Усгүй хотын тавиланг УЛААНБААТАРЧУУД ДАВТАХ ЁСГҮЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Хэдхэн хоногийн өмнө бид бензинд оочерлов. Хэдий үнэтэй гоё машинтай байлаа гээд бензингүй бол хэцүүдэхийн дохиог тэндээс мэдэрсэн болов уу. Яг үүнтэй адилаар нийслэлчүүд хэчнээн тансаг хаус байшинтай байлаа гээд ундны усгүй бол бензингүй болсон машинаас ялгагдаад байх юм алга. Өмнөтгөл болгон үүнийг өгүүлдгийн учир нь улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул, Сэлбэ, Дунд голын урсгал руу “угаадас”-наас ялгаагүй бохир усыг цутгах болсон явдал юм.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Хөрсний”, барилгынхны тайлбараар “Зоорийн давхрын”, энгийн хүний  нүдээр “Бохир ус” гэж нэрлэх ийм усыг нийслэлчүүд бидний ундаалах усны гол ундарга болсон Улаанбаатарын дундуур урсах гурван том гол руу тал бүрээс нь цутгаж байна. Баримт сөхье.

 

БАРИМТ 1: СЭЛБЭ ГОЛ РУУ “БОХИР УС” ЮҮЛСЭЭР БАЙНА

 

Олны мэддэгээр Чингисийн И-мартын хажууханд төмөр хашаа хатгаж, барилгын ажил эхэлжээ. Хашаан дотор нь барилгын кран ажиллаж байгааг бодоход барилга барих нь тодорхой аж. Ямар компанийн хэрэгжүүлж буй төсөл, яагаад хөрсний усаа Сэлбэ гол руу шууд шавхаж байгааг лавлахыг хичээсэн ч “Гаднын хүн хашаа руу нэвтрүүлэхгүй” хэмээн бараг хөөх нь тэр. Байгаль орчинд бусдын нөлөөний улмаас үүсээд буй аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг төрийн өмнөөс хянаж шалгах ёстой газар бол Мэргэжлийн хяналтынхан. Тийм ч учраас энэ асуудлыг тодруулахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчтай холбогдлоо. Тус газраас “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Чингис зочид буудлын ард баригдаж байгаа барилгын асуудал. Нийслэлийн прокурорын газар дээр 2102319 дугаартай хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Хуулийн байгууллагаас  шат, шатандаа хянаж байна. Зөрчлийн тухай хуулийн  7.15 дахь зүйлийн 1.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ хэсэгт зөвшөөрөл дүгнэлт авах ёстой гэсэн заалт бий. Тус компани нь зөвшөөрөл дүгнэлтээ аваагүй барилгын ажил эхлүүлсэн гэж дүгнэсэн. Байгалийн даралтад баялаг ашигласан гэдэг үүднээс тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төлбөрөө төлөөгүй л гэсэн асуудал  байгаа юм. Хэрэг нээгдээд шалгагдаж байгаа болохоор ямар аж ахуй нэгж дээрх хэрэгт холбогдсоныг хэлэх боломжгүй. Заавал прокурорын зөвшөөрөл авч байж тус компанийн нэрийг зарлах боломжтой” гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй. Албаны эх сурвалжаас авсан дээрх мэдээллээр бол Сэлбэ гол руу “Бохир ус” цутгаж буй энэ үйлдэл барилгын компанийн балаг болж таарлаа. Сүүлийн жилүүдэд барилгынхан хаа дуртай, харсан газраа байшин барилга барих болсон. Улмаар барилга барих газрынхаа хөрсний усыг хүссэн газар руугаа шавхах тохиолдол цөөнгүй гарах болов. Энэ бүхний нэг илрэл бол Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж буй дээрх барилга юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр уг барилгыг “Хурд” групп барьж буй гэх.

 

БАРИМТ 2: ДУНД ГОЛ БОХИРЛОГДОЖ, ЗАГАС ЖАРААХАЙНУУД НЬ ҮХЭЖ ЭХЭЛЖЭЭ

 

Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр Дунд голын ус цементтэй усаар бохирлогдож, загас жараахай нь үхэж байгаа бичлэг тархсан. Үхсэн загаснууд нь голын эргээ дагаад хөвөх дээрх бичлэгийг харсан хэний ч сэтгэл эмзэглэмээр. Учир байдлыг лавлаад юуны улмаас ийм байдал үүссэн талаар чих тавилаа. Голын эргийг захлаад цагаан тунадас үүссэн байх агаад ажиглаад сайн харвал цементтэй ус Дунд гол руу урсан орж ирсэн нь тодорхой байв. Хаанаас, ямар ус эл гол руу орж байгааг мөшгөвөөс Энхтайвны гүүрний баруун талд байрлах барилгын хашаанаас гарч буй ус болж таарсан юм. Нийтийн мэддэгээр нарны зам дагуу байрлах Моннис төвийн баруун талд хаяа залган төмөр хашаа босгожээ. Дотор нь барилгын суурийн ажил явагдаж буй бололтой. Хашааны булангаас  хоёр ч том ногоон өнгийн ус дамжуулах хоолой цухуйсан байх ба тэр хоолойгоо үерийн ус дамжуулах суваг руу татсан байв. Улмаар тэрхүү сувгаар дамжин Дунд гол руу нөгөө ус цутгагдаж байгаа нь тодорхой байв. Цэвдэг ихтэй, усны судалбар газар барилга барьж, улмаар зоорийн давхрын хэсэг, барилгын суурийн ажил хийх явцад их хэмжээний ус нэвчиж гарах брлсноос ийнхүү усаа зайлуулж, гол руу урсгасан нь тодорхой болов. Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд баригдаж буй уг барилгыг ямар компани барьж буйг албаны эх сурвалжаас тодруулахад “Бид барилгын зөвшөөрөл болон гол руу цементтэй ус урсгасан эсэхийг нь шалгаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ямартаа ч барилга баригдаж буй энэ газарт урьд нь төрийн өмчит “Электрон техник, машин судлалын концерн” байрладаг байв. Улмаар хэдэн жилийн өмнө ”Хүннү эйр” компанийн Ч.Хоролсүрэн захирал хувьчлан авсан байдаг. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Ч.Хоролсүрэн захирал дахиад өөр компанид уг газрыг дамлан зарсан гэх сураг байгаа юм. Ямартаа ч өнөөдөр тус газарт барилга барихаар хөрсний усаа шавхаж, балаг тарьж эхэлсэн нь тодорхой боллоо.

 

БАРИМТ 3: ТУУЛ ГОЛ РУУ “ДИ ДИ ЭМ ТИ” ХХК УГААДАС ШИГ УС ШАВХСАН НЬ...

 

Улаанбаатар хотын хамгийн их хөрсний бохирдолтой гэгддэг хороо бол Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо. Тэгвэл тус хорооны нутаг дэвсгэрт барилга барьж, асар их хөрсний бохирдолтой усыг Туул гол руу шавхсан хэрэг өнгөрсөн хавар гарсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газраас тухайн үед тодруулахад, “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны газар нутагт Туул голруу бохир ус асгаад байна гэх мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар “Ди Ди Эм Ти” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулахдаа хөрсний ус шавхаж байгааг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” хэмээж байв. Албаны эх сурвалжаас авсан дээрх мэдээллээр бол Туул гол руу “Бохир ус” цутгаж буй энэ үйлдэл барилгын компанийн бас нэгэн балаг болж таарсан юм. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга А.Отгон-Эрдэнийн өгсөн мэдээллээр бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийн ихэнх нь энэ хороонд байрладаг аж. Тодруулбал, 40 гаруй арьс ширний үйлдвэр ажилладаг гэх бөгөөд үйлдвэрийн хог хаягдал, угааж боловсруулах технологи нь хөрсөнд хамгийн их бохирдол үзүүлдэг хүчин зүйл гэнэ. Ийм их хөрсний бохирдолтой усыг барилга барих нэрийн дор Туул голын ус руу том төмөр хоолойгоор цутгаж байсан.

 

ТУУЛ, СЭЛБЭ, ДУНД ГОЛЫН ЭРГЭЭР БАРИЛГА БАРИХ ХОРИОТОЙ

 

