Колумбын кока ургамал тариалдаг тариачид 180 цэргийг хоёр хоног олзолсон хэрэг гарчээ. Цэргүүдийг хууль бус тариалалттай тэмцэхээр дайчилсан байжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Тибу хотын захиргаа, эрх бүхий төлөөлөгчийн тусламжтай цэргүүдийг сулласан байна. Тэднийг мод, чихрийн нишингийн мачете хутгаар зэвсэглэсэн тариачид олзолжээ. Цэргүүдийг хоёр хоног орон нутгийн нэгэн сургуулийн байранд хорьсон байна.
Тариачид хүний эрхийг хамгаалах дотоодын болон олон улсын байгууллагуудад хандаж, тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болсон кока ургамлыг устгах кампанит ажлыг зогсоохыг шаардаж байжээ.
НҮБ-ын мэдээллээр, Кататумбо мужийн Тибу хот нь дэлхийд хамгийн томд тооцогдох хар тамхины ургамлын тариалангийн талбайтай. Энд кока ургамлыг 40 мянга гаруй га талбайд тариалдаг байна. Колумб улс нь дэлхийд кокаины экспортоор тэргүүлдэг бөгөөд хамгийн том хэрэглэгч АНУ аж. Коронавирусний цар тахлын улмаас эдийн засгийн хямралд нэрвэгдсэн Колумб улсын хүн амын 42 хувь нь ядуу, 16 хувь нь ажилгүй байна.