Монгол Улс хүн, малгүй ХАЛДВАРТ ӨВЧИНД НЭРВЭГДЛЭЭ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

Манай улсын хувьд одоогоор гоц халдварт шүлхий өвчин 13 аймгийн 69 суманд гарч, 112 голомт бүртгэгдэн 37 мянган мал өвчилжээ. Мөн үхрийн арьс товруутах өвчнөөр гурван аймгийн 20 суманд 2.8 мянган үхэр өвчилсөн байна. Үүнээс гадна бог малын мялзан, хонины цэцэг зэрэг өвчин хэд хэдэн аймаг, нийслэлийн зарим дүүрэгт ч гарсан. Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас тухайн аймаг, сумдын нэрийг хэлэхээс татгалзлаа. Учир нь мал, мах борлуулах цаг учраас малын өвчлөл байхгүй болсон ч хэрэглэгчид тухайн аймаг, сумын малын мах авахаас цэрвэх байдал гаргадаг гэнэ. Уг нь Монгол Улс малын гоц халдварт өвчин хэзээ, хаана гарсан, хэдэн мал өвчилсөн зэргийг олон улсад ил тод мэдээлж байх үүрэг хүлээсэн байдаг. Хэрэв ил тод мэдээллээгүй бол олон улсын элдэв хоригт орох, эрүүл бүсээсээ мал, мах экспортлох боломжгүй болно.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчлөл, нас баралт манай улсад огт буурахгүй байгааг ЭМЯ-ны мэдээллээс бид өдөр бүр харж байна. Коронавирусээс 100 хувь биш гэхэд тодорхой хэмжээнд хамгаалж, туслаа ч гэсэн хөнгөн тусах вакцинаа хийлгээд өгөөч гэхээр хийлгэдэггүй хүмүүс ч байх. ХӨСҮТ-ийн мэдээллээр Вероселл вакцин тариулсан иргэдийн 9.1 хувь, Астразенека вакцины 16, Файзер 1.8, Спутник хийлгэсэн хүмүүсийн 6.9 хувь нь халдвар авч, өвчилсөн байна. Үүнээс харахад иргэн бүр тодорхой шалтгаангүй л бол вакцин хийлгэх нь өвчлөл, нас баралтаас өндөр хувьтай хамгаалдаг аж.

Даанч хариуцлагагүй, буруу мэдээлэлд итгэснээс болж хүмүүсийн халдвар авах, нас барах тоо буурахгүй л байна. Үүнтэй нэгэн адил малчид ч гэсэн малын гоц болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг малдаа хийлгэлгүй хариуцлагагүй хандсанаас өвчлөл гарах нь нэмэгджээ. Нэг үгээр манай улс хүн, малгүй халдварт өвчнөөр өвчилж, үхэж байна.

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Бямбаагийн хэлж буйгаар малын халдварт өвчний үүсгэгч нь хөрсөнд олон жил амьдрах чадвартай учраас жил бүр гардаг гэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх тарилгыг жил бүр л хийлгэх хэрэгтэйг тэрбээр хэлж байсан. Харамсалтай нь энэ бүхэнд тоомжиргүй хандаж, вакцин хийлгэх хэдэн төгрөгтөө гол цохисноосоо болж өөрийн болоод өрөөлийн малыг өвчлүүлж, малаа олон тоогоор нь үхүүлсээр байна. Уг нь шүлхий, мялзан зэрэг өвчнөөс вакцины тусламжтайгаар бүрэн сэргийлэх боломжтой. Дээрээс нь Биокомбинатад үйлдвэрлэж байгаа малын өвчний эсрэг вакцин дотоодын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангадаг. Даанч ниргэсэн хойно нь хашгирах нь элбэг байдаг аж. Хүн, малд халдварлах чадвар, тархалт ихтэй, оношлох, тэмцэх арга хэмжээ авахад хэцүү өвчнийг гоц халдварт өвчин гэдэг.

Тухайлбал манай оронд элбэг гардаг шүлхий, бруцеллёз, мялзан, боом зэрэг нь гоц халдварт өвчний ангилалд багтдаг. Гэвч гарах үр дүн, хөрөнгө мөнгө, үүсэх хохирлын хувьд гоц болоод халдварт өвчний хооронд чанарын ялгаа байдаггүйг мэргэжилтнүүд хэлж байна. Сар гаруйн өмнөөс Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт үхрийн арьс товруутах өвчин гарч, нэлээд тооны үхэр устгалд оруулсан. Түүний дараахан Монгол Улсын Засгийн газраас уг өвчнийг малын гоц халдварт өвчнөөр бүртгэх шийдвэр гаргасан. Энэ өвчин нь манайд төдийгүй дэлхий дахинд шинэ өвчлөл учраас урьдчилан сэргийлэх тарилга, эмчилгээний арга нь тодорхой болоогүй юм билээ. Мөн хэдхэн жилийн өмнө шүлхий өвчнийг зун дэгддэггүй өвчин хэмээн үздэг байж. Гэвч сүүлийн 2-3 жилийн хугацаанд ихэвчлэн зуны саруудад энэ өвчин гарсныг байгаль, цаг уур, мал нядалгааны арга барил өөрчлөгдсөнийг дагаад мутацлагдаж байгаа гэж зарим эрдэмтэд үзэж байна.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд нэг жилд мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний сэжигтэй дуудлага 1000 гаруй ирдгээс 100-200 орчим нь батлагддаг аж. Харин үүн дээр бруцелёз өвчин нэмэгдэхгүй. Учир нь тус өвчнийг малаас хүнд халддаг гэхээсээ илүүтэй халдварт өвчин гэж үзэн ХӨСҮТ-рүү шилжүүлдэг гэнэ.

Өдийд малчид өвөлжөөндөө буух, отор нүүдэл хийдэг цаг учраас малын өвчлөл ихээр тархах вий гэсэн болгоомжлол хаа, хаанаа бий. Идэш хоолны улирал учир хот суурин газарт өвчтэй мал, малын мах ороод ирэх вий гэсэн айдас ч иргэдийн дунд байгаа. Тэгвэл малын шилжилт, отор нүүдэл хийхгүй байхаар Засгийн газар тогтоол гарган зохицуулсан бол өвчтэй мал, малын мах суурин газарт худалдаалагдах боломж огт байхгүйг МЭЕГ-ын мэргэжилтэн онцолсон. Учир нь халдварт өвчин бүртгэгдсэн газарт хорио цээрийн дэглэм тогтоож, малыг вакцинжуулаад 28 хоногийн дотор дахин илрэхгүй бол хязгаарлалтын дэглэм тогтооно. Үүний дараа 14 хоногийн дотор өвчин бүртгэгдэхгүй бол өвчин бүрэн эдгэсэн гэж үздэг ажээ. Малын гоц халдварт өвчин бүртгэгдэх, голомт үүсэх бүрд улсаас тодорхой хэмжээний хөрөнгө, хүн хүч гаргаж ажилладаг. Мэдээж энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Үүнээс гадна малчид жилийн дөрвөн улиралд хөдөлмөрлөж байж өсгөсөн малаа олноор нь үхүүлэх зэрэг эрсдэл их гардаг. Энэ бүхнийг бодолцон хаа, хаанаа хариуцлагатай хандахгүй бол хүн, малгүй халдварт өвчнөөр өвчилсөөр л байх нь. Харин малчдыг хариуцлагажуулахын тулд халдварт өвчнөөр үхсэн малынх нь нөхөн төлбөрийг улсаас бүрэн олгодог байдлыг ч гэсэн эргэж харах цаг нь болжээ.

Тэгвэл малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар өвчин гарсан аймаг, дүүргийн удирдлагууд дараах мэдээллийг өглөө.

