Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн "ҮЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ"-дээс ТАТГАЛЗЪЯ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

БНХАУ-ын Эрээн дэх боомт хаагдсанаас үүдэн Монголд хүнсний нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл хомсдож, зарим бүтээгдэхүүний үнэ “тэнгэрт хадаж” байна.

Харамсалтай, үндэсний үйлдвэрлэгчид энэ цаг үеийг завшаан гэж ашиглан, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмжээ.

Цар тахлын улмаас эдийн засгийн хүндхэн байдалд орсон монголчууд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний байгууллагуудын үнэд өдрөөс өдөрт дарлуулсаар байна.

Хилийн боомт хаагдаж, импортын бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнээ нэмж байна гэж ойлгож байгаа. Гэтэл бүтээгдэхүүний түүхий эдээ дотоодоосоо авдаг байгууллагууд үнэ ханшаа өсгөсөн нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэж байна.

Улмаар үндэслэлгүйгээр үнээ нэмсэн үйлдвэрлэгчдээс татгалзах санаачилга ч өрнөж эхэлжээ.

Үндэслэлгүйгээр бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмсэн хэд хэдэн жишээг дор дурдъя

Иргэдийн дунд хамгийн их бухимдал төрүүлж байгаа байгууллага бол “Жин туул” нарийн боов үйлдвэрлэгч компани



“Жин туул” компани хилийн боомт хаагдсанаас хойш нарийн боовныхоо үнийг 4150-9000 төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй. Энэ мэдээллийн дагуу “Номин” сүлжээ дэлгүүр болон “Барс” худалдааны төвөөр орж, “Жин туул”-ын нарийн боовны үнийг харьцууллаа.

Иргэдийн хүнсний бүтээгдэхүүнээ бөөнөөр нь авдаг “Барс” худалдааны төвийн нарийн боовны тасагт олон нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн байлаа. Гэхдээ “Жин туул” компанийн бүтээгдэхүүн ховор харагдана.

Энэ талаар худалдагч “Жин туул”-ын бүтээгдэхүүний үнэ 1500-2500 төгрөгөөр нэмэгдэж ирсэн. Үүнээс болоод худалдан авагч ч багассан. Гэхдээ байнгын үйлчлүүлэгч цөөн хүн авч байгаа. Тиймээс маш бага тоогоор захиалж авч байгаа” гэлээ.

“Барс” худалдааны төвд “Жин туул” компанийн “Шагшуурга” нарийн боов 4800 төгрөг байсан бол 1700 төгрөгөөр өсөж, 6500 төгрөгт хүрчээ. Энэ үйлдвэрийн ихэнх нарийн боов 6500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.

Харин “Номин” худалдааны төвд “Өгөөж”, “Бамбарууш” гэх мэт үйлдвэрлэгч бүрийн бүтээгдэхүүнийг ангилан өрсөн байлаа. Энд “Жин туул”-ын "Шагшуурга" 7699 төгрөг, "Аарцтай болучка" 7699, "Саран" нэрийн боов 7199 төгрөгийн үнэтэй байв.

Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бүтээгдэхүүний үнийг өөрчлөх нь байж болох зүйл ч энэ удаагийн тохиолдлыг хэрэглэгчдйн дийлэнх нь "Шударга бус" гэж үзэж байгаа юм. Тэд “Жин туулаас татгалзъя” гэсэн санаачилга хүртэл гаргаж, оон нийтийн сүлжээнд асуулга өрнүүлжээ. 
 

Дур зоргоороо үнэ тогтоодог такси үйлчилгээ



Шатахууны импорт тасарсан сургаар нэг километрт 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан таксинны жолооч нар үнээ даруй 1500-2000 төгрөг болгосон нь одоо ч иргэдийг бухимдуулсаар байна. 

Шатахууны хомсдол байхгүй болсон ч таксины үнэ нэмэгдсэн өртгөөрөө үлджээ. Монголд тогтсон хамгийн онцгүй жишиг бол энэ. Ямар ч үйлчилгээний байгууллага, бараа бүтээгдэхүүний үнийг зөв, буруу алив шалтгаанаар нэмсэн л бол цаг үеийн байдалтайгаа уялдуулж, буцааж буулгана гэж байхгүй.

Бид өмнөх сурвалжилгаараа иргэдийн хамгийн их унадаг "Prius" автомашинаар баримжаалан нэг километр зам туулахад хичнээн төгрөг зарцуулж буйг тооцож байв.

Prius автомашин 100 км-т хамгийн ихдээ найман литр шатахуун хэрэглэдэг байна. Нэг литр АИ92 шатахуун 2050 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэж бодоход 100 км-т 16.400 төгрөгийн шатахуун хэрэглэнэ гэсэн үг. Харин км тутамд гээд тооцоод үзвэл, 164 төгрөгөөр нэг км газрыг туулах аж. Үүн дээр ашиглалтын зардлыг шингээж, 400 төгрөг нэмлээ гэхэд 564 төгрөгөөр нэг км замыг туулдаг гэсэн үг аж. 

Гэтэл такси километр тутамд 1500-2000 төгрөгөөр үйлчилж байна.

“Тэнгэрт тулсан" үнэтэй түрээсийн байрууд



“Нарийн тооцоод үзвэл нэг өрөө байрыг 650-800 мянган төгрөгөөр түрээсэлж, хий дэмий мөнгөө үрэгдүүлж байхаар урьдчилгаа төлөөд байртай болсон нь дээр” гэж иргэд ярих болжээ. Учир нь түрээслэгчид нэг өрөө байрыг 650-800 мянган төгрөгөөр түрээсэлнэ хэмээн өндөр үнэ тогтоож, дээр нь нэмээд 6-12 сарын төлбөрөө нэг дор урьдчилж авна гэх.

Ингээд бодоод үзэхэд байрны урьдчилгаа төлөхөд ч болохоор байна гэх иргэдийн бухимдал бас л буурсангүй.

Түрээсийн байрны үнэ ханшийг хянах ямар ч байгууллага байхгүй. Бас л дур зоргоороо үнэ тогтоогчид...

Уламжлалт хэрэглээ малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн



Иргэдийн дунд хамгийн их гайхшрал төрүүлж буй үнэ өссөн бүтээгдэхүүн бол сүү, цагаан идээ. Малын гаралтай, үндэсний хамгийн боломжит бүтээгдэхүүн сүү, өрөм, аарцны үнэ өссөн шалтгаан нь тун гайхам.

“Номин”, “Efes” гээд хэд хэдэн худалдааны төвөөр орсон боловч сүү, хорхой ааруулаас өөр цагаан идээгүй байлаа. Харин “Бөмбөгөр” худалдааны төвд нутаг нутгийн шар тос, аарц, ааруул байв. 500 грамм нь 8000 төгрөгийн үнэтэй байсан өрөм хаа нэг тасагт харагдах бөгөөд 11000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ мэт дотоодоос түүхий эдээ хангаж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа үндэсний гэх тодотголтой үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа нь "Үндэсний үйлдвэрлэлээс татгалзъя" гэж хэлэхээс аргагүй нөхцөлд хүргэж байна. 

Хятад ногоо ховордохын хэрээр үнээ нэмсэн монгол ногоочид

Хилийн боомт хаагдаж, нарийн ногоо тасрахыг манай ногоочид зүгээр өнгөрөөсөнгүй. Дотооддоо тариалдаг хүнсний ногооны үнэ бас л өсөв. Нийслэлийн статистикийн газрын гаргасан судалгаанаас харахад, аравдугаар сарын мөн үетэй харьцуулахад монгол төмс 200 төгрөгөөр, лууван 300 төгрөгөөр, байцаа 400 төгрөгөөр, манжин 500 төгрөгөөр, сонгино 100 төгрөгөөр тус тус өсжээ. 

Хилийн боомт хаагдахад монгол ногоонд ямар асуудал тулгарав гэдэг нь бас л хошин шогийн зохиол шиг санагдана. 

Дур зоргоороо үнээ нэмж, амандаа орсон тоогоо хэлж байгаа ийм үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэгчдээс татгалзахад ер нь яагаад болохгүй гэж. Юугаа ямар үнэ төлж авах нь хүний эрх ч, юуг авахгүй, үл ойшоох нь ч бас худалдан авагчийн бүрэн эрх. Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн "үл үйлдвэрлэгч"-дээс зайгаа барьж байх нь хэтдээ үйлчилгээ, худалдааны соёлд дуслын чинээ нэмэр болог, ядаж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.209) 2021 оны 11 сарын 11

Монгол гурилаар, тог цахилгааны хөнгөлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Хятаадын хил хаах ямар нөлөөтэй гэж... Сав баглаа боодлоо цаасан уут ашиглаад хийж болдоггүй юм байхдаа. Бас л хүнийрхүү цэвдэг хандаж бна шүү.

1  |  0
Зочин(66.181.160.36) 2021 оны 11 сарын 11

Хангарзулаа ийм юманд хэн ч гэсэн маш дургүй ,мэдээж зүйл,гэхдээ зах зээлийнхээ хуулиар шийдэгдчихнэ.Зөвтгөхгүй ч чиний мөрөөдөж байгаа шиг үндэсний эдийн засаг маань доройтохгүй , хөгжих нь лавтай.Монголчууд яахаа алдталаа доройттол өдий Харин чи сэтгүүлч ухаантай юм бол Дачин Там са гийг Дорнодын байгаль орчны бохирдлыг очиж сурвалжлаа ч.

0  |  1
Иргэн(192.82.68.94) 2021 оны 11 сарын 11

Яг үнэнийг бичжээ. Үндэсний үйлдвэрлэгч нь шулаачид болжээ. Татгалзъя.

2  |  0
Top