The IIA буюу Дотоод аудиторуудын институт /The Institute of internal auditors/ хэмээх дотоод аудит, эрсдэлийн удирдлага, сайн засаглалын талаар мэргэшсэн, бодлого тодорхойлогч, стандарт тогтоогч Олон улсын томоохон институтийн Монгол Улс дахь салбар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулаад 5 жил болжээ. "Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга А.Одонбаатартай ярилцлаа.
-Та бидэнд энэ байгууллагынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо ТББ нь Дотоод аудиторуудын Олон улсын институт /The IIA/-ыг Монгол Улсад төлөөлж ажиллаж буй албан ёсны, онцгой эрхтэй, цор ганц байгууллага юм. Бид Монгол Улсад сайн засаглал, дотоод аудит, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгоход манлайлах үндсэн зорилготой, сайн дурын үндсэн дээр бүрдсэн, ашгийн бус байгууллага юм.
Бид Сайн засаглал, эрсдэлийн удирдлагын чиглэлээр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агуулга бүхий, ОУ-ын тасралтгүй боловсролын /CPE/ цагийн эрхтэй сургалтууд зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гишүүддээ ОУ-ын сайн туршлага, стандартыг түгээх, дотоод аудитын мэргэжилтнүүд хоорондоо мэдлэг хуваалцах боломжийг олгох, ОУ-ын мэргэшсэн дотоод аудиторын сертификат /CIA/ авахад нь туслах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар бид 150 гаруй албан ёсны гишүүдтэйгээс гадна, үйл ажиллагаанд тогтмол оролцдог 350 орчим эрсдэл, хяналт, дотоод аудитын мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн томоохон мэргэжлийн байгууллага болжээ. Манай холбоонд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, суралцах, хөгжих сонирхолтой бүх хүн гишүүнээр элсэх боломжтой.
-Олон Улсад нэр хүндтэй байгууллагын Монгол Улс албан ёсны, онцгой эрхтэй, цор ганц салбар гэдгийг тодруулахгүй юу?
-Дотоод аудиторуудын Олон улсын институт /The IIA/ нь 1941 онд байгуулагдсан, 170 гаруй оронд 200,000 гаруй гишүүнтэй, дэлхий дахинд дотоод аудитын мэргэжлийн дуу хоолой болсон, чиг хандлага түгээгч, стандартыг тодорхойлогч байгууллага юм.
Бид 2016 онд Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА)-ийн Техникийн Хамтын Ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Монгол Улсын Дотоодын аудитын үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” төсөл, Сангийн яамны дэмжлэгтэйгээр энэхүү байгууллагыг Монгол Улсад төлөөлөх эрхийг туршилтын хугацаагаар авч байлаа. Туршилтын хугацаанд бид гишүүдээ элсүүлэх, бүх гишүүдийн хурлаа хийж, удирдлагаа сонгож, бүрэлдүүлэх, сайн засаглалд нийцсэн дүрэм, журмыг боловсруулах, сургалтууд хийх зэргээр үйл ажиллагаагаа жигдрүүлснээр үндсэн эрхийг авч байлаа. Үүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар 5 жил болжээ.
Олон улсын нэр хүндтэй байгууллагын салбар байх гол онцлог нь Удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3 нь 2 жил тутам солигдох ёстой, Удирдах зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх удирдлагыг жил бүр бүх гишүүдийн хурлаар сонгодог, Удирдах зөвлөл нь боловсролын, аудитын, нэр дэвшүүлэх болон гишүүнчлэлийн хороотой, хөндлөнгийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангаа ил тодоор мэдээлдэг зэрэг “сайн засаглал”-ын зарчимд бүрэн нийцэж ажиллах байдаг.
Дашрамд уг байгууллагыг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан үүсгэн байгуулагчид болон бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, гишүүд, үе үеийн удирдах зөвлөлийн гишүүддээ Талархсанаа илэрхийлмээр байна.
-Өнгөрсөн 5 жилийн хугацаанд танай байгууллага олон зүйлс хийж бүтээсэн байх гэж бодож байна. Та заримаас нь манай уншигчдад ярьж өгнө үү?
Өмнө нь дурдсанчлан Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн контент бүхий, тасралтгүй боловсролын /CPE/ цагийн эрхтэй 8-10 сургалтыг жил бүр зохион байгуулж байна. Манай сургалтын бас нэг онцлог нь сургагч багш нар маань бүгдээрээ дотоод аудит, эрсдэлийн удирдлага, засаглалын чиглэлээр Монгол улсын томоохон байгууллагуудад ажиллаж буй, тухайн сургалтаар заадаг зүйлсийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, нэвтрүүлж буй туршлага бүхий чадварлаг мэргэжилтнүүд байдаг.
Мөн Монгол улсад Дотоод аудит, эрсдэлийн мэргэжлийг сурталчлах, таниулах зорилгоос гадна салбарын мэргэжилтнүүд маань хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцах, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх, салбарын дуу хоолойг салбар бүрд хүргэх зэрэг тодорхой зорилгын дор “Монголын Улсын Дотоод аудиторуудын форум”-ыг 2017 оноос жил бүр зохион байгуулж эхэлснээс хойш өдгөө ОУ-ын оролцогчид, илтгэгч нараар хүрээгээ тэлсэн, салбарын хамгийн том арга хэмжээ болжээ. Танд нэг жишээ хэлэхэд Форум маань 2020 онд “Adapting to the new normal” уриатайгаар виртуал хэлбэрээр зохион байгуулагдахад Нью-Иорк хотын нийтийн тээврийг хариуцдаг 15 мянган хүнтэй том группын Аудитын захирал М.Фүцүли Дэлхий нийтэд үүсээд буй пандемикийн үед аудиторууд хэрхэн ажиллах шаардлагатай байгаа талаар илтгэл тавьж, The IIA-ын Гүйцэтгэх захирал Ричард Чамберс нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж байлаа.
Мөн бид сар бүр гишүүддээ зориулж тухайлсан чиглэлээр зочид урьж “Мэдлэг хуваалцах уулзалт”-ыг зохион байгуулж байна.
-Танай салбарын мэргэжилтнүүдийн хувьд CIA /Certified Internal Auditor/ мэргэшлийн зэрэг цолны ач холбогдол өндөр байдаг гэж сонссон юм байна. Та энэ зэрэг цолны талаар бидэнд мэдээлэл өгөөч?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг нэр хүнд бүхий мэргэшсэн санхүүгийн шинжээч /CFA/, мэргэшсэн нягтлан бодогч /AССА/-тэй адил мэргэшсэн Дотоод аудитор /CIA/-ын цолыг манай толгой байгууллага буюу Дотоод аудиторуудын Олон улсын институт /The IIA/-ээс олгодог. Өмнө нь манай улсад уг шалгалтыг өгөх боломжгүй, гадагшаа явж өгдөг байсан бол 2017 оноос монгол улсад өгөх боломжтой болсон. Энэхүү цолыг эзэмшсэн хүнд карьерын хувьд маш олон боломжууд нээгддэг. Одоогоор уг ОУ-ын цолыг монголд 10 орчим хүн эзэмшдэг бөгөөд илүү олон болгохоор ажиллаж байна.
-Танай холбоонд гишүүнчлэлээр элсэх давуу талууд юу вэ?
-Дотоод аудиторуудын Олон улсын институт /The IIA/-ийн гишүүн болсноор давхар манай холбооны гишүүн болдог. ОУ-ын байгууллагын гишүүн байхын давуу талуудыг товчхон хэлэхэд ОУ-ын мэргэжилтнүүдийн ашиглаж буй стандарт, зөвлөмж, бодлогын баримт бичгүүдийг ашиглах, сар бүр гардаг IA Internal audit сэтгүүлийг унших, гишүүдэд зориулсан вебинар, сургалтуудад хамрагдах, ном худалдан авахад болон бусад сургалтад хөнгөлөлттэй үнээр хамрагдах зэрэг олон боломжууд үүсдэг.
Харин манай холбооны гишүүн болсноор мэргэжил нэгтнүүдтэйгээ танилцах, туршлага солилцох, номын санг үнэгүй ашиглах, сургалт, форумд үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хамрагдахаас гадна монгол улсын шилдэг мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авах боломж бүрддэг.
-Та Дотоод аудитын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Энгийнээр хэлэхэд байгууллага хөгжиж, үйл ажиллагаа нь өргөжих тусам зохистой удирдлагын тогтолцоо буюу сайн засаглал, эрсдэлийн удирдлага шаардлагатай болдог. Уг үйл ажиллагааны хамгийн чухал үүрэг бүхий функцүүд нь төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон дотоод аудит юм. Дотоод аудит нь нэг талаас байгууллагын эздэд Гүйцэтгэх удирдлагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүйгээр, зохистой байдлаар хяналт тавих боломжийг олгодог. Нөгөө талаас байгууллагын бүхий л үйл ажиллагааг хараат бусаар үнэлж, дүгнэж, байгууллагыг зорилгодоо хүрэхэд нь тусалдаг.
Байгууллагын засаглал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг томоор нь харж, үнэлж, сайжруулах зөвлөмжийг өгдөг тул дотоод аудитыг байгууллагын дархлааны систем, эмч гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, таны дархлааны систем ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?, Та ямар эмчид үзүүлэх вэ? гэдэг асуултуудад хариулж байна төсөөлөөд үзээрэй. Хэн ч байсан дархлааны системээ сайн байлгахыг, хамгийн сайн эмчид үзүүлэхийг л хүснэ. Тэгэхээр дотоод аудиторуудыг яг л тийм өндөр ур чадвартай, ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй байхыг шаарддаг юм.
-Тэгвэл та бидэнд Монгол Улсад Дотоод аудитын салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар ярьж өгөөч?
-Дотоод аудитын салбар нь Монголд харьцангуй шинэ тутам хөгжиж буй салбар юм. Байгууллагуудын дотоод хяналтын нэгжүүд нэрээ дотоод аудит болгон өөрчилсөн хугацаа аравхан жилийн өмнө, бүрэн хэмжээнд хараат бус, бие даасан болж эхэлсэн хугацаа түүнээс ч богинохон яригдана. Та анзаарсан бол дотоод аудит нь хараат бус байх гэдэг үг их ашиглагддаг. Манай жил бүрийн форумын хэлэлцүүлгүүдээр ч өргөн хөндөгддөг асуудал. Энэ нь бүтцийн хувьд байгууллагын Гүйцэтгэх удирдлагаас хараат бус байхаас гадна аудиторууд өөрсдөө аливаа сэтгэл хөдлөл, бусад гаднын хүчин зүйлсээс ангид байж, зөвхөн баримт, судалгаанд үндэслэж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэсэн үг юм. Иймд дотоод аудиторууд өөрсдөө мэдлэг, ур, чадвараа өндөр байлгах, хүлээн зөвшөөрөгдсөн байхад анхаарах шаардлагатай. Гэхдээ бас нөгөө талаас байгууллагын эзэд, ТУЗ нь дотоод аудитын функцийн ач холбогдлыг ойлгож, зохистой бүтэц, нөөцөөр хангах, хараат бусаар ажиллах боломжийг бий болгох зэргээр дэмжих шаардлагатай байна.
-Дотоод аудит цаашид хэрхэн хөгжих хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Дотоод аудитын үйл ажиллагаанд дагаж мөрдөх Стандарт, Дотоод аудиторуудын дагаж мөрдөх Ёс зүйн кодыг Дотоод аудиторуудын Олон улсын институт /The IIA/-ээс гаргасан байдаг. Энэхүү баримт бичигт Дотоод аудитын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтаас эхлээд, аргачлал, горим, аудиторууд ямар байх ёстой зэрэг бүх бүрдэл хэсгийн байвал зохих шаардлагыг тодорхой заасан байдаг. Байгууллага бүр дотоод аудитын үйл ажиллагаагаа энэхүү Стандарт, Ёс зүйн кодод нийцүүлэх ёстой. Мэдээж байгууллага бүрийн бүтэц, хэмжээ, хөгжлийн түвшин зэргээс хамаарч хэрэгжүүлэх аргачлал, хугацаа зэрэг нь өөр өөр байх боловч уг стандартад хүрэхийн төлөө ажиллах ёстой юм.
Дотоод аудитын мэргэжил, шаардлага өөрчлөгдөхийн хирээр хүлээн авч буй өнцөг ч мөн маш их өөрчлөгдөж байна. Энэ нь зөвхөн Монгол улсад гэлтгүй дэлхий дахинд явагдаж буй процесс юм. “Дотоод аудиторууд нь болоод өнгөрсөн асуудлаас гадна, аливаа асуудлын талаар бүрэн гүйцэт мэдлэг өгч, ирээдүйд учир болохуйц зүйлсийн талаар ярьдаг байх ёстой” гэж Дотоод аудиторуудын Олон улсын институтийн Ерөнхийлөгч асан Ричард Чамберсийн хэлсэн үг байдаг. Энэ өгүүлбэрээс бид яаж хөгжих ёстойг тодоос тод харж болно. Өмнө нь биднийг хянагч, шалгагч, байгууллагын цагдаа гэж үздэг байсан бол одоо туслагч, итгэлт зөвлөгч, стратегийн хамтрагч гэж харж эхэлж байна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Бүрэн хэмжээнд ингэж харагдах, хүлээн зөвшөөрөгдөх нь бидний мэдлэг ур чадвар, хүчин чармайлт, ажиллаж буй байгууллагадаа оруулж буй хувь нэмрээс ихээхэн хамаарна. Бид болоод өнгөрсөн зүйлсийг л яриад байвал хэзээ ч туслагч, итгэлт зөвлөгч, стратегийн хамтрагч хэмжээнд очиж, үнэ цэн бүтээж чадахгүй.
Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ хирээр шинэ эрсдэлүүд бий болж, өмнө нь байсан зарим эрсдэлүүдийн түвшин буурч байна. Иймд бид эхний ээлжид эрсдэлийн үнэлгээг богино давтамжтай хийх, шинэ тутам үүсэж буй эрсдэлүүдэд төвлөрөх шаардлагатай байна.
Мөн стратегид суурилсан аудитыг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгууллага ямар зорилго тавьсныг мэддэг, тэр зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг нь зөвлөж чаддаг байх ёстой гэсэн үг. Үүний тулд Аудитын захирлууд зөвхөн өөрийн салбарын талаар сайн мэдэхээс гадна бусад салбарын мэдээллийг цаг алдалгүй авч, үйл ажиллагаатайгаа нийцүүлж чаддаг чадвартай байх ёстой.
Сүүлийн хэдэн жилд Монгол Улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж байна. Компаниуд хувьцаа гаргах, нээлттэй компани болохын тулд ТУЗ-тэй, хараат бус гишүүдтэй, аудитын хороо, дотоод аудитортай байх, компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болно. Энэ хэрээр чадварлаг дотоод аудиторуудын хэрэгцээ үлэмж нэмэгдэх хандлагатай байна.
-Та уг ажлаас гадна Голомт банкны Аудит хариуцсан захирлаар ажилладаг. Голомт банк нь сая томоохон олон улсын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэсэн гэсэн?
-Өмнө нь дурдсан Дотоод аудитын үйл ажиллагаанд дагаж мөрдөх Стандарт, Дотоод аудиторуудын дагаж мөрдөх Ёс зүйн кодыг Дотоод аудиторуудын Олон улсын институт гэдэг байгууллагаас гаргадаг. Тус стандартын дагуу аливаа байгууллагын дотоод аудитын үйл ажиллагаа нь уг Стандарт, Ёс зүйн кодтой нийцэж буй эсэх хөндлөнгийн чанарын үнэлгээг хараат бус, бие даасан мэргэжлийн багаар хамгийн багадаа таван жилд нэг удаа хийлгэх ёстой байдаг. Монгол Улсад анх удаа Голомт банк ОУ-ын нэр хүнд бүхий байгууллагаар энэ үнэлгээг хийлгэж, “Стандарт, Ёс зүйн кодтой бүрэн нийцэж байна” гэх үнэлгээг авсан. Өөрөөр хэлбэл Голомт банкны Дотоод аудитын үйл ажиллагаа олон улсын стандартын дагуу явагдаж байна гэдгийг баталгаажуулсан гэсэн үг юм.
Энэхүү үйл явдлыг тодруулж хэлэхэд ОУ-ын нэр хүндтэй байгууллагаар чанарын баталгаажуулалт амжилттай хийгдэх нь зөвхөн бүтэц, үйл ажиллагааны 1-2 жилийн бэлтгэл гэхээс илүүтэй урт хугацааны төлөвлөлт, шат дараатай тодорхой ажлуудын үр дүн гэж ойлговол зөв байх. Бидний хувьд 2018 онд Бутаны Вант улсын Үндэсний банканд дотоод аудит, засаглалыг сайжруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бол 2019 онд гаднын экспертүүдийг урьж, аудитын багтаа ажиллуулсан зэргээр мэргэжилтнүүдээ ОУ-ын түвшинд хүргэх, хүрснийг нь баталгаажуулах шат дараатай ажлуудыг хийж ирсэн. Мөн тэд хамтран ажилладаг Ази Номхон далайн бүс нутгийн олон байгууллагуудтай манай банкны дотоод аудитын үйл ажиллагааг харьцуулсан анализыг хийсэн бөгөөд бид олон үзүүлэлтээр тэргүүлсэн байсан.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
ХОЛБОО БАРИХ
Сэтгэгдэл ( 0 )