Оросын 300 дипломатчийг АНУ-аас ГАРГАХЫГ санал болголоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

АНУ-ын сенатын гишүүд тэгш байдлыг хадгалахын тулд Оросын 300 дипломатчийг АНУ-аас гаргахыг Ерөнхийлөгч Жо Байденд санал болголоо.

Дөрвөн сенатч уг саналыг тавьсан бөгөөд тэд “Оросын эрх баригчид Москва дахь Америкийн Элчин сайдын яамны ажилтнуудын тоог нэмэхийг зөвшөөрөхгүй бол ОХУ-ын дипломат ажилтнуудын тоог цөөлөх хэрэгтэй” гэжээ. Захидлыг Бүгд найрамдах намын сенатч Марко Рубио хэвлэжээ. Түүнээс гадна энэ санаачилгыг гаргасан хүмүүсийн дотор сенатч Марк Уорнер, Жим Риш, Роберт Менендес нар байгаа юм.

АНУ-ын сенатын гишүүд “Дипломат төлөөлөгчийн газрын ийм тэнцүү бус байдал нь хүлээн зөвшөөрөмгүй зүйл. Үүний дагуу Орост ажиллаж буй Америкийн дипломатуудын тоог тэгш болгоход ОХУ хангалттай виз олгох ёстой. ОХУ дахь Америкийн дипломатууд АНУ-д ажиллаж буй Оросын дипломатуудын тоотой тэнцүү байх ёстой” гэжээ. ОХУ дээрх арга хэмжээг авахгүй бол тэгш байдлын үүднээс АНУ дахь Оросын дипломатуудыг гаргахыг уриалах болно гэдгээ Бүгд найрамдах намын сенатчид Байденд хаягласан захидалдаа өгүүлжээ.

Сенатчид Оросын 400 гаруй дипломатч АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа гэсэн байна. Харин АНУ-аас ОХУ-д ажиллаж байгаа дипломатуудын тоо 100 хүнээр хязгаарлагддаг гэжээ.

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын хариу арга хэмжээний улмаас “Тавдугаар сарын 12-ноос зөвхөн америкчуудад, яаралтай тохиолдолд цөөн тооны хүнд консулын үйлчилгээ үзүүлэх болно” гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын байр суурь

Тэгвэл АНУ-ын сенатчидийн ОХУ-ын 300 дипломатчийг улсаасаа гаргах саналын талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам байр сууриа ийнхүү илэрхийлж байна. “Оросын 300 дипломатчийг АНУ-аас хөөх санал гаргасан сенатчид ОХУ дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газруудыг хаахыг хүсэж байгаа юм” гэж Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мөн “Нэмж дурдахад, Вашингтонд ийм тооны Оросын дипломат ажилтан байдаггүй. Үүнийг та нарт сануулахаа больё гэхэд олон улсын харилцааны талаар зохих мэдлэггүй гишүүд НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт ажилладаг Оросын дипломат ажилтнуудыг тоолсон уу” гэлээ.

ОХУ-ын зүгээс дээрх саналыг гаргасан Америкийн сенатын гишүүдэд “өөр зүйл” чухал гэж үзэж байна. Риа Новости агентлагийн мэдээлснээр Гадаад хэргийн яам “Ийм алхам хийхийг санал болгож буй хүмүүс Орос дахь төлөөлөгчийн газруудаа хаахыг хүсэж байгаа бололтой. Үүний хариуцлагыг тэд өөрсдөө үүрэх болно гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.

АНУ-ын сенатын гишүүд Оросын 400 гаруй дипломатч АНУ даяар байгаа гэж мэдэгддэг бол АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрууд ОХУ-д ойролцоогоор 100 америк дипломатч бий гэдэг.

Хориг

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дэгийн хороо есдүгээр сарын 23-нд Оросын 35 иргэний эсрэг хориг тавих саналыг Жо Байденд тавьсан билээ. Тэд хоригт Оросын бизнес эрхлэгчид, сэтгүүлчид, улстөрчдийг хамруулах боломжийг хэлэлцэж үзэхийг санал болгожээ. Баримт бичигт 35 орос хүний нэр багтсан бөгөөд тэдэн дунд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Росгвардын захирал Виктор Золотов, Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников, Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин зэрэг хүмүүсийн нэр багтжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр хоригийн талаарх баримт бичгийг конгресс хянаж байгаа аж. Хоригийг санаачлагчдын нэг, Конгрессын гишүүн Том Малиновский “Хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаатай холбоотой хүмүүсийн нэр багтсан” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч 180 хоногийн хугацаанд жагсаалтад орсон хүмүүсийн аль нэг нь “хориг арга хэмжээ авах шалгуур”-ыг хангаж байгаа эсэх талаар нарийвчилсан үндэслэл бүхий санал өгөх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top