Тус коллежийн төгсөгчид “The hu” хамтлагийн хөгжмийг бүтээснээс гадна Байгалийн түүхийн музейн оройн дээд чимэг болох алтан шонхор шувууг урлажээ-
Залуучууд мэргэжил сонгохдоо төгсөөд ажлын байртай байх баталгаатайг, хэн хүний сонирхоод байдагггүй ч хүн бүхний мэддэг мэргэжлийг сонгодог болжээ. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд хүрээгээ өргөжүүлж Политехникийн коллеж болтлоо хөгжиж үе үеийн ажилчдыг бэлтгэж ажилтай, орлоготой болгосоор ирсэн. Чавдарлаг боловсон хүчин, эрэлттэй мэргэжлээр сургадаг дээрх сургуулиудын нэг бол бидний нэрлэж заншсанаар Гандийн нэрэмжит сургууль юм. Энэхүү сургууль нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехникийн коллеж болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Сургалт, үйлдвэрлэл, бүтээх, урлах үйл өрнөсөн эрдмийн өргөөгөөр сурвалжилга бэлтгэснээ хүргэе.
ЭНЭ ЖИЛ ТУС КОЛЛЕЖИД 680 ХҮҮХЭД ЕСДҮГЭЭР АНГИАСАА ЭЛСЭН СУРАЛЦЖЭЭ
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 1966 онд байгуулагдсан, 55 жилийн түүхтэй сургууль билээ. Энэхүү сургуульд нийтлэг үйлчилгээ, техник технологи, үйлдвэрлэлийн болон урлал дизайны гэсэн 38 төрлийн мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг байна. Соёл, урлаг, боловсрол, үйлчилгээ, аж үйлдвэр, санхүү, бизнес худалдаа, мэдээллийн технологи, авто тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал гэсэн найман салбарт 38 төрлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдгээрээ онцлогтой. Энэ хичээлийн жилд 900 гаруй элсэлт авчээ. Элсэлтээ хавар, намар, өвлийн гэж гурав ангилж байгаа бөгөөд энэ нь дэвшин суралцах хүсэлтэй суралцагчдад таатай боломж бий болж буй хэрэг юм.
Тус коллеж нь энэ жил 2300 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сүүлийн таван жилийн байдлаар нийт 3200 гаруй төгсөгч төгсөж 70 гаруй хувь нь шууд ажлын байранд зуучлагдан ажиллаж, 30 орчим хувь нь дэвшин суралцсан аж. Сургалтын албаны менежер Б.Мядагбадам “Манай сургуульд энэ жил 900 гаруй хүүхэд элссэнээс 680 нь есдүгээр ангиасаа элсэн суралцсан. Эдгээр хүүхдүүд 2.5 жил мэргэжлийн боловсрол эзэмшихийн сацуу ерөнхий боловсролын суурь мэдлэгийн үнэмлэхтэй төгсөнө. Төгсөөд 1.5 жил техникийн боловсрол олгох сургалтанд дэвшин хамрагдах боломжтой. Техникийн боловсрол олгох сургалт нь 1.5 жил болон гурван жилийн сонголттой.
Мэргэжлийн боловсрол олгох сургалт үнэ төлбөргүй бол техникийн боловсрол олгох сургалт нь жилийн 650 мянган төгрөгийн төлбөртэй. Мөн мэргэжлийн боловсрол олгох сургалтанд хамрагдаж буй суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн степент олгодог. Сурагчид маань энэ мөнгөө сургалтын хэрэглэгдэхүүн болон хэрэглээндээ зарцуулдаг тул сэтгэл хангалуун байдаг. Сургуулийн дотуур байр нь 250 суралцагч амьдрах боломжтой. Мэргэжлийн боловсролын суралцагчдын хувьд үнэ төлбөргүй байдаг бөгөөд дотуур байранд амьдардаг суралцагч нарт сар бүр 70 мянган төгрөг олгодог” гэлээ. Үсчний хоёрдугаар дамжааны суралцагч З.Намуун “Би үсчний мэргэжлээр суралцаж байгаадаа баяртай байна.
Цаашид энэ сургуульдаа дэвшин суралцаад гадаадын сургуульд явах сонирхолтой. Үсчин гэдэг хүний гадаад төрхийг гоё сайхан болгодог, өөрийн гэсэн стилийг нь олж өөрчилж өгдөг чухал мэргэжил. Би сарын степэнтийн 200 мянган төгрөгөөрөө хичээлийн багаж хэрэгсэл худалдаж авдаг. Хайч, самаас эхлээд үсчин хүнд хэрэгтэй зүйл их байдаг” гэлээ. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн нэг жилтэй буюу насанд хүрэгчдийн сургалтад жилд дунджаар 150-180 суралцагч сурч мэргэжил эзэмшиж байгаа бол 2.5 жилийн мэргэжлийн боловсролын сургалтад 18 мэргэжлээр 1800 суралцагч суралцаж байгаа аж.
ТӨГСӨГЧДИЙН 70 ГАРУЙ ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРТАЙ БОЛДОГ
Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 90 багш, 40 гаруй ажилтан албан хаагчтай. Нийт багш нарын 56 хувь нь бакалавр, 34 хувь нь магистр зэрэгтэй аж. Бүхий л боловсролын байгууллагууд цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цахимаар хичээллэсэн. Тус сургуулийн багш нар цахим сургалтын системийг боловсруулан хөгжүүлэлт хийж сургалт, удирдлагын системийг өөрсдөө удирдаж байгаа нь сайшаалтай. Нийт багш, суралцагчдын хичээл цахим талбарт амжилттай явагдаж байгааг дуулгаж байна лээ.
Мэдээллийн технологийн багш нарын боловсруулсан www.hicheel.pas.mn, www.elselt.pas.mn www.pas.mn сайтуудыг түшиглэн сургуулийн бүхий л үйл ажиллагааг цахим орчинд удирдан зохион байгуулж байгаа аж. Үсчин мэргэжлийн багшаар 12 жил ажиллаж буй Б.Чулуун-Эрдэнэ багш “Өнгөрсөн хугацаанд таван ангийн 150 орчим төгсөгч дааж төгсгөсөн. Манай шавь нар төгсөөд 70 хувь нь ажлын байртай болдог. Үсчин мэргэжил бол эрэлттэй, ажлын байр нь бэлэн байдгаараа давуу талтай. Манай төгсөгчдөөс дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай оролцсон алдартай үсчин олон байдаг. Шавь нартаа мэргэжилдээ дурла гэж хэлэх дуртай” хэмээлээ.
Тус сургууль насанд хүрэгчдэд агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, нягтлан бодох бүртгэл, тооцооны ажилтан, үсчин, гоо засалч, тогооч, ангийн үс, үслэг эдлэл, арьс савхин бүтээгдэхүүний оёдолчин, гутлын үйлдвэрийн технологийн ажилтан, гагнуурчин зэрэг мэргэжил эзэмшүүлж байгаа аж. Харин 2.5 жилээр автомашин засварчин, цахилгаанчин, цахим хэрэгслийн засварчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, гагнуурчин, зочид буудлын жуулчны баазын үйлчилгээний ажилтан, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, өгөгдлийн сангийн оператор, хэвлэлийн график дизайнч, үсчин, гоо засалч, тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, монгол дархан, зураач, чимэглэгч, үнэт эдлэлийн дархан, бэлэг дурсгалын зүйл урлаач, арьсаар гар урлалын зүйл урлаач мэргэжлээр суралцах боломжтой.
Харин 1.5 жилээр интерьер дизайнч, үйлдвэрлэлийн график дизайнч, чимэглэх урлаг, зураач-чимэглэлч, хувцас дизайнч, вэб, мультимедиа зохиогч, гоо заслын технологич, үс засалч технологич, автомашины механикч, мехатроникч, цахилгаан техникч, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний техник-технологич мэргэжлээр суралцуулж байгаа юм байна. Гурван жилээр интерьер дизайнч, үйлдвэрлэлийн график дизайнч, чимэглэх урлаг, зураач-чимэглэлч, хувцас дизайнч, вэб, мультимедиа зохиогч, автомашины механикч, мехатроникч, цахилгаан техникч, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний техник-технологич зэрэг мэргэжил багтаж байна.
СУРАЛЦАГЧДАА ГАДААДАД СУРГАН ТӨГСГӨЖ, ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ДЭВШИН СУРАЛЦУУЛДАГ
Дээрх чиглэлийн мэргэжлүүдэд ур чадварын үнэлгээг ажлын байран дээр хийдэг бөгөөд боловсролын түншлэлийн хүрээнд Солонгосын Кен-Ин-ий их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлж, 1+1 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ ажлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд 12 суралцагчийг агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлээр сурган төгсгөж найман суралцагч дэвшин суралцаж байгаа юм байна.
Мөн энэ хичээлийн жилд 16 суралцагчийг Солонгос улсад агаарын хөлгийн үйлчилгээний ажилтан мэргэжлээр суралцуулахаар явуулсан нь онцлууштай үйл явдал болжээ. ШУТИС, ХААИС, Сити их сургууль зэрэг дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, багш нарыг чадавхжуулах, төгсөгчдийг дэвшин сургах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь нийт суралцагчдад ирээдүйд өөрийгөө хөгжүүлэх томоохон боломж олгож байгаа юм.
Тус сургууль нь “Хөгжлийг урлан бүтээе” уриатайгаар “Нээлттэй, ногоон, цахим сургууль” болох стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Коллежийн сургалт олгож буй мэргэжлүүдийг дараах гурван хэв шинжид хуваан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцсэн гэж үзэж байгаа нь анхаарал татаж байв. Үүнд, хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломжтой үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэдэг, техник, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг, Монголын өв соёлыг хадгалах мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэдгээрээ брэнд бий болгож байгаа юм байна.
Үнэхээр л үсчин, гоо засалч, тогооч, оёдол, хувцас загвар зохион бүтээгч зэрэг мэргэжлүүдээрээ төгсөгч өөрөө ажлын байраа бий болгох боломжтой, бие даан зах зээлд гарах нөхцөл боломж бүрэн байгаа мэргэжлүүд юм. Техник, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр мехатроник, цахилгаанчин, вэбмультмедиа, өгөгдлийн сангийн оператор зэрэг мэргэжлүүд нь өнөөгийн эрэлттэй мэргэжил болоод байна. Монгол Улсын өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн гарааг тодорхойлох салбарын хөгжилд вэбмультмедиа зохиогчийн ангийн төгсөгчид гар утас, компьютер дээр олон төрлийн аппликейшн зохиож сурснаараа хүч түрэн орж ирж байгаа нь бахдууштай.
Мөн түүнчлэн өв соёлыг хадгалах мэргэжилд монгол дархан, үнэт эдлэлийн дархан, сийлбэрчин, хүүхэлдэйн урлал зэрэг монголын уламжлалт арга ухааныг шингээсэн бүтээлүүдийг урлан бүтээдэг урлаачдыг багтааж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад тус сургуулийн багш нар Байгалийн түүхийн музейн оройн дээд чимэг болох алтан шонхор шувууг хийсэн нь бахархалт ажлын нэг болжээ. Мөн монгол хүүхэлдэйн урлалын зарим патентийг тус сургуулийн багш нар эзэмшдэг аж.
ТУС КОЛЛЕЖ НЬ 300 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежид оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв ажилладаг бөгөөд сул ажлын байрны мэдээлэл, хөдөлмөрийн бирж, аж ахуйн нэгжээс ажлын санал авдаг байна. Энэ ажлыг оюутнууд өөрсдөө гардан хийдэг нь ажлын байр бий болгох арга ухаанд суралцах бас нэгэн түлхүүр болж өгдөг онцлогтой. Нийгмийн болон боловсролын түншлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх бодлогоор нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төвүүд, ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн холбоод, мэргэжлийн боловсролын салбар зөвлөлүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Мөн суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих тал дээр хоёр ч арга зүйч ажиллаж байна. Нийгмийн түншлэл, үйлдвэрлэл сургалт хариуцсан арга зүйч Ц.Дэлгэрмаа “Манай коллеж нь нийгмийн түншлэлийн чиглэлээр 300 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Дээрх газруудад суралцагчдаа дадлагажуулж, төгсөнгүүт ажлын байрыг нь бэлэн байлгах үүргийг хангаж ажилладаг. Уржнан жилийн өвлийн төгсөлтөөр 443 суралцагч төгссөнөөс 60 хувь нь ажлын байртай болж, 45 төгсөгч дэвшин суралцаж, 28 төгсөгч их дээд сургуульд элссэн.
Тэгвэл өнгөрсөн жилийн тухайд 30 ангийн 24 мэргэжлээр нийт 539 оюутан төгссөн байна. Манай төгсөгчид ажлын байр нь бэлэн байдгаас гадна, өөртөө ажлын байр бий болгох чадвартай” гэж бахархан өгүүллээ. Тус коллеж нь авто машин засварын чиглэлээр “Prius center”, “UB auto center”, “Doctor auto center”-тэй хамтран ажиллаж байгаа аж. Тэгвэл хоол үйлдвэрлэлийн чиглэлээр “Хүннү мол” ресторан, “Берлин бургер”, “Bluesky” зэрэг өндөр зэрэглэлийн ресторануудтай гэрээтэй ажилладаг юм байна. Оёдлын чиглэлээр “Батзүү”, “Цагаан шонхор”, “Дархан минж”, “Булгиар” зэрэг компаниудтай хамтарч ажилчдаар хангадаг бол үсчин гоо сайхан чиглэлээр “Хос шагай”, “Хүрлээ”, “Одонгоо салон”, “Үсчин гоо сайханчдын холбоо”-той хамтарч ажилладаг байна. Харин урлаг дизайны чиглээр “Хас гоёл”, “Крамик арт студи”, “Drom design”, “Урчуудын эвлэлийн холбоотой гэрээтэй ажилладаг гэлээ. Мөн цахилгаанчин, гагнуурчин чиглэлээр ч салбарын тэргүүлэх зэргийн компаниудтай хамтарч ажилладаг гэдгээрээ бахархаж байв. Тус сургуулийг веб мульт медиа зохиогчоор 2018 онд төгссөн Х.Асылбек “Алтайн хүдэр” компанийн мэдээллийн технологийн инженерээр, Л.Батзориг “Bluesky кашмер” компанийн мэдээлэл технологийн ажилтнаар ажиллаж байгаа аж.
Мөн М.Уламбаяр багштай 2008 оны уран сийлбэрийн ангийн төгсөгчид дэлхийд нэрээ дуурсгаад буй “The HU” хамтлагийн хөгжмүүдийг урлан бүтээжээ. Энэ мэтчилэн бахархах жишээ олон. Уран дархан С.Баянмонгол, барималч Х.Батчулуун, сийлбэрч Д.Анхбаяр зэрэг авьяас чадвараараа гайхагдаж буй уран бүтээлчдийг дурдаад байвал дуусашгүй. Гандийн сургуулийн төгсөгчид хаа ч очсон чамлагдахааргүй чадвартай. Хөдөлгөөнтэй, сэргэлэн, бүтээлч, нээлттэй, эрх чөлөөт сэтгэлгээгээрээ бусдаас ялгардаг байна. Улс орныхоо бүтээн байгуулалт, урлаг соёл, үйлчилгээ, аялал жуулчлал гээд олон салбарт түүчээлж, манлайлж буй төгсөгчдөөрөө багш нар нь үргэлж бахархаж явдаг юм билээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )