Казино шинэ зүйл биш, харин хууль нь хуучны ноорог

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Одоогоор казино байгуулах хамгийн боломжит газар нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татах Хөшигийн хөндий

Монголчуудын хувьд казино буюу мөрийтэй тоглоомын газар шинэ зүйл байхаа болиод удаж байгаа. Хуулиар хориглосон нууц газруудыг зорьж, цагаа үрэхийн оронд жорлондоо эхнэрээсээ нуугдаад тоглочихдог болсон эд. Хил хязгааргүй интернэтийн орчныг хуулиар ч хясах боломж­гүйг цахим мөрийтэй тоглоом буюу онлайн покерын зах зээл харуулж байна. Хууль хяналтын байгууллагынхан ийм төрлийн үйл ажиллагаа явуулсан олон этгээдийг илрүүлсээр байгаа ч оролцогчид нь хэдэн арван мянгаараа тоологдож буй учраас хүчирдэггүй. Олон улсад танигдсан мөрийтэй тоглоомын зөвхөн нэг цахим платформд гэхэд л Монголоос оролцдог 60 гаруй мянган идэвхтэй тоглогч байна. Тэд хэдхэн центээс эхлээд хэдэн арван мянган ам.доллароор тоглодог. Авдаг, алддаг, луйвар, хулгай дэндсэн. Хар ухаанаар бодоход бүгд алдаад байвал, юу гэж ийм олуулаа хууль зөрчин байж валют үрэх вэ дээ. Улаанбаатар хотын нэр бүхий томоохон албан тушаалтан хүртэл албаны хурал дээрээ гар утасны аппликейшнд суурилсан покер тоглож суусан жишээ саяхных. Монгол Улсад казиног хуулиар хориглосон ч технологийн хүчээр ийнхүү цар хүрээ нь тэлээд байгаа юм.

Энэ бол шинэ нөхцөл байдал. Монгол Улс анх казиногийн хууль гаргаж байсан үе үндсээрээ өөрчлөгдсөн гэсэн үг. Гэхдээ нийтийн дунд бооцоот тоглоом бол сайн зүйл биш гэдэг хэвшсэн ойлголт хэвээрээ байгаа. Үүнийг дагаад татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг улстөрчид нь гадаадад казино тоглож гүйгээд байхаар ямар нийгэм сайнаар хүлээж авах вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Харин казино манай улсын эдийн засагт Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгойн дайны өгөөж өглөө гэвэл асуудал өөрөөр яригдана.

Ямартай ч казиног зөв зүйтэй нутагшуулж чадсан улсууд Монгол дахь уул уурхайн мега төслүүдийн хэмжээний хөрөнгө мөнгө ярьдаг юм билээ. Тэр хэмжээгээр дэлхийгээр нэг хэрэн хэсэж, зугаацаж яваа жуулчдыг татаж, валютын орлогоо өсгөдөг. Дотоодод түүнээс дутахгүй далд эдийн засгийг ил болгодог ач холбогдолтой эд байх юм. Хуулиар хориод хаачихсан зүйлийг хэн ч ил хийхгүй бөгөөд нууж далд бизнес татвар төлдөггүй. Улмаар мөрийтэй тоглоомчдыг цуглуулж, уламжлалт хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг үүрүүд амьд оршсоор байгаа. Ерөнхийдөө хуулиар хориглосон казино хуучны далд бизнес хэвээр байна. Эдгээрийг хуулийн нарийн зохицуулалтаар л ил гаргаж ирнэ.

Казиногийн талаар хатуу чанд бодлого баримталж ирсэн Япон улс 2016 онд “Тусгай зориулалтын нэгдсэн амралтын бүсийн хэрэгжилтийг дэмжих тухай хууль”-ийн нэрээр казиногийн үйл ажиллагааг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн байдаг. Ингэхдээ зөвхөн “Land based casino” буюу газарт суурилсан казино хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, заасан газарт жуулчдыг татах замаар казиногийн үйл ажиллагааг чиглэлийг зааж өгсөн байна. Үүгээрээ  онлайн казиног хязгаарлажээ. 

Монголд Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. УИХ-ын гишүүд казинотой нэр холбогдсон хэргийн дуулиа­наар 1999 онд батлагдсан гэдэг уг хууль “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” гэх ганцхан өгүүлбэрээс бүрддэг. Тиймээс казиног хуулиар зөвшөөрч, аялал жуулчлалын тусгай бүс байгуулах санаачилга өнгөрсөн хугацаанд олон удаа гарсан ч парламентаас улс төрийн дэмжлэг аваагүй юм. Одоо төслийн шатанд яваа Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн хүрээнд Засгийн газраас казиногийн зөвшөөрөл олгох асуудал дахин яригдаж эхэлсэн. Сангийн сайд Б.Жавхлан “Казино бол маш том эдийн засгийн том эргэлттэй бүтэц. Түүнийг зөв зохион байгуулж чадвал огт болохгүй зүйл биш” хэмээгээд, уг саналаа төслийн шатанд яваа санал гэж тодотгосон.

Засгийн газраас Казиногийн тухай хууль болон Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болгох төс­лүүдийг 2015 онд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч өнгөрсөн жил хэлэлцүүлгийн шатнаасаа буцсан. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед өргөн барьсан тухайн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсгийг 2019 онд байгуулсан байдаг. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газраас дэвшүүлсэн “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-тэй уялдаж байлаа. Тэгвэл өнөөдөр эрх баригчдын зүгээс цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх санаачилгын хүрээнд дахин гаргаж ирж байна. Агуулгын хувьд эдийн засгийн тусгай бүсийг түшиглэн казино, зочид буудал, амралтын газар бүхий иж бүрэн үйлчилгээний цогцолборыг бизнесийн зарчмаар байгуулах юм. Үүгээрээ газарт суурилсан казино гэж тодорхойлох боломжтой харагдаж байгаа. Гадаадаас мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн зас­гаа төрөлжүүлэх замаар хөдөө орон нутагт ажлын байр бүрдүүлж, улсын төсөвт орох татвар хураамжийг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ дотоод дахь далд эдийн засгийг ил гаргах тал дээр учир дутагдалтай. Мөн 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн үнэлгээг 35 тэрбум төгрөг байхаар тогтоож, зөвхөн гадаад иргэдийг казинод тоглуулах гэх мэт ерөнхий шаардлагуудтай.

Казиногийн эдийн засагт өгөх өгөөжийг нь мөн тооцсон байгаа. Монгол Улс өнгөрсөн 2020 он гэхэд гаднын нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн. Уг тооцооллоор аялал жуулчлалын салбар ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх ёстой байж. Үүний тулд казинод багадаа 500 сая ам.долларын анхны хөрөнгө оруулалт татаж, 800 ажлын байр бүрдүүлэх төлөвлөгөөг танилцуулсан байдаг. Цаашид жил бүр 148 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо ч бий. Казино байгуулах байршлыг нарийн тогтож заагаагүй бөгөөд сүүлийн үед Хөшигийн хөндийн олон улсын түшиглэн бий болох эдийн засгийн тусгай бүсийг хамгийн боломжтой талаар яригдах болсон. Засгийн газраас дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд казино байгуулах тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид олгохоор тусгасан. Үүнээс өмнө гарсан Чөлөөт бүсийн тухай хуульд Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулж болно гэж зааж өгсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй. Уг хуулийн төслийн гол автор нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол бөгөөд тэрбээр одоо Засгийн газрын Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Хуулийн төсөл УИХ-ын босго давсантай холбогдуулан Монголын улстөрчид сүүлийн хэдэн жил баг багаараа гаднын казиногоор үйлчлүүлж туршлага судалсан. Хамгийн сүүлийн жишээ нь УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар Австралийн казинод туршлага орж, багахан мөнгөөр туршлага судалсан гэдгээ өөрсдөө хэлсэн явдал. Яам тамгын газрын дарга нар ч тэднээс дуталгүй албан томилолт өвөртөлж явсан түүх бий. 

Төгсгөлд нь өгүүлэхэд, Монгол Улс мөрийтэй тоглоомыг заавал хуульчилж хүлээн зөвшөөрөх албагүй. Казиногийн хуультай боллоо гэхэд Монгол Улс эдийн засгийн зовлонгоосоо ангижирна гэдэг худлаа. Үүнтэй санал нийлэх хүн цөөнгүй гарах байх. Мөн мөнгө угаалт, хууль бус санхүүжилттэй холбогдох магадлал өндөр. Энэ талаасаа бол бүр хорьж, тас хааж болж байна. Далд зүйлсийг ил гаргаж, хүлээн зөвшөөрч яах юм. Харин заавал хуулиар зөвшөөрөх эсэх талаас нь харвал, сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширсон крипто койнууд ч хууль ёсных биш шүү дээ. Тэдгээрт хөрөнгө оруулагчид мөн л ханшийн өсөлт, уналтад өмч хөрөнгөөрөө бооцоо тавьж оролцдог. Хяналтгүй эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ их. Тиймээс олон улсын бодлого тодорхойлогчид болон нэр хүндтэй банк санхүүгийн байгууллагуудын толгойн өвчин болоод байгаа.

Казино анхандаа ийм бэрхшээлтэй тулгарч байсан түүхтэй бөгөөд бүр тас хорих нь нөгөө мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй холбогдоод байгааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тиймээс олон улсын байгууллагууд далд бизнесийг аль болох бүртгэлжүүлж, хууль ёсны хяналттай болгохыг зөвлөж байгаа. Саяхнаас Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд санал нэгдэн койныг бүртгэлжүүлж, хяналттай болгохыг дэмжээд явж байна. Эдгээр зохицуулалтууд огт шинэ зүйл биш, харин хууль нь л хуучирсан ноорог болж хоцрогдоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top