Төвөд хүүхдүүдийг төрөлх хэлээрээ хичээл үзэхийг хориглолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Хятадын эрх баригчид өнгөрсөн жил Өвөр Монголын сургуулиудад монгол хэлээр хичээл орохыг хориглосон билээ. 

Хятадын эрх баригчдын энэ бодлого үргэлжилсээр, энэ удаад төвөд хүүхдүүдийг төрөлх хэлээрээ хичээл үзэхийг нь хоригложээ. 

Ажиглагчид Хятадын эрх баригчид угсаатны цөөнхийг өөртөө уусгах бодлогын хүрээнд ийнхүү төрөлх хэлээрээ боловсрол эзэмшихийг хориглож байна хэмээн үзэж байна.

БНХАУ-ын шинэ бодлогын хүрээнд төвөд хүүхдүүд сургууль дээрээ төдийгүй ангиас гадуур төвөд хэлээр хичээл үзэхийг хоригложээ.

XIV Далай лам мэндэлсэн, Амдо нутагт байх Цинхай мужид өнгөрсөн сард төвөд хэлийг хориглосон байна. Хүн амын тооллогоос харахад энэ мужид сүүлийн жилүүдэд төвдүүдийн тоо өсөж, харин хан үндэстний тоо буурч байгаа нь ажиглагджээ. Уг үйл явдалтай холбоотойгоор Төвөдийн  шашны удирдагч Далай лам Хятадын удирдагчдыг соёлын олон талт байдлыг ойлгодоггүй хэмээн шүүмжилжээ. 

Өдгөө 86 настай Далай лам Токиод болсон онлайн хэвлэлийн бага хуралд оролцож, олон улсын хамтын нийгэмлэг Шинжааны уйгарчуудыг дарангуйлж байгаатай холбогдуулан "Бээжингийн өвлийн олимпыг эсэргүүцэх нь зөв гэж бодож байна уу" гэсэн асуултад хариулсан байна. Тэрбээр "Би Мао Зэдунаас хойших Коммунист намын удирдагчдыг бүгдийг мэднэ. Тэдний улсаа удирдаж буй байдал, хөгжүүлж буй нь сайн хэрэг. Гэхдээ хэт хатуу хяналт тавьж байна. "Төвөд болон Шинжааны тухайд бид өөрсдийн өвөрмөц соёлтой. Харин  Хятадын коммунист удирдагчид хэтэрхий явцуу сэтгэлгээтэй тул соёлын  олон талт байдлыг ойлгодоггүй. Хятад  зөвхөн хан үндэстэн төдийгүй өөр олон үндэстэн, ястанаас бүрддэг” гэдгийг онцолжээ.

БНХАУ  1950 онд Төвөдийг хяналтдаа авсан юм. Үүнээс хойш Төвөд нь тус улсын хамгийн хязгаарлагдмал, эмзэг, ядуу бүсийн нэг байсаар байгаа юм. 1959 онд төвдүүдийн Хятадын ноёрхлын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Энэтхэг рүү дүрвэн гарсан Далай ламыг Бээжин аюултай салан тусгаарлагч гэж үздэг. Түүнчлэн Далай ламаас  Тайванийн талаар асуухад тэрбээр энэ арлыг Хятадын эртний соёл, уламжлалын жинхэнэ өлгий нутаг гэж бодож явдгаа онцлоод “Тайвань эдийн засгийн хувьд эх газрын Хятадаас маш их тусламж авдаг.

Хятадын соёл, тэр дундаа буддын шашин гээд эх газрын хятдууд Тайванийн ах эгч нараасаа их зүйлийг сурах хэрэгтэй"  хэмээжээ. Далай лам Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах төлөвлөгөөгүй гэсэн ч "Би хөгширч байгаа тул хуучин найз нөхөдтэйгээ уулзахад гэмгүй болов уу. Гэхдээ Тайвань болон Хятадын харилцаа хүйтэрч байгаа болохоор энэ асуудлаас аль болох зайлсхийх хэрэгтэй байх" гэжээ.

Түүнчлэн Далай лам Энэтхэгт тайван амгалан амьдрахыг илүүд үздэг гэдгээ онцолжээ. Хятадын хэлний бодлого нь "Хятад үндэстний бүхий л охид, хөвгүүдийг нэгтгэх" Ши Жиньпиний хүчин чармайлттай холбоотой юм. 2017 онд тэрбээр мэдэгдэл хийхдээ бүхий л угсаатны Хятадын ард түмнийг нэгтгэх, шинэ эринд Хятад онцлог бүхий социализмыг амжилттай хэрэгжүүлэх, цэцэглэн хөгжих нийгмийн бүх талын харилцааг бий болгоход тэднийг хөтлөхөө амласан юм.

Энэ хүрээнд угсаатны цөөнхүүдийг төрөлх хэлээрээ боловсрол олж авахыг нь улам бүр хааж боож байгаа бөгөөд өвөр монголчуудын адилаар Төвөдийн оршин суугчид, эцэг эхчүүд, хүний эрхийг хамгаалагчид ч энэ тал дээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байгаа ч Хятадын засгийн газар шийдвэр дээрээ хатуу зогсож байна. Өнгөрсөн наймдугаар сард гэхэд л төвөд хэлээр хичээл орох хүсэлт гаргасан өсвөр насны  хүү баривчлагдсан талаар хүний эрхийг хамгаалагчид өгүүлжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.46) 2021 оны 11 сарын 12

Хятадын булаан эзлэлт аюул

0  |  0
Монголчууд(59.153.84.139) 2021 оны 11 сарын 12

Хятад дагавал маш их дарлал доромжлол хэлмэгдүүлэлт үүснэ.Хятадаас хол явах хэрэгтэй. Орсуудтай харилцаагаа улам сайжруулах цаг болсон шүү

0  |  0
Top