Дэлхийд газрын тосны үнэ өсөж, буурах давтамжтай зэрэгцэн цахилгаан автомашины эрэлт өсөхөөр байна. АНУ төдийгүй БНХАУ, Европын холбооны орнуудад дотоод шаталтын хөдөлгүүрт автомашины хорт ялгарлын үзүүлэлтэд тавьдаг шаардлага жил ирэх тусам чангарч байна. Францын “Valeo” компанийн захирал Жак Ашенбройх “Автомашиныг цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх явдал эргэлт буцалтгүй боллоо” хэмээн Детройтын авто шоуд оролцохдоо мэдэгдсэн байна.
“Valeo” нь автомашины эд анги нийлүүлэгч дэлхийн голлох үйлдвэрлэгчийн нэг. Тус компани цахилгаан, гибрид автомашины эд ангид түлхүү анхаарах болсон. Сүүлийн таван жилийн хугацаанд борлуулалт нь 50 хувиар өсөөд байгаа юм. Европын орнуудад төрөл бүрийн татварын хөнгөлөлт, нөхөн олговрын ачаар “ногоон” автомашин худалдан авагчдад улам бүр ашигтай сонголт болон хувирсаар. Үүний зэрэгцээ жолоодох, зогсоолд тавихад хүртэл хязгаарлалт тогтоох зэргээр ердийн дотоод шаталтат хөдөлгүүртэй машинтай хэрэглэгчид үзүүлэх дарам шахалт дэлхий даяар өссөөр байна. Том хотууд дахь агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн учраас БНХАУ цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжих боллоо.
Хятадын эрх баригчид “ногоон” автомашин үйлдвэрлэгчдэд төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлж, судалгааны ажилд оруулах хөрөнгө оруулалтаа ихэсгэж байна. Үүний зэрэгцээ дизель, бензин хөдөлгүүрт автомашиныг том хотуудад ашиглахыг хориглох хууль зүйн зохицуулалтыг одооноос боловсруулж эхлээд байгаа юм. Ирэх жил цахилгаан машины эрин байх болно гэдгийг энэ салбарын шинжээчид онцолж байна. Тэр дундаа Европын автомашин үйлдвэрлэгчид 2022 онд цахилгаан машины үйлдвэрлэлт, хөгжилд илүүтэй анхаарал хандуулна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Дэлхийн бусад хэсэгт байгаа үйлдвэрлэгчид ч мөн нүүрстөрөгчийн ислийг бууруулах шинэ үеийн цахилгаан машины загваруудад анхаарал хандуулж, эко тээврийн хэрэгслийн давалгаанд өртөнө хэмээн таамаглаж байна.Өнгөрсөн хугацаанд цахилгаан машин /EV/ гэсэн нэр томьёо хэсэг бүлэг хүмүүст л хамааралтай байсан бол ирэх жилүүдэд олонд илүүтэй танигдаж, өргөн хэрэглээний зах зээлийг эзлэхээр байгаа аж. Европт 100 орчим цахилгаан автомашины загвар худалдаалагдаж байгаа бол ирэх онд 175 болж нэмэгдэн, 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй 330 орчим загвар худалдаанд гарна гэсэн тооцоо байна. Энэ бол худалдан авагчдад сонголт хийхэд илүү таатай нөхцөл боломжийг бүрдүүлж буй явдал юм. Үүнийг дагаад бензин түлшээр явдаг тээврийн хэрэгслүүдийн хэрэгцээ, шаардлага зах зээл дээр огцом буурахаар байна.
Тухайлбал, Их Британид 2019 онд цахилгаан машины борлуулалт 3.4 хувиар өссөн бол 2022 онд 5.5 хувиар нэмэгдэхээр байгаа аж. Шинэ он гарангуут буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Европын холбооны дүрэм журмын дагуу автомашин үйлдвэрлэгчид км тутамд дунджаар 95 гр-аас илүү нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг автомашин үйлдвэрлэвэл өндөр хэмжээний торгууль төлөх болно. Хэрэв уг хязгаарыг давбал илүү ялгаруулж буй нүүрстөрөгчийн хийн грам тутамд 95 еврогийн торгууль төлөх ажээ. 2018 онд дэлхийн зах зээлд нийт 2.6 сая гаруй цахилгаан болон хос хөдөлгүүрт автомашин борлуулсан нь 2017 оныхоос 791.1 мянгаар буюу 64 хувь өссөн үзүүлэлт гэж “Insideevs.com” -д дурджээ. БНХАУ дахь цахилгаан автомашины худалдаа өмнө оныхоосоо 80 хувиар өсөж нэг саяд хүрсэн бол Европ 400 мянган машин худалдаалснаараа хоёрдугаарт оржээ. Гуравдугаарт орсон АНУ 2018 онд 360 мянган машин худалдаалсан байна. “Tesla Model” гэхэд л цахилгаан хөдөлгүүрт 145.8 мянган машин борлуулсан байна.
Ингэснээр манай гараг дээр нийтдээ 5.6 сая цахилгаан хөдөлгүүрт машин замын хөдөлгөөнд оролцож байгаагийн 2.6 сая нь манай өмнөд хөрш Хятадад явж байгаа аж. Харин АНУ-д 1.1 сая цахилгаан машин явж байна. Өнөөдөр манай дэлхий дээр явж байгаа 1.37 тэрбум автомашины тоо 2040 он гэхэд хоёр тэрбумд хүрэх гэнэ. Долоон жилийн дараа 2028 он гэхэд жилд 30 сая цахилгаан машин борлуулдаг болох бол 2030 он гэхэд жилд худалдаалдаг бүх суудлын машины тал нь цахилгаан машин байх болно гэж энэ салбарын шинжээчид үзэж байна. Цахилгаан машин үйлдвэрлэлээрээ Хятад дэлхийд тэргүүлж байна.
Зөвхөн 2014 онд гэхэд л тус улс 75 мянган цахилгаан машин үйлдвэрлэснийхээ 25 хувийг дэлхийн зах зээлд гаргажээ. Үүний зэрэгцээ цахилгаан машины ачаа өргөгч, зөөгч зэргийг галт тэрэгний буудал, томоохон дэлгүүрүүд, тоглоомын газруудад ихээр хэрэглэдэг болж байна. Энэ нь хаалттай орчин барилга байгууламж дотор дуу чимээ багатайн зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүйгээрээ хамгийн тохиромжтой юм. Мөн тусгай хамгаалалттай газар, дархан цаазтай газрын аялал жуулчлалд зориулсан цахилгаан хөдөлгүүрт 14-15 хүний суудалтай бичил автобусууд бий боллоо.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )