Эдийн засгийн ойрын төлөв байдлыг танддаг Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны 2021 оны гуравдугаар улирлын үр дүнг МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Эн-Ар-Си-Си судалгаа, зөвлөгөөний компани хамтран танилцууллаа.
АНУ, Англи, Австрали зэрэг цөөнгүй улс оронд макро эдийн засгийн нэг хэмжигдэхүүн болгож ашигладаг уг судалгааг манай тухайд 2009-2014 онд жилд нэг удаа хийдэг байсан бол 2014 оноос өнөөг хүртэл улирал тутам хийж тогтмолжуулсан. Энэ удаагийн буюу 31 дэх улирлын судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулжээ.
Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж энэ удаагийн судалгааны дүнгийн талаар хэлэхдээ “Одоогийн нөхцөл байдалд хэрэглэгчийн итгэлийн индексийн үзүүлэлт хадгалагдаж байгаа боловч, ирээдүйд итгэл буурах нөхцөл байдал үүсэхээр байгааг макро болон микро түвшний бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Эдийн засагч Б.Алтанцэцэг судалгааны дүнг танилцуулсан. Тэрбээр “Хэрэглэгчийн итгэлийн индекс 2021 оны гуравдугаар улирлын байдлаар буурсан. 2020 оны гуравдугаар улиралтай харьцуулахад, “Өнөөгийн байдлын индекс” өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Харин ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд итгэх итгэл 102 байснаа 91 болж, 11 пунктээр нэлээн буурсан дүн харагдаж байна. Хэрэглэгчийн итгэлийн ерөнхий индекс үүний улмаас 6 пунктээр жилийн өмнөхөөсөө буурсан. Тэгэхээр хэрэглэгчийн итгэл ерөнхийдөө буурч байгааг эндээс харж болно. Хэрэглэгчийн итгэлийн индескийг дотор нь авч үзвэл, ямар үзүүлэлтүүд хэрхэн нөлөөлж буйг харах боломжтой.
“Өнөөгийн байдлын индекс” бол бизнесийн өнөөгийн нөхцөл, өнөөдрийн ажлын олдоц ямар байна вэ гэсэн асуултуудаас гардаг. Эндээс харах юм бол бизнесийн нөхцөл “сайжирна” гэж хариулсан иргэдийн хувь 0.8 пунктээр буурсан байхад, “Муудна” гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 15.7 пунктээр өссөн. Өөрөөр хэлбэл “Өнөөдөр бизнесийн нөхцөл муудсан” гэж иргэд дүгнэж байна гэж болно. Харин ажлын олдоц “сайн” байгаа гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 0.7 хувиар өссөн байхад, “муудсан” гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 4.6 пунктээр буурсан. Өөрөөр хэлбэл, “Өнөөгийн байдлын индекс” өмнөх улиралтай харьцуулахад харьцангуй сайжрахад нөлөөлсөн нэг үзүүлэлт нь ажлын олдоц байна.
Харин ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд бизнесийн нөхцлийн хувьд “сайжирна” гэж хариулсан иргэдийн эзлэх хувь 1.2 пунктээр буурсан, “муудна” гэж үзэж буй иргэдийн эзлэх хувь 4.9 пунктээр өссөн байна. Өөрөөр хэлбэл, ирэх зургаан сард бизнесийн нөхцөл “муудна” гэсэн хүлээлт байна. Харин ажлын олдоцын хувьд үл ялиг сайжрах, эсвэл хэвэндээ байх төлөвтэй байна. Ажлын олдоц “сайжирна” гэж хариулж байгаа иргэдийн хувь нэмэгдээгүй ч, “муудна” гэж хариулж байгаа иргэдийн хувь 0.8 байна.
Орлогын хувьд ирэх зургаан сарын хугацаанд “сайжирна” гэж хариулсан иргэд өмнөх оны мөн үеэс 2.5 пунктээр буурсан, “муудна” гэж хариулж байгаа иргэдийн хувь 2.9 пунктээр өссөн. Тэгэхээр иргэд жилийн өмнөхтэй харьцуулахад жилийн дараа орлого тааруухан болно гэсэн хүлээлттэй байна.
Хэрэглэгчийн итгэлийн индексийг бид 2018 онтой харьцуулж мэдээлдэг болсон. Сүүлийн 20 гаруй жилийн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн динамикийг шинжилж үзэхэд 2018 онд эдийн засгийн төлөв байдал хэвийн байсан гэж үзэж болохоор байгаа. Тиймээс “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн улирал, улирлын утгуудыг 2018 оны индекстэй харьцуулан тооцдог болсон.
2021 оны хоёрдугаар улирал буюу өмнөх улиралтай харьцуулахад ямар өөрчлөлт гарсныг харвал “Өнөөгийн байдлын индекс” 15 нэгжээр өссөн. Ойрын ирээдүйн хүлээлт 2 нэгжээр буурсан. Үр дүнд нь Хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх улирлынхаа түвшинд байна. 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад, ирээдүйн хүлээлт буурсан, “Өнөөгийн байдлын индекс” өссөн байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад, “Өнөөгийн байдлын индекс” ч, Ойрын ирээдүйн индекс ч аль аль нь буурсан байна. Ялангуяа, Ойрын ирээдүйн индекс 9 нэгжээр буурсан. Үүний улмаас Хэрэглэгчийн итгэлийн ерөнхий индекс 7 нэгжээр буурсан” гэсэн мэдээллийг өглөө.
Тус судалгааны хүрээнд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлтийг судалдаг. Хэрэглэгчийн удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн худалдан авах төлөвлөгөө нь үйлдвэрлэл өсөх, буурахыг урьдчилан хэлэх боломжтой эдийн засгийн чухал нэгэн түрүүлэгч индикатор гэж тооцогддог.
Аялал жуулчлал болон удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүд болох үл хөдлөх хөрөнгө, томоохон эд хогшил, автомашин зэрэг нь өрхийн хувьд өндөр өртөгтэй худалдан авалт учраас хэрэглэгчид худалдан авах чадвартаа итгэлтэй байгаа үедээ л авдаг.
Тиймээс эдийн засгийн талаар гутранги байгаа үедээ хэрэглэгчдийн итгэл буурч, юуны өмнө автомашин, цахилгаан бараа зэрэг удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний хэрэглээний зардлыг бууруулдаг.
Тэгвэл шинэ тайлангаас үзэхэд Монгол Улсын хувьд хэрэглэгчдийн худалдан авалтын төлөвлөгөө буурахаар дүн гарчээ.
Тухайлбал, гуравдугаар улирлын байдлаар автомашин худалдан авах төлөвлөгөө өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурч 10.2 хувь болсон. Бусад том худалдан авалтуудын хувьд үл хөдлөх хөрөнгө 1.5 пунктээр, аялал жуулчлал 3.8 пунктээр буурч, харин томоохон эд хогшил, цахилгаан бараа хэвэндээ байхаар байна. Мөн түүнчлэн, хэрэглэгчдийн 13.3 хувь ирэх зургаан сарын хугацаанд зээл авах төлөвлөгөөтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 пунктээр бага байна.
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний эрэлт 2021 оны гуравдугаар улиралд 2014 оноос хойшхи хамгийн бага түвшиндээ хүрснийг Б.Алтанцэцэг судлаач мэдээлэлдээ тодотгосон.
Инфляцын хүлээлтийн хувьд өмнөх улирлуудтай харьцуулахад, өөрчлөлт гарч, тодорхой бус байдал нэмэгдсэнийг мөн тэрбээр дурдсан. Хэрэглэгчид ирэх зургаан сард инфляцийг 8%, ирэх нэг жилийн хугацаанд 10 орчим хувь байна гэсэн хүлээлттэй байна. 2020 оны дөрөвдүгээр улирлаас инфляцын хүлээлт огцом нэмэгдэж эхэлсэн. Тэр үед нь бид ирэх зургаан сарын инфляцын хүлээлт нэмэгдлээ гэсэн мэдээллийг өгч байсан гэлээ.