 

Т.ТУНГАЛАГ: ШҮЛХИЙ ӨВЧНИЙ 10 САЯ ТУН ВАКЦИН ИМПОРТООР АВСАН

 

МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын даргаас малын гоц халдварт өвчний гаралт, нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 


-Энэ оны хувьд гуравдугаар сараас вирусийн гаралтай малын гоц халдварт өвчний гаралт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад олон улсын худалдааны хорио цээрт дөрвөн төрлийн гоц халдварт өвчний бүртгэгдээд байна. Шүлхий өвчний анхны тохиолдлууд  Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудад гуравдугаар сард гарсан. Зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сар хүртэл өвчний тархалт эрс нэмэгдсэн. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий эмчийн гаргасан тушаалын дагуу зүүн бүсийн нутгийг гоц халдварт өвчлөлгүй, эрүүл бүс болгон вакцинжуулалтыг төлөвлөгөөний дагуу хийж байсан. Өмнөговь аймгийн зүүн хэсэг, Дундговь аймгийн зүүн хэсэг, Төв аймгийн зүүн хэсэг болон Улаанбаатар хотыг хамруулан босоо зоо үүсгэж төлөвлөгөөт вакцинжуулалт хийсэн. Гэтэл энэ жил зуншлага сайхан болсонтой холбоотойгоор Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн баруун сумдын отор хийсэн малчид нутаг буцах их нүүдэл хийснээр вакцинтай бүсийг давсан. Ингэснээр Төв аймгийн урд тал, Дундговь аймаг, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад гоц халдварт шүлхий өвчний гаралт эрс нэмэгдсэн. Малын гоц халдварт өвчний голомт нэмэгдэж байгаа нь нэгдүгээрт малын шилжилт хөдөлгөөн, хоёрдугаарт шилжилт хөдөлгөөнийг мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлэлгүй баруун аймгууд руу чиглэсэн нүүдэл маш их хэмжээгээр явсантай холбоотой. Говийн болон хойд хэсгийн нутгуудаар нүүдэл гайгүй байна. Одоогийн байдлаар гоц халдварт шүлхий өвчин 13 аймгийн 69 суманд 112 голомт бүртгэгдэн 37 мянган мал өвчилсөн. Өвчин гарсан газар бүрт хорио цээрийн хязгаарлалтын арга хэмжээг хууль журмын дагуу хэрэгжүүлж байгаа.

Бог малын мялзан өвчний хувьд Дундговь аймгийн урд талын гурван сум, Өмнөговь аймгийн хэд хэдэн сумдад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар голомтуудад тэмцэх, урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гайгүй болсон. Харин хонины цэцэг халдварт өвчин Хэнтий аймгийн Баянхутаг, Норовлин сумдад гарсан. Энэ өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх явцад тус нутгийн малчин Өвөрхангай аймгийн Тарагт суманд мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлгүй отор, нүүдэл хийсэн. Үүнээс болж Өвөрхангай аймгийн Тарагт суманд өвчлөл тархсан юм билээ. Бид үүссэн нөхцөл байдалд тохирох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр уг өвчний гаралт намжсан. 

