Японд хүн дүрст роботыг нисэх онгоцны буудалд туршиж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын ачаа тээшний хэсэгт хүн дүрст роботуудыг туршилтын журмаар ажиллуулахаар болжээ.

Японы иргэний агаарын тээврийн “Japan Airlines” компани ирэх сараас эхлэн энэхүү туршилтыг явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цаашид роботуудын байнгын үндсэн дээр ажиллуулахаар зорьжээ.

JAL компани энэхүү туршилтаа 2028 оныг дуустал үргэлжлүүлэх бөгөөд ингэснээр ачаа тээш хариуцсан ажилчдынхаа ачааллыг бууруулах, ажиллах хүчний хомстолтой холбоотой сорилтыг шийдвэрлэнэ гэж найдаж байна. Японы Ханеда нисэх онгоцны буудал жилд 60 сая зорчигчдод үйлчилдэг байна.

Энэхүү санаачилгын хүрээнд Японы Ханжоу хотод төвтэй “Unitree” компанийн үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг танилцуулжээ. 130 см өндөр машинуудад биеийн хүч шаардсан ажлыг даатгаж байгаа ч аюулгүй байдлыг хангах үүргийг хүмүүс гүйцэтгэсээр байна гэж JAL компанийн үйлчилгээ хариуцсан захирал Ёшитэрү Сүзүки мэдэгджээ.

Энэ оны эхний хоёр сард гэхэд Япон улс долоон сая гаруй гаднын жуулчдыг хүлээн авчээ. Судалгаанаас үзвэл, ажиллах хүчний хомстолтой нүүр тулаад байгаа тус улсад 2040 он гэхэд 6.5 сая гаднын ажиллах хүч шаардагдах аж. Нисэх онгоцны буудлууд ихээхэн автоматжиж байгаа ч дотоод үйл ажиллагаа хүнээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Гэтэл ажиллах хүчний зах зээл дээр онцтой хомстол нүүрлээд байна гэж шинжээчид онцолжээ.

Хүн дүрст роботууд нэг удаагийн цэнэглэлтээр 2-3 цаг тасралтгүй ажиллах чадвартай ба цаашид тэдэнд онгоцны салоныг цэвэрлэх ажлыг хариуцуулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top