Цаг нь ирвэл ЧАНГАРАХ БОДЛОГО

2021 оны 10 сарын 12

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн сарын 27-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Ирэх онд инфляцыг 6 хувийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Мөнгөний бодлогын төсөлд  тусгаад буй.

Үндэсний статистикийн хорооны тооцооллоор инфляц буюу үнийн өсөлт өнгөрсөн  наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувьд хүрч, Төв банкны зорилтын дээд хязгаараас давсан.

Тэгвэл инфляцын үзүүлэлт зорилтоос давсан энэ үед тодорхойлогдож буй мөнгөний бодлогын талаар Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Ирэх оны бодлого маань үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохоон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа.

Инфляцын хувьд Тѳв банкны зорилтыг цэгэн зорилт бус, интервалтай утгаар тогтоосноор эдийн засгийг мѳнгѳний зѳѳлѳн бодлогоор дэмжих орон зайг олгож буйг онцлох нь зүйтэй. Тухайлбал, цар тахлын сорилтын үед бодлогын хүүг түүхэн доод түвшинд хадгалан иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зардал, зээлийн хүүг бага байлгахад чухал хѳшүүрэг болж байна. Иймд түр зуурын шалтгаанаар инфляц зорилтоос давахыг зѳвшѳѳрѳх ч дунд хугацаанд 6+/-2% интервалд хадгалах зорилго маань хэвээр үргэлжилнэ. Ѳѳрѳѳр хэлбэл, цар тахлын үед нийлүүлэлтийн эсвэл ачаа барааны тээврийн шалтгаанаар зарим бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэх эрсдэл үүсч болох ч, мѳнгѳний бодлогын хариу үйлдлийг  эдийн засгийн идэвхжлээс хамааруулан тохируулга хийнэ гэсэн үг. Мэдээж зарим нэг тохируулгын арга хэмжээг аваад эхэлсэн байгаа” гэв.

 Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын төлөвийн талаар байр сууриа илэрхийлснийг тодотгоё.

Тэрбээр “Инфляцын бүтцийг сайн судлах ёстой. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой юу, гаднаас импортлогдож орж ирж байгаа юу, нэг удаагийн нийлүүлэлтийн  шинжтэй байна уу гэдэгт үндэслэн инфляцыг онилсон мөнгөний бодлогын шийдвэрүүд гарах ёстой. Наймдугаар сард Улаанбаатар хотын инфляц 9.1 хувьтай гарахад, дөөрвөн барааны үнийн өсөлт  инфляцын 52 хувийг эзэлж байна. Үүний дотор шатахууны үнийн өсөлт 1.7 нэгж хувь, мах 1.7 нэгж хувь,  хатуу түлш,  түлээ нүүрсний үнэ 0.8 нэгж хувь,  автомашины  үнийн өсөлт 0.6 нэгж хувийг бүрдүүлж байна. Эдгээр барааны үнийн өсөлт инфляцын талаас илүү буюу 52 хувийг тайлбарлаж байх жишээтэй.

Инфляц бүх улс орнуудад байна. Улс орнууд инфляцтай нүүр тулж байгаа нь ижил шалтгаантай. Ихэнх улс оронд хүнс, нефтийн үнэ, тээвэр,  логистик нөлөөлж байгаа нь нийтлэг дүр зураг байна.

Төв банкууд эрэлтийн буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой инфляциа зөв таньж байж бодлогын шийдвэр гаргахад анхаарч байна.  Сүүлд 31 Төв банк бодлогын хүүндээ 56 удаагийн өөрчлөлт хийгээд буйн  48 нь өсгөсөн,   8 нь бууруулсан байна. Манайд өнөөдөр эдийн засгийн өсөлт бүрэн сэргээгүй, секторуудын өсөлт  жигд бус байна. Өрхийн хэрэглээ бууралттай байгаа. Хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар агшилттай байгаа.

Инфляц 2021 оны сүүлээр зорилтоос давж байгаа ч, 2022 оны сүүлийн  хагасаас буурна. Инфляцын зорилтын интервал руу буугаад ороод ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ оны төгсгөл 12 сар болон ирэх нэгдүгээр сарын  инфляц  интервалаас давж,  8-9 хувьтай гарах болов уу. Ирэх оны сүүлийн хагаст  6-7 хувь руу орно гэсэн хүлээлттэй байгаа.  Өнөөдрийн инфляцын шалтгаан  бусад улс орнуудтай ижил. Төв банкууд Бодлогын хүүн дээр тэвчээртэй хандсан төлөв байдалтай байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top