Угаарын хий мэдрэгч ашигласнаар эрсдэл дөрөв дахин буурчээ

2021 оны 10 сарын 27

Хотын төвөөр явахдаа гал унтраах машины дуу сонсоход л айдас бүрхээд авдаг юм. Хэн нэгэн бүү эндээсэй гэсэн бодол хамгийн түрүүнд зурсхийдэг. Бага байхдаа л “Гал гал түүдэг гал, ас ас бадран ас, галын дөл өөдөө” хэмээн дуулдаг байсан сан. Галын дөл бадарсаар нүд ирмэхийн зуур л бүхнийг өөдөө аваад явах шиг санагддаг юм. Амь нас, эд хөрөнгө, итгэл үнэмшил, эцсийн амьсгал гэх мэт.

Жил болгон галаас үүдэлтэй хохирол цэвэр бидний хариуцлагаас хамаарч гарсаар л байна. Тухайлбал, гал, түймрийн аюулаас 4894 иргэний амийг авран хамгаалж, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн өмч, хөрөнгийг хамгаалсан талаарх тоо баримтыг нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан. Шалтгаан нь ил задгай гал, үнс нурам асгаснаас, тамхи, чүдэнзний цогоос үүдэлтэй. Үүний дараа яндангийн цонолт, цахилгаан угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага бүртгэгддэг байна.

АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ГУРВАН ХОНОГТ ТАВАН ИРГЭН ЭНДСЭН БАЙНА

Өвлийн улирал хаяанд иржээ. Энэ цаг үед гал түймэр, угаарын эрсдэл эрс нэмэгддэг. Өчигдөр өглөө Баянзүрх дүүрэгт ахуйн гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Дуудлага өгснөөс найман минутын дараа Гал түймэр унтраах, аврах анги очиж 15 минут ажиллаж гал түймрийг унтраасан аж. Одоогоор тухайн иргэдийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Мөн 23-ний өдөр Сүхбаатар дүүрэгт таван ханатай гэр бүрэн шатаж, нэг хүн нас барж, нэг хүн угаартсан хэрэг гарчээ. Гурван хоногийн дотор таван хүний амь насыг юу ч үгүй авч одсон байна. Шалтгаан нь ахуйн гал түймрээс улбаатай аж. Ахуйн гал түймрийн асуудал жилдээ хоёр удаа яригддаг. Өвөл болон хаврын улиралд голчлон яригддаг асуудал юм.

Нийслэлийн хэмжээнд 2016-2021 онд 12,378 объектын гал түймрийн дуудлага ирсэн байна. Таван жилийн хугацаанд ийм хэмжээний дуудлага ирсэн бол нэг жилд 2476 дуудлага ирсэн гэсэн үг. Харин нэг хоногт 6-7 дуудлага ирсэн хэмээн үзэж болох юм. Гэтэл өнөөдрийн байдлаар хоногт гал түймрийн 8-10 дуудлага ирдэг аж. Ингээд бодоод үзвэл гал түймэртэй холбоотой дуудлагын тоо нэмэгдсэн гэдгийг мөдхөн харах боломжтой. Халдвараар өдөрт багадаа 10 иргэнээ алдсан гэх мэдээг сонсох нь гунигтай явдал. Гэтэл бусад шалтгаанаас үүдэж амиа алдсан иргэдийн тоо нэмэгдэх нь харамсалтай. Нэг иргэний амь нас гэдэг нэгж алтнаас ч үнэтэй. Гэтэл манай улсад хүний амь нас ямар ч үнэ цэнгүй болжээ.

ӨНГӨРСӨН САРЫН 1-НЭЭС ХОЙШ 120 ИРГЭН УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛД ӨРТЖЭЭ

Дан ганц гал түймэр гэлтгүй угаарын хийн асуудал ч бий. Бие, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндээр хохирохоор тийм л ноцтой зүйл. Гэсэн ч 2021 оны угаарын хийн эрсдэлийн дийлэнх нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой байгаа талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлсэн. Улаанбаатар хотод шилжиж ирээд хаягаа бүртгүүлээгүй, дүүрэг хороонд харьяалалгүй, “Таван толгой түлш” компаниас угаар мэдрэгчээ аваагүй байдлаас үүдэн угаарын хийн эрсдэлд өртөх магадлал өндөр байгаа аж. Үүнийг зориг гэх үү, муйхарлал гэх үү. Энд нэг тоо дуръя. 2019-2020 онд 2970 иргэн угаарын хийн эрсдэлд өртсөн байдаг.

Харин 2020-2021 онд энэ тоо 786 болж буурсан. Угаарын хийн мэдрэгч ашигласнаар эрсдэлийг дөрөв дахин бууруулжээ. Иймээс л угаарын хий мэдрэгчийг гэртээ тавих хэрэгтэй юм. Гэтэл тог цахилгаанаа хэмнэнэ хэмээн угаарын хий мэдрэгчээ салгаснаас үүдэж угаартсан тохиолдлууд ч гарсан. Анхнаасаа аюулыг бодолцон угаар мэдрэгчийн зааварчилгааг өгдөг ч үл тоомсорлох иргэд нэлээдгүй. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү миний дур гэх үлгэр болдог. Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн мэдрэгчийн тусламжтайгаар 58 өрхийн 200 иргэнийг угаарын хийн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлжээ. Харин өнгөрсөн сарын 1-нээс хойш 120 иргэн угаарын хийн эрсдэлд өртсөн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв. Угаарын хий мэдрэгчгүйгээр амьдраад болоод байсан учраас илүү дутуу зүйлээр яах вэ гэх хэнэггүй бодлоо гүндүүгүй монгол зан гэж андуурч болохгүй. Хайхрамжгүй ганц бодлын цаана бүхэл бүтэн өрх бүлийн амь нас оршдог юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top