Рэпер Скоттыг концертыг зохион байгуулж чадаагүй хэмээн шүүхэд өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

АНУ-ын Хьюстон хотод болсон “Astroworld Festival” хөгжмийн наадмын нэгэн үзэгч рэппер Трэвис Скотт болон зохион байгуулагчдыг Харрис тойргийн шүүхэд өгчээ. Тус наадмын үеэр шахцалдаан болсны улмаас найман хүн амиа алдаж, 300 орчим хүн гэмтэж бэртсэн билээ.

Шүүхэд хандсан Мануэл Соуза гэгч эмгэнэлт явдал гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэж үзэж байна. Тэрбээр зохион байгуулагчид ашиг олохын тулд үзэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаар дэнчин тавьсан гэж онцолжээ.

Тус концертын үеэр гарсан шахцалдааны үеэр 14-27 насны найман хүн амиа алдаж, 13 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Рэппер болсон хэрэг явдалтай холбогдуулан цагдаагийнхантай хамтран ажиллаж байгаа тухай мэдэгджээ.

Концертын үеэр нийт 1.2 мянган цагдаа, хамгаалагч аюулгүй байдлыг хангаж байсан байна. “Astroworld Festival” хөгжмийн наадамд 50 мянга орчим хүн цугларсан байна. Болсон хэрэг явдлын улмаас хоёр хоног үргэлжлэх байсан наадмын хоёр дахь өдрийн арга хэмжээг цуцалжээ.

Онцгой байдлын албан ирсэн анхны мэдээллээр, хөгжмийн наадмын нээлтийн үеэр үзэгчид тайз руу түрэн ойртох үеэр шахцалдаан үүсэж, зарим хүмүүс ухаан алдаж унасан байна. Энэ үеэр 300 орчим хүн газар дээр эмнэлгийн тусламж авчээ.

“Astroworld Festival” наадмыг рэппер Трэвис Скотт 2018 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top