АНУ-ын Техас мужид орон нутгийн жижиг зам дээр дүрвэгсдийн цогцос бүхий ачааны тэргээ орхисон жолооч Омеро Заморано болон түүний хамсаатан Кристиан Мартинест цаазын ял оноох боломжтой. Хууль бус 53 дүрвэгчийн аминд хүрсэн энэ хэрэгт мөн хоёр хүнийг холбон шалгаж байна гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.
Замораног гаднын иргэдийг хууль бусаар тээвэрлэж, үхэлд хүргэсэн хэрэгт буруутгаж байна. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл түүнд бүх насаар нь хорих эсвэл цаазын ял оноож магадгүй гэнэ. Мөн ижил ялыг түүний хамсаатан Кристиан Мартинес авч магадгүй. Тэднээс гадна Мексикийн иргэн Хуан Мендес, Хуан Бильбао нарыг галт зэвсэг хууль бусаар хадгалж байсан хэргээр буруутгаж байна. Хууль сахиулагчдын мэдээллээр, дүрвэгсэд нас барсан ачааны тэрэг тэдний нэр дээр бүртгэлтэй байжээ. Тэдэнд 10 хүртэлх жилийн ял оноож болзошгүй.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал гүнзгийрэхтэй зэрэгцэн Латин Америкаас АНУ-г зорих дүрвэгсдийн цуваа дээд цэгтээ хүрээд байна. Сүүлийн есөн сард АНУ-ын эрх баригчид Мексиктэй залгаа хил дээр саатуулсан хууль бус дүрвэгсдийн тоо нэг саяыг давжээ.
Сэтгэгдэл ( 0 )