Д.Нацагдоржийн охин Ананда Шригийн СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 19

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн охин Ананда Шри 1934 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ.

Түүний ээж Нина Чистякова нь эрдэмтэн О.Намнандорж гуайтай анх Санкт-Петербург хотноо танилцан, Монголд хамт ирж байж. Улмаар Монголд ирээд удаагүй байхдаа О.Намнандоржоос салж, дараа нь зохиолч Д.Нацагдоржтой таван жил амьдраад, охин Ананда Шригээ хоёр настай байхад нь орос руу буцсан ажээ.

Ананда Шри энэ цагаас хойш 1986 онд Монголыг анх удаа зорьсон бөгөөд тэрээр аавынхаа 80 насны ойн баярт оролцохоор ирж байжээ.

Тэр үедээ өөрийнхөө бичсэн “Гравтацийн сонгодог онолыг харьцангуйн тусгай онолоор дамжуулж батлах нь” нэртэй эрдэм шинжилгээний өгүүллэгийг Монгол Улсад хэвлүүлэхийг зорьсон байна.

Түүний энэ өгүүллэгийг Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Монголын уламжлалын академийн тэргүүн, доктор, профессор Л.Дашням Физикийн хүрээлэнд танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиулж байсан ба 1987 оны сүүлчээр хэвлэгдэн гарчээ.

Түүнээс хойш 1992 онд Монголын иргэншил авахаар нутагтаа эргэн ирсэн бөгөөд Монгол Улсын иргэн болж, Улаанбаатарт хоёр жил амьдраад, учир битүүлгээр насан эцэслэж байжээ. Тухайн үеийн албан ёсны дүгнэлтээр Ананда Шриг амиа егүүтгэсэн гэж үздэг аж.

Харин тэрээр нас барахаасаа хэдхэн сарын өмнө буюу 1993 оны есдүгээр сарын 23-ны өдөр нийтлэлч М.Буянбадрахад ярилцлага өгсөн бөгөөд түүний ярилцлагыг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр ZINDАА.MN нийтлэн хүргэж байна.

Энэхүү ярилцлага нь Ананда Шригийн хэвлэлд өгсөн анхны бөгөөд сүүлчийн ярилцлага ба нийтлэлд ашигласан гэрэл зургуудыг М.Буянбадрахын хувийн архиваас авлаа.


-Монголд амьдрахаар ирсний дараа өмнөх төсөөлөл тань өөрчлөгдөв үү?

-Энэ удаагийнхаас өмнө нь бол би Монголд дөрвөн удаа ирсэн. Монголд ирж үзээгүй байж Монголын тухай төсөөлнө гэдэг боломжгүй зүйл л дээ. Гэрэл зураг, киноны кадр бол ерөнхий байдлаас зөвхөн нэг эгшинг л таслан харуулдаг. Орон зай, тэнгэр огторгуй нь уулсаар хязгаарлагдаагүй алс хязгаар ноёлож байдагт монголын байгалийн сүр хүч оршдог. Хөдөлгөөн дундаа дүр төрхөө өөрчлөн хувилах мөртлөө үзэсгэлэн төгс байдлаа үл алдах гайхалтай Монголын зураг үзэгчийг дуу алдахад хүргэнэ.

Энэ л үед “Юу вэ? Гумилевын бичсэн “Агуу тал нутаг” энэ гэж үү?” хэмээн өөрийн эрхгүй бодогдоно. Би ямар монгол руу явж буйгаа мэдэж байсан. Нийгмийн байгуулал, ахуйн талаас нь авч үзвэл Орос, Эстонийн нэгэн адил өөрчлөгдөж байгаа л даа. Улаанбаатарын хувьд гэвэл бүхэл бүтэн хорооллууд байгуулагдаж, хот их тэлжээ. Уг нь нэг их хэцүү ажил биш байх, Улаанбаатарыг хогноос нь цэвэрлэчихвэл их л аятайхан хот болох юм.

-Эстонид байхад тань монголын алдартай зохиолчийн охин гэж онцгойлон ханддаг байсан уу?

-Эстонид миний найзуудыг эс тооцвол хэн ч намайг “Монголын алдартай зохиолчийн охин” гэж мэддэггүй байсан. Найзуудад маань ч энэ тийм сонирхолтой зүйл биш. Дашрамд сонирхуулахад, Эстоний одоогийн ерөнхийлөгч, зохиолч Мери намайг Нацагдоржийн охин гэж мэддэг байлаа. Монголд ирээд Эстонид буцаж очсоныхоо дараа над руу утсаар залгаж нэг юм дамжуулах гэж ярьсан шүү. Миний байдал түүнд тийм ч хань хамаагүй хэрэг биш мэт санагдаж байсан. Энэ нь ч байх ёстой хэвийн л зүйл гэж би үздэг.

-Таны монгол нөхдийн тухай асуувал болох уу?

-Хэвлэлд зориулан нөхдийнхөө тухай ямарваа нэгэн мэдэгдэл хийх нь зохимжгүй хэрэг гэж би үзэж байна. Надад тусалсан бүх хүмүүсийг найз нөхдөө гэж нэрлэх нь миний хувьд даруу бус хэрэг болно. Эдгээр хүмүүс надад бус эцэгт минь ханддаг хандлагаа удирдлага болгон тийм зүйл хийсэн. Гэсэн хэдий  миний амьдралын тохь тухыг хангахын тулд хийсэн бүхнийх нь төлөө бүгдэд нь маш их талархсанаа илэрхийлж байна. 

-Ингэхэд та монгол хэл мэддэг үү?

-Нэг нас 8 сартайдаа би Монголыг орхин одсон юм. Тэгэхэд ер нь би ярьж чаддаг байсан болов уу? Үгүй дээ, би монгол хэл мэдэхгүй. Монгол хэлний сайн багш олоод ойрын хугацаанд хичээллэж эхлэе гэж бодож байна.

-Монголын зохиолчдоос хэнийг нь үнэлдэг вэ?

-Одоогоор орос хэлэнд орчуулагдсан зохиолчдыг л илүүд үзэж байна даа.

-Ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

-Ээж 1909 онд Санкт Петербургт төрсөн. Ээжийн маань ээж Петербургт зуу зуун жил амьдарсан Фон Фишерийнхний овгийн герман хүн. Харин эцэг нь орос хүн байж. Ээж найман настайдаа бүрэн өнчирч хоцроод загалмайлсан эх дээрээ өссөн гэдэг. Их залуудаа нөхөрт гарч, хар хүнээ дагаж Монголд ирж таван жил амьдарсан. Хожим нь Ленинграддаа буцаж очоод одоог хүртэл амьдарч байна.

-Таныг ном бичиж байгаа гэж дууллаа. Ямар ном юм бол гэдэгт хариулж өгөхгүй юу?

-1990 онд би хүнд хагалгаанд орсон юм. Эмч нар намайг 5 жил л амьдарна гэцгээж байсан. Гэтэл хувь тавилан намайг академик В.В.Ленский болон түүний шавь нар, туслагчидтай учруулсан юм. Хүмүүс дунд “байгалийн шалгарал” маягийн юм явагдаад. В.Ленскийд зөвхөн онцгой чадамжтай улс л туслаж чадах байсан хэрэг. Шуналгүй өгөөмөр сэтгэл, идэвх санаачилга, үзэл санаандаа үнэнч зан, В.Ленскийд татагдах хувийн үнэлэмж гээд олон чадвар хэрэгтэй болсон. Олон туйлт йог, Ленскийн тусламжаар нэгдэн цугласан нийгэмлэг маягийн юм үүслээ. Миний хувьд шинэ үзэл санаа, шинэ найз нөхдийн ертөнц нээгдэж билээ. Эдгээр он жилүүд шинэ мэдлэгт тэмүүлсэн сонирхол дүүрэн цаг үе байлаа. Өвчнийхөө тухай бодон гашлан суухын оронд би идэвх санаачилга дүүрэн байсан хэрэг. Өмнө нь мэддэггүй байсан өнцгөөс ертөнцийг  таньсан мэдлэг маань өвчинтэйгээ тэмцэхэд тус болж байсан. Таллинаас явахдаа би “Найзууд аа, өөрсдийхөө тухай би бичих ёстой юм байна” гэж хэлсэн. Таллинд үлдсэн хүмүүст хайртай болохоор, Ленский болон түүний үзэл санааг хайрладаг болохоор, өнгөрч одсон тэр цаг мөчүүдэд бас хайртай болохоор, төсөөлөлдөө ч болов эргэн тэр үеийг амтлахыг хүсдэг болохоор би бичих л ёстой. Амжвал бичих байх. Гэхдээ хэвлүүлэх гэж лав биш. Зүгээр л.

-Монголд тэгээд цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна даа?

-Юм төлөвлөнө гэдэг над шиг өвчтэй хүнд тэнэг хэрэг. Сэтгэл зүрх минь юуг хүснэ, түүнийг л хийнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.205) 2021 оны 11 сарын 25

SAIXAN XYN BAIJDEE.UM MANII BADMII XUM.

0  |  0
Зочин(59.153.114.130) 2021 оны 10 сарын 19

Их зохиолчийн маань охин...

0  |  0
Z(202.9.47.41) 2021 оны 10 сарын 19

Харамсалтай юм

0  |  0
Top