Үхрийн арьс товруутах вирусийн халварт өвчин нь урин дулааны цагт ялаа шумуулаар дамжин халдварладаг тул Дорнод аймгийн Чулуунхороот сумын Эрээнцав гэх газар анхны тохиодол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар гурван аймгийн 20 суманд 2.8 мянган үхэр энэ өвчнөөр өвчлөөд байна. Аймгуудаар нь задалбал, Дорнод аймгийн 13 сум, Сүхбаатар аймгийн таван сум, Хэнтий аймгийн хоёр суманд тархсан. Өвчлөл гарсан голомтуудад Мал эмнэлгийн байгууллага үзлэг хийж, халдвар авсан  үхрийг устгалд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Малын гоц халдварт өвчний тархалтад мал эмнэлгийн бүх шатны, салбарын мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч малчдын мэдээлэлгүй, хувиа бодсон байдал нь голомт дарагдахгүй, өвчлөл үсэрхийлэхэд хүргэж байгаа. Малын халдварт өвчлөлийн талаар мэдээлдэг боловч хүмүүсийн хандлага, мэдлэг төдийлөн голдиролдоо орж өгөхгүй байна. Малын гоц халдварт өвчнөөс үүдэн их хэмжээний тоо толгойгоор мал хоргодоогүй байгаа. Учир нь энэ жил зуншлага сайн болсонтой холбоотойгоор малын эсэргүүцэл сайн байгаа юм. Дархлаажуулалтын хувьд манай улс шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хэмээх хоёр төрлийн вакциныг импортоор оруулж ирдэг. Энэ онд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 10 сая тун вакцин импортоор авсан. Уг вакцинд Төвийн болон Зүүн бүс нутгийн өвчлөмтгий 18 сая малыг тарих төлөвлөгөөтэй байсан боловч өвчний тархалт бидний төлөвлөгөөнөөс давсан. Эхний ээлжийн таван сая тунгаа төлөвлөгөөний дагуу тариад хоёр дахь ээлжийн таван сая тунг Төвийн бүсийн аймгуудад хийгээд дуусаж байна. Гэхдээ өвчин вакцинжуулалтын бүсийг давж хамгаалалтын бүс рүү  тарсан учир одоо өвлийн бэлтгэл хангах, ирэх хавар хүртэл өвчлөлгүй тайван байдлаа хадгалахын тулд нэмэлт вакциныг импортоор авах шаардлагатай болсон. Тиймээс УОК-д тайлан мэдээллээ хүргэж, Засгийн газраас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг шийдвэрлүүлж гурав дахь ээлжийн вакциныг Засгийн газрын тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаалаар худалдан авах ажлыг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Цээл суманд шүлхий өвчин бүртгэгдсэн. Энэ тухайн малчны буруутай үйлдлээс болж голомт тархсан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын хоёрдугаар багийн малчин н.Үржинлхам гэх хүн нутгаасаа гарч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн XXI хороо орчмоор нутагласан. Тус малчны хувьд Нийслэлийн мал эмнэлгийн байгууллага вакцин хийх үед мал сүргээ хамруулаагүй. Мөн мал эмнэлгийн байгууллагад шилжилт хөдөлгөөнийхөө тухай мэдэгдээгүй байсан. Шилжилт хөдөлгөөн хийж байх хугацаандаа “Эмээлт” захаас мал худалдан авч, замаараа айлуудаар зараад, Баянцогт, Угтаалцайдам сумаар дамжин нүүдэллэж Төв аймгийн Цээл суманд очиход мал нь өвчилсөн байгаа юм. Дамжиж явсан замаар нь малын өвчин гарсан. Тухайн хүн нүүдэл хийхдээ малчныхаа үүргийг биелүүлэн бусдын малд эрсдэл учруулахгүйгээр өөрийн малын эрүүл ахуйг хангаж, тарилга, туулга, угаалга болон шилжилт хөдөлгөөнийхөө талаар орон нутгийнхаа мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, баталгаатай явах ёстой байсан. Энэ мэтээр хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс үүдэн их хэмжээний хохирол учирдаг.

6000 ГАРУЙ МАЛ ӨВЧИЛЖ, 230 ГАРУЙ МАЛ ХОРОГДСОН

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл:

-Манай аймагт энэ оны долоодугаар сарын 1-нээс шүлхий өвчин гарсан. Аймгийн нийт долоон суманд голомтлон тархаж, 6000 гаруй мал өвчилж, 230 гаруй мал хорогдсон. Тиймээс ойр орчмын малд шүлхий өвчний вакцин хийсэн. Одоогоор хязгаарлалтын дэглэм, хорио тогтоогоод байж байна. Нэмж өвчилсөн тохиолдолд бүртгэгдсэнгүй.  Вакцин хийгээд 28 хоногийн дараа тухайн малаас өвчний шинж тэм-дэг илрэхгүй бол хязгаарлалтын дэглэмд шилждэг. Хязгаарлалтын дэглэмийн үед 14 хоногийн хугацаанд шинж тэмдэг илрэхгүй бол буулгадаг. Манхан, Буянт сумын голомт гарсан газрууд одоогоор хязгаарлалтын дэглэмтэй байгаа.  