Улаанбаатарчуудын ундны усны ундарга болсон гол горхи руу янз бүрийн байдлаар хөрсний усаа шавхаж буй барилгын компаниуд олон. Нэр дурьдагдсан нь л дээрх компаниуд болохоос цаана нь маш олон аж ахуй нэгжүүд байдаг. Уух ус руугаа “угаадас” юүлж байгаа энэ байдлыг зөвхөн бичигч би биш мэргэжлийн эрдэмтэн судлаач нар ч ярьдаг. Монгол Улсын зөвлөх инженер, цэвдэг судлалын доктор Н.Чойбалсангийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр “Барилга барих газраа сонгохын тулд орчноо сайн судлах хэрэгтэй. Хөрсний бүтэц, гадаргын болон гүний ус, мөн тухайн газар барилга барихад биохимийн ямар сөрөг нөлөө байгаа зэргийг зайлшгүй судалж үзэх шаардлагатай юм. Ялангуяа инженер биологийн судалгааг хийсэн байх хэрэгтэй. Хөрсийг судлахын тулд гадаргын голын эрэг орчмын усыг хэр нэвчсэн байгааг анхаарах ёстой. Улаанбаатар хотын ундны усыг Туул, Сэлбэ, Дунд гол хангадаг. Тэдгээр голын эргээр барилга барих хориотой. Голын эрэг дагуу газар олгоод л байх юм. Энэ бол байгалиа сүйрүүлж буй хэрэг. Тиймээс анхнаасаа л тэр хавийн газарт барилга барих зөвшөөрөл өгөхгүй байх хэрэгтэй. Барилга барьчихсан газруудад барилгын суурь нь усанд автах эрсдэлтэй юм. Дур зоргоороо голын эрэг орчмын газрыг өгснөөс үүдэж усны хомсдол үүсэж байна. Байгалийн нөхцөл байдал ч дагаад өөрчлөгдөж байна шүү дээ. Инженерийн шугам сүлжээ гэж зүйл бий. Барилга барихын тулд үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Барилгын усны хангамжийг гүний худгаар шийддэг. Өөрөөр бол, Туул голын ундарга дээр худаг барьсан. Тэр худгаас гүний цэвэр ус авч ундаалдаг гэсэн үг юм. Гэтэл ажилчид барилга барих явцдаа цемент болон бусад зүйлээр бохирлогдсон усыг гол руу цутгах нь уух усаа бохирдуулж байгаа үйлдэл. Ийм байхад улаанбаатарчууд яаж эрүүл байх юм бэ. Байгаль ч тэр, хүмүүс ч тэр хордоно шүү дээ” гэсэн юм. Туул болон Сэлбэ, Дунд голын бохирдлын үндсэн шалтгааны нэг бол яах аргагүй барилгынхан хөрсний усаа шавхсанаас үүдэж буй  юм. Энэ талаар судлаачид “Нийслэлийн газар нутгийн мөнх цэвдэгтэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрсэн ба энэ бүхэн нь голын усны бохирдолд нөлөөлж байгаа.  Улмаар голын ай сав орчимд нутагладаг ан амьтад ч сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлсэн. Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, хоёр зүйлийн хоёр нутагтан, долоон баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс таван зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтдаг. Нэн ховор энэ амьтад амьдрахын эцэсгүй болж, эхнээсээ устаж үгүй боллоо” гэж байна.

 

СӨҮЛИЙН ЦЭНХЭР ЗҮРХИЙГ НӨХӨН СЭРГЭЭСЭН САЙН ТУРШЛАГААС СУРАЛЦЬЯ

 

Ус нь ширгэсэн нутгийн соёл иргэншил мөхөж, хүмүүс нь хот суурингаа орхин нүүдэллэн явдаг түүх энэ зуунд ч үргэлжилсээр. Иймд Туул голын сав газрын доорх нөөцөөс ундны усны хэрэгцээгээ хангадаг нийслэлчүүдийн хувьд хөрсөөр дамжин усны бохирдол, хомсдлын аюул нүүрлэж байна. Нийслэлийн дундуур урсдаг гурван голыг хамгаалалтад авахгүй, эрэг орчимд байшин барилга барьж, арьс шир, барилгын хаягдлаа цутгасаар байвал ус татарч, орчны экосистем устах аюул энүүхэнд. Тиймээс гол усаа бохирдуулсан ухамсаргүй өнөөгийн  үйлдлээ таслан зогсоож, гаднын орны сайн туршлагаас суралцах цаг болжээ. Тухайлбал, Солонгосын дайны дараагаар үйлдвэржилт эрчимтэй явагдаж, Хан мөрний урсгал багасаж, үйлдвэрлэлийн хог хаягдлаар дүүрчээ. Улмаар агаар, ундны усны бохирдол, орчны тоосжилт нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Харин хотын захиргаа Хан мөрний хоёр талын эрэг дагуу явган болон дугуйн зам, цэцэрлэгт хүрээлэн, гүүр зэрэг тохижилтын асуудлыг цогцоор нь шийджээ. Хан мөрнөөс олон гол горхи эх аван урсдагаас, нэгэн цагт ус нь ширгэж үгүй болсон ч өдгөө эргээ халин  урсаж буй Чонгечёон голыг жишээ татъя. 1970 онд Сөүл хотын төвийг хөндлөн урсах уг гол дээгүүр шон босгож, дөрвөн урсгалт автозам барьснаас үүдэн хотын хөл хөдөлгөөн, түгжрэл ихсэж, олон зуун дамнан урссан Чхонгечхон гол ширгэжээ. Хотын захиргаа энэ асуудалд маш эмзэг хандан 2003-2005 оны хооронд гол дээгүүр барьсан замыг нураан, голыг нөхөн сэргээн, урсацыг хиймлээр нэмэгдүүлж, орчныг тохижуулах ажлыг гүйцэтгэжээ.

Ингэснээр Сөүл хотын экологийн тэнцвэрт байдал хадгалагдаж, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд эерэг нөлөө үзүүлсэн байдаг. Бусдын сайныг дуурайж, өөрсдийн бурууг ухаарах цаг болсон, монголчууд минь. Иймээс Туул, Сэлбэ, Дунд голыг бохирдуулж, хөрсний усаа шавхаж байгаа барилгынхны балмад үйл ажиллагааг таслан зогсоох цаг нь болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top