Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн захирал Д.Буяндэлгэртэй ярилцлаа. Тэрбээр Монгол-Солонгосын Политехникийн коллежид багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын албаны дарга зэрэг албан тушаалд 20 гаруй жил ажиллаж байсан туршлагатай аж. Салбартаа багшаас эхлээд захирал хүртэл дэвшин ажиллаж буй түүнтэй сургуулийнх нь тухай, төгсөгчдийнх нь тухай, мөн мэргэжлийн боловсролын бодлогыг хөгжүүлэх гээд хэд хэдэн сэдвээр ярилцсан юм.
-Мэргэжил сургалт үйлдвэрлэл, урлалын коллеж бусад боловсролын салбараас өөрийн гэсэн оцнцлогтой. Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болдог вэ?
-Манай салбар боловсролын хамгийн үнэ цэнтэй мэргэжлүүдийг бэлтгэдэг. Учир нь, бид хөдөлмөрийн зах зээлд мэдрэмтгий, ойрхон байдгаараа онцлогтой. Соёл, урлаг, боловсрол, үйлчилгээ, аж үйлдвэр, санхүү, бизнес худалдаа, мэдээллийн технологи, авто тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал гэсэн найман салбарт 38 төрлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Хөдөлмөрийн зах зээл нь орчин үед маш их хувьсаж төрлөө өөрчилж байна. Тиймээс илүү уян хатан байх шаардлагатай. Энэ ч утгаараа манай коллеж хамтран ажиллагч байгууллагуудтайгаа ойрхон ажилладаг. Энэ жил 2300 гаруй суралцагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сүүлийн таван жилийн байдлаар нийт 3200 гаруй төгсөгч төгсөж 70 гаруй хувь нь шууд ажлын байранд зуучлагдан ажиллажээ.
-Цаг үеэ дагаад мэргэжлийн төрөл нэмэгдэж байна уу, ямар мэргэжил эрэлттэй байна вэ?
-Орчин үеийн мэдээлэл, нано, био технологийн хурдтай хөгжил, аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдлэгт суурилсан нийгэм хүчтэй хөгжиж байна. Үүнийг дагаад ажлын байр хувьсан өөрчлөгдөж байна. Хүнийг орлох роботууд, ухаалаг машин, оюун ухаантай техник технологиуд маш их гарч байна шүү дээ. Тиймээс хүнийг маш нарийн ур чадвартай техник технологийн мэргэжилтнүүдийг хөдөлмөрийн зах зээл нь шаардаж байна л даа. Ажлын байрны стандартаар инженер техникийн ажилчид ажлын байрны 30-40 хувийг л эзэлдэг бол мэргэжлийн ажилтнууд 60-70 хувийг эзэлдэг. Дээд боловсролтой боловсон хүчин ажлын байрны олдоц муу байдаг бол инженер техникийн ажилчдын ажлын байр эрэлттэй байдаг.
Энэ зөрүүг арилгах төрийн бодлого хэрэгтэй. Бас хүүхдийг багаас нь ажил мэргэжлийн чиг баримжаатай болгох, ажлын байр болон хөдөлмөрийн зах зээлийн тухай залуус зөв ойлголт олгох хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ их, дээд сургууль төгсгөчихвөл болох нь тэр хэмээн боддог нь өрөөсгөл болсон шүү. Мянга их, дээд сургууль төгсөөд ажилгүй хүн алийг тэр гэхэв, ганц коллеж төгсөөд мэргэжлээрээ сайхан амьдарч буй хүмүүсийг ч алийг тэр гэхэв.
-Танай колллежийн хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинэ төрлийн мэргэжлийн ангиудыг хэр нэмсэн бэ?
-Манай коллеж нь 55 жилийн түүхтэй, төрийн өмчийн, магадлан итгэмжлэгдсэн сургууль. Үсчин, гоо сайхан, үйл оёдол үйлчилгээний салбарын анхдагч гэдгээрээ бахархдаг. 1990-ээд оноос үе шаттайгаар мэргэжлийн нэр төрлөө олшруулж, аж үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Ражив Гандийн нэрэмжит болсон нь ч учиртай. Энэтхэг улсаас хоёр удаа хөрөнгө оруулалт орсноор сургалт, орчин, техник, боловсон хүчин дээшилснээс гадна цахилгаан мэдээлэл, электроникийн мэргэжлүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж байсан.
Нөгөө талаас манай сургууль урлаг соёлын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл уран дархан, сийлбэр, зураач, үйлчин, дизайнер, соёлын өвийг сэргээн засах мэргэжилтэн зэрэг Монголын өв соёлыг уламжлан эзэмшүүлж байна. Соёлын яамтай болсноор арваннэгдүгээр сарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сар болгосон. Нэг ёсондоо манай сургууль соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгодог хүмүүсийг бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой.
-Багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь 90 багш, 40 гаруй ажилтан албан хаагчтай. Нийт багш нарын 56 хувь нь бакалавр, 34 хувь нь магистр зэрэгтэй. Багш нарын ур чадвараас шалтгаалж сургалтын чанар хамаардаг. Хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнийг дагаад ажлын байран дээр ур чадвартай мэргэжилтнийг бэлтгэх ёстой. Багшийг чадавхжуулах тал дээр анхаарч Багш хөгжлийн төвийг нээж ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгож байна. Аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад үйлдвэрлэл дээр дадлагажих, суралцах боломжийг өргөжүүлж байна.
Монголын болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай бөгөөд багш, суралцагчдаа мэргэжил дээшлүүлэн сургадаг. “Сити” их сургуульд гурван багш маань магистрт үнэ төлбөргүй сурч байна. БНХАУ, БНСУ-д багш нараа сургаж байна. Багш нарын ур чадварын түвшинг тодорхойлж дутагдаад буй мэдлэг дээр хөгжүүлэх сургалт явуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас болж хоёр жил цахимаар сургалтаа явууллаа. Энэ үеэр технологийн дэвшилтийг ашиглаж “Нээлттэй ногоон, цахим сургууль” болох зорилт тавин ажиллаж байна. Цахим сургалтаар мэдээлэл технологийн багш нар маань цахим программ хангамжийг өөрсдөө зохион бүтээсэн. Цаашид ч цахим, танхимын сургалтыг хослуулан явуулах бүрэн боломжтой болсон.
-Багш, ажилчдынхаа нийгмийн асуудал тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
-Нийгмийн тал дээр мэргэжлийн багш нарын цалинг хоёр шатлалаар, ерөнхий эрдмийн багш нарын цалинг нэг шатлалаар нэмсэн. Таван жилийн өмнөхтэй харьцуулбал цалин хөлс 40 орчим хувиар нэмэгдсэн. Багш нарын танхимын бус багц цагийн журмыг шинэчлэн бүтээлч ажиллаж буй багш нар нэмэгдэл авдаг.
Мөн төрийн албаны ажилласан жилийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал нэмэгддэг. Цаашид ч багш нарын цалин хөлсийг нэмэх шаардлага байгаа. Боловсролын хуулиар коллежуудыг санхүүгийн бие даасан байдалтай болгох, багш нарын гүйцэтгэлд суурилж цалинг нэмэх тухай яригдаж байна. Ташрамд дурдахад багш нарын маань багагүй хувь нь манай сургуулийн төгсөгчид байдаг.
-Коллежтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагуудаас ямар хүсэлт их ирүүлж байна вэ?
-Манай коллежтэй хамтарч ажилладаг байгууллагуудыг нийгмийн түншлэл хариуцсан арга зүйч холбож ажилладаг. Бид ямар ажлын байр, мэргэжил эрэлттэй байна гэдгийг судалж үзээд ийм мэргэжлээр тэдэн хүний элсэлт авах квот хүсэх, шинэ мэргэжлийн анги нээх зэргээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ханддаг. Энэ жилээс арьс шир, савхи, үслэг эдлэлийн оёдол, гутал үйлдвэрлэлийн мэргэжлийн ангийг шинээр нээсэн. “Дархан минж” компанийн захиалгаар дээрх мэргэжлүүдийг нээж суралцагчдыг дадлага хийлгэх, ажлын байраар хангах гэрээ байгууллаа. Энэ дагуу шинэ мэргэжлээр багш нарыг сургаж чадавхжуулж байна.
Мөн хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагууд маань чадварлаг боловсон хүчин авахын тулд туслах дэмжих тал дээр нээлттэй хандаж багш нарыг маань урамшуулах, дадлага хийж буй суралцагчдад цалин хөлс, унаа хоолны мөнгө олгох, сургуулиудад тоног төхөөрөмж, материалын дэмжлэг үзүүлдэг. Сургуулиудыг ийнхүү дэмждэг байгууллагын дээрх гаргасан зардлыг татварт ногдох орлогоос чөлөөлдөг.
-Суралцагчид коллеждоо дэвшин суралцах, их дээд сургуульд ахин сурах сонирхол хэр байна вэ?
-Сургалтын гурван чиглэл бий. Есдүгээр анги төгссөн хүүхдийг мэргэжил болон бүрэн дунд боловсролтой нь хамт 2.5 жил сургаж төгсгөх, насанд хүрэгчдийг мэргэжлийн боловсролоор нэг жил сургах, техникийн боловсролыг 1.5-3 жил сургадаг. Техникийн боловсрол нь жилийн 650 мянган төгрөгийн төлбөртэй бол мэргэжлийн боловсрол нь төлбөргүй. Манай төгсөгчдийн 40 гаруй хувь нь техникийн боловсрол руу шаталж сурдаг. Техникийн боловсролын техникчээр төгсөөд их, дээд сургуульд суралцаж байна. Бидэнтэй хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад багц цаг тооцуулж гуравдугаар курсээс нь суралцах боломжийг олгосон. Энэ нь цаг хугацаа хийгээд төлбөр мөнгөний хэмнэлттэй байдаг.
-Коллежийн суралцагчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг. Энэ мөнгийг төгссөний дараа нь бөөгнүүлж байгаад өгөх тухай яриа гарсан. Суралцагчид сар бүр авах сонирхолтой байна уу, эсвэл...
-Энэ тэтгэлгийг 2006 оноос эхлээд олгож эхэлсэн бөгөөд үе шаттай нэмэгдсээр 200 мянган төгрөг болсон. Энэ нь мэргэжлийн боловсролыг дэмжих хөшүүрэг болж байгаа тэтгэлэг шүү дээ. Хүүхдүүд их, дээд сургууль сонгодог байсан тэр цагийг халж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежид суралцах дуртай болоход нөлөөлсөн бодлого л доо. Суралцах хугацаанд л олгох дэмжлэг байх ёстой. Манай хүүхдүүд хурлаар энэ хүсэлтээ илэрхийлснийг бид яам засагтаа уламжилсан.
-Улсын болон дэлхийн чанартай ур чадвар сорьсон уралдаан тэмцээнүүдэд багш, суралцагчид ямар, ямар амжилт гаргаж байсан бэ?
-Дэлхийн ур чадварын тэмцээнд урьд нь багш, сурагчид үсчний чиглэлээр хоёр удаа оролцож амжилт гаргаж байсан. Үсчний мэргэжлээр олон улсын чанартай эксперт нь манай сургуулийн багш байдаг. Ирэх жил тус тэмцээн Шанхайд болно. Манай сургуулийн багш энэ тэмцээнд орохоор хоёр дахь шатны шалгаруулалтдаа бэлдэж байгаа. Энэ тэмцээний экспертээр манай тогоочийн мэргэжлийн багш ажилладаг. Инновац, багшийн арга зүйн тэмцээнд манай багш нар улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн. Хүүхдүүд маань цахимаар явагдсан уралдаанд тогтмол амжилттай оролцдог.
-Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллеж нь сургалт үйлдвэрлэлийн давуу талаа ашиглаад ур чадвар болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бий юу?
-Манай сургууль 55 жилийн түүхтэй ч энэ барилга маань 1987 онд ашиглалтад орсон. Цар тахалтайгаа холбоотойгоор урсгал засвар болон өргөтгөлийн төсвийн санхүүжилт хүлээгдэж байна. Сургуулийнхаа өргөтгөлийг барих шинэ төслөө гаргасан. Шинэ өргөтгөл маань олон нийтэд үйлчилгээ үзүүлэх барилгатай байхаар төлөвлөсөн. Өргөтгөлдөө үсчин, гоо сайхан, тогооч, уран дархан, гагнуур, бэлэг дурсгал гээд төрөл бүрийн мэргэжлээрээ ажиллаж өөрсдөө тодорхой хэмжээний орлоготой байх юм. Өргөтгөлдөө үүнээсээ багш, суралцагчид урамшина шүү дээ. Нэг жишээ дурдахад, Японы санхүүжилтээр Анагаахын их сургууль дэргэдээ эмнэлэг байгуулж, олон нийтэд анхан болон дунд шатлалтын үйлчилгээ үзүүлдэг. Сургууль хажуудаа сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг олон улсын жишиг байдаг.
-Мэргэжил сургалт үйлдвэрлэл, урлал гэдэг утгаараа хичээлийн хэрэглэгдэхүүний төсөв зардлыг хэрхэн бүрдүүлдэг вэ?
-Төсвөөс сургалтын материалын зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар нь санхүүжүүлдэг. Энэ нь 560 мянган төгрөг болдог бөгөөд нэг жилийн хэрэглээ байдаг. Гэтэл гагнуурын мэргэжлийн сургалтын хэрэглэгдэхүүний өртөг өндөр болохоор энэ төсөв хаанаа ч хүрдэггүй. Хоёр сая гаруй төгрөг дутаж байдаг. Тэгэхээр сургалтын чанар ямар байх вэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтраад мэргэжлийн өөрийн өртгийн аргачлалыг боловсруулж байна.
Өөрийн өртгөөр нь санхүүжүүлье гэсэн нь бодит өртгийг нь өгөөд чанартай хүн бэлдье гэсэн санаа. Чанаргүй хүн бэлдэхээр ажил олгогчийн шаардлагыг хангахгүй, дээрээс нь улсаас үргүй зардал гарч байна гэсэн үг. Та олон талын сэдэв хөндсөн асуулт асуулаа. Хэн хэнийхээ хэрэгцээ шаардлагыг хангасан бодит өртгөөр санхүүжүүлж чадварлаг боловсон хүчин бэлтгэх бодлогыг бид ярилцаад эхэлсэн шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )