ТӨСӨВ-2022 | Засгийн газар УИХ-ын гишүүдийг ТӨСВӨӨР АВЛИГАДАХ ЁСГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал гаднаа гяланцаг, дотроо паланцаг байна. Үнэмлэхүй олонхоор төр барьж буй намын Засгийн газар сууриараа ганхах мэдээлэл өнгөрсөн хавраас эхлэн хөвөрсөн. Сөрөг хүчин тэргүүтэй нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн нь батлагдаад байгаа. Эдгээрийг баталсан үйл явдал Төрийн ордон төдийгүй Тусгаар тогтнолын ордны хэмжээнд ч өрнөж буй. Гэхдээ энэ бол зөвхөн нэг талыг харсан мэдээлэл. Тамга атгаж буй нөгөө хэсэг эрх мэдлээ хадгалахын тулд сөрөг арга хэмжээ авах нь мэдээж.

Засгийн газрын сайд нарын зүгээс Тэрэлж дэх амралтад УИХ-ын гишүүдийг урьж уулзахдаа, бараг л хүслийн жагсаалтаа бичиж өгөх талаар хэлсэн гэдгийг эх сурвалж баталж байгаа. Гол агуулга нь “МАН-ын нэрийн өмнөөс сонгогдсон бүхэн хүссэн бүхнээ авна” гэж хундага тулгасан явдал. Улс төрийн хэллэгээр бол төсөв зохиогчид бялуугаа бүгдэд хүртээмжтэй хуваах талаар амлалт өгч л дээ. Тиймээс УИХ хэлэлцэж эхлэхэд бэлэн болсон ирэх 2022 оны төсвийн төслийг үүнд суурьлан гарсан гэж үзэж болохоор юм.

Учир нь Засгийн газар ирэх 2022 оны төсвийг түүхэнд байгаагүй өндөр зарлагатай батлуулахаар УИХ-д оруулаад байна. Сангийн яам ирэх онд 18.1 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон мөртлөө 15.7 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Үр дүнд нь Монгол Улс ирэх онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах аж. Эдгээрийг задлаад аваад үзэхээр, Засгийн газар цар тахлын үед орлогоо 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлнэ.

Өнөөдөр дэлхий дээр цар тахал хэзээ дуусахыг улстөрчид битгий хэл эрдэмтэн судлаачид хүртэл хэлэхээс айж эмээж байгаа шүү дээ. Харин зарлага талдаа төсвийн талаарх гол реклам сурталчилгаа явж байна. Эхнээс нь эш татахад, “Мөчлөг сөрсөн, сэргэлтийг дэмжсэн бодлого” хэмээн тодотгож буй энэ удаагийн төсвийн төсөлд кино хийх, ой тэмдэглэх, ном хэвлүүлэх, шаг­нал урамшууллын зардлыг тусгаагүй гэх факсын мэдээ төлбөртэй сайтуудаар хөвөрч байна. Үүний үр дүнд 12.1 тэрбум төгрөгийг хэмнэснээр 18.1 их наяд төгрөгийн зарлага гаргах тооцоо гаргажээ. Цаашлаад сайд нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар дундаа нэг туслахтай ажиллах, төрийн захиргааны байгуул­лагууд автомашин хэрэглэхгүй, албан контор шинээр барихгүй. Автомашин шинээр худалдан авахгүй зэрэг амьдрал дээр огт хэрэгждэггүй мөрөөдлийн жагсаалт шахуу зүйл их байна.

Тэгвэл жинхэнэ зардлыг нь аваад үзье.

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын байрыг шинэчлэхэд 3.1 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, тохижилтод 5.2 тэрбум, Хэнтий аймагт баригдаж буй "Монголын нууц товчоо" цогцолборын барилгад 886 сая төгрөг, “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын барилгад 650 сая, Хөвсгөлийн Мөрөнд Соёмбо" цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 1.8 тэрбум зэрэг зардлыг ирэх онд санхүүжүүлнэ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн салбарын их засварт 5.8 тэрбум, Сонгинохайрхан дүүрэгт Усан спорт цогцолбор барихад 3.4 тэрбум, Дорноговийн Сайшандад Хүүхдийн парк байгуулахад 2.4 тэрбум, Баянхонгорт "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3.4 тэрбум гэх мэт цар тахалтай тэмцэн, эдийн засгаа сэргээхэд ямар ч ач холбогдолгүй хөрөнгө оруулалтууд байна. Ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн тойргуудад нэн шаардлагагүй хөрөнгө оруулалт хийхээр тооцож, төсвийн зардлыг түүхэн дээд түвшинд хүргэв. Улмаар сүүлийн хоёр жил эдийн засгийн хямралд өртөж, эрүүл мэндийн дампууралд ороод буй Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтаа ирэх онд бараг хоёр дахин нэмэхээр болж байна.

 

Засгийн газар энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн 1101 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бол ирэх жил 1334 төсөл, арга хэмжээг 2.1 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцжээ. УИХ-ын гишүүд иймэрхүү санал өгснийг Сангийн яам КОВИД-19-ын эсрэг төсөлдөө тусгасан бололтой. Ил болсон мэдээллээр Засгийн газар УИХ-ын гишүүн тус бүрд дөрвөн тэрбум төгрөгийн саналын эрх өгчээ. Мөн бусдаасаа илүү хурцаар хариуцлага ярих болсон гишүүдэд өгсөн амлалт нь найман тэрбум төгрөг хүрсэн талаарх мэдээлэл ч байна. УИХ-ын намрын чуулган эхэлснээр ийм үйлдэл эрчимжсэн.

Ер нь улс төрд УИХ Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдах бүрд УИХ-ын гишүүдэд "тойргийн мөнгө" хуваарилах нэрээр “авлига” өгч, албан тушаал амлах замаар урвуулж авдаг муу жишиг бий. Гэтэл ард иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүнийг төсвийн мөнгөөр авлигадах асуудал нь төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авах хуйвалдаанд хамаарч байгаа. Үүнийг хатуу хориглосон хуулийн тодорхой зүйл заалтууд ч байна. Тэдгээрийг сөхөж үзвэл, Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадах ёсгүй. Дээр нь Засгийн газар ирэх оны төсвийн төсөлд шинээр хоёр яам байгуулна гэж тусгаад буй. Энэ нь Засгийн газарт шинээр хоёр сайд төрүүлж, төсөв захиран зарцуулах эрх мэдэл УИХ дахь бүлэг, фракцуудад хуваарилагдаж таарна. Энэ мэтээр улс орон болон хувь улстөрчийн эрх ашгийг хөндсөн асуудлууд ирэх оны төсвийн төсөлд туссан байх магадлал өндөр байна. Харин улстөрчид тэдгээр эрх ашгаа хэрхэн эрэмблэхээс улс орны хувь заяа, ард иргэдийн аж амьдрал өөдлөх, уруудах эсэх нь шалтгаалсаар ирсэн. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан нэгэнтээ “Эн тэргүүнд улс үндэстнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавьж бай” гэж хэлсэн байдаг.

Энд нэг зүйлийг тодотгоход, Засгийн газраас зохион байгуулсан дайллагад УИХ-ын гишүүд бүгд очоогүй бөгөөд тэр үйлдлээрээ хариуцлага нэхэх байр сууриндаа хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн гэж дүгнэж болох аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top