Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга, Доктор Т.Батжаргалтай ой, хээрийн түймэртэй тэмцэхийн тулд нисэх онгоц ашиглах боломжийн талаар ярилцлаа.
-Та манай сонинд хандахдаа ой, хээрийн түймэрт нисэх онгоцыг ашиглах тухай ярьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Би иргэний нисэхийн салбарт 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өмнө нь Батлан хамгаалах салбарт найман жил жинхэнэ цэргийн алба хаахдаа Байлдааны сөнөөгч МИГ-21 гэдэг дуунаас хурдан онгоцны нисгэгчээр ажилласан. Харин армийг 1989 онд цомхотгоход Налайхын 137 дугаар нисэх хорооны гурван эскадрилийн нэгийг татан буулгаад тэнд алба хааж байсан залуу нисгэгчдийг Иргэний нисэхийн салбарт хуваарилсан. Тэр үед МИАТ нэгтгэлийг Гавьяат нисгэгч Д.Сүрэнхорлоо гэдэг мундаг хүн даргалж байлаа. Ингээд эх орноо батлан хамгаалах албанд сөнөөгч онгоцоор байлдааны бэлэн байдалд дадлага сургуулилалт хийж байсан бол МИАТ нэгтгэлд ирээд Ан-2 онгоц жолоодон сумдын зорчигч, шуудан тээврийн нислэгээр хөдөөгийн иргэддээ үйлчилж эхэлсэн. Тэр цагт төрөөс ойн санг хортон шавж, бэлчээрийн талбайг хөнөөлт мэрэгчээс хамгаалахад Ан-2 онгоцыг өргөнөөр ашигладаг байлаа. Ялангуяа хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймэртэй тэмцэхэд түймрийн эргүүлийн нислэг их хийдэг байсан.
-Түймрийн эргүүлийн нислэг хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хавар, намрын их хуурайшилттай улиралд түймэр ихэвчлэн гардаг ойт хээрийн бүсийн долоон аймгийн төвд (Архангай, Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод) 10-12 шүхэрчин гал сөнөөгчдийг тээвэрлэх хүчин чадалтай Ан-2 нисэх онгоцоор гал гарсан тухай ирсэн мэдээллийн дагуу нислэг үйлддэг байсан. Мөн эргүүлийн нислэг үйлдүүлж агаараас ажиглалт, тандалт хийж түймэр гарсан даруйд нь илрүүлж тусгайлан сургалт дадлага эзэмшүүлсэн шүхэрчин гал сөнөөгчдийг галын цэг дээр буулгаж газар авахуулалгүй даран унтраах арга хэмжээг авдаг байсан юм. Энэ уламжлалт аргыг сэргээн хэрэгжүүлэх боломж одоо ч байсаар байна. Манай улс уг нь 1972 оноос МИАТ нэгтгэлийн дэргэд “Ой хөдөө аж ахуйн эскадриль” байгуулагдаж ой хээрийн түймэртэй тэмцэхэд Ан-2 нисэх онгоцыг ашигладаг байсан. Ер нь 2000 метрийн өндөрт нисэж яваа нисгэгч 100-150 километрийн алсад асаж эхэлж байгаа галын утааг олж хардаг. Тэр үед орон нутгийн нислэг ч эрчимтэй явагддаг байлаа. Өдөр бүр Ан-24 онгоцоор нийслэл хотоос аймгийн төв, Ан-2 онгоцоор аймгийн төвөөс сум руу тогтмол нислэг хийгддэг байсан. Тэдгээр онгоцны нисгэгчид галын мэдээллийг цаг тухай бүрд нь өгдөг байлаа. Одоо бол гар утас нийтийн хэрэглээ болсон болохоор хэн ч гал түймрийн мэдээ өгөх боломжтой болсон байна.
-Энэ ажлыг хэзээнээс болиулсан юм бэ?
-Ой хээрийн түймэрт Ан-2 онгоц ашиглан тэмцэх энэ ажил 1996 оны намар хүртэл явагдсан. Ажиллах хугацаандаа олон мянган га талбай бүхий бэлчээр, газар нутаг, ой модыг хамгаалах ажилд оролцож олон ч удаагийн гал дээр шүхэрчин гал сөнөөгч залуусыг буулгаж байлаа. Олон удаагийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, учирч болох асар их хохирлыг ч тухайн үед бууруулахад оролцсон байдаг. Харамсалтай нь 1996 онд П.Сүндэв гэж Хилийн цэргийн нэг генерал Иргэний хамгаалалтын газрын дарга болсноор түймрийн эргүүлийн нислэг үйлдэхийг бүр мөсөн зогсоосон. Энэ бол мэргэжлийн боловсрол мэдлэггүй, ажлын туршлагагүй, улс эх орон, ирээдүй хойчоо бодоогүй шийдвэр байсан.
-Түймэртэй тэмцэхэд энэ арга хэр сайн бэ?
-Олон жилийн ажиглалт судалгаанаас харж байхад Монгол орны нөхцөлд ой хээрийн түймэртэй тэмцэх хамгийн үр дүнтэй шалгарсан арга бол жижиг нисэх онгоцоор түймрийн эргүүлийн нислэг үйлдэх. Одоо бол ОБЕГ–ын албан хаагчид ихэвчлэн энгийн механик аргаар тэмцэж байна. Учир нь дуудлага аваад гал сөнөөгчид газраар явж очих гэсээр байтал асаж эхэлсэн гал нь түймэр болон өргөжөөд хүний хүчээр унтраах боломжгүй болчихоод байна. Тиймээс түймрийн галыг гарсан даруйд нь эрт илрүүлж, унтраах нь хамгийн чухал байгаа юм.
-Таныхаар манай улсад ямар онгоц, хэдий хэр тоогоор байвал болохоор байна?
-Манайх шиг жижигхэн эдийн засагтай улсад олон зориулалтаар ашиглах боломжтой нисэх онгоц хэрэгтэй. Харин яг ямар онгоц байх вэ гэдгийг мэргэжлийн судлаачдаас санал, судалгааг авч байж шийдэх ёстой. Миний хувьд МИАТ–ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженерүүдтэй хамтарч хуучин Ан-2 онгоцыг засварлан сайжруулах төсөл дээр 2017 оноос эхлэн ажиллаж байна. Цар тахлын улмаас энэ ажил саатсан. Ер нь олдоц нийлүүлэлт элбэг шатахуун хэрэглэдэг сэнсэн тийрэлтэт хөдөлгүүртэй, агаараас шууд талбай сонгон богино зайд бууж хөөрөх чадвартай олон зориулалтаар ашиглагддаг иймэрхүү маягийн агаарын хөлөг манай улсад 12-15 нэгж бүхий нэг авиа компани байхад л улс орны наад захын эрэлт хэрэгцээг хангах болно. Манай хуучин ашиглаж байсан Ан-2 онгоцыг ОХУ-ын инженерүүд Америк, Канадын хөдөлгүүр тавиад шинэчилж үйлдвэрлэж байгаа. Тиймээс манайд одоо байгаа 20 ширхэг хуучин Ан-2 онгоцыг их засвар хийгээд дахин ашиглах бүрэн боломжтой. Дадлага, туршлагатай нисгэгчид, инженер техникийн ажилчид ч нэлээд байна. Энэ талаар төр засаг, салбар яам агентлагийн зүгээс дорвитой дэмжихгүй хэт болгоомжилж хаширласан, хардаж сэрдсэн байдлаар хандсаар өдийг хүрлээ. Сүүлийн таван жилд л гэхэд Зам, тээврийн хөгжлийн сайд нь долоон удаа солигдлоо. Мөн нисэхийн салбарын даргаар дандаа мэргэжлийн бус хүмүүс томилж байгаа нь ч энэ тал дээр ахиц дэвшил гарахгүй байхад нөлөөлж байна. Уг нь 2017 онд бидний энэ төслийг ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, дэд сайд Б.Цогтгэрэл нар их дэмжиж байсан. Даанч манай салбарын сайд нар ойр ойрхон солигдож байгаа нь ажил явуулахад их муугаар нөлөөлөх юм.
-Та энэ талаар нэлээд олон жил судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан гэсэн үү?
