Сүүлийн хэдэн жилд жагсаал цуглаанд оролцсон, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс баривчлагдах, үгүй ядах нь ээ цагдаад дуудагдаж байцаалт өгөх явдал тасрахаа байв. Хачирхалтай жишээ ч их бий. Тухайлбал, тэр жил эрх баригч намын шударга гишүүдийн толгойлсон нэг жагсаал төв талбайд болж билээ. Тэнд нь өөр шаардлага, үзэл бодол илэрхийлсэн цаас барьж очсон хүмүүсийг цагдаа нар ялган баривчилж, уриаг нь хурааж байсан юмдаг. Одоо бол сөрөг хүчнийхээ элдэв цуглаан, жирийн иргэдийнхээ үзэл бодлыг яаж ийж байгаад сарниулах гээд байдаг юм анзаарагдах болсон. Хамгийн сүүлд гэвэл уржигдар /2021.10.05/ шөнө Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа бэсрэг цуглаан хийсэн гурван хүнийг баривчилсан байна лээ. Ингэхдээ зорчих хөдөлгөөнд саад учруулсан гэсэн тайлбар хийсэн бололтой.
Дээр нь аливаа хөдөлгөөн, шаардлагын эсрэг хэвлэлийн хурал хийлгэдэг, тэд нь хүмүүсийг элдвээр гүтгэж, гутааж, заналхийлдэг жишиг тогтоох нь. Тэр Хон хэрээдийн Б.Энхбат гэдэг нөхрийн үе үе гарч ирээд хэвлэлийн хурал зарлаад юу ярьж байгааг л харчих. Энэ бол ардчиллыг нухчин дарах гэсэн шат дамжлагатай арга мөн.
Яагаад ийм жижиг баривчилгааг ардчилсан нийгэмтэй холбож сүржигнэж байгаагаа тайлбарлая.
Дэлхий дээр хөгжсөн, ядуу буурай аль ч орны иргэд ардчилсан нийгмийг хүсдэг юм. Үүнийг бид Хонконгийн жагсаал, Куба улсад болж буй үймээн, Венесуэлийн эмгэнэлт явдлаар өнөөдөр ч харж л байна. Ардчилсан нийгмийн хамгийн гол суурь нь үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдагт оршино. Энэ онцлог нь хүн төрөлхтнийг соронз мэт татсаар иржээ. Тийм ч болохоор яг энэ эрх чөлөөгөө хасуулсан Афганистан, Хойд Солонгосын иргэдийг дэлхий даяараа өрөвдөн гашуудаж, удирдагчдыг нь гайхан алмайрдаг хэрэг. Басхүү ардчилсан сонгуультай хэрнээ чөлөөт хэвлэлийг хавчдаг, хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэхийг боож хаадаг болохоор нь Орос оронд дургүй хүн олон гэх мэт.
Ардчилал гэдэг олж авахад хэцүү боловч алдахад амархан эд. Тийм болохоор ардчиллыг хамгаалъя гэвэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүний суурь эрхүүдийг хамгаалах учиртай. Манай маш товчхон Үндсэн хуульд ч энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг юм.
Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж байгаа. Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө бол, энэ.
Хальт хадуурахад, Солонгос явж байсан хүмүүс мэднэ дээ. Тэнд төр засгийнхаа эсрэг жагсаал өдөр бүхэн л болж байдаг. Тэр байтугай ажилладаг компани, корпорацынхаа гадна суулт хийсэн, шаардлага тавьсан цугларалт хаа сайгүй нь тааралдана. Ардчилсан улс оронд асуудлыг ингэж л шийддэг.
Шийдвэр гаргадаг хэнбугайд ч жирийн иргэд нь үзэл бодлоо хүргэх эрхтэй. Хэрвээ шаардлага зөв байвал бусад нь дэмжээд тухайн удирдлагыг шийдвэрээ өөрчлөх эсвэл огцрохоос өөр аргагүй болгоно. Харин өөр зуураа улстөржсөн, хувийн жижиг эрх ашгаа хангуулах гэсэн элдэв хүний үйлдэл олон нийтийн дэмжлэг авалгүй байсаар замхардаг. Хүмүүс бол нэг нь хуцахад дагаад улилддаг хашааны ноход биш юм. Ард түмэн хамгийн ухаалаг шийдвэр гаргадагт эргэлзэх хэрэггүй.
Гэтэл манай өнөөгийн эрх баригчид бас их өрөвдмөөр хүмүүс юм байна. Тэд өөрсдөө эрх бариагүй 2012-2016 онд яаж дөвчигнөдөг байлаа даа. Өнөөгийн энэ хэсэг цөөхөн хүн энд тэнд орилж байгаа шиг байсан бил үү. Чуулганы танхимыг таглаж суудаг, талбай дүүрэн хүн бөөгнүүлээд Төрийн ордны хоёр хаалгыг зохион байгуулалттайгаар олон хоногоор хаадаг байв. Тэдний үйлдлийг тухайн үеийн АН-ынхан ер ойшоодоггүй, ардчилсан нийгэмд байх л зүйл гэж хардаг байж. Ганцхан жишээ дурдахад, Э.Бат-Үүл баатар хотын захирагч байхдаа өөрийг нь огцрохыг шаардан гадаа нь жагсаж буй хүмүүсийг гадаадаас ирсэн зочдодоо харуулаад “Монголын ардчилал ийм сайхан хөгжиж байна” гэж гайхуулдаг байсан гэж байгаа. Гэтэл одоо худалч хүнд бол Төрийн ордны зүг хялайж харсан хүнийг ч хавчиж, дарлахад бэлэн болсон юм байна. Ийм болохоор Монголын ардчилал аюулд байна гэж хэлээд байгаа хэрэг. Хатуухан хэлэхэд, өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйл зөндөө бий. Түүнийг ил гаргасан оролдлого болгоныг дарна гэвэл дараагийн сонгуулиар дүнгээ тавиулахын л цондон юм даа.
Үүгээрээ АН сайн, МАН муу гэх гэсэнгүй. Эрх мэдэлд хүрээд гаргадаг араншин нь л ондоо юм байна. Манайхан л нийгмээ зах зээлийн гэж ярих дуртай болохоос дэлхийд бол ардчилсан орон гэдгээр нь мэддэг болчихсон шүү.
Нийтлэлийн эхэнд дурдсан баривчилгаанаас гадна гудамж талбайд телевизийн ярилцлагад орж байгаа хүнийг ч цагдаа очиж сонсдог, сонсохоор барахгүй юуны учир ярьж байгаагаа тайлбарлахыг шаарддаг болсон байна лээ. Улстөрчдийн оролцоо хуулийн байгууллагын томилгоотой хэтэрхий орооцолдсоны гажиг илрэл нь энэ шүү дээ.
Дахиад жишээ авахад Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн байгаа. Үүнээс улбаалаад бодохоор эрх мэдэл хэт төвлөрөх гэдэг өөрөө их аюултай юм байна. Бусдыг сонсох дургүй, зөвхөн захирах, зандрах хандлагатай болгодог аж. Одоо эрх баригчид энэ гажиг явдалдаа яаралтай дүгнэлт хийж засахгүй бол монголчууд өнөөдөр гурвыг нь баривчлахад гуч нь сэхээрнэ. Гучийг шийтгэхэд гурван саяулаа танина шүү. Нэг л удаа ингэж танигдвал дараа нь дахиад итгэх хүн хэд үлдэх вэ.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)