]()
Тэгвэл дэлхий дахинд халдварын тоогоороо хоёрдугаарт явж байгаа Энэтхэг улсад өнөөдрийн байдлаар 33 834 702 тохиолдол, 448 997 нас баралт бүртгэгдээд байна.
Цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд нийт 6 тэрбум тун коронавирусний эсрэг вакциныг ашиглажээ.

Сэтгэгдэл ( 0 )