Төрсөн үрээ төөрүүлж хаясан гэмт үйлдлүүдийг багасгах бодлого үгүйлэгдэж байна

2021 оны 11 сарын 10

Өлгийтэй жаахан үрээ орцонд хаяад явсан хэрэг хэдхэн хоногийн өмнө нийслэлд гарав.

“Буянт-Ухаа” хотхоны … байрны шатан дээр өлгийтэй хүүхэд орхисныг оршин суугчид олж, цагдаад мэдэгдсэн байдаг.  Улмаар хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж, үр хүүхдээ хаясан эцэг эхийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр хаягдсан хүү 20 орчим хоногтой эрэгтэй хүүхэд байсан гэнэ.

Хорвоод мэндлээд 20-хон хоносон хөөрхий хүү юуны учир, яагаад ингэж орхигдох болов. Тээж төрүүлсэн хүүхдээ хог шороо шиг юуны учир хөсөр хаяв. Дээр дурдсан шиг хэрэг ойр ойрхон давтагдах болсныг бодох цаг нэгэнт болжээ.

“Би хөдөөнөөс ирсэн оюутан. Сургуулиа ч төгсөөгүй байж хүүхэдтэй болсон гэвэл хөдөө байгаа аав, ээж маань юу гэх юм бэ”. Арван сар тээсэн үрээ харанхуй орц, хогийн сав, айлын гэрийн үүдэнд орхиод явдаг эцэг, эхчүүдийн өөрийгөө өмөөрч хэлдэг ганц үг нь энэ.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр хүүхдээ гудамж талбай, орцонд хаяж явсан хэрэг 2018 онд 17 бүртгэгдэж байжээ. Харин жилийн дараа буюу 2019 онд энэ тоо нэгээр нэмэгдэж 18 болсон байна. Харин өнгөрсөн оны дүн нэгтгэл хараахан гараагүй тухай албаныхан хэллээ.

Хоёр жилийн өмнө энэ төрлийн нэгэн гэмт хэрэг олны анхаарлыг ихэд татаж байв

Тодруулбал, Баянгол дүүрэгт төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг буудлын өрөөнд хаясан хэрэг гарч байв. Тус дүүргийн 16 дугаар хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод  зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад хандан мэдэгдсэн байдаг.Тухайн үед энэ хэргийн талаар эх сурвалж мэдээлэхдээ, 25-30 орчим насны эмэгтэй буудалд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан гэдэг. Харин удалгүй  “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад  эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн байдаг.

Бас нэгэн жишээ. Одоогоос жилийн өмнө дөнгөж төрүүлсэн нярай үрээ хөнөөж, айлын хашаанд хаясан сэтгэл эмтэрмээр хэрэг гарч байлаа

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт суугаа айлын хашаанд хүүхдээ хаяад зугтаасан хэрэг гарч байв. Энэ мэтчилэн эцэг эхийн үүрэг хариуцлагаас зугтаж эх хүнд баймааргүй үйлдэл хийсэн эмэгтэйчүүдийн тоо олширсоор байгаа нь харамсалтай. Судалгаанаас харахад хүүхдээ хаясан эхчүүдийн дийлэнх нь бага наснаасаа гэр бүлийн хайр энэрэл, зөв хүмүүжил авч чадаагүй хүн ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг юм байна. Тэд эцэггүй хүүхэд төрүүлж нийгэмд нүд үзүүрлэгдэж, хуруу чичлүүлэхээс айснаас энэ замыг түлхүү сонгодог аж.

Тэгэхээр охид эмэгтэйчүүдийг хүүхэд байхаас нь зааж сургах, эмэгтэй хүн гэдэг онцлогийг нь тэдэнд сайтар ойлгуулах ёстойг сэтгэл судлаачид хэлж байна. Хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй хандаж буй нөхдүүдэд тооцох ял шийтгэлийг нь тодорхой болгох хэрэгтэй санагдана. Тэгэхгүй бол хүүхэд хэмээх ертөнцийг хүний орчлонд харлуулж буй эцэг эхчүүдээс болж, ирээдүй болсон бяцхан үрс элэг эмтэрмээр дүр зурагтай байгаа нь нууц биш.

 

Хүүхдээ төрүүлээд л халамжийн газар бараадуулдаг эцэг эхэд хариуцлага тооцъё

Өнөөдөр хараа хяналтгүй, гэр орон, эцэг эхээсээ дайжсан "тэнэмэл" гэх хүүхдүүдийн төлөө үүдээ нээсэн 50-иад төрийн болон төрийн бус байгууллага байгаа нь сайн мэт боловч үүний цаана мянга, мянган асуулт эзнээ хүлээсээр байна. Хариултгүй асуулт дунд ирээдүйн бяцхан үрс минь торниж байна. "Хар бэх дусаагүй цагаан цаас"-аар гудамж, трайншейн дүүрч, итгэл, хүсэл мөрөөдөл горилсон нүднүүдтэй алхам тутам харц тулж байгаагаа та лав анзаардаг биз.

