Усан тээвэр БНХАУ эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Өдгөө Хятад улс дэлхийд хамгийн нөлөө бүхий усан тээврийн том гүрэн болж, усан тээвэр нь Хятад улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал дэмжлэг болж байна. ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улсын далайн боомтын үйлчилгээний чадвар болон дэд бүтцийн түвшин илэрхий дээшилж, бараа бүтээгдэхүүн, чингэлэг хүлээн авах, илгээх хэмжээгээр дэлхийн эхний аравт орох боомтуудын дотор Хятад улсын 7 буюу 8 боомт багтаж байна. Үүний зэрэгцээ усан тээвэр нь ухаалаг, ногоон хөгжилд ахиц хийж, эрчим хүч хэмнэн нүүрстөррөгчийн ялгаруулалтыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулж байна.

Нинбо хотын Жөүшаний боомтын үйл ажиллагаа өдөр шөнөгүй тун яаруу байдаг. 2001 онд Жөүшань боомт ердөө 1.2 сая стандарт чингэлэг хүлээн авч, илгээх чадвартай байсан бол 20 жилийн дараа энэ тоо 20 гаруй дахин нэмэгджээ. Тус боомтын ачаа бараа хүлээн авах, илгээх нь 12 жил дараалан дэлхийд тэргүүлж, олон улсад нэр нөлөө бүхий далайн боомт болсон байна. Чили улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Луйс Шмидт өмнө нь Жөүшань боомтод очиж  танилцаж байсан бөгөөд энэ боомтын эдийн засгийн эрч хүч түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна.

“Нинбогийн Жөүшань боомт бол дэлхийн том боомт төдийгүй Чили улсын хувьд ч маш чухал боомт юм. Чили улсын интоор, шинэ соргог жимс жимсгэн энэ боомтоор Хятад улсын зах зээлд ордог. Зөвхөн интоор төдий бус, хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн ч маш олноор энэ боомтоор дамжин Хятад улсад ордог.”

ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятад улсын далайн тээврийн аж үйлдвэрлэл дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, дэлхий дахинд чухал нөлөө бүхий далайн тээврийн том гүрэн болсон юм. Хятадын Зам тээврийн яамны дэд сайд Жао Чүнжю энэ тухай танилцууллаа.

“Далайн боомтын цар хэмжээ дэлхийд тэргүүлж байна. 2020 онд, ачаа бараа хүлээн авсан, илгээсэн хэмжээгээрээ дэлхийд эхний аравт орсон боомтуудын дотор Хятад улсын 8 боомт, чингэлэг хүлээн авсан, илгээсэн хэмжээгээр эхний аравт орсон боомтуудын дотор Хятад улсын 7 боомт багтсан юм. Хятад улсын далайн боомтууд өдгөө дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн гол гол далайн боомттой аяллын маршрутын харилцаа холбоо байгуулаад байна. ”

Хятад улсын далайн тээврийн хөлөг онгоцны тоо хэмжээ дэлхийд хоёрдугаарт ордог. 2020 оны сүүлчийн байдлаар Хятад улсын олон улсын далайн тээвэрлэлтийн хэмжээ дэлхийн далайн тээврийн 1/3 хувийг эзэлж, далайн тээврийн хөлөг онгоцны ачаа тээвэрлэлтийн чадвар нь 314 сая тоннд хүрчээ. Далайн тээвэр Хятад улсын гадаад худалдааны бараа тээвэрлэлтийн 95%-ийг гүйцэтгэж, гадаад худалдааны хөгжлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа КОВИД-19 халдвар дэлхий дахинд даамжирч, улс орнуудын усан тээврийн аж үйлдвэрлэлд асар их сорилтыг авчирсан нөхцөл байдалд бүр ч чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад улсын далайн тээврийн аж үйлдвэрлэл тээвэрлэлтийн чадвартаа тасралтгүй зохицуулалт хийж, чингэлэгийн нийлүүлэлтийг баталгаажуулж, гадаад худалдааны эрэлт хэрэгцээг хангаж байна.

Хятад улсын далайн тээврийн Коско корпорацын чингэлэг тээврийн Юниверс хөлөг онгоцны дарга Жан Юн тус хөлөг онгоцны тээврийн зохицуулалтын талаар ийн ярилаа

“Ноднингийн сүүлийн хагас жилээс гадаад дахь цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан боомтын ашиглалтын үр ашиг буурч, Роттердамын боомт ноцтой түгжирч, боомтод орох маш олон хөлөг онгоцонд дараалал үүссэн. Бид өмнө нь корпорацын Шанхай дахь төвөөс аялал зохицуулалтын даалгаварыг хүлээн авч, аяллаа түргэтгэж, боомтод орох дарааллаа урагшлуулсан буюу очих боомтоо өөрчилж, боомтын түгжрэлээс аль болох зайлсхийж, маш олон хоосон чингэлэгийг тээвэрлэн улсдаа авчирсан юм.”

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь эрин цагийн гол сэдэв болж, дэлхийн усан тээврийн аж үйлдвэрлэлийн тогтвортой хөгжилд бүр чухал болж байна. Хятад улсын хувьд “ухаалаг ногоон хөгжил” нь усан тээврийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн гол сэдэв болов. Чиндаогийн автомат боомтод хөлөг онгоц ачаа барааг ачих, буулгах, түүнчлэн ачаа барааг эзэнд нь хүргэж өгөх бүх үйл явцыг автомат системээр гүйцэтгэдэг болж, боомтын ашиглалтын үр ашиг нь ердийн боомтоос 30%-иар нэмэгджээ.

Нинбо хотын Жөүшань боомтын хөлөг онгоцонд эрчим хүч хангах систем нь ухаалаг, байгальд ээлтэй боомтын бүтээн байгуулалтын чухал арга хэрэгсэл болжээ. Энэ иж бүрэн системийг ашигласнаар боомтын зогсоол дахь хөлөг онгоц өөрийн шатахуунаар цахилгаан гаргахыг орлож, эх хуурайн эрчим хүчний нөөцөөс хөлөг онгоцны үйлдвэрлэл, амьдралын хэрэгцээний цахилгааныг хангах болж, хөлөг онгоцны боомтын зогсоолд байх хугацаан дахь агаарын бохирдуулалтыг тэгт ойртуулсан байна. Өдгөө Мэй Шань боомт боомтын эрэгээс эрчим хүч хангах хоёр системийг байгуулсан бөгөөд ирэх оны эхээр гэхэд бусад 4 системийг ч байгуулж дуусах юм. Нинбогийн Жөүшань боомтын Мэйдүн компанийн инженерийн технологийн газрын дэд дарга Лөү Гүйлун энэ тухай танилцуулав.

“Системийг бүгдийг байгуулж ашиглалтад оруулсны дараа боомтын бүсийн хүрээлэн буй орчин илүү цэвэр цэмцгэр болж, жилийн нүүрстөлөгчийн ялгаруулалтыг 20 мянга шахам тонноор багасгах юм. Энэ нь 30 мянган жижиг авто машины нэг жилийн нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээтэй тэнцхүйц тоо юм.”

Сүүлийн жилүүдэд Хятад улс тээврийн бүтцээ улам сайжруулж байна. 2020 онд Хятад улсын боомтууд төмөр зам болон усан тээврийн нэгдсэн тээвэрлэлтийн 6 сая 872 мянган стандарт чингэлэгийг хүлээн авч, илгээсэн нь 2019 оныхоос 29.6%-иар нэмэгдэж, боомтын эрэгийн эрчим хүчий ашиглалтыг нэмэгдүүлж, боомтын эрэгийн эрчим хүчийг ашиглах хөлөг онгоцны зогсоолын тоо 7500 хүрчээ. Үүний зэрэгцээ хөлөг онгоцод шингэрүүлсэн байгалийн хийн цэвэр эрчим хүч хангаж, боомтын эрчим хүчний ашиглалтын байгальд халгүй, нүүрстөрөгч багатай системийг бүтээн байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top