Дундаж цалин ба ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ

2021 оны 10 сарын 08

Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн дунджийг хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 20 мянгатаар  илэрхийлбэл ямар байхыг  дээрх  инфографикаас харж болно.

 

  • 20 мянгатын дэвсгэрт анх гүйлгээнд гарсан 2006 онд дундаж цалин 120.000  төгрөг буюу 6 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэж байжээ.

 

  • Харин үүнээс 8 жилийн дараа буюу 2014 онд дундаж цалин 800.000  төгрөг болж 44 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэх болжээ.

 

  • Тэгвэл 2021 онд дундаж цалин 1.320.000 төгрөг болж, 66 ширхэг 20 мянгатын дэвсгэртээр хэмжигдэж байна.

 

ДУНДАЖ ЦАЛИН гэдэг нь тайлант хугацаанд цалин, хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм.

Сануулахад, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ажиллагсдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69 мянган (5.5%) төгрөгөөр нэмэгдсэн.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ  оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 45.5 мянган аж ахуйн нэгжийн 698 мянган ажиллагсад  хамрагдсан байна.  Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан найман даатгуулагч бүрийн нэг  нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөс бага цалинтай байна. Харин таван  даатгуулагч тутмын  нэг  нь 420-700 мянган төгрөгийн, дөрвөн даатгуулагч тутмын нэг  нь 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд, төрийн мөнгөн дэвсгэртийг үнэгүйдүүлэхгүй байх зарчмыг баримталж, том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах талаар судалгаа хийхийг УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанканд даалгаад буй. Түүнчлэн Монголбанкнаас том мөнгөн дэвсгэрт гаргах нь эдийн засагт эрсдэлгүй гэсэн утгатай мэдээллийг өгч байгаа.

Том мөнгөн дэвсгэрт манай эдийн засагт үнэхээр шаардлагатай байгаа юу гэдэг асуудлаар  эдийн засагч Н.Энхбаярын байр суурийг тодруулахад:

“Бид мөнгөнийхөө нийт масстай харьцуулах ёстой. Тэр харьцуулаад байгаа улс орнуудын эдийн засагт хэдэн тэрбум ам.доллар эргэлдэж байгаа вэ. Гэтэл манай ДНБ 14-хөн тэрбум ам.доллар. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө яг одоогийн байдлаар  1.1  их наяд төгрөг л байна.  1.1 их наяд төгрөг дээр 20 мянгат байна уу, 50 мянгат байна уу нэг их ач холбогдол байхгүй. Харьцангуй том эдийн засагтай харьцуулаад байна шүү дээ. Тэгэхээр манай 20 мянгатын дэвсгэрт гүйлгээнд байгаа бэлэн мөнгөндөө бол хангалттай. Эдийн засгийн хэмжээ, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа байдалдаа бол 20 мянгатын дэвсгэрт  тохирч байна. За яахав, дээд тал нь 30 мянгатын дэвсгэрт байлаа гэхэд болж байна. Бүр дээшлээд 50, 100 мянгат гэж тооцоолдог аргачлал байгаа бол тэрийгээ танилцуулах хэрэгтэй. Бусад улс орнууд 50 мянгатын том дэвсгэрттэй  байна, манайх тийм болгоно гэдэг бол тэнэг хэрэг.

Дундаж цалингийн хэмжээг аваад үзэхэд төсвийн байгууллагынх 400-500 мянган төгрөг, дээшлээд 600 мянган төгрөг байна. 600 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн 20 мянгатаар авна уу, 50 мянгатаар авна уу, ямар ч ач холбогдолгүй. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн бэлнээр, 20 мянгатын дэвсгэртээр  цалингаа авлаа гэхэд ганц л боодол мөнгө шүү дээ. Дундаж цалингаас доош орлоготой хүмүүст 20 мянгат, 50 мянгатын дэвсгэрт ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр иргэд, худалдан авагчдын  зүгээс бол  50 мянган төгрөгийн дэвсгэртийн эрэлт байхгүй. Одоо 20 мянгатын дэвсгэртийг  задлах газар байна уу гээд явдаг хүмүүс чинь 50 мянгат задлах гэхэд олдохгүй. Цалиндаа нэг удаа дөрвөн дэвсгэрт авлаа гэхэд, түүгээрээ дэлгүүрт ороод худалдаа хийхэд бараг хариулж өгөхгүй, тийм л хэмжээнд байгаа. Тэгэхээр энэ бол жирийн иргэдэд нэг их хүртээмжтэй биш. Магадгүй,  өндөр орлоготой хүмүүс, бизнесийнхэнд л хэрэг болж магадгүй. Гэхдээ  бэлэн мөнгөний хэрэглээний сонирхол байна уу, үгүй юу. Эсрэгээрээ Монголбанк бэлэн мөнгө битгий хэрэглээрэй гэж өнгөрсөн олон жил сурталчилсан шүү дээ. Монголбанк бусад улс орнуудын том дэвсгэрт хэдэн доллартай тэнцдэг вэ гээд судалгаа гаргасан байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Хэрэв манай улс шинээр 50 мянган төгрөгийн дэвсгэрт гаргавал одоогийн дундаж цалин болох 1.320.000 төгрөг 26 ширхэг 50 мянгат, 1 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байх юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.160) 2021 оны 10 сарын 08

харин хувийн хэвшилийнхэн гайгүй цалин өгдөг вм биш үү

0  |  0
hubiin hebshil(112.72.15.198) 2021 оны 10 сарын 08

hudlaa medeelel bn humuusiin tsaling hubiin hebshiliihen mash muu ogdog

0  |  0
Top