Ганц лабораторийн барилгыг 10 төсөв дамнан барих зуур газар хөдлөлтийн эрчим ингэж нэмэгджээ

2021 оны 10 сарын 12

 

Өнгөрсөн есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн  Жаргалант сумын  Баянбулаг багийн “Харанхуй” гэдэг газар болсон 5 магнитудын газар хөдлөлтийн чичирхийлэл  Улаанбаатар хотод хүчтэй мэдрэгдсэн.

 

Мэргэжилтнүүд рихтерийн шаталбараар тооцсон 4.9-5.4 магнитудын газар хөдлөлтийн үед байшин ерөнхийдөө чичирхийлж, тавилга ганхах, цонхны шил, байшингийн шавардлага хагардаг, 5.5-6.1 магнитудын газар хөдлөлтийн үед  барилгад  бага зэрэг эвдрэл үүсдэг гэж тайлбарладаг.

Тэгвэл дээрх 5 магнитудын газар хөдлөлт Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 124 км-т буюу тун ойр зайд болж,  улмаар нийслэлд байшин барилгууд хэдэн секундын хугацаанд чичирхийлсэн.

Тэгэхээр газар хөдлөлтийн чичирхийллээс үүдэн барилга байгууламжийн бат бэх байдалд ямар асуудлууд үүсдэг вэ. Тухайн барилга байгууламжийг  дараа дараагийн илүү хүчтэй газар хөдлөлтийн үед тэсвэртэй байлгахын тулд барилгын хийцийг бэхэтгэх чиглэлийн ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай вэ гэх зэрэг асуудлууд анхаарал татаж буй.

Гэвч манай улс энэ тал дээр төдийлөн анхаардаггүйг батлах нэг л жишээг дурдая.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт  “Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга” барихаар анх 2011 онд буюу 10 жилийн өмнө Улсын төсөвт тусгаж байжээ.

Нийт төсөвт өртөг нь 4,183.8 сая төгрөгөөр хэмжигдэнэ гэх уг барилга өнгөрсөн 10 жилд, 10 удаагийн төсөв дамнасаар ирэх 2022 оны төсөвтэй золгож байна.

Тэгвэл Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2022  оны төсвийн төсөлд 861.2 сая төгрөгийн зардлыг тусгаж оруулж ирсэн байна. Уг зардлыг төсөвт албан ёсоор оруулчихвал дээрх лаборатори үүдээ нээж, үйл ажиллагаа явуулах бололтой.

Ийм лаборатори манай улсад хэрэгтэй гээд 2011 онд улсын төсөвтөө зардал тусгахын өмнө  ҮАБЗ-ийн гишүүд  "Газар  хөдлөлтийн  гамшгаас хамгаалах"  тухай Монгол  Улсын  Шадар сайдын илтгэлтэй танилцсан байдаг. Улмаар “Газар   хөдлөл  судлал, барилга байгууламжийн хийц, бүтээцийн сорил   шинжилгээний  лаборатори, барилгын зураг төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулах арга хэмжээ авахыг ЗТБХБЯ, Нийслэлийн Засаг даргад даалгаж байжээ.

Сангийн сайд Б.Жавхлан олон он дамнасан төсвийн хөрөнгө оруулалтуудын талаар хэлэхдээ “Шилжих төсвийн хөрөнгө оруулалтуудыг аль болох хурдан дуусгах хэрэгтэй. Олон жил үргэлжлэх тусам л эрсдэл гардаг. Төсөвт өртөг нь нэмэгддэг. Инфляц зэрэг бидний тооцоолоогүй олон эрсдэл гарч ирж байгаа учраас шилжих хөрөнгө оруулалтуудыг  бол бушуухан дуусгах хэрэгтэй” гэж байсан.

Тэгвэл дээрх “Барилга байгууламжийн хийц бүтээцийн газар хөдлөл, сорил шинжилгээний төв лабораторийн барилга”-ын зардал  жил дамнан төсөвт дараах байдлаар тусгагджээ.  Тухайлбал:

 

  • 2011 оны төсөвт – 2.57 сая төгрөг

 

  • 2012 оны төсөвт -1.5 сая  төгрөг

 

  • 2013 оны төсөвт – 0.86 сая төгрөг

 

  • 2018 оны төсөвт – 1.41 сая төгрөг

 

  • 2019 оны төсөвт – 0.8 сая төгрөг

 

  • 2021 оны төсөвт – 50.0 сая төгрөгийн зардал тус тус суулгажээ.

Шилэн дансанд 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр нийтлэгдсэн “Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэл”-ийн жагсаалтаас харахад, уг лабораторийн барилгыг барьж дуусах хугацааг 2019 он, төсөвт өртөгийг 3,458.60 сая төгрөг, гүйцэтгэгч байгууллага “Зос Трейд” ХХК гэсэн байгаа юм. Тэгэхээр зөвхөн энэ л барилга дээр жишээлээд аваад үзэхэд өнгөрсөн арван жилийн хугацаанд төсөвт тусгагдсан зардлуудын хэмжээ болоод өнөөдрийн байдлаар яригдаж буй зардлын нийт дүнгийн хэмжээ зөрүүтэй байгаа юм.

Газар хөдлөлт гэдэг бол хүний амь настай шууд холбоотой том асуудал.

Гэтэл Монгол Улс газар хөдлөлтийн болзошгүй эрсдэлээс иргэдийнхээ амь насыг авран хамгаалахад чухал шаардлагатай лабораторийн барилга барих гэж 10 гаруй жил төсвөөс төсвийн хооронд янцаглаж байх зуур газар хөдлөлтийн давтамж, эрчим улам нэмэгдсээр байгаа билээ.

Тодотгоход, 2021 он гарснаас хойш есдүгээр  сарыг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 262 удаа бүртгэгдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн 11 жилийн хугацаанд дахь 3.5 магнитудаас дээшх газар хөдлөлтийн инфографик мэдээллээс үзэхэд давтамж нь энэ 2021 онд эрс нэмэгдсэн байгаа юм.

2010 онд Монгол Улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 31 бүртгэгдсэн бол 2014 онд 63 удаа бүртгэгдэж байжээ. Харин энэ он гарснаас хойш долоодугаар сар хүртэлх хугацаанд 255, есдүгээр сар хүртэлх хугацаанд 262 удаа 3.5 магнитудаас дээш хэмжээгээр газар хөдөлсөн байна.

Тэгэхээр Монгол Улсын хувьд  сүүлийн 11 жилийн газар хөдлөлтийн хамгийн өндөр идэвхжилтэй жил нь энэ 2021 он болоод байна.

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын Улсын ахлах байцаагч  У.Ёндон  барилгын хяналт шалгалт, чанар, стандартын талаар  ярихдаа “Манайд газар хөдлөлтийн эрчим нэмэгдэж байна. Барилга байгууламжийн арчилгаа, тордлогоо гэж байхгүй, барьсан л бол хаячихдаг... Улаанбаатар хотод жил ирэх тусам газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, бага хэмжээний чичирхийлэл олон давтамжтайгаар мэдрэгдэх болсон. Нийслэлд хүчтэй газар хөдлөлт болох магадлал байна гэж үзэж НОБГ, НМХГ, МХЕГ, ОБЕГ ҮАБЗ -д асуудал оруулж, шинжилгээ судалгаа хийлгэсэн. Тэгэхэд Улаанбаатар хотын газар хөдлөлийн мөчлөгийн бүсчлэл нэг баллаар нэмэгдсэн гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Тухайлбал, 7 балл байснаа 8 балл, 8 балл байсан газар 9 балл болсон. Тэгэхээр 8, 9 баллын газар хөдлөлийн эрчмийг тэсвэрлэх барилга барихын тулд тооцоо, норманд өөрчлөлт орж байна” гэсэн байсан.

Манай улсын хувьд цаашлаад газар хөдлөлтийн давтамж болон хүч  нэмэгдэх эрсдэл өндөр байгаа учраас хуучин барилгууд, шинээр баригдах барилга байгууламжуудад бодитой үнэлгээ, сорил хийж гүйцэтгэх чадвар бүхий лабораторийг дахиад төсөв дамнуулахгүйгээр барьж байгуулах нь чухал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top