-Миний бие иргэний нисэхийн салбарт 30 гаруй жил ажиллаж, инженер нисгэгч мэргэжил эзэмшсэн туршлага дээрээ үндэслэн өнгөрсөн онд ШУТИС-д “Монгол Улсад Ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги менежментийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Миний судалгааны ажлын зорилго бол дээр хэлсэн байгаль орчныг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн зам тээврийн бэрхшээлийг шийдвэрлэхэд жижиг хөнгөн буюу ерөнхий зориулалтын нисэх онгоцны нислэг үйлчилгээг дэлгэрүүлэх, хувийн жижиг нисэх онгоцыг нийтийн хэрэглээ болгох замаар нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой гэдгийг судалж тогтооход оршиж байгаа юм.
-Орчин цагт нисэх онгоцоор шууд агаараас ус соруулаад ойн түймэр унтрааж байгаа. Манайд ийм маягаар түймэртэй тэмцэх боломж байна уу?
-Олон улсад ашиглаж байгаа энэ арга манайд боломжгүй. Учир нь Монгол оронд элбэг устай томоохон нуур, мөрөн гол их ховор бөгөөд түймэр ид гардаг саруудад эдгээр нуур цөөрөм гол мөрний мөс унаагүй гүйцэд хайлж амжаагүй байдаг. Мөн зориулалтын бункерт ус дүүргээд түүнийгээ нисдэг тэргээр дүүжин тээвэр хийж ойн түймэр дээрээс асгадаг. Энэ нь асар их зардалтай. Тиймээс л голчлон түймэр гардаг долоон аймгийнхаа нутагт тогтоосон маршрутаар эргүүлийн нислэг үйлдэн галыг эрт илрүүлж, бага дээр нь унтраадаг энэ арга манай улсын хувьд хамгийн зохимжтой. Ингэхдээ шүхэрчин гал сөнөөгч нарыг сайтар бэлдэх хэрэгтэй. Урьд өмнө манайхан хийж чадаж байсан ажил учраас одоо цагт буцаагаад сэргээхэд хүндрэл байхгүй.
-Түймрийн эргүүл хийдэг, шүхэрчин гал сөнөөгчтэй газар байгуулах боломж хэр вэ?
-Хамгийн гол нь мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж энэ асуудлаар төрийн нэгдсэн бодлого байхгүй байна. Дээр би товч дурдсан, Монгол Улсад олон зориулалтаар ашиглах 12-15 нэгж агаарын хөлөгтэй аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр нэг дор нэг зохион байгуулалтанд оруулбал болно. Энэ нь эргээд ОБЕГ-тайгаа нягт хамтарч, гал сөнөөгчдийг шүхрийн буулт дадлага сургалтанд хамруулах, тэдний амь насны даатгал, цалин хөлс нийгмийн баталгааг сайжруулж гал дээр буусан буултын урамшууллыг нь сайн өгдөг болох гээд дотоод асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Тэгэхлээр энэ аж ахуйн нэгж нь хавар, намрын саруудад ой хээрийн түймэрт нисээд бусад цаг улиралд нь ОБЕГ-аас өөр салбарын ажилд үйлчлэх боломжтой. Жишээлбэл, зуны улиралд ойн хортон шавж устгах, газар тариалангийн ургамал хамгаалахад ашиглаж болно. Харин өвлийн саруудад алсын сумдын зорчигч тээвэр, эмнэлгийн түргэн тусламжинд ашиглах хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
НИСГЭГЧ ЗОХИОЛЧ Т.БАТЖАРГАЛЫН ”ӨДРИЙН ОДДЫН ЗҮГТ” УРАН САЙХАНЫ КИНО 1993 ОНД ГАРЧ ОЛНЫГ ШУУГИУЛЖ БАЙЛАА. ТЭР КИНОГ НЬ ҮЗЭЭД ОЛОН Ч ХҮҮХЭД НИСГЭГЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН. ЭНЭ ХҮН ОНГОЦ ХИЙЖ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
ene hun agaaraas tuimer untraah ajilig sain z/b chadah uym bna,manai OBEG t avmaar hun bna
chi ter ongotsii ni hiideg yum uu?