Зохиолчдын хорооны галыг алдаагүй "ӨНДӨР ЭЭЖ"

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 22

Монголын зохиолчдын эвлэлийн гурван давхар барилгын хоёр давхарт даргын өрөө, түүний үүдэнд нарийн бичгийн дарга сууна. Хянуур нямбай, энгийн даруу атлаа эрхэмсэг гоёмсог төрхтэй тэр бүсгүйг хүмүүс зохиолчдын хорооны “Амьд лавлах”, “Өндөр ээж” хэмээн өргөмжилнө. Утга зохиолын энэ л өргөөнөө 16 жил ажиллахдаа нэг удаа ч ядарлаа, зүдэрлээ гэж ялархаагүй, “Би” гэж онгироогүй, хөөрөөгүй хүн гэвэл В.Сэлэнгэ л байна. Оюун санааны энэ л өргөөнд ажиллаж ахуй хугацаандаа түүний сэтгэл зүрх, үзэл бодлоосоо нэг ч удаа урваагүй чигч зантайг хэн хүнгүй мэднэ. Олон ч найрагч зохиолчдын дотнын найз, ээж, эгч, багш, дүү болдог энэ эрхмийн ертөнц өөрөө ямархан бол...

 

ӨНДӨР ТУШААЛ АМЛАСАН Ч ӨНДӨР ОРДНООСОО УРВААГҮЙ ЭМЭГТЭЙ

 

Түүнтэй хөөрөлдөж суухад байсхийгээд л утас нь хангинана. Утасны цаанаас хэн нэг зохиолчийн утсыг асуумагц тэр бүрийд дуржигнатал цээжээрээ хэлэх аж. Бас Эрээнцавын эгэлгүй найрагч Д.Нямсүрэн абугайн бичлэгийг нэг хүн асууж орж ирэв. Хаанаас, хэнээс авч болох гаргалгааг түүртэлгүй, төвөгшөөлгүй шууд хариулав. Тэртээ 16 жилийн өмнө түүнийг анх ажилдаа ороод удаагүй байтал хэдэн залуу өрөөнд нь орж ирээд архи гаргаж гэнэ. “Хүүе албан газар юун архи дарс вэ” гээд сүйд болоод сүрхий хартал нэг нь муухай хялалзсанаа “Чамаас өмнө ууж байсан юм, цаашид ч уух болно” гээд л нөгөөхөө задлаад тойруулж эхэлж. Тэгснээ нэг нь босож ирснээ “Та нар сонсоцгоо” гээд нүдээ аниад л, хуруугаа гозойлгоод л шүлэг уншив гэнэ.

Тэгэнгүүт  өөр нэг залуу нь “Надаа нэг хийгээдэх, наадахыг чинь нам шаасан шүлэг уншина аа” гээд л босож ирээд аанай л нүдээ аниад л, хуруугаа гозойлгож ирээд л шүлгээ уншиж. В.Сэлэнгэ ч том компьютерынхоо араас нугдайсхийгээд сонсоод л байж. Сонсоод байсан чинь гоё шүлэгтэй юм аа, таалагдаад л явчихлаа гэнэ. Сүүлд мэдэх нь ээ, тэр залуучууд  нь М.Амархүү, Т.Баянсан, Ц.Доржсэмбэ нарын нөхөд  явж байсан бололтой. Энэ мэт хороогоор хөл хөдөлгөөн тасрахгүй.

Залуухан нарийн бичиг бүсгүй тэр бүхнээс халширч халгаад “Ерөөсөө л ажлаасаа гаръя” гэж бодсон үе олон. Даанч нэг л зүйлд хоргодоод байж. Тэр нь юу гэхээр, үнэнхүү цайлган, цагаан сэтгэлтэй, тийм амьд халуун, ассан шатсан шүлгүүдтэй хэдэн муу зохиолч яруу найрагчдынхаа гэгээн ертөнцөд хоргодоод байсных. Нарийн бичиг бүсгүй “Тэд маань ямар ч улс төр, хүүхэн шуухан, хов жив ярьдаггүй. Энгийн хүмүүс хүн ярьж, эгэлгүй хүмүүс сэдэв ярьдаг гэдэг шиг үргэлж л утга уран зохиол, шүлэг найргийн тухай гэгээн яриа өрнүүлдэг” хэмээн өмөөрөн магтав. Сэлэнгэдээ ч зохиолч нар нь учиргүй хайртай. Утга зохиолын өргөөнд бурхнаас заяасан “Өндөр ээж” хэмээн хүндэлцгээнэ. Орчлон хорвоогийн хамгийн сайхан үгээр түүнийг магтаж, шүлэг найргаа зориулцгаана. Түүнд зориулж үе үеийн зохиолч, яруу найрагчдын бичсэн шүлэг нь 150 хол давжээ. Зузаан дэвтэр дүүрэн мөнөөх шүлгүүдээ ном болгох санаатай гэнэ лээ.

 

“Зохиолчдын эвлэл хэмээх их айлын

Зовлонт бөгөөд жаргалт босгыг

Золоор болоод үйлээр алхсан

Зоригт бүсгүй дүү минь” хэмээн Ардын уран зохиолч П.Бадарч өмөлзсөн бол

 

“Их газрын чулуу, Отгонтэнгэр, Чойрын Богд

Энд тэндгүй л хамт явжээ бид

Гаднаа гялгаргүй ч дотроо гэгээтэй хэдэн муу найрагчдаа

Гадаа гэртгүй бөөцийлсөн “Өндөр ээж” юмсан уу та” хэмээн Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва өргөмжилжээ.

 

“Элийрч балайрч тасрахад

Эрүүлжүүлэх дуудаагүй Сэлэнгэ минь

Энэлж шаналж шартахад минь

Эвийлж хөөрхийлөөгүй Сэлэнгэ минь

Хордлого шартлага болоход

“Хойд эх” Сэлэнгэ минь

Түвшин төлөв цэмбийхэд

“Төрсөн эх” Сэлэнгэ минь” хэмээн МЗЭ шагналт яруу найрагч М.Амархүү хошигноно.

Ийм сайхан сэтгэлийн цалгианд тэрбээ 16 жил эрхэлж явна. Ямар сайндаа Монголын зохиолчдын эвлэлийн их хурал болж шинэ дарга ирмэгц Шар Мягаа ах буюу Л.Мягмарсүрэн тэргүүтэй яруу найрагчид “Манай Сэлэнгээг халах юм бол өлсгөлөн зарлана шүү” гээд хашхираад явж байх вэ. Басхүү шинэ даргын өрөөнд орж ирсэн хүн бүхэн “За, Сэлэнгээг халах юм бол өөрөө гудманд гарна гэж мэдээрэй” гэж “сүрдүүлдэг” гэнэ шүү. Энэ ”сүрдүүлгийг” Ардын уран зохиолч нь ч орж хэлээд, архичин тархичин нь ч орж хэлээд байж. Шинэ дарга нь хуучраад Сэлэнгээдээ ээнэгшин дасаад, уг мөн чанарыг нь таниад ирэхээрээ үнэнхүү хайртай болчихно. Дараагийн сонгуулиар халаагаа өгч өөр салбарт дарга даамал болохоороо Сэлэнгээгээ авч явна, хажуудаа түшнэ гээд өндөр цалин, өндөр тушаал амладаг ч Сэлэнгэ энэ ордноосоо хэзээ ч урваагүй юм.

Өнгөрсөн 16 жилийн хугацаанд тэрбээр Ц.Энхбат, Х.Чилаажав, Ц.Буянзаяа, Б.Галсансүх, А.Эрдэнэ-Очир, Д.Цэнджав нарын Удирдах зөвлөлийн зургаан дарга, Х.Чилаажав, Г.Мөнхцэцэг, М.Саруулдалай нарын гурван гүйцэтгэх захиралтай мөр зэрэгцэн ажиллаж байжээ. Түүнийг ажиллаж буй он цагт  Монголын зохиолчдын эвлэлийн 75, 80, 85, 90 жилийн тэгш ойнууд тохиож байв. Ой бүхнээр тэр олон зохиолчдыг шагналд тодорхойлоход баримт бичиг боловсруулах, бүрдүүлэх чамгүй ажлыг нарийн бичиг гүйцэтгэнэ. Түүнд завтай суусан өдөр үгүй. Үе үе аймаг орон нутгийн ойд зориулсан наадам, зохиолчдын нэрэмжит уулзалтаар хэдэн зохиолчтойгоо дөрөө харшуулж нар салхи амсана. Нөгөө хэдийгээ бөөцийлж, хүүе хаая болно. Аргагүй л “Өндөр ээж”-ийн хийж чадах өндөр хариуцлагатай алба даа. В.Сэлэнгэ “Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн ухамсар дээшилж, ёс суртахуунтай болж хороогоор согтуу хөлчүү эргэлддэг хүмүүс ч цөөрсөн. Ялангуяа, залуучууд соёл боловсролтой, ухамсартай болцгоожээ. Сүүлийн үед хүмүүс архийг зөв хэрэглэх соёлд сурч байгаад баяртай байна. Зарим дарга нар ажил руугаа орж чадахгүй, утсаар ярьж байгаад хүн амьтан байхгүй байвал орж ирдэг чанга үе байсан. Тэр бүхэнд би байж л байдаг. Загнахыг нь загнаад, аргадахыг нь аргадаад л явуулна шүү дээ” хэмээлээ.

 

НАДАД ДАРГА ХИЙХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ ЦЭРЭГ ЧИГЭЭРЭЭ Л БАЙНА

 

Уран бүтээлч хүн гэдэг юунд ч баригддаггүй чөлөөт орон зайд сэтгэлгээний эрх чөлөөг эдэлж, дур зоргоороо нисэж байж бүтээлээ туурвидаг. Өөрийнхөөрөө байгаа тэр л чанар нь В.Сэлэнгэд таалагддаг учраас өдгөө хүртэл тэсэж тэвчиж, хайлж уярч, түшиж тулж иржээ. Заримд нь сэтгэл зүйч, ээж, эгч, найз, багш ч болж үзнэ. Зарим нь хошуугаа унжуулан орж ирээд нэгнийгээ гоморхон ховлоно. Зарим  нь асаж ирээд л нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ уралцана гэнэ. Уйлсан, хайлсан, гомдсон, шаралхсан, дэвэрсэн, аархсан янз бүрийн л ааш араншинтай хүмүүсийн ая эвийг олж зохицуулж, хооронд нь эвтэй түнжинтэй байлгаж зөөллөх хатан ухааныг В.Сэлэнгэ л гаргана. “Манайхан аливаад чин сэтгэлээсээ ханддаг, гомддог, шархалдаг, баярладаг, хөөрдөг эмзэг, дэврүүн сэтгэлтэй. Тэр үед нь тайтгаруулах л хэрэгтэй. Ганц сайхан үг хэлчихэд л амархан тайвшраад цагаахнаар инээдэг хүмүүс шүү дээ” гээд хэдэн яруу найрагчдаа аанай л өмгөөлөв. Нэгэнтээ Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид

 

“Сэтгэл булаасан хүүхнүүд олон ч

Сэлэнгээ шиг нь чухам хэд билээ

Зоргоороо, эрх чөлөөтэй

хүмүүс олон ч

Зохиолчдыг яаж гүйцэх вэ

Том уран бүтээлчдийн зовлон,

жаргалыг  хуваалцах

Томдсон ачаа үүрч яваа дүү минь...” гэж  сэтгэлийн илчээ цогшуулж жигтэйхэн нуугисан бол Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Хархүү

 

“Өргөн Сэлэнгэ ижий шиг

Үлэмж баян сэтгэлтэй

Өндөр Алтай хайрхан шиг

Сүндэр их зүтгэлтэй

Зохиолчдын хорооны лавлах

Золбоо хийморийн оргил” хэмээн Өмнийн говийнхоо өрөм ааруул шиг сэтгэлээр өр нэвтэртэл тос даав.

В.Сэлэнгийн эмээ нь орос бол аав нь оросын эрлийз хүмүүс аж. Төрсөн аав ээж талаасаа Хэнтий, Дорнод, Хөвсгөл, өвөө эмээ талаасаа Өвөрхангай, Архангай болоод явчихна. Өөрөө бол унаган хотынх. Тэрбээр орос сургалттай 23 дугаар дунд сургууль, ОХУ-ын Кемеровын Улсын Их Сургуульд суралцаж төгсжээ. ОХУ-ын Кемеровын УИС-ийн Монгол дахь салбарт нарийн бичгийн дарга, цэргийн “Шувуун саарал” хэвлэх үйлдвэрт эх бэлтгэгч хийж байгаад Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлжээ. Өмнө нь тус эвлэлийн нарийн бичгийн даргаар Р.Будханд, С.Наран, Д.Лхасамбуу, С.Даваахүү, Баярмаа, П.Нямцэцэг, М.Соёлчмаа, М.Уранзул, Д.Оюунсүрэн гээд үе үеийн шижигнэсэн бүсгүйчүүд ажиллаж байсан түүхтэй аж.

В.Сэлэнгэ 2006, 2007 оны үед 70 мянган төгрөгний цалинтай байж. Тэр үед хүмүүс 500 мянган төгрөг өлхөн авчихдаг л байсан байгаа юм. Амьдралд нь яаж хүрэх билээ. Өдөр өдрийг л аргацааж, хоолтой хоолгүй гүрийгээд суудаг цаг үе тоймгүй олон байжээ. Сүүлд цалин нь 380 мянган төгрөг болсон ч байрны түрээс нь 500 мянган төгрөг байсан гэдэг.  Харин тэр үеэ бодвол одоо 800 мянган төгрөг болсон гэдгээ ч нуусангүй. Тэгсэн атлаа л өнөөх хэдэн зохиолчдодоо болохоор өвөр, араасаа илүүчилсээр. Ямартаа л МЗЭ шагналт яруу найрагч Л.Ганзул агсан “Өрийн баримт” шүлэгтээ

 

Хасар арвыг аваад өгөөгүй

Франц явсан

Ганзул арвыг аваад өгөөгүй

Хөдөө явсан

Аюуш арвыг аваад өгөөгүй

Авгай авсан

Найрагчид цалинг нь хувааж

аваад өгөөгүй

Бүгд мөнгөгүй

Сэлэнгээ харин хэнээс ч нь нэхээгүй

Зовлонг нь ойлгоно” гэж тэртээ 11 жилийн өмнө наргиж байжээ. Наргианы наян хувь нь үнэн л гэдэг дээ.

В.Сэлэнгэ төдийгөөс өдий хүртэл утга зохиолын өргөөнд ажиллахдаа нэг удаа ч  жалга довны үзэл гаргаж байгаагүй бөгөөд хэн нэгнийг доргион саймширч, хэн нэгнийг муучлан гадуурхаж байсан удаагүй. Монголын зохиолчдын хорооны зохиолчдын нийтлэг эрх ашгийг эн тэргүүнд тавьж иржээ.  Нийт бүртгэлтэй зохиолчдын 800-аад нь амьд сэрүүн байдаг бол нийгмийн идэвхтэй нь 300 хүн байдаг байна. Жил бүр зохион байгуулагддаг “Алтан өд”, “Болор цом”, “Утгын чимэг” уран зохиолын наадмууд, зохиолчдын тэгш дүүрэн их ойн арга хэмжээ гээд ажил мундахгүй их ээ. Их, бага хурал, Удирдах зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангах, гишүүн элсүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зэрэг үл тасрах ажлуудыг түүртэлгүй нугалж, бичиг цаасны ажлыг гялалзуулна гэж дадмаг. В.Сэлэнгэ “Надад дарга хийх хүсэл байхгүй цэрэг чигээрээ л байна. Улс орныг түүчээлэгч, оюун санааг гэгээрүүлэгч хүмүүс бол зохиолчид байдаг болохоор тэднийгээ хүндлэн дээдэлдэг. Би өөрөө унаган орос хэлтэй учраас хаа ч очсон газардахгүй байсан байх. Гэвч би эндээ ажиллах дуртай” гэлээ.

Тэрбээр эх бэлтгэл хийхийг бие даан суралцаад олон ч зохиолчийн номын эхийг бэлтгэжээ. Тухайлбал, "Монголын уран зохиолын дээжис" /9 боть/, “Монголын эмэгтэй зохиолчид-2“, "Б.Явуухулан" түүвэр зохиол, "Миний төрсөн нутаг Монголын сайхан орон", "Монгол яруу найраг" /Mongolian poetry/, Б.Доржпалам агсны “Би ирж явна” зэрэг олон арван номыг эмхэтгэж хэвлүүлсэн гавьяатай. Түүний эх бэлтгэсэн яруу найрагчдын бүтээлийг дурдвал тоймгүй олон. Мөн хүүхдэд зориулсан оньсого тааврын зурагт ном гаргажээ. Хүүхдэд оньсого цээжлүүлэхийн тулд зургийг нь будах явцдаа ой тогтоолтыг сайжруулах ач холбогдолтой танин мэдэхүйн ном гаргаснаараа бахархаж байлаа.

Нэг хөгжилтэй түүх хуваалцахад, нарийхан бичээч маань “бүдүүхэн” байсан үе. Тэнгэр шиг том гэдэс нь ширээнд нь тулаад юмаа шивж болдоггүй гэнэ. Ардын уран зохиолч Б.Бааст гуай хороогоор орж ирээд гэдсийг нь харснаа “Хүүе ээ, чи өнөө маргаашгүй төрлөө шүү дээ. Юугаа хийж суугаа юм. Яв, харь” гээд загнаад хөөжээ. Үнэхээр л хэдхэн хоногийн дараа маамуулсан гэдэг. Гурван сарын дараа хороогоор Б.Бааст гуай дахиад л ороод ирдэг байгаа. Өнөөх Сэлэнгэ чинь ажлаа хийгээд сууж байх юм. Өвгөн зохиолч бүсгүйн гэдэс рүү нь зааснаа “Хүүхэд хаачсан” гэж асууж. “Гэртээ байгаа” гэж хариулж. “Хүүе ээ, гахай, шувуу шиг амар юм болох нь, гаргаж тавиад л. Яв. Харьж хүүхдээ хараач” гээд бас л загнаад хөөж байжээ. Ингэж л ар гэр, үр хүүхдээ ч умартан, алд биеийн амар жимэрийг харалгүй Зохиолчдын хорооны галыг алдалгүй өнөөг хүртэл өрдөж  яваа “Өндөр ээж” билээ. В.Сэлэнгэ “Луврын музейг хэн барьсан бэ гэхээр хэн ч мэддэггүй хэр нь хэн шатаасан бэ гэхээр хүн бүхэн мэдээд байдагтай адил жижигхэн хүмүүс том газар руу дайрч өөрсдийн нэр хүндээ өсгөх гэж хичээдэг. Манай хороо руу цахим хаягаар янз бүрээр дайрч давшлах зүйл бишгүй л гардаг. Бид огт хариу өгдөггүй, өгчих юм бол Монголын зохиолчдын эвлэл жижигхэн харагдах байхгүй юу. Тэгж доошоо орохооргүй оюун санааны том байгууллага шүү дээ”  хэмээн ажлаараа, хороогоороо, зохиолчдоороо бахархан инээмсэглэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.ишхүү(66.181.161.80) 2021 оны 11 сарын 13

Батцэнгэл гайхалтай сайхан бичжээ. Өмөлзөн өмрөн, бахархан, бахадан уншив. Яг л ийм хүн дээ. Сэлэнгэ минь

0  |  1
Монгол (202.126.89.186) 2021 оны 11 сарын 13

Ха Ха Ха. Дандаа наанаа сууж байхыг чинь харнаа. Нарийн бичгийн ажил хийчих хүн захаас аваад замаар дүүрэн байгаа. Зайлаарай

0  |  2
Л.Батцэнгэл (202.126.89.198) 2021 оны 10 сарын 24

Сүглэгмаа дүү сайхан хөрөг бичжээ. Амжилт хоёр оо!

0  |  0
Л.Батцэнгэл (202.126.89.198) 2021 оны 10 сарын 24

Сүглэгмаа дүү сайхан хөрөг бичжээ. Амжилт хоёр оо!

0  |  0
Л.Батцэнгэл (202.126.89.198) 2021 оны 10 сарын 24

Сүглэгмаа дүү сайхан хөрөг бичжээ. Амжилт хоёр оо!

0  |  0
Л.Батцэнгэл (202.126.89.198) 2021 оны 10 сарын 24

Сүглэгмаа дүү сайхан хөрөг бичжээ. Амжилт хоёр оо!

0  |  0
Top