Жижиг дунд үйлдвэрийн газраас хөнгөлөлттэй зээл авч, үндэсний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж байгаа зарим газраар орж сурвалжиллаа. Хүйтний ам наашилж байгаа энэ цагт ховорхон тохиох намрын шар нартай дулаахан өдөр тохиосон нь тэдний урлаж, бүтээж, хийж байгаа ажилтай тухтай танилцах боломж олгосон юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон нийт 1038 зээлийн үйл ажиллагаанд хяналт, мониторинг хийх, үүнээс арилжааны банкаар дамжуулан олгосон 306, сангаас шууд олгосон 732 зээлийн үйл ажиллагаанд хяналт мониторинг хийх, тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллах хүрээнд ийнхүү амжилттай яваа үйлдвэрлэл эрхлэгчдээр орсон юм.
ЦАХИЛГААН ХАЛААГУУРААР ГЭРЭЭ ХАЛААХАД ЖИЛД 450 МЯНГАН ТӨГРӨГ
Бид эхлээд нэгдүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд очлоо. Энд зохион бүтээгч Ш.Алтангэрэл өөрийн хашаандаа бүтээлээ урлаж суугаа аж. “Уртын хүр” ХХК-ийн захирал Ш.Алтангэрэл өмнө нь “Чиглэл” компанид ажиллаж байсан бөгөөд өөрийн сонирхолоо даган, ур чадвараа ашиглаж олон айлыг яндангаас нь салгажээ. Тэрээр гэр, байшингийн халаагуур зохион бүтээдэг юм байна. Биднийг очиход тосож аваад өөрийн урлан болох жижиг байшин руу дагуулан орлоо. Хийсэн бэлэн халаагуурын нөөц нь бараг дууссан тул бидэнд үзүүлэхээр ганц хоёрыг үлдээгээд байгаа гэдгээ хэлсэн юм.
Ердийн зуух болон төслийн зуухыг гал түлэхийн хажуугаар газ, цахилгаанаар халаадаг шийдлийг тэрээр боловсруулжээ. Мөн хүссэн цагтаа түлшээ түлж болох аж. Учир нь түүний зохион бүтээсэн цахилгаан болон газан халаагуур зуухны үнсний саванд таарах бөгөөд гал түлэх бол үнсний савыг нь буцааж хийгээд л болно. Харин газаар халаахаар бол зуухан тодроо тоосго өрөөд 30 минут асаахад 3-4 цаг дулаанаа барьдаг гэнэ. Ердийн газан плитканы зарчмаар хийгдсэн энэ авсаархан зүйл таван ханатай гэрийг бүрэн халаах хүчин чадалтай бөгөөд салгаж аваад аяны зориулалтаар ч ашиглаж болох аж. Цахилгаанаар халаах төхөөрөмжийн хувьд бүрэн автомат буюу удирдлагатай. Удирдлагаараа өдрийн темпертур, өглөө хэдэн цагт асахыг тааруулж болно. Мөн л зуухны үнсний саванд багтах бөгөөд авч галлаж ч болно.
Гэвч цахилгаан халаагуур гэхээр л манайхан “тогны зардал” гэсэн зүйл толгойд нь хамгийн түрүүнд буудаг. Зохион бүтээгч Ш.Алтангэрэл үүнийг бүрэн шийдсэн байна. Учир нь 6*8 харьцаатай дулаан алдалт байхгүй байшинг уг цахилгаан халаагуураар халаахад жилийн хугацаанд 450 мянган төгрөгийн зардал гарчээ. Гэтэл ЖДҮГ-ын нэгэн мэргэжилтэн ердийн цахилгаан халаагуур ашиглан байшингаа халаахад нэг сарын 380 мянган төгрөгийн зардал гараад байсан учраас аргагүй эрхэнд түүнийгээ больсноо учирлалаа.
“Уртын хүр” компанийн зохион бүтээж амьдралд хэрэгжүүлсэн газан халаагуур 100 мянга, цахилгаан халаагуур 300 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Энэхүү бүтээлүүдээрээ 60 гаруй айлыг яндангаас нь салгаж, утаа тортоггүй амьдруулж байгаа аж. Харин өөрийнхөө байшин болон ээжийнхээ гэрт уг халаагуураа гурван жил хэрэглэж байгаа юм байна. Энэ дашрамд нэгэн зүйлийг сонирхуулахад, Ш.Алтангэрэл өөрийн амьдардаг байшингаа “Үртсэн дулаалгат байшин” гэсэн нэршлээр ашигтай загварын гэрчилгээ авчээ.
Ер тэрээр ЖДҮГ-аас зээл авахаас гадна тэдний зохион байгуулдаг бүхий л сургалтад амжилттай суралцаж төгссөн бөгөөд зохион бүтээсэн бүтээлүүддээ оюуны эрх, ашигтай загварын гэрчилгээг тухай бүрт нь гаргуулдаг аж. Үртсэн дулаалгат байшингаа тэрээр 2005 онд оюуны өмчийн гэрчилгээ авч барьжээ. Тухайн байшин нь ижил төрлийн сууцнуудаас түлшийг 50 хувь хэмнэдэг учраас цахилгаан, газаар халаахад түлшнээс хямд тусдаг аж. Энэ мэтчилэн түүний зохион бүтээсэн зүйлс зөндөө ч гааль, тээврийн зардал, цар тахал зэргээс сүүлийн үед түүхий эдийнх нь үнэ нэлээд өсчээ. Тиймээс элдэв хаягдал цахилгаан бараа, төмрийн хаягдал зэргийг ашиглаж, бараг л “хог ухдаг” гэдгээ нуусангүй. Гэвч хогон дундаас эрдэнэ олж, түүнийхээ ачаар эргэн тойрныхоо хүмүүсийг хорт утаанаас салгаж байгаа ийм нэгэн ачтан эгэл даруухнаар амьдарч байна.
Гол түүхий эд артишокоо өөрсдөө тариалдаг
Бид бүхэн цааш хөдлөөд Толгойтын эцэс, Сэлэнгэ захын урд талд байрлах “Органик грийн фүүдс” компанийн савангийн үйлдвэрт очлоо. Тус компани 2015 оноос эхлэн өрхийн үйлдвэрлэлийн журмаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2018 оноос компани болон өргөжсөн байна. Газар тариалан, хүлэмжийн аж ахуй, артишок эрүүл мэндийн цай, ундаа үйлдвэрлэл хийдэг аж. Харин 2020 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөөсөн саван, шил толь цэвэрлэгч хийж, ЖДҮГ-аас 300 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе, эдийн засаг хүндхэн нөхцөлд үйл ажиллагаа тасрахгүй, улмаар амжилттай явахад том түлхэц болсон гэдгийг захирал Н.Баттөмөр хэлж байна.
Хөөсөн саван нь шингэн саванг бодвол удаан хэрэглэгддэг, арьс хуурайшуулдаггүй гээд олон давуу талтай гэнэ. Ханборгоцой, алое, сарнайн үнэртэй гээд төрлөө улам олон болгохоор зорьж байгаа юм байна. Эдний компани түүхий эдээ өөрсдийн гараар тарьж ургуулдаг нь бусад үйлдвэрлэгчдээс ялгарах давуу тал болдог аж.
Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд 800 метр квадрат хүлэмжид артишокоо тариалдаг бөгөөд дөрөвдүгээр сард үрслүүлж, зургаадугаар сард хөрсөнд суулгадаг гэнэ. Ингээд долоодугаар сараас эхний түүвэр хураалтыг хийж эхлээд аравдугаар сарын сүүл гэхэд бүрэн хурааж дуусна. Ингэснээр бүтэн жилийнхээ түүхий эдийн нөөцтэй болдог байна. Бусад жижиг, дунд үйлдвэрлэлээс ялгарч байгаа тэдний хамгийн том зүйл нь түүхий эдээ өөрсдөө тариалдагт байна. Түүхий эдээ хөрөнгө мөнгө багатайгаар хангалттай нөөцөлж чадаж байгаа учраас өөр зүйлд санаа зоволгүй өмнөх ажлаа амжилттай хийдэг биз. Артишок нь цус цэвэршүүлэх, хор тайлах үйлчилгээтэй эрүүл мэндийн ургамал гэдгээрээ алдартай. Тийм ч учраас эрүүл мэндийн цай, ундаа хэмээн тодотгож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.
ХАТУУЖИЛТАЙ БАЙЖ ХИЙДЭГ БИЗНЕС
Үүдээр нь яваад оронгуут биллиардны гэмээр ширээг тойрон хэдэн хүмүүс ямар нэгэн зүйлийг дор бүрнээ угааж харагдана. Гэвч тэд нь тус бүрдээ өөр өөр өнгөтэй болохоор шууд эсгий гэж итгэсэнгүй. Эсгий гэхээр хар, цагаан өнгөтэй байна гэсэн үндсэн ойлголт ард үлдсэн гэдгийг “Хану гүрэн” компанийн бүтээгдэхүүнээс харж болохоор байна.
Тус компанийн захирал Л.Энхчимэг нөхрийн хамт БНХАУ-ын Харбин хотод долоон жил суралцаж төгсөөд эх орондоо ирснийхээ дараа үйл ажиллагаагаа өргөтгөж эхэлжээ. Үүнээс өмнө түүний ээж “Ноосон ертөнц, ноосон зангилаа” хоршоонд 2011 онд гишүүнээр элсэн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн ч байрны доод хонгил дамжин явж иржээ. Харин гадаадад нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргаж ЖДҮГ-т хандан төсөл бичжээ. Улмаар төсөл нь дэмжигдэж, ноднин жил 70 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр авсан байна. Үүнээсээ 15 сая төгрөгөөр нь эргэлтийн хөрөнгө хийж, түүхий эдээ бэлтгээд үлдсэнээр нь өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван өрөө байраа худалдаж авах урьдчилгаа болгожээ.
Байрны орц, хонгил дамжин үйлдвэрлэл эрхэлж явахдаа 3-4 хүн л ажилладаг байсан бол өдгөө арвуулаа болсон байна. Тэдний ажилчид 18-35 насны залуучууд байх бөгөөд хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийгмийн хариуцлагаа өндөрт ухамсарладаг нь анзаарагдаж байлаа. “Хану гүрэн” компани Баянхонгор аймгийн “Ноос ирээдүй” компаниар дамжуулан түүхий эд болох уртын ноосоо авдаг. Бас нэгэн гол түүхий эд болсон будгаа ОХУ-аас ганцхан газраас авдаг аж. Л.Энхчимэг эсгий гутландаа сайн ул олохын тулд нөхрийн хамт Хятад улсыг хөндлөн гулд туулжээ. Ингээд түүнийгээ Шинжин хотоос олж. Нутагтаа авч ирээд чанарыг нь шалгахын тулд гэрийнхээ хөлдөөгчийн 40 градуст хөлдөөж хүртэл үзэж байжээ. “Хүн төвтэй бизнесийг их хатуужилтай байж хийдэг зүйл” хэмээн тэрээр тодотгосон юм. Хатуужилтай байж чадсаныхаа хүчинд өдгөө тэд бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Хятад, Скандинавийн орнууд, Канад, Швед зэрэг улсуудад экспортолж, дотоодынхоо хэрэглэгчдэд нэгэнт танил болсон байна.
Төгсгөлийн оронд
Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авсан зээлдэгч нараа чадавхжуулах, тэднийг сургах зэрэг ажлыг хийдэг. Үүний хажуугаар хяналт, мониторинг хийдэг нь чанаргүй зээлдэгч гарахаас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ алдааг засаж сайжруулах гээд олон талын ашигтай гэдгийг албаны хүн онцолж байна. Нэгэн үе ЖДҮ-ийн зээлийг танил талтай, гар цайлгах бэнчинтэй нь л авдаг гэсэн ойлголт байсан. Гэвч энэ ойлголт өдгөө түүх болон мартагджээ. Өнөөдөр ЖДҮ эрхлэгчийн төслийг цахим хэлбэрээр хүлээн авч байгаа нь элдэв хардлага үүсэхгүй байх үндсэн шалтгаан болжээ.
Төсөл нь тэнцээд л зээл авчихдаггүй бөгөөд тус газраас албаныхан зээл хүсэгчидтэй нэг бүрчлэн уулзаж, нөөц бололцоо, ажлын бүтээмж, зах зээлийн эрсдэл, судалгаа гээд бүгдтэй нь танилцдаг байна. Харин зээл олгогдсоны дараагаас зээлдэгчдийнхээ өсөн дэвжих тал дээр байнга анхаарал хандуулж, энэ мэтчилэн эргэж тойрч байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг урам зориг, итгэл үнэмшлээр урамшуулж байна. Тэгээд ч жижиг, дунд үйлдвэрлэлийг чинхүү үнэн сэтгэлээр хийж, тэвчээр хатуужлаар өсөн дэвждэг зүйл юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
hun turluhtnii hiigeed 100 jil boltson yumig odoo hiij baij yuunch sur sur yum yaridin,