Д.Отгондалай: Луйвар илэрсэн нь миний хувьд ялалт боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Олимп, дэлхийн хүрэл медальт боксчин Д.Отгондалайтай ярилцлаа. Тэрбээр 2016 оны Бразилийн олимпын наадамд 60 килограммын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай тоглож, харамсалтайгаар ялагдсан. Харин Казакстан улсын шүүгч Рахимжан Рысбаев Монголын боксын холбооны төлөөлөгчөөс 100-250 мянган ам.доллар нэхэж, төлөөгүй тохиолдолд боксчин нь ялагдах болно гэж сүрдүүлсэн нь саяхан олон нийтэд ил болсон билээ.


-Та сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?

-Монголын үндэсний олимпын хорооны Тамирчдын комиссын даргаар болон ХХЕГ-ын "Хилчин" спорт хороонд багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. "Хилчин" спорт хороонд 2008 оноос 2018 он хүртэл тамирчнаар ажилласан.

-Мэргэжлийн бокст хүч сорихоор боллоо гэдэг мэдээлэл гарч байсан. Энэ юу болсон бэ?

-Сонирхогчдын боксын 2017 оны Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний дараа мэргэжлийн бокст орохоор Америкийг зорьсон. Тэндээ хэсэг хугацаанд клубт харьяалагдан бэлтгэл сургуулилт хийж, дэлхийн эхний нэг, хоёрт эрэмбэлэгддэг “Топ ранк”-тай гэрээ хийхээр тохирчихсон байсан. Өмнө нь таван удаа ялалт байгуулсан Филиппин улсын боксчинтой 2020 оны гуравдугаар сард тоглохоор болсон. Харамсалтай нь коронавирусний халдвараас болж цуцлагдсан. Тэр даруйд нь би хоёрдугаар сард нутагтаа ирээд эргэж буцаагүй.

-Дахин мэргэжлийн бокст орох, тулаан хийх сонирхол, боломж бий юу?

-Хэдийгээр хүсэл, сонирхол байлаа ч нас 34 хүрчихлээ. Тийм болохоор спортоосоо хөндийрөх маягтай байгаа. Мэдээж багш, дасгалжуулагчаа сонирхлынхоо дагуу хийж яваа. Боксын ОУХМ Н.Шинэбаяр найзтайгаа хамт нэг клубт зөвлөх багшаар нь ажиллаж байна.

-Та 2016 оны олимпоос хүрэл медаль хүртсэн. Тэр олимпын талаар одоо ямар бодолтой явдаг вэ?

-Тэр миний анхны олимп байсан. Түүнээс өмнө 2008, 2012 оны олимпын циклд ах нар, найз нөхдийнхөө бэлтгэл сургуулилтыг хангаж оролцсон. Бээжинд олимпын аварга, Лондонгоос хос медаль авахад миний үүрэг тодорхой хэмжээнд байсан гэж боддог. Лондонгийн олимпод оролцох боломж байсан ч гэсэн өөрөөсөө болон бусад шалтгаанаас болоод өнжсөн. Ер нь олимпийн эрх авах хамгийн хүнд хэцүү байдаг. Эрхээ авчихсан байхад медальд хүрэх боломж харьцангуй их. Хятад улсад болсон олимпын эрх олгох тэмцээнээс долоо хоногийн өмнө хатгаа аваад маш хүнд тулаануудыг хийж эрхээ авсан.

-Медалийн өнгөө хувиргах, төрийн дууллаа эгшиглүүлэх боломж хэр байсан гэж боддог вэ?

-Ямар ч байсан медаль хүртсэн. Тамирчин болгоны зорилго л алтан медаль авах. Надад хоёр ч удаа ялагдаж байсан Бразилийн тамирчин тэр олимпод түрүүлсэн. Францийн тамирчинтай анх таарч мөнгөн медалийн төлөө тулалдаад хожигдсон. Харин энэ тоглолтын талаарх асуудал саяхан олон нийтэд ил боллоо. Гэвч хүмүүс намайг мөнгөн медалиа авах гэнэ гэсэн юм яриад байгаа. Медаль эргэж буцна гэсэн ойлголт байхгүй. Өрсөлдөгч тамирчин нь допинг хэрэглэсэн тохиолдолд л медалийн өнгө хувирдаг дүрэмтэй. Харамсалтай ч гэсэн хэдэн жилийн дараа шүүлтийн булхай нь илэрч байгаад баяртай байгаа. Олимпын медалийн өнгө хамаагүй гэж ярьдаг шиг миний хувьд нэг төрлийн ялалт боллоо.

-Казахстаны шүүгч манайхнаас их хэмжээний доллар нэхэж, сүрдүүлсэнийг тэр үед та мэдсэн үү?

-Би тэрийг бол огт мэдээгүй, мэдэх боломж ч байхгүй. Тэр Казахстаны шүүгч бол таван одтой, дэлхийн нэгд бичигддэг. Хамаг л будлианыг хийдэг нөхөр. Ер нь намайг тоглож байхад Казахстан, Вьетнам улсын шүүгч суусан тохиолдолд монголчууд ялж байсан түүх байхгүй. Тэр нөхөр л манай холбооныхоноос мөнгө нэхэж, сүрдүүлсэн юм билээ. Мэдээж манайханд тэр мөнгө нь байхгүй. Байсан ч ёс зүйн хувьд өгч болохгүй зүйл.

-Таны мөнгөн медалийн төлөөх тулааныг тэр Казахстаны шүүгч шүүсэн үү?

-Өөрөө яг гардаж шүүгээгүй ч гэсэн хамаг л зүйлийг нь зохицуулсан нөхөр нь юм билээ. Би чинь рингэд гарахдаа хажуугийн шүүгч нараа хардаггүй. Рингэн дээр ямар шүүгч гарч байна, тэрэнтэйгээ ёс зүйтэй харьцаад л тоглодог. Тамирчин хүний хамгийн чухал зүйл бол ринг дээрх соёл. Хэдий чинээ шүүгчтэйгээ соёлтой харьцана, төдий чинээ өөрийг чинь дарах боломжгүй болдог юм. Өнгөрсөн 2011, 2013, 2015 оны дэлхийн аваргуудыг харах юм бол дандаа л шүүгчийн асуудалтай байдаг. 2011 оны Дэлхийн аварга дээр Ирландын тамирчинг хоёр ч удаа цохиж унагаачихаад 18-аар оноо тэнцээд ялагдаж байлаа. Боксын спортод шүүлтийн асуудал өмнө нь байсан, цаашдаа ч байх биз дээ.

-Асуудал дагуулсан шүүлт хэзээний л байсан гэсэн үг үү?

-Би бол үзсэн бичлэгээрээ ярихад Сөүлийн олимпоос хойш л мэднэ. Сөүлийн олимп дээр хамгийн их луйвар гарсан гэж ярьдаг юм. Гэхдээ 2016 оны Риогийн олимпыг гүйцэхгүй. Энэ олимпод нийтдээ 11 луйвар гарснаас Ирланд-Орос, Франц-Монгол хоёрыг онцолж бичсэн байна лээ.

-Шүүлтийн луйвар энэ мэтчилэн гараад л байх юм бол олимпийн төрлөөс хасагдаж магадгүй гэсэн мэдээлэл гарсан?

-Ер нь тийм юм яваад байгаа. AIBA-гийн Ерөнхийлөгч нь Оросын Умар Кремлев гэж хүн болсон. Одоо Сербид болж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн их онцлогтой болж байгаа. Нийт 13 жинд 600 гаруй тамирчин өрсөлдөнө. Шагналын сан нь маш өндөр. Түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар, мөнгө, хүрэл авбал 50 мянган ам.долларын шагнал авна. Шүүлтийн луйвар, хээл хахуулийн асуудлыг цэгцлэх гэж ийм өндөр шагналын сантай хийж байгаа байх гэж бодож байгаа.

-Боксын шүүлтэд бусад спортын төрлүүд шиг бичлэг үзэх, тэр дор нь хөндлөнгийн шүүлт хийх зэрэг өөрчлөлт оруулж болдоггүй юм уу?

-Өмнө нь бичдэг байсан. Гэвч ганцхан Лондонгийн олимп дээр Азербайжан, Япон хоёрын тоглолт л бичлэг үзээд буцсан байдаг. Түүнээс хойш бичихээ болиод ялалт авсан л бол түүгээр нь шийддэг болсон. Сая харин Токиогийн олимп дээр эргэн сэргээж AIBA биш Олон улсын олимпийн хороо зохион байгуулсан. Манай Олимпын хорооны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг маань багаа ахалж яваад Э.Цэндбаатарын тоглолт дээр яаралтай арга хэмжээ авч, бичлэгийг нь үзсэн ч нөгөө талд шийдвэрийг хэвээр үлдээсэн.

 


-Монголын боксын холбоо дараагийн үеэ бэлдэх дээр ямар ажлуудыг хийж байна вэ?

-Энэ оны есдүгээр сарын таванд Монголын боксын холбооны Бага хурал болж, ерөнхийлөгчөөр нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд ерөнхийлөгчөөр Ц.Бат-Энх, М.Баянмөнх нар сонгогдсон. Шинэ удирлага сонгогдсоноос хойш анхныхаа тэмцээн болох Сербид болж байгаа Дэлхийн аваргад тамирчдаа сорихоор Белград хотод оччихсон байна. Энд есөн тамирчин, гурван дасгалжуулагч, нэг эмчийн хамт явсан. Тэдгээр тамирчдын 70-80 хувь нь шинэ залуу, анхныхаа Дэлхийн аваргад оролцох гэж байгаа тамирчин байгаа бол хамгийн ахмад нь Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 75 кг-ын жинд өрсөлдөнө. Эдгээр залуу тамирчдаа 2024 оны Парисын олимпод амжилт гаргана гэсэн том зорилго тавиад авч явж байгаа. Тамирчдадаа итгэж, найдаж байгаа. 