Хүүхдээ төрүүлээд л халамж, асрамжийн газар бараадуулдаг эцэг эхтэй хариуцлага тооцъё. Дотор нь үүсэж, доороос нь унасан нялх үрсээ тэвэрсэн эхчүүд ихэвчлэн зовлон тоочсоор дээрх хүүхэд асрах газруудыг зорьдог байна. Түүгээр ч үл барам хүүхдийн гэх тодотголтой төрийн халамж, хувь хишгийг хүртчихээд суудаг тохиолдол ч байдаг гэнэ.

Хамгийн хөгийн нь гэвэл, өөрийн үрээс ялгалгүй хооллож ундлаад боловсролтой сайн охин, хүү болгосны дараа эцэг, эхчүүдийн зан хувирч хүүгээ, охиноо гэсээр ирдэг тухай халамжийн төвийн ажилчид халаглан ярьж байхтай ч таарч байлаа.

Эцэг эхчүүдийн хүүхдээ санадаг ганц шалтгааныг тэд төрөөс хүүхэд бүрт олгодог хувь хишгийн мөнгө ч гэж тайлбарлаж байсныг санах хэрэгтэй. Сарын сүүлчээр хүүхдээ санадаг эцэг эхчүүдийн цуваа тасардаггүйг ч тэд мөн хэлсэн. “Миний хүүхдийн цээж зураг, бичиг баримт нь хэрэг болчихлоо. 30-хан минутын чөлөө өгөөч. Зургийг нь авахуулах гэсэн юм” гэх нэгэн ижил хэрэгцээтэй аав, ээжүүд их болдгийг халамжийн төвийн ажилчид онцолж байсныг санаж байна. Эндээс үзэхэд, үр хүүхдээ мөнгөнөөс ч солиход бэлэн сэтгэлгээтэй хүмүүс олширсныг бодох л хэрэгтэй. Ийм л хүмүүсээс өлгийтэй үрээ хог шиг хаях хамгийн дорд сэтгэхүй төрж байгаа нь лав. Нөгөөтэйгүүр сүүлийн үед “Хүүхдээ тэгж хаяжээ, ингэж орхижээ” гэсэн  мэдээлэл гарах үед олон нитийн хандлага “Ийм зүйл байдаг л хэрэг шүү дээ” мэтээр ажиглагдаж байгаа нь туйлын харамсалтай. Түүгээр ч үл барам хаясан эцэг, эхийг нь өмөөрөх жишээ ч цөөнгүй гарч байгаа нь нууц биш.

“Эвий минь, ямар олигтойдоо л ингэж хаях билээ”, “Зайлуулдаа жаахан охин л байх даа” гэх мэтээр өрөвдөн өмөөрөх сэтгэхүй ч цухалзах болсон нь нууц биш. Энэ байдал газар авсаар байвал ирээдүйд “Хэвлийдээ бойжуулсан” үр хүүхдээ хэн ч бишээр үзэх хандлага ч даамжрахгүй үгүйсгэхгүй. Учир нь ийм сэтгэхүй нийгэмд бэлтгэгдэж, тийм ахархан бодолтой нөхөд хаа сайгүй олшрох болсныг онцлох хэрэгтэй. Тиймээс ч энэ төрлийн гэмт үйлдлийг үл зөвшөөрч, хуулиар шийтгэх ял шийтгэлийг нь чангатгах хэрэгтэй.

Хүүхдийн эсрэг санаатай  гэмт хэрэг үйлдэгчдэд оноох ялыг чангатгая

Хуульд зааснаар хүүхдээ орхисон, төөрүүлж хаясан эцэг эх, асран хамгаалагчийг хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй аж. Улмаар эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц хөнөөсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтаар ял эдэлж буй ээжүүдийн  тоо хуруу дарам цөөхөн. Тэдний ихэнх нь 1-2 жилийн ял авдаг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн гаргасан үйлдэл дэндүү харгис ч, оногдуулсан ял шийтгэл нь хөнгөхөн байгаа юм. ийм байхад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид яаж цөөрөх билээ. Хууль эрх зүйн эл сул байдал магадгүй гэмт үйлдэгчдийг өөгшүүлэх, өмгөөлөн хамгаалах тал болж байгааг ч бодох цаг нэгэнт болжээ.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2021 оны 11 сарын 10

Hund hun iluudehgui hun shig unet erdene ugui bilee Zasgaas tusgai bodlogo yawuulj negent ur huuhedtei bolson bol urcnilj awaad mongoldoo sain hun bolgoh toriin hun bolgoh heregtei

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 11 сарын 10

Hund hun iluudehgui hun shig unet erdene ugui bilee Zasgaas tusgai bodlogo yawuulj negent ur huuhedtei bolson bol urcnilj awaad mongoldoo sain hun bolgoh toriin hun bolgoh heregtei

0  |  0
зочин(122.201.23.84) 2021 оны 11 сарын 10

Нөхөн үржихүйн мэдлэгийг үе шаттайгаар олгох хэрэгтэй байхоо

0  |  0
Top