Коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүмүүст бий болсон эсрэг биетийн хэмжээ эдгэрснээс хойших эхний хагас жилд буурч, цаашид есөн сарын турш тогтвортой хадгалагддаг болохыг Швед, Итали, Герман, Швейцар, Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ.
Шинжлэх ухааны bioRxiv цахим номын санд мэдээлснээр, судалгааны явцад ковидоор хүнд болон хөнгөн өвдсөн 136 өвчтөний 188 цусны сорьцыг шинжилсэн байна. Халдвар авснаас хойших 15-28 хоногт IgG эсрэг биет болон эсрэг биет бүхий цусны сийвэнгийн дархлааны хариу үйлдэл хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, цаашид аажмаар буурсан ба зургаан сарын дараа тогтвортой болсон байна.
Судалгааны дүнгээс үзвэл, цусны сийвэнгийн коронавирусийг дарангуйлах чадвар анхны шинж тэмдэг илэрснээс хойших 15 сарын турш хадгалагджээ.
Эдгэрсэн өвчтөнүүдийн вирусний эсрэг дархлаа, ялангуяа дархлааны ой санамжийн В-эс удаан хугацаанд хадгалагддаг ч дэлхий дахинд түгээд буй “Дельта” хувилбар цусны сийвэн дэх эсрэг биетээс бага ч гэсэн зайлсхийх боломжтой гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Судалгаанаас үзвэл, “Бета”, “Гамма”, “Дельта” хувилбараас хамгаалах эсрэг биетийн титр “Альфа” хувилбартай харьцуулахад 8-16 дахин сул байжээ. Эсрэг биет бүхий цусны сийвэнгийн үйлчлэл халдвар авснаас хойших 6-15 сарын хооронд өвчтөнүүдийн 87 хувьд хадгалагдсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, цар тахал анх дэгдсэнээс хойш нийт 238 521 855 хүн халдвар авч, 4 863 818 хүн энджээ.
Сэтгэгдэл ( 0 )