-Та Э.Цэндбаатартай холбоотой асуудалд ямар бодолтой байгаа вэ?

-Э.Цэндбаатар маань үнэхээр мундаг боксчин. Боксын холбоо түүнийг хэзээ ч орхихгүй. Улсын аваргадаа оролцоод, Парисын олимпод ч явах боломжтой. Бид нарын үед Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ талийгаач З.Энхзориг гээд сайхан боксчид дээд үеийнхээ залгамж халаа болоод л явж байсан. Э.Цэндбаатар ч гэсэн бидний, миний залгамж халаа. Монголын боксын 60 кг-ын тулааныг нэр хүндтэй авч яваа сайн боксчин. 

-Боксчдын дунд үеийн ялгаа байдаг уу?

-Үеийн ялгаа гээд байх юм байхгүй ээ. Яахав бид нарын үед бэлтгэл тасалсан, хариуцлагагүй хандсан тохиолдолд бүгдийг нь жагсааж байгаад шанаа өгөх, дээсдэх асуудал бол байсан. "Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог" гэж үг байдаг. Ер нь спорт бол ёс зүй, хариуцлага, сахилга бат шүү дээ.

-Багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа хүний хувьд боксын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Энэ он гарснаас хойш Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй хоё хүрэл медаль авсан. Манай боксын түүхэнд байгаагүй амжилт. Талийгаач З.Энхзориг маань 2004 онд хамгийн анхны хүрэл медалийг авч ирж байсан. Сайхан, сайхан залуучууд олон төрөн гарч байгаа. Тиймээс манай боксын ирээдүй өнгөлөг байгаа гэж бодож байна. Энэ Дэлхийн аваргад орж байгаа залуучууд маань дараа нь харамсах зүйлгүйгээр сайхан тоглоод ирэх байх.

-Та талийгаач З.Энхзоригтой дотны найзууд байсан. Найзынхаа талаар дурсаач?

-Найз маань бурхан болоод гурван жил өнгөрчихлөө. Золгүй явдал, ослоор харамсалтайгаар бурхны оронд одсон. Найзыгаа өнгөрөхөд эцсийн мөч хүртэл хамт байсан (Уйлав). Ухаан орох болов уу, босоод ирэх болов уу гэж найдан, бид нар ээлжилж сахидаг байсан. Найзыгаа ярьсан чинь гардаггүй нулимс гарч байна, уучлаарай... Бид 2003 оноос хойш нөхөрлөсөн. Жинхэнэ эр хүний жишээ болсон хүн байсан даа. Монголын хамгийн классик боксчны нэг байсан. Хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Түүнийг маань дэлхий үнэлж байсан юм. Талийгаачтайгаа би рингэн дээр хоёр удаа тоглосон. Би ер нь нэг ялагдсан хүндээ хоёр удаа дараалан ялагдаж байгаагүй. Харин найзынхаа учрыг олж чадаагүй, хоёр удаа ялагдсан. Тэмцээн дээр сайхан өрсөлдөгч, амьдрал дээ жинхэнэ дотны найзууд байлаа. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
спорт(202.9.40.161) 2021 оны 10 сарын 25

Энэ одоо Ажнайгийн мөнгөөр хүрэл медаль авсаныг нь илчлээд ярьж байхад мөрөөдөөд худлаа яриад байх юм. Англи хэл сайн мэддэг хүнээр орчуулаад унш даа оки минь би боксынх гэсэн шиг тэнэгтэхээ болио

0  |  0
зочин(122.201.31.39) 2021 оны 10 сарын 24

За даа медалиа хувиргах нь битгий хэл бүр алдаж мэдэх маргаан яваад байх шиг. Манайхан эхлээд хахууль амалсан юм дагуудаа. Францчууд хахууль өгнө гэж байхгүй ш дээ.Өөрсдөө ч мэдэгдэл хийсэн бна лээ.

0  |  0
М(202.126.89.210) 2021 оны 10 сарын 23

Худлаа ярьж байна, манайхан өөрсдөө хахууль өгөх гээд бүтэлгүйтсээ

0  |  2
КАЗАКУУД ХҮН БИШ(103.212.119.30) 2021 оны 10 сарын 27

Бүх казакуудыг Баян-Өлгийгөөс хөөж явуулья

1  |  1
Ж(64.119.26.223) 2021 оны 10 сарын 22

Дээр үеэсл илт буруу шүүдэг б.саншдээ.бокс шударга бус бсаар ирсэн..дэмий хүч гаргах гж

0  |  0
үнэн(66.181.187.155) 2021 оны 10 сарын 27

Казахстаны ямарч шүүгч ямарч спорт дээр ямарч нөхцөлд хэзээ ч Монгол хүнд ялалт өгч байсан түүх байхгүй. Ганцхан Казахын шүүгч Монголын эсрэг санал дандаа өгцөн байдаг юм билээ. 200 жилийн түүхтэй, Хавчигуудын шууд үр удам улс шүү дээ

2  |  1
Top