Их Британийн тусгай албад нууц мэдээллээ АНУ-ын “Amazon” компанид даатгана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Их Британийн гадаад, сөрөх болон радио электроникийн тагнуулын албад АНУ-ын “Amazon” компанитай нууц мэдээллийг аюулгүй хадгалах, боловсруулахад зориулсан үүлэн сервис хөгжүүлэх тухай гэрээ байгуулсан тухай “Financial Times” сонин мэдээлжээ.

Ингэснээр, Их Британийн тусгай албад өөр хоорондоо болон үндсэн чиг үүргийн яамдтай мэдээлэл шуурхай солилцох, хиймэл оюун ухааны тусламжтай мэдээллийг нарийвчлан задлан шинжлэх боломжтой болох юм.

Шинжээчдийн үнэлгээгээр, ирэх 10 жилд Их Британийн тусгай албад Amazon Web Services (AWS) үүлэн платформын үйлчилгээнд зориулж 700 саяас 1.4 тэрбум ам.доллар зарцуулах гэнэ.

Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төвийн тэргүүн асан Киран Мартины хэлснээр, технологийн шинэ шийдлийн тусламжтай тагнуулын албад мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллээ сар, долоо хоног бус хоёр минутын дотор олох боломжтой болох аж. Хиймэл оюун ухааны тусламжтай асар их хэмжээний аудио архиваас тухайн хүний дуу хоолойг илрүүлж, орчуулах зэрэг даалгаврыг хялбархан биелүүлэх боломжтой болж байна.

Нууц мэдээллийг Их Британийн нутаг дэвсгэрт хадгалах бөгөөд “Amazon” компани мэдээллийн санд нэвтрэх боломжгүй аж. Зарим шинжээчид АНУ-ын компанид төрийн нууцыг даатгаснаар Их Британи эрсдэл гаргаж байна гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top