Б.Найдалаад 357 сая, А.Батдоржид 300 төгрөгийн хандив цугларчээ

2021 оны 10 сарын 12

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн ням гарагт нөхөн сонгууль болсон боловч ирц нь хүрсэнгүй. Ийнхүү холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос нэмэлт санал хураалтыг ирэх бямба гарагт явуулахаар зарлаад байна. Тэгвэл Үндэсний аудитын газраас УИХ-ын 18 болоод 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг ил боллоо.

Мэдээллээс харахад УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид хэдэн арван саяас хэдэн зуун сая төгрөгийн хандив цуглуулж, сонгуульдаа зарцуулсан тухайгаа тайлагнасан байна. Гэтэл нөгөө талд АТОЗН, ШИНЭН, ИЗНН болон бие даагчид арван сая төгрөг дотор эргэлдэж, зарим нь бүр хэдэн зуун төгрөгийг л сонгуульд зарцуулсан байх юм.

Мэдээж, хамгийн их мөнгө сонгуульдаа зарцуулсан хүмүүсээс эхэлбэл сонирхолтой байх.

Тэнд дурдсанаар бол УИХ-ын 28 дугаар тойрогт “Зөв хүн-электорат” эвслээс нэр дэвшсэн Б.Найдалаа нийт 357.6 сая төгрөгийн хандив цуглуулсан аж. Түүнд намаас өгсөн хандив 50 сая, компаниуд 106 сая, иргэд 201.6 сая төгрөг хандивласан юм байна. Мөн тэрбээр хуулиар зөвшөөрөөгүй 37 сая 170 мянган төгрөгийн хандив ирсэнээс 37 сая 70 мянган төгрөгийг нь буцаасан байна. Яагаад ч юм 100 мянган төгрөг авч үлдсэн тухайд мэдэх юм алга. Ямар ч байсан сонгуулийн дараа түүний дансанд хэрэглээгүй 83 сая төгрөг үлджээ.

Тэгвэл түүнтэй нэг тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугарт 350.5 сая төгрөгийн хандив цугларчээ. Компаниудаас 130 сая төгрөгийн хандив, иргэдээс 220.5 сая төгрөгийн хандив авсан аж. Мөн хуулиар зөвшөөрөгдөөгүй 53 сая төгрөг цугларсаныг буцаасан гэнэ. Сонгуулийн дараа түүний дансанд хэрэглээгүй 173.3 сая төгрөг үлдсэн байх юм.

Өндөр хандив авсан нэр дэвшигчдийн буухиаг УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат үргэлжлүүлж байна. Тэрбээр иргэдээс хандив аваагүй бөгөөд дандаа хуулийн этгээдүүд буюу аж ахун нэгжээс 248.2 сая төгрөгийн хандив босгожээ. Үүнээс гадна хуулиар зөвшөөрөгдөөгүй 51 сая төгрөгийн хандив цугларсаныг буцаасан аж. Сонгуулийн дараа дансанд нь 77.8 сая төгрөг үлдсэн байна лээ.

Эрх баригч намаас нэр дэвшигчид чамлахааргүй зардал гаргасан нь дээрх мэдээллээс илт байна. Тэгвэл тэдэнтэй өрсөлдсөн АН-ын намын ахмад дайчид хэдэн төгрөгийн санхүүжилт босгосон нь сонин байж таарна.

Тухайлбал, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар иргэдээс 84.2 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн 17 сая төгрөгийн хандивыг буцаасан бөгөөд сонгууль дуусахад түүний нэрийн дансанд хоёр сая төгрөг л үлдсэн байж. Харин Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Э.Бат-Үүл баатрын тухайд иргэдээс 27 сая төгрөгийн л хандив цуглуулж чаджээ. Ингээд сонгууль дуусахад түүний дансанд 8.1 сая төгрөг үлдсэн байсан гэнэ.

УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчдийн тухайд хандивын хэмжээг нь харсан ч сонгуульд нэлээд идэвхтэй оролцсон нь илт байна. Тэгвэл бусад намаас болоод бие дааж нэр дэвшсэн хүмүүсийн хандивын мэдээлэл тун ч сонирхолтой аж. Жишээ нь, Хэнтий аймагт нэр дэвшсэн М.Чингисхаан Үндэсний аудитын газарт тайлангаа хүргүүлээгүй орхижээ. Гэтэл мөн л Хэнтийд ШИНЭН-аас нэр дэвшсэн паралимпын аварга Д.Баатаржав иргэдээс 270 мянган төгрөгийн хандив авсан бөгөөд ердөө 200 төгрөгийг нь л сонгуульд зарцуулсан гэж мэдүүлсэн байна. Түүнчлэн ИЗНН-аас нэр дэвшсэн А.Бархүү 4.3 сая төгрөгийн хандив авснаасаа дөрвөн саяыг нь зарцуулжээ. Харин Ард түмний олонхын засаглал намаас нэр дэвшсэн Д.Чулуунбат гэхэд 300 мянган төгрөгийн хандив цуглуулснаа нэг ч төгрөг үлдээлгүй зарцуулсан гэсэн байна.

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн бусад нэр дэвшигчид ч нэг их мөнгө үрэхийг хүсээгүй бололтой.

Тухайлбал, ИЗНН-аас нэр дэвшсэн гадаад мэдээний тоймч Ш.Гантулга 3.3 сая төгрөгийн хандив авсан боловч сонгуулийн дараа дансандаа 399 мянган төгрөгтэй үлдсэн аж. Үүнээс ч хачирхалтай нь Дэлхийн монголчууд намаас нэр дэвшсэн УИХ-ын дэд дарга асан Логийн Цог 500 мянган төгрөгийн хандив цуглуулсан мөртлөө 200 төгрөг л сонгуульдаа зарцуулсан гэж мэдээлжээ. Түүнээс ч ядмаг өрсөлдсөн хүн бий. Тодруулбал, Ард түмний олонхийн засаглал намаас 28 дугаар тойрогт нэр дэвшсэн А.Батдорж 300 төгрөгийн хандив аваад 200 төгрөгийг нь зарцуулсан 100 төгрөг дансанд үлдсэн гэж мэдүүлсэн байх юм. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар гэхэд 2.7 сая төгрөгийн хандив цуглуулжээ. Гэхдээ тэрбээр хуулиар зөвшөөрөгдөөгүй 71 мянган төгрөгийн хандив авсан байтлаа буцаалт хийгээгүй гэдгээ мэдүүлсэн нь сонирхолтой.

Энэ тойрогт жижиг намууд дундаасаа арай бэлтэй оролцсон гэвэл Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшигч Ш.Төмөрсүх байна. Тэрбээр 11.8 сая төгрөгийн хандив босгож 700 мянган төгрөгөөс бусдыг нь сонгуульд хэрэглэжээ. Мөн бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалт иргэдээс 9.4 сая төгрөгийн хандив цуглуулсан бөгөөд сонгууль дуусахад дансанд нь 2.99 сая төгрөг үлдсэн гэж мэдүүлсэн юм байна.

Энэ сонгуульд нам, эвслүүд нэр дэвшигчдэдээ нэг ч төгрөг зарцуулаагүй гэдэг тайланг мөн Үндэсний аудитын газар хүргүүлжээ. Тэгэхээр дээр дурдсан нэр дэвшигчид зөвхөн иргэд, аж ахуйн нэгжүүдээс өгсөн хандивын хүрээнд өрсөлдсөн гэж харагдаад байна. Үнэн, худал эсэхийг энд шүүх нь утгагүй. Гол нь томоохон намаас нэр дэвшигчид бусдаасаа хэдэн арав, зуу заримаас нь сая дахин илүү мөнгө хандиваар цуглуулж нэр дэвшиж байгаа нь анхаарал татлаа. Нөгөө талаас сонгуульд ялах эрмэлзлийн хэмжээ ч үүнээс харагдаж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top