 

ӨВЧИН ГАРАХААР ТӨРИЙН МАЛ, БУСАД ЦАГТ ХУВИЙН ӨМЧ БОЛДОГ

МЭЕГ-ын дарга Б.Ганзориг:

-Бид малчдын малыг халдварт өвчнөөс сэргийлэх, эрүүл байлгах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд хичээн ажиллаж байна. Энэ жил малын гоц халдварт өвчлөл их байгаа нь өнгөрсөн жил өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой. Өвөлжилт хүндрэх үед малчид шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл их хийдэг. Үүнээс улбаалан халдварт өвчны голомт нэмэгдэж байдаг. Мөн хүмүүс эрсдэл бүхий бүс нутгаас хулгайн замаар мал зөөвөрлөх, үржлийн малыг эрсдэлтэй нутгаас авчрах зэрэг нь өвчлөлийн голомт, тархалтыг нэмэгдүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн сард Дорнод аймагт 200 гаруй мал цуглуулснаар халдварт өвчин гарсан. Үүнтэй холбоотойгоор мал үржүүлгийн бүсчлэлийг тогтоох журмыг хэлэлцэж байна. Бидний хувьд заасан бүс нутагт тухайн үүлдрийн малыг үржүүлэх нь саашаалтай санагдаж байгаа. Малчдын хувьд отор, нүүдэл хийхдээ орон нутгийн мал эмнэлэгтээ бүртгүүлж, дархлаажуулалтад хамрагдаж, гэрчилгээ авч, баталгаатай байх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд шилжилт хөдөлгөөнийхөө тухай орон нутагтаа болон очсон газартаа мэдүүлдэггүй. Малын өвчин гарахаар төрийн мал болдог хэрнээ махыг нь авах болохоор хувийн өмч болчихдог. Өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд хаа, хаанаа хариуцлагатай баймаар байна.

 

МАЛЧИД ОТРООР ЯВАХГҮЙ, ЗҮҮН ГУРВАН АЙМГААС ӨВС, ТЭЖЭЭЛ АВАХГҮЙ

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат:

-Манай аймгийн хувьд шүлхий өвчний голомтод байсан малаа бүгдийг нь вакцинжуулаад, өвчлөл байхгүй болсон. Ямар нэгэн байдлаар хорио цээр, хязгаарлалттай сум байхгүй. Өвчин гарсан тухайн үед улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажилласан. Сумдын онцгой комиссууд тухайн ажлын хэсэгтэй сайн хамтарч ажилласны хүчинд вакциныг богино хугацаанд хийж, өвчнийг дарсан. Энэ жил манай аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Луус, Хулд гэсэн суманд шүлхий өвчин гарсан. Мөн бог малын мялзан өвчин Өлзийт суманд гараад эдгэсэн. Энэ жилийн хувьд зун, намар сайхан болсон болохоор манай аймгийн малчид отор, нүүдэл хийхээргүй байгаа учраас малын шилжилт хөдөлгөөн гарахгүй байх. Мөн зүүн талын гурван аймгаас өвс, тэжээл авахгүй байх бодлого барьж байгаа. Улсын онцгой комиссоос ч гэсэн ийм чиглэл ирсэн.  

 

УСТГАСАН ҮХЭРНҮҮДИЙН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ОРОН НУТГААС ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:

-Арьс товруутах өвчин манай аймагт Дорнод аймгаас дамжин анх орж ирсэн. Нийтдээ зургаан сумын нутагт бүртгэгдэж, 105 үхрийг устгалд оруулсан. Уг өвчин нь шүлхийг бодох юм бол халдварлах байдал нь арай удаан. Ялаа, шумуулаар дамждаг. Одоо өвөл болж байгаа болохоор өвчилсөн үхрийг нь устгалд оруулчихаар дахин халдвар тархах нь харьцангуй бага юм билээ. Аравдугаар сарын 7-нд сүүлийн үхрийг устгалд оруулснаас хойш дахиж бүртгэгдээгүй. Вакцины хүрэлцээ бага учраас зөвхөн өвчин гарсан газрын эргэн тойрны айлуудын малд вакцин хийж байна. Арьс товруутах өвчин нь манай улсад шинээр бүртгэгдэж байгаа өвчин болохоор тусгайлсан вакцин байхгүй. Гэсэн хэдий ч малын цэцэг өвчний вирусний төрлөөр халдварладаг болохоор цэцэг өвчний вакцины тунг нэмэгдүүлээд хийж байгаа. Тэр нь ч үр дүнгээ өгч байна. Устгалд оруулсан үхрийн нөхөн төлбөрийг аймаг орон нутгаас өгөх боломжгүй байгаа. Тиймээс бичиг баримтыг нь бүрдүүлээд УОК-д хандахаар бэлтэж байна. Өөр төрлийн малын өвчлөл манай аймагт одоогоор гараагүй.

 

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ОТОР, НҮҮДЭЛ ХИЙХИЙГ ХОРЬСОН

Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар:

-Төв аймгийн Цээл суманд шүлхий өвчин гарсан. Отроор явж байсан айлууд Цээлд очоод өвчний голомт үүссэн. Одоогоор 18 өрхийн 190-ээд үхэр, арав гаруй ямаа өвчилсөн. Сумын мал эмнэлгийн тасгаас ойр орчмынх нь 2700 гаруй бод, 2000 орчим бог малыг вакцинжуулсан. Сумын Засаг даргын тамгын газар, Мал эмнэлгийн газар хамтраад өвчин гарсан газарт хорио цээр тогтоосон байдалтай байна. Зун өвчин гарсан бусад сумын хувьд вакцинд бүрэн хамруулаад өвчлөл бүрэн намжсан. Энэ жил манай аймгийн Дундговь, Хэнтий аймагтай залгаа сумдад шүлхий өвчин гарлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар малын шилжилт хөдөлгөөн буюу отор, нүүдэл хийхийг хорьсон байгаа.

 

ЦАГААН ЗЭЭРЭЭС БОГ МАЛД МЯЛЗАН ХАЛДВАРЛАСАН

СХД-ийн Засаг дарга Ш.Алтаншагай:

-Хоёр айлын хотонд бог малын мялзан өвчин гарсан. Гарсан бүсийнх нь хэдэн айлыг тусгаарласан байгаа. Нийт есөн мал үхэж, тэдгээрийг устгалд оруулсан. Өнгөрсөн сард манай дүүргийн XXI хорооны нутагт 60 гаруй зээр орж ирсэн юм билээ. Тиймээс мялзан өвснийг мал эмнэлгийн мэргэжилт-нүүд цагаан зээрээс дамжиж халдварласан байх өндөр магадлалтай гэж үзсэн. Уг нь бол Дорнод, Сүхбаатар аймгуудад түгээмэл гардаг өвчин гэсэн. Одоогоор бүх малыг нь вакцинжуулаад дууссан. Суурьшлийн бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын хүрээнд 80 мянга гаруй толгой малыг малтай иргэдийн бүс буюу XXI хороо руу гаргасан юм. Цаг хугацаанд нь вакцинжуулалтыг хийж чадсанаар өвчлөл дэгдсэнгүй. Цаашид өвчлөл нэмж бүртгэгдэхгүй бол хязгаарлалтын дэглэмийг буулгана.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top