Орон сууцны үнийн индексийн тухайд 2021 оны гуравдугаар улиралд иргэдийн 52 хувь нь орон сууцны үнэ өснө гэсэн хүлээлттэй байна.
Мөн уг судалгааны хүрээнд Иргэдийн санхүүгийн болон төрийн байгууллагад итгэх итгэлийг хэмждэг. 2021 оны гуравдугаар улиралд ихэнх байгууллагуудад итгэх иргэдийн итгэл буурсан байна. Гэхдээ жилийн өмнөхтэй харьцуулахад, Хөрөнгийн биржид итгэх итгэл жилийн өмнөх түвшиндээ байгаа бол хувьцаат компаниудад итгэх итгэлийн түвшин сайжирсан. Арилжааны банк болон Засгийн газарт итгэх иргэдийн итгэлийн түвшин буурсан хандлагатай дүн гарчээ.
Ковидын үеийн эдийн засгийн байдлын талаар судлаач Б.Соёлмаа танилцууллаа. Судалгаагаар ковидын нөлөөллөөр өрхийн орлого, ажил эрхлэлт, ажлын үйл ажиллагаа, нөхцөлд гарсан өөрчлөлт, Үдийн хоолны үйлчилгээ, Хүнсний худалдан авалтад ямар өөрчлөлт гарч буйг танджээ.
Мөн энэ удаагийн судалгаагаар оролцогчдоос “Танай гэр бүлд ковидын халдвар авах эрсдэлтэй хүн бий юу? гэдэг асуулт асуухад 66 хувь нь “байгаа” гэсэн хариулт өгсөн байна.
Орлого хэдэн хувиар буурсан бэ? гэдэг асуултад өрхүүдийн 49.6 хувь нь орлого жилийн өмнөхөөс буурсан гэж хариулсан бол 44.1 хувь нь 20-30 хувиар, 29.2 хувь нь 30-50 хувиар буурсан гэж хариулжээ.
Та хаанаас ажиллаж байна вэ? гэдэг асуултад 10 хувь нь байнга гэрээсээ, 14 хувь нь холимог, 76 хувь нь ажлын байрандаа гэсэн хариултыг өгчээ.
1-9 буюу цөөн ажилтантай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ковидын нөлөөлөл хүнд тусаж буйг өмнөх судалгаанууд харуулж байсан. Тэгвэл энэ удаагийн судалгаанаас үзэхэд цөөн ажилтантай аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал бага зэрэг дээрдсэн гэж үзэж болохоор байна. Ажлын нөхцөлд гарсан өөрчлөлт нь өмнөх улирлуудтай харьцуулахад бага зэрэг дээрдсэн гэж хариулж байна.
Ойрын зургаан сард халдварын тархалт буурвал иргэд хоолны газраар үйлчлүүлэх нь бага зэрэг нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Хэдий нэмэгдлээ л цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй байхаар төлөвтэй. Халдварын тархалт буурахгүй бол үйлчилгээний газраар үйлчлүүлэгчдийн тоо буурахаар байна.
Хэрэглэгчийн 40-50 хувь нь дэлгүүрийн халдвар хамгааллын дэглэмд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлжээ.
Уг судалгааны мэдээллийг хэн хэрхэн яаж хэрэглэх вэ гэдэг асуултад судлаач Б.Алтанцэцэг хариулахдаа “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол үнэ нь ямар чиглэлд өөрчлөгдөх вэ, бизнесээ өргөтгөх гэж байгаа бол ерөнхий эрэлт ямар байгаа вэ зэргийг бидний судалгаа харуулдаг. Хэрэглэгчийн итгэл өндөр байна, муу байна гээд хэлээд байгаа нь цаанаа бол хэрэглэгчид ойрын зургаан сард эдийн засгийн төлөвийг ямар байна гэж хүлээж байгааг харуулж байна. Түүнд тохирсон шийдвэрүүдийг гаргана гэсэн үг. Төрийн байгууллагуудын хувьд төсөв, мөнгөний бодлогод хэрэгтэй мэдээллүүдийг гаргаж өгч байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )