Т.Галсан: Монголын утга зохиол Нобелийн шагнал хүртэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсанг “Өглөөний зочин”-оор урилаа. Ардын Уран Зохиолчийн өөрийн ертөнц болоод Монголын утга зохиолын сонин хачин, сод бүтээлүүдийн талаар хөөрөлдөн ярилцах сонсголонтой байв.

-Ууган зохиолч Д.Нацагдорж, билигүн номч Б.Ринчений ууган шагналтан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гэдэг хүнийг та өөрөө нэг тодорхойлж өгөөч?

-Монгол Улс өнөөдөр 3.2 сая хүнтэй болжээ. Улсын маань хүн бүхэн нь Тангад гэдэг өөлд аав, Дагий гэдэг халх ээжээс гарсан тэр хүү шиг байж чадах юм бол миний Монгол хүн төрөлхтний доог болохгүй, хөгжил дэвшлийн ёроолд унахгүй юм байна гэж өдий насныхаа өндөрлөгөөс эргээд харахад бардамнах сэтгэл төрж байна. Яагаад гэхээр бүхэл бүтэн социалист ертөнц, коммунист дэглэмийн эсрэг тэмцэж явсан олон сайхан эх орончдын нэг нь би. Дэглэмд бялдуучлан, угаадаснаас нь долоолддог амьтны нэг байгаагүй.

Тэгээд ч тийм эх оронч, шударга хэлмэгдэгсдийг дэлхий дээрх сэхээтнүүдийг тамын ёроол руу шидсэн, амьдаар нь булсан. Гэвч нэг нь ч толгой гудайж бууж өгөөгүйгээр үл барам тамыг энхжин болтол сайхан хөдөлмөрлөж, зүтгэж, тэр хэрээрээ ард түмэнд хүн явахын үлгэр дуурайлал болж чадаж байсан. Жишээ нь, энэ жил 100 жилийнх нь ой тохиож байгаа Дарамын Төмөр-Очир гэж 30-хан настайдаа гүн ухааны эрдэмтэн, 32 настайдаа их багштан, профессор, 36 настай гүн ухааны анхны сартваахь болсон агуу хүнийг 1962 онд улс төрийн “хүчирхийлэл”-ээр унагаж, одоогийн Баянхонгор аймгийн нутагт барилгачнаар цөлсөн. Гэсэн ч Дарамын Төмөр-Очир нэг барилгачингүй, нэг тоосгогүй, нэг хүрзгүй газар Баянхонгор хотыг байгуулжээ.

Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэснийх нь төлөө эсэргүү нэр зүүж л дээ. Ингэж амьдралыг өөд татаж явсан, хэзээ ч бууж өгөөгүй, өстний бахыг хангаж, үзэл санаанаасаа урваагүй хүмүүсийн нэг, өчүүхэн төлөөллийн хувьд би эх орондоо хэрэг болох юм бол сум нь болж чадах, хэрэм барихад нэг сайн тоосго нь байж чадах хэрэгтэй хүний нэг байж ирсэн, байж ч байгаа. Энэ бол хүн шиг хүн явахын шүншиг юм. Би өнөөдөр 119 ном, 60 гаруй кино ард түмэндээ өгчээ. Цаана нь түүнээс их навтраг байгааг чи харж байгаа биз. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа төрийн дуулалд “Өндөр төрийн минь сүлд ивээж, Өргөн түмний минь заяа түшиж, Үндэс язгуур, хэл соёлоо, Үрийн үрд өвлөн бадраая” хэмээх бадгийг оруулсан юм, би. Залуу бол намайг онгироо, сагсуу гэх ч өвгөн болсон насандаа би гэдэг чинь хэн бэ гээд бодоход энэ хариултын эзэн болжээ.

-Та өөрийгөө ганц мэргэж­лээр тодорхойлбол. Яруу найрагч уу, утга зүйч үү, орчуу­лагч уу, зохиолч уу, туульч уу, соён гэгээрүүлэгч үү?

-Тийм тодорхойлолтыг түүх, ард түмэн хэлдэг юм. Хүн өөрөө хэлдэггүй юм шүү дээ. Монгол үндэстний нэрийн өмнөөс хангал дэлхийд үгээ хэлж чадаж уу, анх цагийн явдал, энх цагийн явдал, мөнх цагийн ачааны хүндэд дайгдан хойч үед хүрч чадах уу, үгүй юу гэдгээр найрагч байсан уу, авьяастан байсан уу, алдар шагналд дарагдаад юу ч хийгээгүй хэн ч биш байсан уу гэдэг нь тодордог жамтай. Би Монгол Улсын Ардын Уран Зохиолч тэмдгээ зүүж явах дуртай. Ерөнхийлөгч асан Н.Багабанди нууж яв гэж энэ тэмдгийг надад өгөөгүй. Зүүж яв гэж өгсөн. Хуйвалдаанаар аваагүй, хулгайлж аваагүй. Одоо бол Хөдөлмөрийн хүндэт медалийн ч гавьяагүй хүн Хөдөлмөрийн баатар болж байна. “Оюуны өв нь хаана байна, тэнд тэр улс нь байдаг” гэсэн сургаал буй. И.В.Сталин “Жангар”-ыг манайх гээд халимагийн жангаруудыг бөөгнүүлээд эхэлсэн. Мао Зэдун багш соёлын хувьсгал нэрийн дор бүх соёлыг устгасныхаа дараа монголчуудыг “Зөвхөн Жангараа л хэвлүүл, өөр юм хэрэггүй” гэжээ. Өндөр өвгөдөөсөө өвлөсөн сонгодог “Монгол Жангар”-ыг би ард түмэндээ өгсөн.

Дуулийн төрөлд Д.Цоодолын өмнө гишгэх хөл байхгүй

Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойгоор оюуны шилдгийн шилдэг бүтээлээр “Монгол Жангар”-ыг тунхаглаж, төрийн хойморт залсан. Гадаадын судлаачид “Жангар”-ын олон янзын хувилбар байдаг ч тэдгээр нь олдворууд юм шүү дээ. Нөхөр Галсангийнх нь харин сонгодог монгол “Жангар” гэж үнэлдэг. Энэ бол монхор Галсангийн бүтээл биш Монголын ард түмний оюуны бүтээл, тус бүтээлийг гаргаж ирж байгааг бодоход тархиндаа жаахан гэгээтэй байж таарна аа. Эхийн умайнаас монгол нутагтаа мэндлэхээс эхлээд энэ ертөнцөөс буцах хүртэлх бүх тохиолдолд хэлдэг бэлгэ үгийг хоёр ботиор гаргав. Одоо Монгол “Ертөнцийн гурав”-ын таван боть бэлэн болж байна.

Зөвхөн “А” тэргүүтэн нь нэг боть болж байгаа шүү дээ. Энэ их бүтээлийг энүүхэн хонхроос бус дэлхий дээрх бүх Монголоос цуглуулсан. Энэ бүгдийг хийснээ бодохоор чиний асуугаад байгаа соён гэгээрүүлэгч нь арай биш байгаа даа гэж бас бодогдоно. Гэхдээ тэрийг цаг, түүх л харуулна даа. Эрдэмтэн Л.Түдэв, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Галбаатар нар “Ардын их өв соёлын алтан эрдэнэсийн сангийн түлхүүрийг баригч” гэж намайг цоллосон байдаг. XXI зуунд түүний өмнө гишгэх хүн байхгүй гэсэн магтаалд нь би бялуурч байгаа юм биш. Тэд санамсаргүй үг хэлэх хүмүүс биш. Олон удаагийн онгоц, машины осол, дөрвөн удаагийн шарлалт, хоёр удаагийн буудуулах энэ мэтээс үхээгүй минь хийлгэх ёстой юмаа хийлгэх гэж л эрлэг намайг амьд үлдээгээд байгаа цаг хугацааны шагнал байх.

-Монгол “Ертөнцийн гурав”-аа туурвих ажил нь жигдэрч байна уу?

-Төрсөн биеийн оюуны хөдөлмөр нь нэгэнт гүйцсэн. Төмөр, хув хоёроор гүйцэтгэх ажил маш нүсэр, тамлагаатай ажил байна.

-Тэгвэл та өөрийгөө ганц­хан зан араншингаар тодорхойлбол?

-Эх оронч.

ХҮН ГЭДЭГ ЭЦЭГ, ЭХ, ӨӨРИЙН НЭРЭЭ СЭВТЭЭХГҮЙ ЯВАХ ЁС СУРТАХУУНЫ ӨРТЭЙ

 

-Галсан гэж “Сайн хувьт” гэсэн утгатай төвөд нэр гэдэг. Хүнд заяагдсан нэр нь хувь тавилантайгаа холбогдож явдаг ч юм шиг санагддаг. Таны хувьд таны нэр хийгээд хувь тавилангийн холбоос байв уу?

-Нагац өвөө, авга эмээ, аав маань надад нэр хайрласан. Тэр нэр их урт, хүн тогтооход хэцүү, хоёрдугаарт, нэр хүндэджээ. Тэгээд би явдаггүй тав хүрч, ярьдаггүй долоо хүрчээ. Харин Галсан гэдэг сайн хувь заяат гэсэн утгатай үг. Би хувь заяагаа муу гэж боддоггүй. Хүнд бурхан багшийн хайрласан 50 хувийн зовлон, 50 хувийн жаргал байна. Би тэр 50 хувийн зовлонг эвдээд дуусгачихсан. Одоо 50 хувийн жаргал үлдсэн. 17 настай охинтой гэрлээд 60 жил цайгаа чануулаад, эрүүний шөлийг нь буцалгуулаад хоёулаа сууж байна. Энэ чинь сайн хувь заяа биш гэж үү. Гэхдээ нэр хувь заяа хоёрын хооронд дандаа ч сайнаар таараад байхгүй.

Цаг үе бүхэн янз янзын нэр өгөх юм даа. Нэрэнд эзэн болно гэж бас нэг чухал юм байна аа. Хувцас хиртэй байж болно, нэр хиртэй байж болохгүй. Тэгэхээр хүн аав ээжийнхээ алдрыг өөрийн нэрийг сэвтээхгүй явах ёс суртахууны өртэй. Дөрвөн Галсан байлаа даа. Орос хэлтэй огцорсон Галсан, монгол хэлтэй монхойсон Галсан, немц хэлтэй тува Галсан, нэг ч хэлгүй сувай Галсан. Нийлээд дөрвүүлээ гаслан гэдэг байв. Миний нэр монгол утгаараа бол галын сан, унтрахгүй галын илч, дундрахгүй гэрлийн сан. Бас зүгээр шүү.

-Таны аав туульч хүн учраас монгол хэл, өв соёлоо гэсэн ясны мөн чанар танд суусан юм болов уу. Бас та их тэмцэгч хүн шүү дээ?

-Тухайн үндэстний аж төрөх ёс, оюун санаа, авьяас билиг, түүх нь тэр чигээрээ уран сайхны дүрээр амилчихсан агуу гайхамшигт яруу найргийг туульс гэж байгаа. Туульстай үндэстэн бас цөөхөн шүү. Энэтхэгийн Махабхарата, эртний Грекийн Илиада, Одессей, Францын Орландын дуулал, Германы Нибелунгийн дууль гээд байна. Гэвч тэднийг харьцуулаад үзэхэд зарим улсын тууль бол ой тохиох болгонд шинэчлэгдэж, харьцуулагдаж нэмж, авьяас билигтний хүчийг ашиглаж байдаг боловч монгол туульсын дэргэд ёстой нэг цэцэрлэгийн хүүхдийн уншдаг шүлэг шиг юм байдаг. Туулиараа бахархаж байсан агуу хүнийг би мэдэх юм.

Дэлхий хоёр Чингистэй байлаа, нэг нь манай Чингис, нөгөө нь Хиргис /Киргиз/-ийн Чингис. Тэр аугаа хүний урилгаар би гурван удаа очиж уулзаж байлаа. Тэгэхэд сүүлчийн уулзалтын үед “XX зуунд Хиргис үндэстэнд хоёр түүхэн, давтагдахгүй том гавьяат үйл явдал тохиолоо. Нэг нь Хиргис анх удаа тусгаар улс боллоо. Хоёр дахь нь “Манас” туулиа бүрэн бүтэн хэцлэж, айл болгондоо хүргэлээ. Үүнд бидний хичээл зүтгэл их орсон. Шоронгийн ялтанд хүртэл хөдөлмөрт нь “Манас” бүтээх ажил өгдөг. Үргэлжилсэн үгээр агуулгыг нь өгчихөөд шүлэглүүлдэг байлаа л даа. Ийн туулиа бүтээснээ тусгаар тогтнолтой зүйрлэн хэлж байна гэж бодохоор ямар вэ.

Манай Монголын туульчид болохоор Парчин гуайгаас наашлаад л одоо нэг хэдэн сайхан туульч хүүхэд тодорч байна. Төр засаг төрийн шагналаа өгөөд овоо урамшуулж байна. Айлд уригддаг, урьсан айл нь орчин үеийн таван одтой зочид буудлаас илүү тохь бүрдүүлээд, хэдийгээр тасалбар өндөр үнээр зарахгүй боловч хүүхэд араг аргалтай ирж байх жишээтэй. Өдөржин, шөнөжин суухад галаа түлэх нь байна шүү дээ.

Нэг айл уух хөхүүр айраг, нөгөө айл тарган сайхан хонины гулууз авчирч байх жишээтэй. Туульчийг, тэр дундаа ойрдын туульчийг ингэж угтдаг гэхээр туульч ямархан үнэтэй хүндтэй байсан нь тодорхой. Энэ хүндтэний нэг нь бид. Гэтэл үүнийг устгахын төлөө цаг үе бас байлаа. Жишээ нь, манай өөлдүүдийг Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт нутаглуулахдаа нэгдүгээрт, эх хэл, товшуураа хураалга гэж. Эх хэл, товшуур нь байвал хуурдаад эхэлнэ, хуурдаад эхэлвэл тууль нь ороод ирнэ, тууль нь ороод ирвэл баатрууд нь босоод ирнэ, баатрууд нь босоод ирвэл манжийг намалдаглаад хаячихна гэж шүү дээ. Эх хэл, товшуурыг нь хурааж авч, бүхэл бүтэн хөгжмөн толгой хийн шатааж, дэлхийн соёлын түүхэнд хөгжмөөр ингэж сор залсан түүх өөр байхгүй. Монголын соёлын эсрэг гадаадынхан ингэж л тэмцдэг. Аавын минь хайлсан туулиуд тэр чигээрээ миний хүүхэд сэтгэлд, хүний зургаан мэдрэхүйд хүрч, ерөөсөө анхаарал сарних юм байхгүй. Үг болгон нь дүр болж задраад л.

“Гарын арван хуруу гадаа тийшээ гажсан

Ган төмөр дэгээ ялгалгүй нэгэн адил

Хөлийн арван хуруу хөдөө тийшээ гажсан

Хүрэл дөрвөн соёо нь ам биендээ ногтлон чагталсан

Ам биендээ ургасан сахал нь арзайн нэгэн хатсан

Арван таван толгойтой атгаалжин хар мангас айсуй явна”

гээд л ямар сүртэй гэж бодно. Үүгээр кино бүтээх, дуурь хийх хувь хойчийн хүүхдүүдэд л үлдээд байна. Удамшсан туульчид дээдсийн цус нь дамжихаас гадна үгсийн сан, авьяас билиг нь цуг дамжигддаг юм билээ. Би сайндаа яруу найрагч болчихоогүй байна шүү дээ. Аав, ээжийн минь буян юм даа.

-Таныг залуу насаа цөллөгт өнгөрүүлсэн гэж дуулсан. Монгол оронд цөллөг гэж ч юу байх билээ гэх хүмүүс ч бий. Цөллөг, шорон хоёрын адил болон ялгаатай зүйл нь юу вэ?

-Цөллөг нь аюултай. Гяндан бол хугацаатай. Манайд дээд тал нь 25 жил хорьдог байлаа. Одоо бол эх орноо идсэн хулгайч нар мөнгөө тушаачихаад гурван сар суугаад гардаг болсон. Гэтэл цөллөг бол хугацаагүй том. Нэг яваа насаараа, өөрөө төдийгүй хань ижил, үр хүүхэд нь хар данстай. Мэргэжлийн ажил хийх боломжгүй. Эсэргүү гэж цөлөгдөхөөсөө өмнө би сард 1803 төгрөгийн цалин авч байсан удаатай. Цөлөгдсөнөөс хойш 10 гаруй жил 70 төгрөгөөс дээш цалин аваагүй. Шорон өдрийн гурван удаагийн хоолтой, цөллөг хоолгүй. Цөллөгт захын хүн ирээд л “Чи муу эсэргүү, гурван мөнгөний үнэтэй шүү” гэж сүрдүүлнэ. Гяндан төрийн бие хамгаалагчтай, зундаа сэрүүхэн, өвөлдөө дулаалгатай байр. Цөллөгөд тийм юм байхгүй. Хэлмэгдэгсдийг 1964 оны арванхоёрдугаар сарын ид хүйтнээр л эх орны дөрвөн зүг, найман зовхист аваачаад дээлтэй нь буулгаж байлаа. Бас л “энэрэнгүй” засаг шүү.

Харин ард түмэн маань хүнд хайртай учраас хүнийг ядарч явахад нь туслах нүнжигтэй учраас нөгөө талаар төрийн нүд сохорчээ гэдгийг бас дотроо боддог учраас далай олны хамгаалалтад байв. Бүх эрх байхгүй хүн бол усгүй загас. Ядаж эмнүүлэх эрх ч байхгүй, ад үзсэн иргэнээ амьсгалах агааргүй болгож байгаатай адил. Ууцыг нь хугалахад бие зовдог. Урмыг нь хугалахад сэтгэл тарчилдаг.

-Яг тооцохоор та цөллөгт хэдэн жил болсон юм бэ?

-Тэмээчин, ямаачин, туувар­чин, мужаан хийж долоон жил, Улаанбаатарт ирээд Хот тохижуулах трестэд хог ачигч, Мах комбинатын ясчин, АПУ-д архи ачигч мэтийг хийж байгаад цагаатгах тогтоол тэтгэвэрт хүртэл 45 жил болж байгаа юм. 45 жилээсээ 23 жилд нь цөллөгт байсан. Ингэж явсаар сүүлдээ тэтгэвэр тогтоолгоход 80 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр бодогдож байлаа шүү дээ. 
 


ГАЛЫН ТЭРГҮҮН ШУГАМЫН ДАЙЧИН ШИГ ЯВСНААРАА ХЭЗЭЭД БАХАРХАНА
 

-Таны зохиол бүтээлийн оргил үе таны бодлоор хэзээ, ямар үед байдаг вэ?

-Миний оюун ухаан мохоогүй. Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хэрэгтэй бүтээлээ хийгээд сууж байгаагаа бодохоор миний оргил үе төгсөөгүй ч байж мэднэ. Туульчийн хүүхэд болохоор амнаас гарах яриа хүртэл шүлгээр гардаг болчихдог. Яруу найргийн хэмнэл, үгсийн сангийн баялаг цусанд маань байна.

Манай ангийн багш догь Бат гэж хүн миний ярьж хэлсэн болгоныг бөөгнүүлээд дэвтэрт бичээд намайг анги хэсүүлсэн. Тэр үед анги хэсүүлнэ гэж муухай юм хийсэн эсвэл бөөсөндөө баригдсан хүүхдийг анги хэсүүлж, ичээдэг байлаа. Ингэхэд тэр хүүхдийг тэр чигээр нь гутааж байгаа мэт боловч цаад хүүхдүүдэд ийм болчихвий гэсэн ариусгал бас болдог байж. Нөгөө шүлэгтэй дэвтрээ миний хүзүүнээс зүүчихээд л. “Манай сургуулиас анх удаа ийм шүлгүүд бичсэн, шүлгээ ном болгосон хүүхэд энэ байна. Та нар баяр хүргэ” гэж хэлсэн. Тэр бол би өөрөө мэдээгүй болохоос биш хөрсөө цоолоод оргилсон булаг байж.

“Тогоруу шиг өндөр хүзүүтэй

Товч шиг хоёр нүдтэй

Ботго минь, хөөрхөн ботго минь хоёулаа

Боорцог хувааж идэх үү дээ

Торго шиг зөөлхөн ноостой

Тогоруу шиг өндөр хөлтэй

Ботгыг минь хөөрхөн ботгыг минь боохой гуай та битгий идээрэй”

гэхэд л эвий минь дээ, эвий минь гээд ижий нар боорцог өгдөг байлаа.

“Тавтын мөнгөний данхрыг яана

Тавгийн еэвэн шиг сүртэйгий нь яана

Тайрдас шиг өнхөрүү­лэхэд зугаатайг нь яана

Талх авахад хүрдэггүйг яана гээд хэлэхээр талхаа зүсээд л эхэлнэ. Энэ бол авьяас билиг анхлан хөрсөө нэвчиж оргилсон үе болов уу гэж боддог. Дараа нь МУИС-д агуу их Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Шадавын Лувсанвандан, Шанжмятавын Гаадамбын шавь болчихоод л.

Тэр үед “Арвайхээр” найраглалаа бичиж, найраглалыг маань Монголын радиогоор хагассайн өдөр болгон шахуу сард ямар ч байсан 3-4 удаа уншдаг байлаа. Айлууд үнээгээ саахаа мартаж, хонь, хурга нийлснийг ч умартаад найраглалыг чагнаж суудаг, хүүхэд, хөгшидгүй уйлдаг байсан даа.

Энэ найраглал намайг нэгт, алдарт хүргэсэн. Хоёрт, эсэргүү болгосон. Гуравт, найраглалын ном маань гурван удаа шатаагдсан. Номоо шатаалгахад найраглалын баатрууд маань орилж, чарлаад тарчилж байгаа мэт надад санагддаг байлаа. Зохиогчийн номыг шатааж, зохиогчийн билиг авьяасын сүвийг битүүлэн гагнаж, юу ч хэлүүлэхгүй байх тамлалыг хэлмэгдүүлэлт гэнэ.

Хохирогч нь эх орон, ард түмэн минь. Ухаандаа Ц.Лоохуузаар хонь хариулуулж байхын оронд аж ахуйн унасан салбарыг өөд татуулахад Лоохууз нэгийг 10 болгодог, нимгэнийг зузаан болгодог бүтээхүйн ухааны том эрдэмтэн өөд нь татна даа. Хүн ардынхаа чадал эрдмийг хэрэглэж чадаагүй түүх бүхэн Монголын эмгэнэл. Миний ном­ноос хойш Б.Ринчен багшийн маань Монгол хэл бичгийн гуравдугаар боть, Ц.Дамдинсүрэн багшийн Орос-Монгол толь бичгийн ар дахь он цагийн хэлхээсийг шатаасан.

-Нэг удаа номоо шатаал­гасан ч дахин дахин бичжээ дээ та?

-Зохиолчийн зүрхэнд мөнхөд хадаатай л явдаг. Би Зохиолчдын хороон дээр 3000 мөр найраг­лалаа цээжээр уншаад “Яасан биеэ тоосон муу бэртэгчин бэ” гэж буруудаж байлаа. Ер нь Монголын авьяас билгийг мөхөөх оролдлого Манжийн үе 200 жил, марксизмын 80 жилд миний ард түмнийг нэрвэжээ.

-Одоо бол хэлмэгдүүлэлт гайгүй биз?

-Гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө хэлмэгдэгч гэж ярьдаг боллоо. Яагаад гэвэл миний их хэмжээний мөнгө хураагдсан, энэ бол намайг хэлмэгдүүлсэн гэж байна. Цаазлах ёстой гэмт хэрэгтэн олон ч хууль нь алга. Цаазын ялгүй улс цаазлууштай ялтнаар дүүрдэг. Цаазын ял тодорхой хугацаанд байх ёстой байсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян тэр өндөр албан тушаалд гарч ирээд хэлж байсан. “Би энэ албан тушаалд 100 австай ирлээ. Энэ 100 авсныхаа 99-д нь эх орноо идэгсэд, овт шаар, урвагчдыг хийнэ. Яахав тэд нар намайг үлдсэн нэгд нь хийнэ биз дээ” гэж өгүүлж чадсан хүн хэлсэн үгээ үйл хэрэг болгож явна. Үгийн хариуцлага гэдэг ийм байдаг. Одоо бол хулгайч нартайгаа хуйвалдах цаг үе юм уу даа. Яахав тодорхой цаг хугацаанд цагийн хүлээц байдаг ёс бий л дээ.

УТГА ЗОХИОЛООС АРД ТҮМНИЙГ САЛГАСАН НЬ СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ХАМГИЙН ТОМ ХИЛЭНЦ
 

-Одоо бодох нь ээ таны амьдралд хамгийн чухал, хам­гийн үнэ цэнтэй зүйл юу байв. Амьдралаа эргээд харахад зорилго тань биелж үү?

-Би хагас сая хүнтэй Монгол Улсад төрсөн, өссөн. Тэдний төлөө лугшиж байгаа зүрхээ, сэтгэж байгаа тархиа, явж байгаа хөлөө, ажиллаж байгаа гараа зориулсан. Ийм хүн бас нэлээд бий. Тэгээгүй нь ч нэлээд бий. Тэгэхээр би бол утга учиртай амьдарчээ.

Хэрвээ би утга учиртай амьдраагүй бол зүгээр нэг сайхан амьдарч чадах л байсан. Жишээ нь, мянгат малчин Галсан байж чадахгүй гэж үү дээ. Тийм амьдралаас татгалзаж, өөрөө амьдрахын тулд биш Монголоо аврахад надад тийм үүрэг оногдоогүй хэрнээ галын тэргүүн шугамын дайчин шиг явснаараа одоо бахархахгүй юм бол, хэзээ бахархах юм. Үнэнийг үгүйсгэх арга байдаггүй юм. Тэгэхээр зэрэг амьдрал утга учиртай байжээ.

-Та Монголын утга зохиолын ноён оргилууд, өөрийн үеийн үгийн мэргэдийн талаар ямар үнэлгээтэй явдаг вэ?

-Хүн бүтээж чадах хэмжээний юмыг хийсэн хүн бол зүгээр зохиолч, найрагч л байдаг. Хүн хийж чадахгүйг хийсэн нь суут бүтээлчид байдаг. Зохиолчийн зэвсэг нь хэл л дээ. Тэгэхээр эх хэлнийхээ эрдэнийн санг хэрэглэснээр нь уран бүтээлийг хэмждэг. Урлаг судлал, хэл шинжлэл, соёл судлал гурвын дундаас сая тэр хүнийг олдог. Тийм хүн аугаа их Бямбын Ринчен л байна даа. Ц.Дамдинсүрэн багш бол аль болох ард түмэнд ойлгомжтой байхыг эрхэмлэж, өдөр тутмын хэн бүхний мэддэг үгээр богинохон богинохон өгүүлбэрээр бичдэг байлаа. Б.Ринчен багш болохоор манайх бол одоо хэлд орж байгаа хүүхэд биш хүн төрөлхтнийг ширэнгийн мич байхад энэ дэлхийд төрт ёсыг зааж өгч, хоёр удаа бүхэл бүтэн эзэн болж явсан аугаа их үндэстэн учраас үгсийн сан их баян.

Дэлхийд төрийн ухаан, одоогийн энэ алтан аргамжийн ухаан, арилжааны ухаан, та нарын бизнесийг зааж өгсөн энэ үндэстэн Монгол бол эртний бичигтэй. Тэгээд ч бичгийн хэлтэй. Тийм хэлийг сонгодог бичгийн хэл гэдгийг мэдэхийн дээдээр мэддэгийнхээ хирээр бичгийн хэлний найруулгыг эрхэм­лэж байсан. Бичгийн хэлний төгс уран чадвараар бичдэг, найруулдаг Ринчен багшийн маань нэг өгүүлбэр нэг хуудсандаа дуусахгүй шүү. Хоёр дахь хуудасны дунд хүрч дуусна.

Гэтэл тэнд утгын ямар ч мадаг гарахгүйгээр бичнэ гэдэг бол тэгэж төгс, зөв сэтгэж, түүнийгээ тэгэж төгс, зөв илэрхийлж байж шүү дээ. Дараачийн овоо хүүхэд бол Бямбын Ринчены Үгсийн сан гэсэн судлагдахуун хийнэ дээ. Хоёрдугаарт, балар эртний эцгийн эрхт ёсны үеийн амьдралаас эхлээд бичсэн хүн байхгүй. Утга зохиол “Заан залуудай”-гаар эхэлсэн шүү дээ. “Нууцыг задруулсан захиа” Галдан хааны үеийнх. Ринчен багшийн “Үүрийнтуяа” гэхэд 1940-өөд оны үеийн Монгол руу ороод ирнэ.

Ингээд хүний дөрвөн нийгмийн үеийн зохиол бүтээлийг бичсэн тэр суутныг одоо ойлгоогүй байна, ойлгохыг ч хүсээгүй байна. Үгүй ядаж 1945 онд дэлхийн киноны эрдэнэсийн санд Монголоос орсон ганц кино “Цогт тайж”-ийг Бямбын Ринчен бичээгүй бол бусад нь яаж хийж чадах билээ. Алтаар хийсэн юм алт л байдаг. Хэл гэдэг шалгуураар харахаар, бүхэл бүтэн дэлхийн агуулгаар харахаар, тайз дэлгэцийн бүтээлээр нь харахаар “Монгол хэл” шүлгийг ч өнөөдөр цэцэрлэгийн хүүхдээсээ эхлээд уншиж байна.

Ноднин өвөрлөгчид Хятад улсад монгол хэл бичгийг хазаарлах оролдлогын үед эсэргүүцэж уншиж байгаа шүлэг нь ч “Монгол хэл” байсан. Ингээд бодохоор манай Б.Явуухулангийн хүсээд байсан дэлхийн дэвжээнд хүрсэн хүн нь Б.Ринчен байжээ. Тухайн цаг үедээ эх орондоо ад үзэгдэж, хавчина. Өдөр болгон үгийн хортой сумаар буудуулна. Зохиол бүтээлийг нь гадагш гаргадаггүй явсан болохоос биш Оросын А.И.Солженицээс дутахгүй нобелийн шагналтан шүү дээ. Бусад сайн зохиолчид байсныг үгүйсгэхгүй. Гэвч цараагаар нь бод л доо.

Зүгээр утга зохиол, яруу най­рагт шинэчлэл хийсэн талаасаа бол янз янз. Уянгын шүлгийн эргэлт хийлээ гээд Б.Явуухуланг бид магтдаг, би ч бас тэгэж боддог. Нямбуугийн Нямдорж, Сормууниршийн Дашдооров, Сэнгийн Эрдэнэд ард түмэн хайртай. Дашдооров нэгэн цагт хэлж байлаа. “Нямбуугийн Нямдоржоос урд Явуухулан бид хоёр төрийн шагнал авсан даа.

Миний хувьд хулгай хийж авсан мэт санагддаг байсан. Нямдоржоос урд авах ч гэж дээ гэж. Яагаад гэхээр уянгын яруу найрагт анхалж өрх татсан хүн шүү” гэсэн утгаар Нямдоржийг хэлж байсан. Дооров бол утга зохиол судлаач биш, гэхдээ яг тэр дунд нь амьдарсан хүний хувьд хэлжээ. Нэг үед яруу найрагт, хүүрнэл зохиолд шинэчлэл хийсэн, жүжиг, киноны зохиолд шинэчлэл хийсэн олон сайхан хүмүүс байна. Тэр сайхан оргилуудын нэг бол үйлийн үргүй Чадраабалын Лодойдамба гуай мөнөөсөө мөн. Одоо Сумъяабэйсийн хүү Доржпаламын найруулсан “Тунгалаг тамир” кино бол үзээд үзээд уйдашгүй дэлгэцийн бүтээл байгаа нь Ч.Лодойдамба гуайн туульсын зохиолын аварга байсан нь дэлгэцэд бууж л дээ. “Энэ хүүхнүүд үү” кино нь гэхэд сэтгэлгээний эрс өөр өнцгөөс хийсэн.

Хэзээ ч монгол хүн эр, эмийг андуураагүй, амьдралын үнэн бус уран сайхны үнэнийг Ч.Лодойдамба гуай мэддэг хүн байж. Ер нь цол, шагнал хоёроор бус хийсэн юмаар нь хойчид үлдэх үлдцээр нь зохиолчдыг харж баймаар байгаа юм. Б.Явуухулан, Н.Ням­дорж нарыг яруу найргийн шинэчлэл хийсэн гэдэг шиг аж байдлын өгүүллэгийг уянгын аяс тийш эргүүлэхэд Сэнгийн Эрдэнийг ярина. Дуулийн төрөлд Д.Цоодолын өмнө гишгэх хөл байхгүй. Шинэчлэгчдийн дунд “Бурханд хүртэл зөвлөгөө өгдөг” Д.Галсансүхийн өмнө зогсох шинэчлэгч үгүй.

Г.Аюурзана золигийг нэг тааралдвал алгадахсан гэж боддог байлаа

-Ингэхэд одоо хүмүүс ер нь ном уншиж байна уу?

-Дээрээсээ эхлээд гэрт нь ороход их дэлгүүр шиг баян байдаг ч номын сан байдаггүй. Ганц, нэг ном байхад гадна талаараа бүрцэгтэйгээ байдаг. Тэгэхээр ямар уншигч байх вэ. Аугаа их утга зохиолоос ард түмнийг салгасан явдал бол сүүлийн буюу ардчиллын 30 жилийн хамгийн том хилэнц нь.

-Монголын утга зохиолын ирээдүйг та ямар залуусын нуруун дээр итгэж үлдээх вэ. Өнөө­гийн утга зохиол, яруу най­рагт тийм хүмүүс байгаа юу?

-Баярламаар нэг юм байна. Төр засаг утга зохиолд халтай, өөрийн үзэл санааны зарц болгох зорилготой үе нэг байхад, үнэнийг өгүүлэх худлыг хуйхлах зоригтой тийм сайхан залуус нэг мэдэхэд л гараад ирдэг. Харамсалтай нь, тэд их урт насалдаггүй бололтой. Магадгүй гайтуулдаг ч байж мэдэх. Ламжавын Лувсандорж Монголын утга зохиолыг удирдаад явах хэмжээний цараа сэтгэлгээтэй, өөрийн уран бүтээлийн үлгэр дуурайлалтай хүүхэд байв. Л.Өлзийтөгс байна. Хөдөөний хүүхэд биш. Малчин Монголынх биш ч сэхээтэн их эмч хүний хүүхэд. Багаасаа ном уншихаас өөр ажил хийдэггүй хүүхэд байсан юм. Өссөн орчноо яруу найргаар шинэ ертөнц болгож чадаж байна. Тэр бол сод авьяас. Л.Өлзийтөгсийн ертөнц гэж бий болчихлоо.

Манай Баянхонгороос Г.Аюурзана байна. Ч.Лодойдамба зохиолч биш, Б.Явуухулан ч найрагч биш гээд л гарч ирсан. Муу золигийг нэг тааралдвал алгадах юмсан. Энэ ер нь галзуу туссан байх аа гээд бодож байлаа. Тэгсэн чинь дэлхийн утга зохиолоор цэнэглэчихээд ирсэн хүүхдэд дэвжээний утга зохиол их бага санагдсан юм байна. Хоёрт, ерөөсөө аугаа их шинэчлэгчийн уран бүтээл үгүйсгэлээр эхэлдэг жамтай. Тэр үгүйсгэлийн эзэн хуцсан нохой юу, хараад шинэчлээд хийгээд явж чадах хүн үү гэдгээ батлах цаг ирдэг юм байна. Одоо Г.Аюурзана олны хилэнт бухимдлыг өөрийнхөө бүтээлээр ариусгаад эхэлж байна шүү дээ. Сайхан байгаа биз. До.Цэнджав гээд даргад дургүй, одоо даргаасаа халагдах юмсан гээд л үглээд явдаг нэг нөхөр байна.

Тэр нөхрийн хэчнээн тууж, хэчнээн роман бий гээч. Гадаадад “Чонын алтан шагай” нь хэвлэгдээд л, тайз дэлгэцийн бүтээл болоод л байна. Бас тэр нөхөр саяхан нэг их сонин роман бичсэн байна. Монгол Улсын түүхэнд Баянхонгороос ганцхан бөх төрүүлжээ. Тэр бөх нэрд гарсангүй гэнэ. Би цагаан атаархлаа. Үүнийг аугаа их Чойжилжавын Лхамсүрэн яагаад бичиж чадсангүй вэ. Манай үргэлжилсэн үгийн аваргуудын нэг Пүрэвжавын Пүрэвсүрэн яагаад бичиж чадсангүй вэ. Гурван хүүхдийнх нь ангийн багш би яагаад бичиж чадсангүй вэ. Тэгэхэд Дундговийн тэр нөхөр аваачаад бичсэн байна. Авьяас билиг алсаддаггүй юм байна. Харин ч холын юм их тод харагддаг бололтой.

Энэ “Болор цом”-ын эздийг хар. Үнэхээр нэг сойлго нь таарсан, сувдан хөлсөө сул­ласан, алтан хөлс нь асгарсан, торгон ир нь таарсан соёолон шиг багачууд тачигнаад эхэллээ. Ванягийн Нэргүй гэж нэг айхтар хүн байна. Төрийн Баянсан гээд харахад тэр яруу найрагч баймааргүй царайтай нөхөр, О.Цэнд-Аюуш ч байна. Гэтэл эднээс илүү авьяастан ч хөдөө, орон нутагт байна. Тэр бас гайхамшигтай. Саяхан би Эрдэнэ­тэд хоёр зохиолчтой уулзлаа.

Тэгсэн чинь нэг нь бурханлаг яруу найраг, өөрөө бол олон түмэнд ойлгомжтой болгохын тулд “Буддист яруу найраг” гэж гарчиглажээ. Бурхны сургаалийн нэг үгийг дэлгэрүүлэн дэлхий болгоод тэндээсээ буцааж хумиад цаад мөн чанараар нь шив шинэ шүлэг бичдэг хүү байна. Намжилын Мөнхбаяр гэж Монголын яруу найрагт цоо шинэ үзэгдэл. Н.Мөнхбаярын шүлгүүд яруу найргийн соёл, тэр дундаа бурхны гүн ухааны аугаа гайхамшиг болжээ. Дамдины Пүрэв 10 гаруй роман бичсэнийг бид мэднэ. Бодит ертөнцийн амьдралыг далд ертөнцийн мэдрэмжээр бичдэг хүн, тэр зохиолч ганцдахгүй.

Тэд өөрийгөө магтахаас илүү нөхдөө магтаж байна. Ингэхээр Монголын утга зохиолын ирээдүй маш гэгээн, ганцхан дэлхийн түгээмэл хэлэнд орчуулж түүнийг хүргэхийг төр засгийн бодлогоор бэлдүүштэй байна. Нэг үе С.Удвал багш, Л.Түдэв гуай, Д.Цэдэв дарга утга зохиолын орчуулагч бэлдсэн шүү дээ. Х.Мэргэн, Н.Энхбаяр Монгол утга зохиолыг дэлхийд хүргэх орчуулгын өртөөний морьд болсныг мартах аргагүй.

Одоо бол дэлхийн гэх Монгол уран зохиол нь байна. Орчлонд хүргэх орчуулагчдыг бэлтгэх цаг нь боллоо. Ингэх юм бол манайхан одоохон Нобелийн шагналтантай болно. Хүн төрөлхтний соёлд Монголоос цоо шинэ түрлэг орж ирэхийг дэлхий хүлээгээд байж байхад бид дуншуулаад байж болохгүй. “Монголын нууц товчоо” маань орчлонд очсон ч “Жангар” очоогүй байгаа. Монгол утга зохиолын ирээдүй бол Монголын ирээдүй шүү. Монголчууд өөдлөн дэвжих хувь заяатай ард түмэн. Монгол утга зохиол бол дэлхийн манлай уран зохиолын нэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(59.153.114.15) 2024 оны 09 сарын 26

Хэлмэгдүүлэгчдийн талынхан эсрэг юм бичжээ. Бас одооны авилгачдын талынхан…

0  |  0
Цогоо(59.153.114.15) 2024 оны 09 сарын 26

Манай аав тээврийн жолооч хийж байх үедээ 90 оноос өмнө 2000 гаргаад л авдаг байсан. Төрийн сайдаас их авч байж дээ.

0  |  0
эсэргүү(103.215.14.2) 2024 оны 09 сарын 25

Энэ “Болор цом”-ын эздийг хар. Үнэхээр нэг сойлго нь таарсан, сувдан хөлсөө сул­ласан, алтан хөлс нь асгарсан, торгон ир нь таарсан соёолон шиг багачууд тачигнаад эхэллээ. ч гэх шиг. хэ хэ хэ... Бөөн найраа, бөөн хуйвалдаан. Бүгд л харж байгаа ш дээ, ямар шүлэг ”цом аваад” байгааг... хахах

0  |  0
Ууртай хүн(43.228.128.90) 2023 оны 05 сарын 08

Их зальтай хүн. Хэний дэргэд очиж юу ярихаа сайн мэднэ. Ямар элэнцэгийнх нь цөллөг вэ, тураг ядрахаараа уулаа гэдэг шиг хотод жаахан ”өлсөөд” нутагтаа хэдэн жил тэмээ малынхаа хойноос жонжуулаа л биз. Бас даргыгаа уншина гэхдээ ”-До.Цэнджав гээд даргад дургүй, халагдахсан гэсэн нэг нөхөр байна. Гадаадад “Чонын алтан шагай” нь хэвлэгдээд л, тайз дэлгэцийн бүтээл болоод л байна”-гэчихжээ. Хэрэв Дан.Нямаа дарга байсан бол ”шагай шиг биетэй шандаслаг авьяастай шавхийсэн хүү дээ, бие нь намхан билэг нь өндөр, Дан овогтой давхар ухаантай...”-гээд авч өгөх байсан биз. Чоорт

0  |  0
zochin (112.187.178.16) 2021 оны 10 сарын 24

bid evtei bol huchtei . . . ta eruul bj urt naslaarai hussen buhen n biileh bolnoo amjilt.\n

0  |  0
м(66.181.161.120) 2021 оны 10 сарын 24

ийм хүн цөөрсөндөө

0  |  0
Зочин (64.119.31.20) 2024 оны 09 сарын 25

Зарим газар сайхан худлаа шаасан л байна

1  |  1
Зочин(203.91.115.48) 2023 оны 05 сарын 08

Хулгайч хулгайчаараа үлддэг. Галсан гэдэг энэ хүн бол зүгээр л хулгайч. Буруу өтөлсөн зөнөг.

1  |  1
Галсан(202.9.40.24) 2023 оны 01 сарын 15

Н Энхбаярыг дагаж навсаганасан бууны нохой

1  |  1
Зангараа(202.179.27.114) 2021 оны 10 сарын 24

Т.Галсан ахын бүтээлд мөргөмүй.

0  |  0
Зараа(124.158.65.33) 2023 оны 01 сарын 15

Галсан гуай үсээ засуулж байхдаа хөөрөлдсөн юм байх гэж харлаа, ккк

1  |  0
Зочин (66.181.183.32) 2024 оны 12 сарын 09

Шагнал харж юм бичсэн хүн хэзээ ч амжилтөнд хүрэхгүй. Гэж нөгөө Галсан чинь хэлсэн шүү. Тангадын Галсанг Сая таван зуун хавтгай дөрвөлжингийн Хоёр сая хүнээс хэд нь мэдэх бол. Чинаагийн Галсанг харин Герман Франц хэлтэй хүмүүсээс олонхи нь мэднэ. Барууны номын соёл манайхаас хэдэн зуу дахин дээр Тийм газар номоо гаргана гэдэг чадал чансаа шаардсан ажил Ар өврийн хаалга гэж ямар байх биш

2  |  0
zochin(1.72.9.160) 2024 оны 12 сарын 09

zunthun uvgun muruudhud yun buruu gej gegeetei muruudul bna amjilt

1  |  0
zochin(202.126.90.116) 2024 оны 12 сарын 09

bitgii hudlaa shaa 90 on s omno toriin said 1200 tugrug avdag bsan dandaa hudlaa bvlterch bh yum

1  |  0
Уран зохиол мандтуга(103.26.194.237) 2024 оны 12 сарын 09

Уран зохиол мандтугай

2  |  0
Top