Монгол хүний оршин тогтнох соёлын дархлааг бэхжүүлэх, өв соёлыг хөгжүүлэх, соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь урлаг соёлын салбарын нэн тэргүүний хийх ажил болоод байгаа билээ. Энэ хүрээнд Соёлын яамнаас оюуны бүтээлийг өндрөөр үнэлж соёлын бүтээлч үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үндсэн 12 салбарт судалгаа хийжээ. Тус салбарт өв соёл, утга зохиол, ном хэвлэл, дүрслэх урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, кино, дуу дүрсний урлаг, хэвлэл мэдээлэл, хувцас загвар, архитектур, дизайн, дижитал инновац, контент, маркетинг, брэндинг, коммуникаци зэрэг салбарууд багтаж байгаа юм.
Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлэхэд ямар бодлого баримталж ажиллаж буй талаар хүргэж байна.
СОЁЛЫН САЛБАРААС ДНБ-ИЙ ДӨРВӨН ХУВИЙГ БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгийн хомсдол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хөгжиж буй орнууд олон бэрхшээл шалгууртай тулгарч, улс орнууд хөгжлийн шинэ гарц, арга замыг эрэлхийлж байна. Монгол Улс мөн адил үндэсний өв баялаг соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжсөн салбарыг бий болгож, бүтээлч, чадварлаг боловсон хүчний оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх нь хөгжлийн гарц болоод байгаа билээ. Дээрх бодлогын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын бүтээлч үйлдэрлэлийн эдийн засаг, бүх нийтийн боловсролыг баримталж ажиллах бөгөөд бүтээлч авьяас, бүтээлч дэд бүтэц, бүтээлч хөрөнгө оруулалт, бүтээлч маркетингийг хөгжүүлэхэд анхаарах аж. Соёлын сайд Ч.Номин "Бид юугаараа онцлог, түүгээрээ дэлхийд өрсөлдөх ёстой.
Энэ бол бидний өв, түүх соёл, зан заншил, уламжлал юм. Үүнийг баялаг гэж үзэж буй бөгөөд үүнд тулгуурлан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийд өрсөлдөх боломж бий. Өнгөрсөн 30 жилд бид бие даасан яамгүй байсан. Иймд бид Соёлын яамтай болсноор соёлын хөгжлийн бодлогоо тодорхойлох нь чухал юм. Үндэстний нэгдсэн үнэт зүйлийг бэхжүүлэх суурийг тавина. ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар дэлхийд соёлын салбарыг 2.2 их наяд доллар буюу 29 сая хүнийг ажлын байраар хангаж буй том зах зээл гэж тодорхойлсон. Дэлхийн экспортоор харьцуулбал уул уурхайгаас 6.4 дахин том импортын салбар юм. Урьдчилсан мэдээллээр 143 тэрбум төгрөгийн зах зээл буюу ДНБ-ий 0.4 хувийг эзэлж байна гэж үздэг. Үүнийг 10 дахин өсгөх боломжтой буюу бид цаашид дэлхийн зах зээл рүү гарч эхэлбэл олон улсын стандартаар тус салбараас ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлж чадна. Соёл урлаг гэдэг зөвхөн хүний зугаа гаргах хэрэглээ төдий биш эдийн засгийн хөшүүрэг болох ёстой" гэлээ. Энэ онд 12 салбарын чанарын болон тоон судалгааг хийж дуусах бол ирэх онуудад эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжүүлэх ажлыг шат дараатай хийхээ танилцууллаа.
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛСНААР 1000 АЖЛЫН байр БИЙ БОЛНО
Соёлын яамнаас урлаг соёл, соён гэгээрүүлэх салбарт томоохон бүтээн байгуулалтыг хийж байгаа бөгөөд эхнээсээ бодитой үр дүнд хүрч нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Жишээлбэл, “Чингис хаан” музейд 62.8 тэрбум төгрөг, Үндэсний төв номын сан 18.9 тэрбум төгрөг, Байгалийн түүхийн музей 94.4 тэрбум, Үндэсний урлагийн их театр 152.5 тэрбум төгрөг, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр 48.5 тэрбум, Үндэсний археологи, угсаатны зүйн музей, лабораторийн музей 18 тэрбум төгрөгийн төсөвтэй. Мөн Чойжин ламын музей, Богд хааны ордон музей, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилгыг сэргээн засварлах зайлшгүй шаардлагатай байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн ложистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаа салбарын сайд мэдэгдлээ. Энэхүү цоцгцолборыг "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд" төлөвлөгөөний хүрээнд байгуулах "Залуус" хорооллын ойр байршилд байгуулах аж. Уг цогцолборыг түшиглэн гарааны бизнес, инновацын систем бүрдэхээс гадна нийгмийн олон талын үйл ажиллагааг зохион байгуулж, тогтвортой 1000 ажлын байр бий болох юм байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол зорилтын нэг нь салбарын ажилтан, уран бүтээлчдийн нийгмийн баталгааг сайжруулах, оюуны бүтээлийн үр шимээ хүртэх боломж олгоход оршино. Иймд “Залуус” хорооллоос 1000 орон сууцыг уран бүтээлчдэд таатай нөхцөлөөр олгох боломжийг бүрдүүлнэ гэлээ.
Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлд соёл, урлагийн салбарын бизнес эрхлэгчдийг хамруулах зээлийн шугам нээж, мөн репо санхүүгийн хэрэгслийг ашиглан соёлын салбарт бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой аж. БСШУЯ-ны газрын дарга Д.Гантөмөр “Хүн өөрөө оршин байж, хүн хүнээрээ байх, нийгэм хөгжин дэвших гол түлхүүр нь соёлын салбарт байна. Энэ бодлогыг бодитой болгоход соёлын бүтээлч үйлдвэрлэл гүүр болно. Соёл урлагийн салбарын менежментийг бүхэлд нь өөрчлөх, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийг өөр түвшинд гаргах шаардлагатай. Мөн монгол хүний давтагдашгүй санаа, авьяас, бүтээлийг дэлхийн зах зээлийн эрэлттэй хэрхэн уялдуулах, түүнд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн онцолж байсан билээ.
КИНО УРЛАГ ГОО ЗҮЙН БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛД ХҮЧТЭЙ НӨЛӨӨТЭЙ
Соёлын яамнаас кино урлаг, дижитал үйлдвэрлэл, дизайн, сонгодог урлаг, утга зохиол, уран зураг зэрэг мэдрэмжийн урлагийг түлхүү хөгжүүлж төрөл бүрийн контент үйлдвэрлэхийг зорьж байгаа аж. Үүний тод жишээ нь, Монголын өвөрмөц соёл, сэтгэлгээг харуулсан, өв соёлыг таниулсан кино уран бүтээлийн тодорхой хувийг буцаан олгохоор шийдэж байгаа нь олзуурхууштай. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Киноны салбарын үйл ажиллагаа, киноны эрх зүйн байдлыг хуульчлах” нь чухал байгааг тодорхойлсон. Хуулийн төсөл батлагдсанаар кино урлагийн салбарт баримтлах бодлого чиглэл тодорхой болж, улмаар үзэгчдийн оюун санааны эрэлт хэрэгцээ, хүүхэд залуусын уран сайхан, гоо зүйн боловсрол хүмүүжилд дорвитой ахиц гарах юм. Уг хуулийг баталснаар киноны салбарт тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх таатай боломжийг бүрдүүлж байна.
Дэлхийн соёл урлагийн хөгжлийн чиг хандлага, сэдэв, агуулга илүү үндэсний болж, хүн байгалийн зохицлыг эрхэм болгосон натур амьдралын сэдэв рүү эргэн ирж байгаа юм байна. Монгол бол аль ч талаараа үүний жинхэнэ уул уурхай болсон орон. Дахин давтагдашгүй задгай, танхай сэтгэлгээгээ бид суурь язгуураар нь хөгжүүлэх шаардлагатай. Монгол сэдэв, монгол агуулгыг инновац шингэсэн шинэ бүтээл болгон оюуны өмчийн эрхийн дагуу дэлхийн зах зээлд гаргах явдал ажээ. Соёлын сайд Ч.Номин “Тэгвэл 2050 он гэхэд олон улсад 350 их наяд ам.доллараар хэмжигдэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зах зээлд Монгол Улс өөрийн гэсэн орон зайтай болох боломжтой. Энэ бол хөгжил бөгөөд монголчуудын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг хоосон мөрөөдөл бус харин бодитоор биелэх зорилго, зорилт гэж харагдаж байна. Гагцхүү үүнд төрийн алсын хараатай дэмжлэг хэрэгтэй” гэж онцоллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )