УИХ үзэл бодлыг хэзээ ШОРОНГООС ГАРГАХ гэж байна!?

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Эрүүгийн хуульд нэг бяцхан өөрчлөлт оруулах асуудал яагаад ч юм УИХ- ын босгыг давж чадахгүй байгааг хэлж байгаа юм шүү. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай яриад байна л даа.

Ердөө хоёрхон өгүүлбэртэй хуулийн өөрчлөлтийн төсөл. Энэ өөрчлөлтөөр одоо Эрүүгийн хуульд байгаа “Худал мэдээлэл тараах” зүйл ангид жижиг тайлбар орох юм. Нэгдүгээрт, төрийн байгууллага өөрийг нь гүтгэлээ гэж гомдол гаргахгүй. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж, хардаж сэрдсэн бол мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө иргэнийг гүтгэсэн гэж эрүүгийн журмаар цагдаад гомдол гаргах эрхгүй гэдэг агуулгатай тайлбар оруулах юм байна. Ийм хоёр өгүүлбэр орсноор улстөрчид хийгээд төрийн өндөр албан тушаалтнуудын эрх ямба л багасахаас биш нийт олны мэдэх эрхэд бол том өөрчлөлт гарах хүлээлт байгаа.

Худал мэдээлэл тараах асуудал Зөрчлийн хуулиас Эрүүгийн хуульд шилжсэнээс хойш буюу 2018 онд 38, 2019 онд 23, 2020 оны наймдугаар сарны 30-ны байдлаар 36 улс төрд нөлөө бүхий этгээд сэтгүүлчид гомдож, эрүүгийн журмаар цагдаагийн байгууллагад хандсан статистик байдаг аж. Энэ дунд Архангайн Засаг дарга 14 удаа гадаад томилолтоор явсныг 16 гэж бичиж “гүтгэлэг ” ч багтаж байгаа.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг өөрөө хөшигний ард явдаг олж илрүүлэхэд төвөгтэй зүйл. Түүний баримтыг нэг бүрчлэн олоогүй тохиолдолд эрүүгийн хэрэгт татаж, өнөө мэдэгдэл гаргасан хүнээр батлуулахыг оролддог, баталж чадахгүй бол эрүүгийн шийтгэл хүлээлгэдэг зарчмын алдаатай юм өдгөө яваад байна гэсэн үг л дээ.

Улмаар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид эргээд эх сурвалж, мэдээлэгчээ хамгаалж чадахгүй болох эрсдэлтэй болчихсон байна. Энэ байдал нь иргэдийн мэдэх эрх, төрөө хянах эрхийг үгүйсгэж байгаа хэлбэр юм. Ингээд бичихээр “Улстөрч хүн гүтгүүлэх ёстой юу, улс төрийн ажил хийдэг гэхээрээ хүн биш үү” гээд маргаад эхэлдэг тал манайханд бий. Энэ улстөрд нөлөө бүхий этгээд гэдэг нь Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг 350 албан тушаалтан л юм шүү дээ. Тэд төрийн ажил хийж байгаа бол зайлшгүй хардлага сэрдлэг дунд явах ёстой.

Өнөөдөр яг үнэндээ Монголын ардчиллыг юу үнэ цэнгүй болгож байгаа вэ гэвэл олны төөрөлдөөд байгаа шиг Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэх мэт улстөрчид биш юм. Гол буруутан нь авлига, ядуурал хоёр. Тэр авлига, ядуурлаас шалтгаалсан иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан байдал л Монголын ардчиллын хамгийн заналт дайсан болчихоод байна. Ард түмэн төрийн өндөр албан тушаалтнууд нь цэвэр шударга ажиллаж байгаад итгэж чадахгүй байгаа болохоор нийгмийнхээ үнэт зүйлийг нулимаад эхэллээ. Бүр цаашилбал дарангуйлагч, хатуу удирдагч хүсэн мөрөөддөг болох шинж тэмдэг ч илэрч байгаа.

“Шударга” гэсэн имижтэй болгоныг УИХ-д сонгоод байгаагийн учир энэ шүү дээ. Тийм болохоор төрийн ажлыг сонгож авсан хүн бол олон нийтийн хяналт, хардлага дундуур явах ёстой гээд байгаа хэрэг. Хардлага, хяналт нээлттэй байж, тэр цензурт төрийн албан тушаалтнууд нь тэнцдэг болсон цагт иргэн нь төрөө хүндлэх, хамтдаа хөгжил дэвшил рүү урагшлах тухай ярих боломжтой болно. Хэрэв хардуулж, хянуулж байхыг зөвшөөрч чадахгүй гэвэл тухайн албан тушаалтай бие хүн заавал төрд ажиллах гээд хэрэггүй гэдэг тулгалт ч үүснэ. Товчхондоо, үүнийг төрийн албан хаагчдыг сайн, муугаар нь ялгаад өгөх боломж гэдэг өнцгөөс харж ч болох юм. Тэгвэл ашиг хонжоо хайж улс төрд, намд ордог гэдэг хардлага буурна биз дээ. Харин төрийн албан тушаалтан бүх зүйл дээр гүтгүүлээд байж болно гэж мушгиж ойлгох ч хэрэггүй юм билээ.

Хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гэж юм байна. Энэ бол Үндсэн хуулиар хамгаалагдсан зүйл. Гэхдээ ялгаж ойлгох зүйл бий. Нэр хүнд гэж хүний өөрөө олж авдаг зүйл. Ухаан, хөдөлмөр, мэдлэг, амжилт, ёс суртахууны эрхэм чанараар нийгмээс буюу бусдаас олж авдаг зүйл. Манай нийгэмд ялангуяа улс төрд олон түмнээс сонгогдсон гэхээрээ их нэр хүндтэй болчихлоо, миний нэр хүндэд халдаад байна гэж ташаа ойлгоод байдаг. Нэр төрд нь халдаж байгаа юу, нэр хүндэд нь халдаж байгаа юу гэдгийг ялгаж авч үзэх ёстой. Байгалийн амьтан хүн болохынхоо хувьд төрөлхөөс заяагдсан зүйл нь нэр төр. Нэр хүнд нь олдмол зүйл юм. Улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхтэй нь холбоотой хардаж сэрдсэн бол тухайн этгээд эрүүгийн журмаар гомдол гаргах эрхгүй. Тэр нэр хүнд гэдэгтэй хамт хязгаарлалт яригдах ёстой. Нээлттэй байдлыг иргэдийн мэдэх эрх хангадаг. Мэдэх эрхээ эдэлснийх нь төлөө өөртөө олж авсан төрийн хүчийг ашиглаад эрүүгээр шүүлгээд байж болохгүй.

Мэдэх эрхийг хууль бус дарамт, төрийн хүчээр боомилоод эхлэх юм бол төр нь мангасжих шинж рүүгээ явна. Дарангуйлагч болох шинж рүүгээ явна гэсэн үг. Тэгэхээр бид үүнийг зөвшөөрч болохгүй. Мэдэх эрх нь ардчиллын үнэт зүйл, багана учраас түүнийг хамгаалах ёстой. Үүнийг хамгаалахын тулд улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхтэйгээ холбоотой асуудлаар хардаж сэрдсэнээр гомдол гаргахгүй шүү гэж байгаа юм.

Харин хувь хүнийх нь хувьд буюу нэр төрд нь халдвал иргэдтэй адил цагдаад хандах эрхтэй” гэж тайлбарласан байдаг. Тодруулбал, авлига авсан байж болзошгүй гэж мэдээлсэн бол төрийн албан тушаалтан цагдаад хандах ёсгүй. Харин бусдыг зодсон, хүчиндсэн гэх мэтээр худал мэдээлэл тарааж нэр төрд нь халдсан бол иргэний хувиар хуулийн байгууллагад хандах эрх нь хэвээр байна гэсэн үг. Үг үсгийн хувьд маш товчхон энэ хуулийн төсөл тэгвэл яагаад УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхгүй дарагдаад байна вэ.

Гуравдугаар сард өргөн барьсан энэ хууль хэлэлцэх тухай сураг ч гарахгүй байхад түүнээс хойш УИХ-д өргөн барьсан хуулиуд зарим нь батлагдаж, заримыг нь хэлэлцээд хэрүүл маргаан ч дэгдээлээ. Тухайлбал, энэ оны зургаадугаар сарын 21- нд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байна. Бараг УИХ- ын хаврын чуулган хаалтаа хийх дөхөөд бичиг цаасаа бэлтгэж байхад нь мэдүүлсэн хууль намрын чуулганы эхэн дээр ороод ирсэн байгаа байхгүй юу. Түүгээр ч барахгүй хэлэлцүүлэг нь нийгмийн талцал хуваагдал болон үргэлжилсээр одоо хуулийн төслөө буцааж татах шинжтэй болчихлоо. Хэн нэгний эрх ашигт нь хэрэгтэй бол УИХ хуулийг хэлэлцэж, баталдаг. Эсрэгээрээ өөрсдийнх нь эрх мэдлийг хянаж тэнцвэржүүлэх болоод ирэхээр хав дарчихдаг юм биш биз гэсэн хардлага ч төрөөд эхэллээ шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top