Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр буурах эрсдэл үүсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Ковидын улмаас эдийн засаг, нийгэмд үүссэн хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн хуваарьт төлөлтийг  хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй. Тэгвэл үүний нөгөө талд Монголбанкны ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр буурах эрсдэл үүссэнийг ирэх онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын төсөлд онцолсон байна.

Тодруулбал,  2020 оны 4-11 дүгээр сарын хооронд нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,152 зээлдэгчийн  зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаа хүртэл сараар, 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй  55,728  иргэний  зээлийн  эргэн  төлөлтийг  хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулжээ.

Эдгээр хойшлуулсан зээлийн үлдэгдэл нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 80 орчим хувийг эзэлж  байна. Ийнхүү төлбөрийг хойшлуулснаар санхүүжилтийн үндсэн эх үүсвэр болох Ипотекийн  зээлээр баталгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлт тасалдаж,  улмаар хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэр багасах өндөр эрсдэл үүсээд байгааг Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан Мөнгөний бодлогын төсөлд тусгасан байна.

Иймд ИЗББ-ын ирээдүйн мөнгөн урсгалаас санхүүжүүлэх замаар эх үүсвэрийг шийдвэрлэж, хөтөлбөрийн  санхүүжилтийн эх үүсвэрийн тасралтгүй байдлыг хангах шаардлага бий болсон.

Хөтөлбөрийг цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор олон улсын тэргүүн  туршлага, зах зээлийн зарчимд суурилсан орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог  бүрдүүлэх чиглэлээр судалж, санал боловсруулах ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам,  Барилга хот байгуулалтын яамны төлөөллийг оролцуулан байгуулсан.

Тус ажлын хэсэг сан  бүрдүүлэх  замаар  тогтвортой  санхүүжилтийн  тогтолцоог  бий  болгох,  ажил  эрхэлж  байгаа  хүмүүсийн нийгмийн даатгалтай нь санхүүжилтийг уялдуулах зэрэг олон улсын сайн туршлагыг  нэвтрүүлэхээр судалж байна. Дунд болон урт хугацаандаа иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн  хөтөлбөрүүдийг зах зээлийн зарчмаар санхүүжих хэлбэрт шилжүүлэх нь хамгийн үр ашигтай байдаг.

Үүний тулд макро эдийн засгийн оновчтой бодлого явуулах замаар зах зээлийн хүүг  бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зохистой юм. Ингэснээр ипотекийн болон энэ төрлийн хөтөлбөрүүдийг  төрөөс дэмжих, татаас, хүүгийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй болох юм. Иймд тогтвортой  санхүүжилтийн  тогтолцоог  бүрдүүлэх  хүртэлх  хугацаанд  хөтөлбөрийн  тасралтгүй  байдлыг  хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэнэ гэж Мөнгөний бодлогын төсөлд дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top