Ерөнхий боловсролын сургуулиудын бүтэц, байршил, хэв шинжийг газар зүйн мэдээллийн систем /GIS/-ийн тусламжтайгаар оновчтой тогтоох талаар 2022 оны төсвийн төсөлд тодотгосон байна.
Газарзүйн мэдээллийг цуглуулах, хадгалах, шинжлэх, харуулах зориулалт бүхий GIS системийг боловсролын мэдээллийн системтэй холбож, боловсролын макро түвшний төлөвлөлт, шийдвэр гаргалтдаа ашигладаг болох аж.
Зарим хөдөөгийн сумдын сургуулиудын хувьд бүлэг дүүргэлт бага, нарийн мэргэжлийн багш хүрэлцээгүй, сургалтын хэрэглэгдэхүүний зардал хангалтгүй бөгөөд хуваарилагдсан төсвийн дийлэнх нь барилгын ашиглалтын зардлаа санхүүжүүлэхэд зарцуулж байна. Ийм тохиолдолд хүртээмжийг хангаж байна гэж үзэж болох боловч хүүхдэд олгож байгаа боловсролын чанарын хувьд хангалтгүй байсаар байна.
Нийслэлийн зарим өндөр ачаалалтай сургуульд нэг ангид 50-60 хүүхэд суралцдаг. Энэ тохиолдолд багш хүүхдэд бүрд хүрч ажиллах боломжгүй болдог нь сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна.
Түүнчлэн нийслэлийн зарим томоохон сургуульд хамран сургах тойргийн биш хүүхдүүд хотын өнцөг булан бүрээс ирж суралцдаг нь хотын түгжрэлийн нэг шалтгаан болж байна. Тухайлбал нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг дунджаас олон буюу 1,600-с дээш сурагчтай 18 ЕБС-д нийт 52.4 мянган хүүхэд суралцаж байгаагийн 31 мянган хүүхэд нь хамран сургах тойргийн сурагч биш байна.
Тиймээс газарзүйн мэдээллийн систем, боловсролын мэдээллийн систем хоёрыг нэгтгэсэн системийг төлөвлөлтөд ашиглаж шинээр сургууль барих байршлыг тодорхойлох, бүлэг дүүргэлт багатай сургуулиудын бүтэц, байршил, хэв шинжийг оновчтой байдлаар дахин зохион байгуулах зэрэг бодлогын төлөвлөлтийг алдаагүй хийх боломжтой болно гэж Засгийн газар үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )