Робот хүнийг хайрцагтай андууран, бяц даржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 13

Уран зөгнөгчдийн машинууд хүний эсрэг босох мэт аймшигт зөгнөлүүд биелж байгаа гэлтэй үйл явдал БНСУ-д тохиожээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, 40 настай нэгэн инженер үйлдвэрт ажилладаг роботын хохирогч болсон байна.

Өмнөд Кёнсан муж дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрийн Түгээлтийн төвд ажилладаг инженер роботод няц даруулж, амиа алджээ. Машиныг амтат чинжүү бүхий хайрцгийг өргөн, зөөгч машин дээр тавихаар программчилсан байжээ. Хэрэг хэрхэн өрнөсөн нь тодорхойгүй байгаа ч робот хүнийг хайрцагтай андуурч, цээж хэсэг болон тархийг нь бяц даржээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь амьсгал хураасан байна. 

Эмгэнэлт явдал машиныг турших үед гарсан гэж цагдаагийн албанаас мэдээллээ. Машиныг энэ сарын 6-нд турших ёстой байсан ч техникийн гэмтлээс болж 8-ныг хүртэл хойшлуулсан байжээ. 

Эмгэнэлт ослын дараа тус компанийн удирдлагууд "Аюулгүй автомат систем бүтээхэд анхаарна" гэж мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top