А.Цэвээнжав: ААН, байгууллагын тооллогод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж байна

2021 оны 11 сарын 11

Өгөгдлийн сан, дундаж цалин болон аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллоготой холбоотойгоор Үндэсний статистикийн хорооны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга А.Цэвээнжавтай ярилцлаа.


-Үндэсний статистикийн хороонд Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийг шинээр байгуулсан юм байна. Энэ хэлтэс ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Энэхүү хэлтэс маань өмнө нь Олон нийттэй харилцах хэлтэс гэх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байлаа. Бид шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр хэрэглэгчдэд чиглэсэн сургалт, судалгаа, бусад чиглэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд тустай ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Уг үйл ажиллагаануудыг мэдээлэл харилцааны үүрэгтэйгээ хослуулан явах юм. Үйл ажиллагааны хувьд гэвэл нэгдүгээрт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тооцно. Хэнд, ямар хэрэгцээ байна вэ гэдгийг хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаанаас гаргаж ирдэг.

Төрийн албан тушаалтан, оюутнууд, олон улсын байгууллагууд, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид зэрэг салбар бүрийн хүмүүст тоо баримт хэрэгтэй. Статистикийг хэрхэн хүргэх, асуудлыг яаж шийдэх, тоо баримт хүмүүсийн амьдралд хэрхэн хэрэг болдог зэрэгт ач холбогдол өгөн ажиллаж байна. Статистикийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх найман шат дамжлага бий. Энэхүү найман шат дамжлагын долоо дахь нь мэдээллийг тархаах юм. Иргэдэд мэдээллийг түгээхэд анхаарна гэсэн үг. Хоёрдугаарт, Үндэсний статистикийн хорооноос явуулж буй томоохон арга хэмжээнүүдэд оролцоод явдаг. Үндэсний дата форум, Хүнс, хөдөө аж ахуйн олон улсын хурал зэргийг нэрлэж болно.

-Үндэсний статистикийн хорооноос өгөгдлийн сан бүрдүүлж байгаа юм билээ. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юү. Өгөгдлийн сангийн гол давуу талыг юу гэж харж байна?

-Манай улсад олон төрлийн байгууллага бий. Тухайн байгууллага бүр өөрийн гэсэн өгөгдлийн сантай. Байгууллага бүр өөрсдийн өгөгдлийн санг бүрэн гүйцэд ч ашиглаж чаддаггүй. Үндэсний статистикийн хороо өөрийн гэсэн өгөгдлийн сантай шүү дээ. Эдгээр өгөгдлийн сан бүрийг хооронд нь холбосноор цогц мэдээллийн сан бүрдэнэ. Жишээлбэл, хүнсний талон авдаг айл байлаа гэж бодъё.

Тухайн өрхийн мэдээлэл, ам бүл, амьжиргааны түвшин, өрхийн орлого, эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлөлт гэх зэрэг бүхий л мэдээллийг зөвхөн нэр эсвэл регистрийн дугаараар хайн шүүж болно. Ийм мэдээллийн сан бүрдвэл халамж олгох хүмүүс нь зөв хүндээ зохистой байдлаар халамж хүрч чадсан эсэхийг судлаад явах боломжтой гэсэн үг. Өгөгдлийн сан хоорондын холбоос наад зах нь ийм хэмжээний ашиг тустай. Цаашдаа энэхүү мэдээллийн санг ашиглан гүнзгийрүүлсэн судалгаа хийх боломжтой.

-Судалгаа хийхэд нэгдсэн мэдээллийн сан байхгүй тул цаг хугацаа алдахаас гадна дутмаг судалгаа хийж хөрөнгө мөнгөөр ч хохирох асуудалтай. Тиймээс судалгаа хийх хүмүүст өгөгдлийн сангийн нэгдсэн мэдээлэл ихээхэн тустай гэж харж байна л даа?

-Тийм ээ. Төрөл бүрийн судалгаа хийх бололцоо бүрдэх юм. Тухайлбал, үе шилжих төрлийн нарийвчилсан судалгаа хийхэд өнөөх өгөгдлийн сангийн цогц мэдээлэл хэрэгтэй болдог. Боловсролын түвшнээрээ эцэг, эхээсээ илүү байгаа тохиолдолд энэ нь ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж болно. Нэг ёсондоо ийм судалгаанд олон төрлийн үзүүлэлт хэрэгтэй болдог учраас өгөгдлийн сангуудыг хооронд нь нийлүүлж нэг бүхэл мэдээллийн санг бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс "Төрийн их өгөгдөл" гэх төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хйиж байна.

-Үндэсний статистикийн хорооноод бараа бүтээгдэхүүний дундаж үнийг тооцоолон гаргадаг. Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн тооцож гаргадаг вэ?

-Бараа бүтээгдэхүүний үнийг долоо хоног бүр тооцоолон гаргадаг. Тооцоолж гаргахын тулд тодорхой цэгүүдийг сонгодог л доо. Зах, дэлгүүрээс сонгон тухайн газруудад тогтсон цагт очдог. Тогтсон цаг нь 11 эсвэл 16 цаг байдаг. Тэр цагт тухайн газруудад бараа бүтээгдэхүүн ямар үнэтэй байгааг тооцож, бусад газартай харьцуулан хүснэгтэлж гаргадаг юм. Аймаг бүрийн статистикийн хэлтэс ч яг л тэгж ажиллаж байгаа. Яагаад хүссэн цагтаа очоод үнийн мэдээллийг авч болдоггүй вэ гэвэл зах, сүлжээ дэлгүүрүүдэд цагийн хямдрал гэж бий. Цагийн хямдралын үеэр очвол бараа бүтээгдэхүүний үнэ хямдарсан үнээрээ тооцоонд ороод явчихдаг. Тогтсон цэгүүдийнхээ бүтээгдэхүүний үнийг хооронд нь нэмээд нийт цэгийнхээ тоонд хуваагаад л дундаж үнийг тооцоолон гаргадаг.

-Манай улсын дундаж цалингийн хэмжээ бодит байдлаас өндөр байна хэмээн иргэд ярьдаг. Тиймээс Үндэсний статистикийн хороо дундаж цалингийн хэмжээг буруу тооцоолдог гэх хардлага ч бий. Дундаж цалингийн хэмжээг хэрхэн тооцдог талаар тайлбарлахгүй юу. Тооцоолох аргыг нь мэдэхгүй хүмүүс ч нэлээдгүй бий гэж бодож байна?

-Дундаж цалинг тооцоолохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж гаргадаг. Монгол Улсад ажил хийгээд, нийгмийн даатгал төлж буй хүмүүсийн мэдээллээр тооцон гаргадаг гэсэн үг. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 698 мянган хүн нийгмийн даатгал төлсөн байна. Үүнээс дундаж цалин болон медиан цалин гэх хоёр төрлийн цалинг тооцож гаргадаг. Медиан цалин гэдэг нь 698 мянган хүний цалинг багаас их рүү эрэмбэлнэ. Эрэмбийн голын буюу 349 мянга дахь иргэний цалин медиан цалин болно гэсэн үг. Цалингийн хэмжээ бус эрэмбээр тооцоолж байгаа юм. Энэ цалинд урамшуулал, шагнал, хоол унааны мөнгө зэргийг оруулсан байдаг. Товчоор хэлбэл нэг ч төгрөг суутгагдаагүй цалинг тооцоолсон гэсэн үг. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар медиан цалингийн хэмжээ 994 мянган төгрөгөөр тооцогдож байна.

Нийгмийн даатгал төлж буй хүмүүсийн тал нь 994 мянгаас бага төгрөгийн цалин авч байгаа бол нөгөө хэсэг нь түүнээс ихийг авч байгаа гэсэн үг. Өнөөдрийн байдлаар дундаж цалингийн хэмжээ 1.3 сая төгрөгөөр тооцогдож байна. Дундаж цалинг тооцох аргачлал нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм. Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад орлогоос цалин хөлс бүрдэнэ.

-Танай байгууллагын зүгээс бүхий л төрлийн статистик тоо баримтыг гаргадаг. Цар тахлын үеийн нөлөө статистик тоо гаргахад хэр их нөлөө үзүүлж байна вэ?

-Халдварын нөлөө дан ганц манайд гэлтгүй дэлхий даяар нөлөөлж байн. Тиймээс судалгаа цуглуулж, мэдээлэл авахдаа утсаар цуглуулах аргыг түлхүү ашиглалаа. Хөл хорионы үеэр бид ажлаа цалгардуулж болохгүй. Тиймээс дэлхий даяар түгээмэл ашигладаг утсаар мэдээлэл цуглуулах аргыг ашигласан. Дэлхийн статистикийн судалгаа хийдэг хүн бүр мэдээлэл цуглуулах аргаа хэрхэн сайжруулахад анхаарал хандуулж байгаа. Илүү сайн шийдлүүдийг хайж байна. Цахим болон утасыг хослуулан мэдээлэл цуглуулж байгаа хэмээн ойлгож болно. Тиймээс ч аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогоо 100 хувь цахимаар авч байгаа. 

-Аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллого эхэлсэн гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлэн ярихгүй юү?

-Энэхүү тооллогыг таван жилд нэг удаа хийдэг. Тооллого гэхээр зөвхөн тоолоод өнгөрдөг мэтээр иргэд ойлгох хүмүүс ч бий. Тооллого бүрийн цаана цуглуулж болохгүй мэдээллийг авч байдаг. Ялангуяа иргэд ийм төрлийн тооллогод хэрэгтэй мэдээллийг төрийн байгууллагаас шууд холбогдоод авчих хэмээн их хэлдэг л дээ. Бид ямарваа нэгэн төрийн байгууллагаас тухайн хүнтэй холбоотой шаардлагатай мэдээллийг авч болно. Бидэнд ч тэр мэдээлэл нь ирдэг. Харин цуглуулах боломжгүй мэдээллийг олж авахын тулд энэхүү тооллогыг хийдэг. Улсын хэмжээнд 215 мянган аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байна.

Мөн ажиллах хүчний судалгаагаар 230 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Энэхүү тооллогын гол онцлог нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж байгаа явдал. Тооллогыг цахимаар хийж байгаа. Toollogo.1212.mn гэх сайтаар мэдээллийг цуглуулна. Аж ахуйн нэгжүүд татварын системээрээ нэвтэрч хамрагдах боломжтой. Хувь хүн ибаримтаар эсвэл овог, нэр, регистрийн дугаараар бүртгүүлэн орж болно.

-Энэхүү тооллогын давуу тал нь юу вэ. Хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Уг тооллого нь сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ сарын нэгнээс эхэлсэн байгаа. Манай улсад бизнес эрхлэхэд ихээхэн хэцүү шүү дээ. Бизнес эрхлэгчид олон төрлийн хяналт шалгалт, зөвшөөрлийн бичиг нэхдэг хэмээн ярьдаг. Тооллогын давуу тал нь тэрхүү асуудлыг гаргаж ирэн, түүнд тулгуурласан бодлогыг хөгжүүлэх явдал юм. Эдийн засгийг хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд ямар асуудал тулгардаг, бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлоход ямар хүндрэл байгаа, санхүүгийн эс үүсвэрийн  асуудал, бизнес эрхлэхэд ямар хяналт, шалгалтын асуудлууд саад болж буйг мэдэгдэхийг хүсэж байна. Уг тооллогыг бизнес эрхлэгчид маань тэдний төрдөө хүргэж буй дуу хоолой хэмээн бодох хэрэгтэй.

Өөр нэгэн тулгамдаж буй асуудал нь ажиллах хүчний нөөц юм. Ажилд орохыг хүссэн хүмүүс бий. Гэтэл ажил олгогчдын шаардлагад нийцэх ажилтан олдохгүй байгаа асуудал үүсдэг. Эдгээр хүмүүсийг хооронд нь хэрхэн холбох вэ гэвэл энэ тооллогоос ямар төрлийн ажиллах хүч дутсан, дутагдаж буй ур чадвар зэргийг судалж, бодит гаргалгааг гаргах юм. Мөн халдвараас үүдэж бизнесийн цар хүрээ ихэссэн, багассан эсэхийг лавлаж, цаашид бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл байгаа бол ямар туслалцаа шаардлагатай байгаа талаар мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр тэр бүх мэдээлэлд тулгуурлаж, бизнес эрхлэгч хувь хүн, албан байгууллагуудыг дэмжиж ажиллах хөтөлбөрүүд боловсруулагдах юм.

-Цахимаар тус тооллогод хамрагдах боломжгүй иргэд, аж ахуйн нэгжийг яах вэ. Магадгүй тооллогод хамрагдахыг хүсэж болно шүү дээ?

-Цахимаар тус тооллогод оролцох боломжгүй иргэд 7533-1212 утсаар холбогдон мэдээллээ өгөх боломжтой. ТҮЦ ажиллуулдаг хүн, гудамжинд бараа зарж буй худалдаачин гэх мэт бүхий л төрлийн хувиараа хөдөлмөр эрхэлж буй хүмүүс ямар асуудал тулгарч буй мэдээллээ өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг их, бага орлолготой эсвэл том, жижиг бизнес хэмээн ялгахгүй гэсэн үг.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top