Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Бадамгаравтай уулзаж, компанийнх нь үйл ажиллагааны онцлог болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.
-Танай компани нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд хэрэглэгчдэд ямар үйлчилгээг үзүүлж байна вэ?
Манай “Түмэн наяд хайрхан” ХХК 2016 оны 5 дугаар сард нийтийн аж ахуйн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч болоод ус, дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид орон сууцны дулааныг түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, цэвэр ус түгээх, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагаа явуулж байна. Мөн барилга сантехникийн угсралтын зөвшөөрөлтэй. Манай компани гурван төрлийн тусгай зөвшөөрөлтэй гэсэн үг. Анх барилгын түрээс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад энэ чиглэл рүү орсон юм.
-Нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани яг юу хийж, яаж ажилладаг юм бол гэдгийг хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй. Та үүнийг тодруулж тайлбарлаж өгнө үү?
-Энгийнээр хэлбэл, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ бол дамжуулах үүрэгтэй, орон сууцны контор бол түгээх үүрэгтэй. Бид УДДТ-д ирсэн ус, дулааныг цааш нь хэрэглэгчдэд түгээж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эрх бүхий газруудаас Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Эрчим хүчийг зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хоёр байгууллагаас гаргасан тарифаар хэрэглэгчдэд үйлчилдэг гэсэн үг юм. Бид бөөний тарифаас жижиглэнгийн тарифын хоорондох зөрөөгөөр л үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг. Бөөний тарифаас жижиглэнгийн тарифын хоорондох зөрүүгээр үйл ажиллагааны зардлаа нөхөхийн зэрэгцээ засвар үйлчилгээг нь давхар хариуцаад явчихдаг.
-Танай байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хэр олон айл энэ үйлчилгээнд хамрагддаг вэ?
-Одоо манай байгууллагын үйл ажиллагааны хүрээнд 2000 гаруй айл өрх, 160 гаруй ААН хамрагдаж байна. Бид 4 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, 3 салбартай гэсэн үг. Ажлын хэмжээ бол нэлээд нүсэр гэж хэлж болно.
ТӨРИЙН ХИЙХ АЖЛЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХИЙЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭЖ БАЙНА
-Монголд нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэн байгуулагдаад 90 жил болжээ. Салбарын хувьд хамгийн сүүлийн үеийн ололт амжилт юу байв, ямар байснаа ямар болов гэдгийг дүгнэж хэлбэл та юуг онцлох вэ?
Сүүлийн үед барилгын салбар нэлээд эрчимжиж, үйл ажиллагаа нь өргөжиж байна. Барилга олноор баригдаж байгаагийн хэрээр ус, цахилгаан дамжуулах, түгээх байгууллагуудын ачаалал ихсэж байна. Ялангуяа усны хэрэглээ, дулааны хэрэглээ, цахилгааны хэрэглээ бол жилээс жилд нэмэгдэж байна. Барилга угсралт ч маш их нэмэгдэж байгаа. Тийм учраас төр дангаараа хийж чадахааргүй болоод төрийн хийх ажлыг хувийн хэвшлийнхэн хийж, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, энэ үйл ажиллагаанд оролцдог болсон нь салбарын 90 жилийн босгон дээр хүрээд буй бас нэг ололт амжилт, өөрчлөлт шинэчлэлтийн нэг юм. Гэхдээ яг ийм үйл ажиллагаа явуулдаг газар цөөхөн байдаг. Усны зохицууулах үйл ажиллагаа эрхэлдэг 78 ААН байхад, дулааны зохицуулах тусгай зөвшөөрөлтэй 66 ААН байна уу даа. Одоо үүнээс ч багасах хандлага ажиглагдаж байгаа. Яагаад гэвэл тэд үйл ажиллагаагаа нэгтгэж, жижиг байгууллагууд хоорондоо нэгдэж, хэрэглэгчдэд цогц үйлчилгээ хүргэхийг зорьж байна. Нөгөөтээгүүр, энэ байгууллагууд маань мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг юм.
-Зохион байгуулалт талаасаа нэлээд амжилт ололттой байгаа юм байна. Технологийн хувьд ямар ололт амжилтад хүрч байгаа бол?
-Технологийн талд маш олон шинэчлэл хийгдэж байна. Ялангуяа узел гээд ус дамжуулах төвийн техник технологи жилээс жилд өөрчлөгдөж шинэчлэгдэж, автомат болж байна. Өмнө нь гар ажиллагаатай байсан бол одоо бүх юм нь технологиор шийдэгддэг болсон. Бүх параметрийг заавал очиж авдаг байсан бол сууж байгаа газраасаа шууд татаад авах боломжтой болж байна. Тийм технологиуд шинээр бий болж, тэр тоног төхөөрөмж дээр технологийн шинэчлэлтийн зарим зүйлүүдийг суулгаж хийж байгаа.
Параметрийг явж бичиж авдаг биш шууд автоматаар татдаг болж байна гэсэн үг үү?
-Тэр хэмжээнд арай хүрээгүй байгаа. Гэхдээ тийм болох нь цаг хугацааны л асуудал болсон гэж ойлгож болно. Гадаад улсуудад бол тийм хэмжээнд хүрчихсэн байгаа. Манай улсын хувьд бол хэмжих хэрэгсэл нь айлын гэр дотор байсныг айлаас нь гаргаж гадна талаас нь авах бүрэн боломжтой болж эхэлж байна. Одоо цахилгааны болон усны тоолуурууд гадаа гарч байгаа бол цаашдаа бүр очих шаардлагагүйгээр авдаг тийм хэмжээнд, дээрээс нь дамжуулах төвийн мэдээллийг очиж авдаг байсан бол одоо параметр мэдээлийг нь компьютер дээрээс шууд авдаг тийм технологи орж ирж байна. Манай салбарт бол технологийн шинэчлэл жилээс жилд сайжирч байгаа шүү.
-Айл өрх, ААН-үүд дуудлага өгч, өргөдөл гомдол гаргах үйл ажиллагааг хэрхэн зохицуулдаг юм бэ?
Диспетчерийн төв гээд нэгдсэн төвүүд ажиллаад эхэлсэн. Өмнө нь өргөдөл гомдол, дуудлагыг нэг л утсан дээр авдаг байсан бол, одоо диспетчерийн төв бий болсноор олон утсан дээр зэрэг хүлээн авч, хариуцсан конторуудад дуудлагыг хуваарилаад өгчихдөг болсон. Өмнө нь сантехникийн дуудлагын гүйцэтгэлийн чанарыг мэдэх боломжгүй, зүгээр нэг цаасан дээр бичээд өгдөг байсан бол одоо тэрийг технологиор хянаж байгаа. Үүрэн телефоны маш олон аппликейшн гарч хэрэглээнд нэвтэрч байна. Салбарын мэргэжлийн холбоодын зүгээс ч конторууддаа сургалт хийх, шинэ мэдээллээр хангах, гадны туршлагыг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС МАНАЙ АЖИЛТНУУДЫН 70 ОРЧИМ ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ
-Танай байгууллагын ололт амжилтаас сонирхъё? Салбарынхаа 90 жилийн ойн босгон дээр ямар амжилтад хүрээд байна вэ?
-Манай байгууллагын хувьд үйл ажиллагааны хүрээ өргөжиж, барилга болон хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн амжилттайгаар салбарынхаа түүхт ойг угтаж байна. Анх байгуулагдаж байсан үетэй харьцуулахад нэг дахин нэмэгдсэн гэсэн үг. Хоёрдугаарт манай боловсон хүчний тоо, чадамж гээд бүх л чиглэлээр өсөн нэмэгдэж, сайжирч байна. Дээрээс нь орчин үеийн технологи ашиглах, тухайлбал олон төрлийн аппликейшнүүдийг ашиглах байдал нэмэгдэж, ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр зарим МСҮТ-үүдтэй хамтран ажиллаж байна. Одоо хэрэгжүүлэх гэж байгаа тэр техник технологид суралцаж эхэлж байна. Одоогийн байдлаар Смарт контор гэдэг программыг ихэнх конторууд ашиглаад сурчихсан. Төрийн банк руу төлбөр тооцоог өгөх, дотоодын төлбөр тооцоо, засвар үйлчилгээний мэдээлэл орох ажлууд эхэлчихсэн байгаа. Мөн оффисийн программ гээд төрийн албанд ашиглаж байгаа ихэнх программуудыг конторууд ашиглаад эхэлчихлээ. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийн дагуу шаардлага ч өндөр байдаг. Ялангуяа сүүлийн үед төрөөс ус, дулааны төлбөр тооцоог төлж байгаа учир дүрэм журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад нэлээд олон удаа шалгаж байгаа.
Тусгай зөвшөөрөл нь тухайлбал, уул уурхайд гэхэд нэг олгочихоод алга болдог бол, энэ ус, дулаан чинь байнгын хүний хэрэглээнд ойрхон байдаг учраас тэр өргөдөл гомдлыг хүлээж авах, тооцоо төлбөрөөс авахуулаад оршин суугчдын ая тухтай амьдрах эрхийг хангах чиглэлээр нэлээд ажлууд хийхийг шаарддаг. Үүний дагуу конторууд ч бас чадваржиж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нэлээд олон, ачаалал нь ч бага байсан үе бий. Одоо бол зарим байгууллагууд хоорондоо нэгдээд байгаа. Тэгэхээр ачаалал нь нэмэгдээд, хэрэглэгчид их байх тусмаа л тэр байгууллагын үйл ажиллагаа улам өргөжөөд, мэргэжлийн түвшинд ч сайжраад, үйлчилгээний нэр төрөл нь ч нэмэгдэнэ гэсэн үг юм.
-Танайх чинь хуучнаар бол орон сууцны контор гэсэн үг юм байна. Хуучны контор, одоогийн контор хоёрын гол ялгаа нь юу вэ?
-НААҮ чинь дээр үед бол олон чиглэлийн үйл ажиллагааг хамруулдаг байгууллага байсан шүү дээ, үсчин, оёдол гээд л. Мөн орон сууцны контор дотроо СӨХ нь давхар явдаг байсан юм байна лээ. Одоо бол СӨХ нь сууц өмчлөгчдийн холбоо гээд оршин суугчдаасаа байгуулагддаг болсон. Орон сууцны контор буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд бол хэрэглэгчдэд ус, дулааныг дамжуулан түгээх, бохир усыг татан зайлуулах болон засвар үйлчилгээний ажлуудыг хийгээд явж байгаа юм. Нэг жишээ дурдахад, УДДТ-д урьд нь хурдны бойлер гэж байдаг байлаа. Энэ бойлерын хувьд овор хэмжээ их, гуурсан хоолой нь цоорох зэргээр гэмтэл их гардаг, засвар үйлчилгээ хийхэд цаг хугацаа, хөдөлмөр их шаарддаг ажил байсан. Одоо бол ялтсан бойлертай болсноор овор хэмжээ эрс багасаж температур, даралтыг тохируулах хаалт тоног төхөөрөмжүүд шинэчлэгдээд өмнөхтэй харьцуулалтгүй болсон.
-Танайх хэр олон ажилтантай, ямар мэргэжлийн хүмүүсийг ажиллуулдаг вэ?
-Одоогийн байдлаар 30 гаруй ажилтантай. Инженер техникийн нарийн мэргэжлийн хүмүүс ажилтнуудын 70 орчим хувийг эзэлдэг бол 30 орчим хувь нь санхүү, аж ахуй, захиргааны ажилтнууд байдаг. Усны инженер, дулааны инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, гагнуурчин, сантехникийн слесарь, механикч, байцаагч, захиргаа, санхүү, үйлчилгээний ажилтнууд, IT-гийн мэргэжилтэн, улмаар маркетинг, борлуулалтын мэргэжилтэн гээд хэрэглэгчдийн ая тухтай байдлыг хангах, үйл ажиллагаагаа сурталчлах гээд маш олон чиглэлийн хүмүүс хамтарч ажиллаж байж нэг цогц үйл ажиллагааг явуулах болоод байгаа юм л даа. Тэр ч байтугай өр барагдуулах алба ч байх шаардлагатай болж байгаа. Хамгийн их гомдол гардаг газар чинь контор шүү дээ. /инээмсэглэв/ Саяхан 15-наас ус, дулаан тавиад эхлэхээр дуудлага өгөөд л эхэлж байна, нэмээрэй, хасаарай гээд л. Одоо төрөөс ус, дулааны зардлыг төлж дууссаны дараа л конторуудад ирэх ачаалал нэмэгдэнэ гэж харж байгаа. Нөгөө хүмүүс чинь өөрсдөө төлөхгүй удчихсан юм чинь мартаж мэднэ. Тэрийг төлүүлэхийн тулд сурталчлах ажил хийх болно. Хүнтэй харилцах чадвар их чухлаар тавигдаж байгаа. Ялангуяа диспетчер, байцаагч, слесарь гээд шууд айл өрх, албан газарт очиж үйлчилгээ үзүүлдэг хүмүүс харилцааны чадвар сайтай байж хэрэглэгчдэд хийж буй ажлаа ойлгуулна шүү дээ.
-Салбарынхандаа хандаж юу хэлэх вэ?
-Ойн баярын мэнд хүргэе. Бүгдээрээ өвлийг өнтэй давъя гэж хэлмээр байна даа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН буюу орчин үеийн контор маань яг дотор нь ороод ажиллахаар төрийн байгууллагатай хамгийн их харьцдаг байгууллага юм билээ. Мөн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн байгууллагууд, оршин суугчид гээд харилцагчдын хүрээ маш өргөн. Төрийн байгууллага бол холбогдохгүй газар гэж байхгүй. Бичиг цаас, сар бүрийн тайлан гээд харахаар төрийн байгууллага шиг ч юм шиг /инээв/. Гэхдээ тэр хэмжээгээрээ чадварждаг сайн талтай.
-Салбарын ой болж байгаатай холбогдуулаад та бид хоёр ололт амжилт талаас нь түлхүү ярилцлаа. Одоо салбарын өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл юу байна вэ? Энэ талаар таны байр суурийг сонсъё.
-Бохирын асуудал их хэцүү. Жишээ нь хөрсний усаа шууд л бохир луу хийчихэж байна. Янз бүрийн тос, бохир л гэвэл бүх юмаа нийлүүлээд хийчихдэг, үнэхээр замбараагүй. Борооны уснаас эхлээд цэвэр усаа бараг бохир луу хийчихээд байгаа юм биш үү. Тэгээд саарал ус, хөрсний сайхан цэвэр ус, борооны усыг ерөөсөө ашиглахгүй байна. Бүгдийг нь ашигладаг болох хэрэгтэй.
Манайх бохир усны өргөх насостой . Тэр бол нэлээд ажиллагаатай, техник технологи шаардсан, бараг 20-иод метрийн гүнд өндрөөс бохир ус урсаж байхад засвар хийж байдаг их хүнд нөхцөлүүд байдаг л даа. Ялангуяа энэ Зайсангийн хэсэг, өндөрлөг хэсгүүд дээр. Тэгээд бохирын шугамыг их холоос татдаг. Бохирын хоолой, зайлуулах худаг руу янз бүрийн юм оруулдаг. Нохой хийчихсэн тохиолдол ч гарч байсан. Бохирыг татан зайлуулах асуудал бол нэлээд яригдмаар сэдэв юм байна лээ. Дан ганц цэвэрлэх байгууламжийг яриад шийдэгдэх асуудал биш. Цэвэрлэх байгууламжид хүргэх замд маш олон бэрхшээл бий.
-Та энэ чиглэлээр гадаад орны ямар туршлагыг судалж байв?
-Би иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Туркийн туршлагыг судалж, очиж үзэж байсан. Тэд бол эхлээд шугам сүлжээгээ хийж, замаа тавьчихаад дараа нь барилгаа барьдаг юм байна лээ. Гэтэл манайх бол төлөвлөлт муутай. Зам талбайгаа төлөвлөж, техник шугам сүлжээнийхээ асуудлыг шийдчихээд дээр нь барилгаа баривал уг нь зөв юм. Манайх чинь араас нь явдаг болохоор л ийм зовлон болоод байна. Ялангуяа хуучны шугам сүлжээний асуудал асар хүндрэлтэй, ачааллаа дийлдэггүй. Тэр болгоныг солино гэхээр, замын зөвшөөрлөөс эхлээд олон зөвшөөрөл авна. Зөвхөн зөвшөөрөл нь гарсаар байгаад л намар болчихож байгаа юм.
-Шинэ барилгуудын хувьд?
-Шинээр барьж байгаа барилга ч ялгаагүй. Одоо бол дулааны шугам сүлжээг нэмж өгөхөд хэцүү хэмжээнд хүртлээ барилга баригдчихсан учир халуун ус нь нэг бүлбэгэр л юм явах гээд байгаа. Эхний ээлжинд шугам сүлжээгээ хийчихээд барилгаа барьдаг болох хэрэгтэй байна. Сайхан барилгууд барьдаг, тэгээд ус дулаанаа хангаж чадахгүй болбол хэцүү. Ихэнх нь жил ч болохгүй шугам сүлжээ нь муудаж байна. Ялангуяа барилгын шугам сүлжээний материал тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Зарим нь бол сайн материал авсан ч хийхдээ муу хийдэг тохиолдол байна. Гэхдээ энэ нь нийт барилгын хувьд адил биш л дээ. Сайн материалаар, сайн угсралт хийсэн барилгын компаниуд ч бас байна. Аливаа юм хоёр талтай шүү дээ.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 6 )
30 гариу ажилтантай гэх шиг 3 4 ажилтантай юм байж хүнийг шулах бэ гэсэн хогийн новшийн компани шүү
Үл бүтэх этгээд
Ёстой хогийн газар. Балай авгай бас ярилцлага өгчихжээ.
nowshiin kampan ajila hiij chadhgui nowshnuud ter sooh ni buur balair hel aman hogjtson heden emee nar balair ymnuud fandaa hudla yrin halaalt hagas dutuu haluun us irku bna gd zondoo zalgsan bolowch irdeggui nowshiin balair kampaniig tushai zowshoorliin tsutsal
nowshiin awgai min taanar ajila hiij chadhgui bgashu tanai kampan ochnoon olon duudlag ogon awahgui duudlag awla gej hudlaa shaan haluun us bhgui irku bna gd bhd manaih haluus us hariutsdaggui gd hudla hutsan ogson mongiin awdag ym bj
Amjilt husie. Mundag ajil heregch busgui dee.