Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Honor компанийн бүтээсэн робот хагас марафоны 21 км-ийн зайг 50 минут 26 секундэд туулж, Угандагийн гүйгч Жейкоб Киплимогийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг долоон минутаар ахиулжээ.
Ингэхдээ робот барианд хүрэхээс өмнөхөн хаалт мөргөж, босохдоо хугацаа алдсан байна.
Хоёр дахь удаагийн Хятадын роботуудын хагас марафонд зуу гаруй робот уралдсан байна.
Өнгөрсөн оны тэмцээний үр дүнтэй харьцуулахад энэ жилийнх ихээхэн дэвшилд хүрчээ. Өнгөрсөн жилийн ялагч робот мөн зайг хоёр цаг, 40 минут 42 секундэд туулж байв. Түүнчлэн, өнгөрсөн оны бүх оролцогчдыг зайнаас удирдаж байсан бол энэ жилийн оролцогчдын 40 хувь нь бие даан өрсөлджээ.
Хэдийгээр хамгийн түрүүнд барианд орсон робот 48 минут 19 секундийг амжилтыг үзүүлсэн ч дүрмийн дагуу алсын удирдлагатай бус автоном чиглүүлэгчтэйд нь ялалтыг өгчээ.
CCTV сувгийн дамжуулснаар, хөдөлгөөний зохицуулалтыг гарын дохио, дуу хоолойн тусламжтай робот гүйцэтгэсэн байна.
Ялсан робот нь 95 см урт хөлтэй бөгөөд шингэн хөргүүрээр тоноглогдсон нь давуу тал болсон гэж зохион бүтээгчид нь ярьжээ. Ирээдүйд эл технологийг аж үйлдвэрийн төслүүдэд ашиглах боломжтой гэж үзэж байна.
Сонирхуулахад, судалгааны Counterpoint Research компанийн мэдээллээр, Хятад улс хүн дүрст роботын нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. 2025 онд дэлхийн улс орнуудад ашиглагдаж байсан 16 мянган роботын 80 гаруй хувийг Хятадаас нийлүүлжээ. Харин Tesla компани дөнгөж таван хувийг нийлүүлсэн байна.
Хятадын зах зээл дээр тэргүүлэгч AgiBot болон Unitree компаниуд өнгөрсөн жил тус бүр 5000 гаруй хүн дүрст робот үйлдвэрлэжээ. Тус компани хүчин чадлаа өргөжүүлж, жилд 75 мянган хүн дүрст робот үйлдвэрлэхээр ажиллаж байна.
Хэдийгээр гүйдэг роботууд гоё харагдаж байгаа ч марафоны үеэр харуулсан тэдний чадвар аж үйлдвэрийн салбарт хүн дүрст роботуудыг өргөнөөр нэвтрүүлэхэд дутагдалтай гэж шинжээчид үзэж байна.
Үүний гол шалтгаан нь роботуудын IQ хэтэрхий бага гэж Yuanli Lingji стартапын үүсгэн байгуулагч Тан Вэньбинь мэдэгдэж байжээ. Шинжээчдийн онцолсноор, Хятадын компаниуд хүн дүрст роботуудыг хүн шиг ажилладаг болгоход хиймэл оюун ухааны программ хангамжийг боловсруулахад хүндрэлтэй нүүр тулсан хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )