Б.Баярдаваа: Одоогийн инфляц яг л АНУ, Япон, Европын холбооны орнуудынхтай ижил

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 04

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Төв банк инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд тодорхой хэлж байгаа. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзвэл нэгдүгээрт, эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар сэргээгүй байна. Үүнтэй уялдаад өрхийн хэрэглээ сэргээгүй, сүүлийн 3 улирал дараалан уналттай гарсан. Нийт эдийн засгийн өсөлт эхний улиралд 14.8 хувь байсан бол 2-р улиралд 0.6 хувь, эхний хагаст 6.3 хувь байв. Энэ нь өсөлт эмзэг, жигд бус байгааг харуулж байна. Дээрээс нь хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэлт буурсан буюу 10 хувь агшсан хэвээр байгаа зэргийг харгалзан үзвэл эрэлт бүрэн сэргээгүй, хэврэг байгааг илтгэнэ. Бид 2021 оны төгсгөлд инфляц зорилтот түвшнээс давах боловч 2022 оны сүүлийн хагаст эргээд буурч, зорилтын түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт эрчимжсэнийг бусад орнуудын адил нийлүүлэлтийн шалтгаантай гэж авч үзэж байгааг онцлон дурдъя. Одоо бий болоод байгаа инфляц яг л АНУ, Япон, Европын холбооны орнуудынхтай ижилхэн. Ерөнхийд нь хэлэхэд 2 хувийн инфляцтай байдаг орнууд 4-6 хувийн инфляцтай байна. Зүүн Европ, Төв Азийн хөгжиж буй орнуудын инфляц 7-8 хувийн түвшинд ирээд байна. Үүнийг дэлхий нийтээрээ сэргэлтийн дараах шок гэж харж байна” гэв.

Мөн тэрбээр “Цар тахлын үед инфляцын өсөлт бүх оронд бий болсон нь ерөнхийдөө нийтлэг шалтгаантай. Үүнд шатахуун, хүнс, эрчим хүч, тээвэр ложистикийн үнийн өсөлтийг дурдаж болно. Харин эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор үүссэн эрэлтийн шалтгаантай инфляц улс орнуудад харилцан адилгүй байгаа. Зарим оронд, ялангуяа цар тахалд бага өртсөн, вакцинжуулалт амжилттай өрнөсөн, эргээд эрчимтэй сэргэж буй орнуудын хувьд эрэлтийн хүчин зүйлсийн инфляцад үзүүлэх нөлөө эхэлж байна. Үүнтэй уялдуулаад төв банкууд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Тухайлбал ойрын хугацаанд 31 төв банк бодлогын хүүдээ өөрчлөлт оруулах 56 удаагийн шийдвэр гаргаснаас 48 удаад нь бодлогын хүүгээ өсгөж, үлдсэн 8 удаад нь бодлогын хүүгээ бууруулахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхээр эрэлтийн шинж чанартай инфляцтайгаа уялдуулж бодлогын шийдвэрүүдээ гаргаж байгаа гэсэн үг. Тиймээс эрэлтийн шинжтэй инфляцыг өдөөж буй үзүүлэлтүүдийг тодорхойлохын тулд Төв банкууд хөдөлмөр өндөр шингээсэн салбаруудын өсөлт, ажилгүйдлийн бууралт, эдийн засгийн өсөлтийн төлөв эмзэг эсэхийг таних, мөн хэрэглээ сэргэсэн эсэхийг анхаарах шаардлагатай болж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ч дээрх хүчин зүйлсийг харгалзан үзээд есдүгээр сарын 16-ны өдөр бодлогын хүүгээ хэвээр үлдээх нь гэсэн шийдвэр гаргаад байна” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top