Америкийн “Merck” болон “Ridgeback Biotherapeutics” эмийн компанийн хамтран бүтээж буй КОВИД-19-ийн эм халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоожээ.
АНУ-ын Хүнс, эмийн газар /FDA/ вирусний эсрэг үйлчилгээтэй Молнупиравир хэмээх энэхүү эмийг яаралтай журмаар ашиглахыг зөвшөөрвөл халдварын эмчилгээнд ашиглах анхны ууж хэрэглэх эм болно. “Merck” судалгааны үр дүндээ тулгуурлан Хүнс, эмийн чанарын хяналтын газраас аль болох ойрын хугацаанд зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. “Airfinity” судалгааны компанийн мэдээлснээр, Ази, Номхон далайн бүсийн Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Солонгос тэргүүтэй найман улс уг эмийг худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа ажээ.
Мэргэжилтнүүд “Молнупиравир вакцины талбар дахь тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ гарц байж магадгүй. Гэхдээ коронавирусийн эсрэг вакцин дээр гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой" гэж үзэж байна.
Молнупиравир эмийн тухай
Молнупиравир нь вакцин биш, харин коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэх эм юм. Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, ийм эмийг гарган авах нь КОВИД-19-өөс ангижрах дараагийн боломж байх магадлалтай байна. Өвчтөн КОВИД-19-өөр халдварласан гэж оношлогдсоны дараа молнупиравирын эмчилгээг эхлүүлж болох бөгөөд таван өдрийн турш, нийт 40 шахмал эм ууна. Вакцинаас ялгаатай нь молнупиравир нь вирусийн идэвхжлийг тасалдуулдаг байна. Австралийн Үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн халдварт өвчний эмч, анагаах ухааны дэд профессор Санжаяа Сенанаяке "Энэ сарын эхээр вакцин хийлгээгүй 700 гаруй өвчтөнд хийсэн туршилтын гуравдугаар үе шатны үр дүнгээс харахад уг эм нь эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах эрсдлийг ойролцоогоор 50 хувиар бууруулдаг болох нь батлагдсан. Молнупиравир эмийг хамтран хөгжүүлж буй “Ridgeback Biotherapeutics” компанийн гүйцэтгэх захирал Венди Холман "КОВИД-19-өөр халдварласан хүмүүст заавал эмнэлэгт очилгүй гэрээр хийж болох атлаа үр дүнтэй эмчилгээ хэрэгтэй байна. Уг эм хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс вирусээр халдварласан нь батлагдвад шууд өөрийгөө эмчлэх боломжтой болно” гэжээ. “Merck” судалгааны үр дүнгээ хүлээх хугацаандаа эмийн тунгуудыг үйлдвэрлэж байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 10 сая тунг үйлдвэрлэх төлөвтэй байна. АНУ-д одоогийн байдлаар КОВИД-19-ийн эмчилгээнд хэрэглэх вирусний эсрэг нэг эмэнд зөвшөөрөл олгоод байгаа нь Ремдесивир юм. Гэхдээ энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд судсаар хийх тул өргөн хүрээгээр хэрэглэх боломжгүй байна.
Вакцин эм хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?
Вакцин бол хамгийн сайн хамгаалалт хэвээр байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Учир нь, вакцин КОВИД-19-өөр халдварлах магадлалыг бууруулж чадна. Гэхдээ вакцины хүртээмж дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байгаа юм. Сиднейн их сургуулийн дэд профессор Ниал Вийт "Вакцинд хамрагдах боломжгүй олон хүмүүс байсаар байна. Тэгэхээр эм нь нэгэнт вирусээр халдварласан хүмүүсийн хамгийн зөв шийдэл байх болно" гэжээ. Гэхдээ эм нь зарим хүний вакцинд итгэх итгэлд хүндрэл учруулж болзошгүй нь Австрали зэрэг хэд хэдэн оронд ажиглагдсан байна. Учир нь, хүмүүс тариа тариулахаас илүүтэйгээр эм уухыг илүүд үздэг аж. Гэхдээ ямар ч эм вакциныг орлохгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУД ЯАГААД КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ЭМ РҮҮ ХОШУУРЧ БАЙНА ВЭ?
“Airfinity” судалгааны байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн 10 улс уг эмийг худалдаж авахаар хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг бөгөөд үүний найм нь Ази, Номхон далайн бүс нутгийн орон байгаа аж. Судлаачдын хийсэн судалгаагаар түүхий эдийн өртгийг тооцоолсны үндсэн дээр молнупиравирын нэг курсыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 18 ам.доллар зарцуулдаг байна. Харин Азийн орнууд уг эмийг захиалахаар хошуурч буй нь баян орнууд вакцины их хэмжээний нөөц бүрдүүлсэн учир Ази, Номхон далайн орнууд коронавирусийн эсрэг эмээс хоцрохгүйг хичээж байгаа байж магадгүй гэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Манай авилгач сайд, дарга нар буруу арга хэмжээ авч, хужаа хулхи вакцин оруулж ирж, Коронагийн өмнө сөхөрсөн. Уул нь ийм л эмийг эхлээд олж авах ёстой юм.