Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн баасан гарагт өдөр зохион байгуулсан "Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-ы үеэр Хууль зүй, дотоод хэргийн Сайдын зөвлөх, Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ЁС ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдвээр илтгэл тавьсан билээ. Түүний илтгэлээс онцолж байна.
1. Ёс зүйтэй хуульчид ард иргэдэд бүдүүлэг, хүйтэн цэвдэг, балмад хандахыг хатуу цээрлэж, төв, эелдэг харьцааг эрхэмлэж ажилладаг. Аливаа хэрэг, зөрчил, маргаанд орооцолдсон иргэн бүр хүмүүний дахин давтагдашгүй өөр өөр хувь заяатай болохыг ухаарч, гэмт хэрэгтэн мэтээр харьцах явдал тэвчиж болшгүй зүйл. Төрийнхээ ивээлийг байнга хүртэж явах ёстой Монгол Улсынхаа иргэнтэй харьцаж байна гэдгээ үргэлж санаж, хүний ёсноос гадуур хандаж, басамжлан гутааж, эрүү шүүлт тулгах ёсгүй. Ингэж иргэдтэй харьцаж байгаа хуульч хуульч биш харин “балмад” этгээд болж хувирч байгаа юм;
2. Ёс зүйтэй хуульчид хэн шударгыг нь хамгаалдаг, хүний зөрчигдсэн эрхийг сэргээн тогтоож өгдөг. Ингэснээрээ улс орондоо нийгмийн шударга ёсыг тогтоолцож, ард иргэдээ сэтгэл тэнүүн, аз жаргалтай аж төрөх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Ёс зүйгүй хуульчид мөнгө төлсөн шударга бус талд ичгүүр сонжуургүй үйлчилж буюу эсхүл юу ч хийлгэхээс сийхгүй шударга бус улс төрчийн захиалгыг гардан хэрэгжүүлэгч болдог. Нэгэнт мөнгө төлүүлсэн ба амлалт авахуулсан болохлоор тийм хуульчдын хувьд тухайн хэргийн талаар ямар шийдэл гаргахаа урьдаас нэн тодорхой болгож, түүнийгээ ямар ч үнээр хамаагүй улайран хамгаалдаг. Тэгэхдээ энэ бүхнийг аюулгүй, мэдэгдэхгүйгээр хийх нарийн арга чарга сүвэгчилж олохыг хичээвч төсвөөс авдаг цалин хангамжаасаа илүү тансаг хэрэглээтэй болж, хууль сахиулах байгууллагад мэдлэг чадвар, туршлага, хэр чинээнээсээ илтэд давсан албан тушаалд томилогдсон нь хэний ч өмнө нэгэнт ил болж, бусдын өөдөөс эгцэлж харах ёс суртахууны эрхээ алддаг. Ийм хуульчийг ажил мэргэжлээ эд барааны адил арилжаалан худалдсан “луйварчин” л гэж үзвэл зохилтой;
3. Ёс зүйтэй хуульчид иргэний эр зоригтой ажилладаг. Тэд шударга ёс, бодит үнэний төлөө ажил албан тушаалаа золиослохыг юман чинээнд ч боддоггүй. Хэн нэгэн хуульчийн гараар шударга бус үйл хийлгэхийг оролдоход эрс шулуухан – Үгүй гэж хэлээд татгалздаг эр зоригтой хуульч жинхэнэ ёс зүйтэй хуульчид тооцогддог. Ёс зүйгүй хуульчид зөвхөн хар амиа хичээж, аймхай хулчигар, үхээнц байдалтай ажилладаг. Ийм хуульчид олширсноос шалтгаалж, хуульчид шударга ёсыг тогтоож чаддаг эсэхэд эргэлзэх сэтгэлгээ монголын нийгэмд газар авч, их хор уршиг тарьж байгааг онцгой анхаарах цаг болсон;
4. Ёс зүйтэй хуульчид мэргэжлийн үүргээ ягштал биелүүлж ажилладаг. Ийм шүүгч хэрэг, маргааныг голч, шударгаар хянан шийдвэрлэдэг, ийм мөрдөгч эхлээд гэмт хэргийн хөдөлшгүй, лавтай нотлох баримтыг эрэлхийлэн олж чаддаг, ийм прокурор хяналтаа жинхэнэ ёсоор тавьдаг, ийм өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг гаргуунд нь гаргадаггүй, хоёр талд зэрэг ажиллан мөнгө хөөцөлддөггүй юм. Өөрөөр хэлбэл шүүгч нь шүүгч шиг, прокурор нь прокурор шиг, мөрдөгч нь мөрдөгч шиг, өмгөөлөгч нь өмгөөлөгч шиг, хуульч нь хуульч шиг ажиллах ёстой гэсэн үг. Хуульчид хүлээсэн үүргээ нэгэн үзүүрт чин сэтгэлээсээ биелүүлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, цуцалтгүй хөдөлмөр, хичээл зүтгэл, бусдаас суралцах явдал цаг ямагт шаардагддаг. Эдүгээгийн эрин цаг үед монголын хуульчид шинэ төрлийн гэмт явдалтай тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, нэг талаас төр, нөгөө талаас гадаадын хуулийн этгээд оролцсон болон асар их хэмжээний үнийн дүнтэй хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зорилттой тулгарсан. Шинжлэх ухаан-техник, технологийн дэвшил хуульчдын мэргэжлийн бэлтгэлийг олон талаас нь дээшлүүлэх шаардлагыг дэвшүүлэн тавьсаар байгааг хуульч бүр ухаарах учиртай;
5. Ёс зүйтэй хуульчид мэргэжлийн хариуцлагаа гүнээ ухамсарлаж ажилладаг. Хуульчийн ажлын онцлог шинж нь хэрэг явдлыг болсон тэр чигээр нь үнэн бодитой сэргээн тогтоож, тухайн хэрэг маргаанд хуулийн дагуу эрх зүйн зөв үнэлэлт өгч буюу зүйлчилж, хууль зүйн чухам ямар арга хэрэгсэл хэрэглэх нь зүйтэй эсэх асуудлыг нухайцтай тунгаан шийдвэрлэдэг. Судалгаанаас үзэхэд зарим хуульч болсон хэрэг явдал хуультай хэрхэн нийцэж байгааг нарийн нягт тогтоохын оронд ялангуяа баривчлах, цагдан хорих, хорих ял ногдуулах, эрх хязгаарлах зэрэг эмзэг нарийн асуудлын талаар шийдвэр гаргахдаа эхлээд зөвхөн хуулийн хуурай үг үсгийг хуулбарлан бичсэнийхээ дараа нь түүнийхээ араас тийм болгох гэж хүний эрхийг гаргуунд нь гаргаж, ноцтой зөрчиж байгаа баримт цөөнгүй гарсаар байна. Хорьж цагдаж суулгасныхаа дараа нь хэрэг явдлын нотлох баримтыг цуглуулах гэж оролдож, олигтой юм олдохгүй болохоор нь заавал юунд ч хамаагүй ороолцолдуулах гэж улайран улангасаж, тухайн хүний төдийгүй гэр бүлийн ойр дотны хүмүүсийн хэвийн амьдралыг бусниулж, сэтгэл санааны зовиур шаналгаа учруулж байгаа жишээ баримт цөөнгүй гарч байгааг судалгаа харуулж байна. Хуульчийн зарим алдаа хэзээ ч засаж залруулшгүй ноцтой үр дагаврыг буй болгодог тул алдаа гаргахаас өмнө байнга сэрэмжилж, урьдчилан дүгнэлт хийх, хөнгөн гоомой, дэндүү хариуцлагагүй, ихэмсэг дээрэнгүй, хүйтэн цэвдэг хандлага гаргахаас эрс цээрлэж байх учиртай. Хуульч аливаа хэрэг маргааны талаар зөвхөн сэжиг таамагт үндэслэн урьдчилан дүгнэлт хийж, түүнийгээ батлах гэж улайран хөөцөлдөх нь эргэж засашгүй алдаа гаргах эх үүсвэр болж байгааг судалгааны үр дүн харуулсан;
6. Өр нимгэн нинжин сэтгэлээ алдахгүй байх нь ёс зүйтэй хуульчийн эрхэм чанар болдог. Иргэдээ хорьж цагдах, эрх чөлөөг нь хязгаарлаж, мөрдөн шалгах эмзэг асуудлыг хянан шийдвэрлэхдээ тэдний ар талд байгаа гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүсийн хэвийн амьдрал ахуй, сэтгэл санааг самрахгүй, хямраахгүй талаас нь онцгой анхаарч байх ёстой. Тэдэнд хайр найргүй, хүний үнэргүй, харгис хэрцгий хандахаас байнга сэрэмжилж явах учиртай. Хүн ардынхаа амин зуулга, эрхэлж буй бизнес, банкны зээл, дебит карт, харилцах дансыг нь хааж боож, ямар их хор уршиг тарьж байгаагаа ойлгож ийм нөхцөл байдалд хүргэхгүй байхыг эрмэлзэх ёстой;
7. Ёс зүйтэй хуульчид итгэл даахын төлөө хичээнгүйлж ажилладаг. Шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, нотариатч, хууль сахиулагчийн хуулиар тогтоосон бүрэн эрх бол нэг ёсны улс орон, ард түмнээс тэдэнд хүлээлгэсэн их итгэл найдвар юм. Ийм итгэлийг хөсөрдүүлэхгүй дааж явна гэдэг бол худалдагддаггүй, хуурч мэхэлдэггүй, энэрэнгүй сэтгэлээ алддаггүй чанар, тэсвэр тэвчээр, сэтгэлийн их тэнхээг хуульчдаас шаардана. Хуульчдад итгэх олон түмний итгэл их сул байгааг судалгааны үр дүн харуулсаар байна. Хэрэв ард иргэд нь хууль сахиулах байгууллагадаа итгэхгүй, хуульчдад итгэхгүй юм бол төр улс сулран доройтох нэг гол шалтгаан болж байгааг хэрхэвч мартаж болохгүй. Ёс зүйтэй хуульчдын амь шигээ хайрладаг эрхэм зүйл нь эрхэмбээрийн нэр төр байдаг. Тэд “нэрээн барахаар насаа бар” хэмээсэн монголын ард түмнийхээ мэргэн үгийг хуультай адил үздэг. “Энэ бие хэврэг боловч, Эрхэм нэр мөнх шүү” хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэн хойч үеийнхнийхээ ой санамжид нь үлдээжээ. Хуульчийн нэр төр зөвхөн тухайн хувь хуульчид хамаараад зогсохгүй удам сударт нь үе дамжин үлддэг. Удам судардаа үлдээсэн хуульчийн сайн нэр төр нь хэдэн үеийн туршид үлдэгдэгсдийнх нь бахархал, нэр төрийнх нь баталгаа болж, сэвтүүлэхгүйг улам хичээж, тэдэнд хар элгийн хүмүүс ч хүндэтгэлтэй ханддаг. Хэрэв нэр төрөө алдвал хэчнээн сайн үр удам төрөн гарсан ч нэр төрийн сэвтээлтийг нь засаж залруулах гэж зовж зүдэрдэг.
8. Монголын ард түмний “Нэгэн үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” хэмээсэн цэцэн мэргэн зүйр үгийн дагуу хууль сахиулах байгууллага, хуульчдын нэр хүнд үлэмж суларч байгааг ухаарч, энэ талаар чиглэсэн зорилготой, үр нөлөөтэй, олон талт ажил үйлсийг хууль сахиулах байгууллагууд өрнүүлэх шаардлагатай болсон байна;
9. Ёс зүйтэй хуульчид мэргэжилдээ чин үнэнч зүтгэдэг. Тийм хуульчид өөртөө илэрхий ашиггүй ба аюулгүй байдалд нь хохиролтой үед ч өргөсөн андгай тангарагдаа үнэнч, мэргэжлээ худалддаггүй, үг ба ажлаа хооронд нь зөрүүлдэггүй. Ингэж мэргэжилдээ чин үнэнчээр зүтгэж байгаа хуульчид үнэлэгдэж, зүйл бүрээр дэмжигдэх учиртай. Монголын ард түмэн ч ийм хуульчид сэтгэлийн их эрч хүч өгч чадна гэдэгт эргэлзэх зүйл байхгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Бас л эрлийзүүдийн холбоонд байдаг нөхөрдөө.