Айргийн ТАВАН НАЙРАГЧ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Арваннэгдүгээр сарын 7-нд таван залуу найрагчийн хамтарсан "Poetry night" яруу найргийн цэнгүүн болсон билээ. О.Цэнд-Аюуш, Д.Дамдинжав, Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, С.Начин нарын уригдсан яруу найргийн үдэшлэгийн тухай тэдний нэг болох яруу найрагч, нийтлэлч Д.Дамдинжав тэмдэглэл бичсэнийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна. Мөн үүнтэй зэрэгцүүлэн найргийн үдэшлэгийн талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир шүүмж бичсэнийг толилуулъя. 


ТЭМДЭГЛЭЛ - 1 
 


Манай хүн хааяа их “маяглана” аа. Шүлэг бичихийн өмнө заавал лаа асаана гэж маяглана. Шүлгээ бас заавал цаасан дээр маягийн гоё, баллаж цохлохгүй бичнэ гэж маяглана. Хэрвээ тайзан дээр шүлгээ унших бол аль нэг хэсэгт нь заавал дээл өмсөнө, дээлтэй дуудсан шүлэг дээдсийн сүнстэй сонсогддог юм гэж маяглана. Нээрээ л,

...Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булиглахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдаг аа

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөг өө… гээд л хүнгэнүүлэхэд маягласных нь утгыг сая ухаж танина.

Тайзан дээр гарахаасаа өмнө алхаа гишгээ, бодол, ахуй, ер нь хамаг зүйлсээс энерги, эрч хүч, утга учир, хийморь золбоог өөртөө хураана. Тэгээд түүнийгээ нуруу болоод мөрөн дээрээ дүнхийтэл үүрээд тайз руу алхана даа. Сүрлэг ч гэж жигтэйхэн. Тэгээд л мөнөөх үүрч гарсан бүхнээ тайзан дээр асгах шиг л шүлгээ уншина. Сонсож буй хүн өөрийгөө уул гэж бодтол, хүдэн манан дунд хучигдаад буга гөрөөс үзэж суугаа мэт төсөөлтөл уншина.

...Ууланд цас бударч байна

Урагдсан бүх хайрын захидал

Уулсыг гуниглан хучиж байна

Даанчиг эртний тэр ууланд чи минь

Даарч байгаа болов уу гэхээс

Ой модод надтай хамт

Чам руу ургая гэнэ ээ...

Бусдын бодол, сэтгэлд нэвтрэн ороод, тэнд ой мод болж ургана гэдэг ид хавтай л хүний чадах ажил даа. Тэр дундаа манай Аюуш шиг үгийн дархны л ур хийц дээ. Түүний шүлгээс би тасхийсэн буун дуу сонсдог. Сонсоод навтасхийдэг, намсхийдэг.

...Гөрөөсөнд чинь үзгээрээ л хүрдэг шүү эх орон минь

Бахардаад унасан амьтны хүзүүг нь мушгиж

Баатар болдог чинь үзэгдээд л байдаг шүү, Ард түмэн

Бугын чинь цусан эвэрт үгээрээ л хүрдэг шүү эх орон минь

Улаан шүрэн эвэртэй тэр сайхан амьтдыг

Угаар нь хөрөөдөх чинь мэдрэгдээд л байдаг шүү, Ард түмэн минь...

Ингэж сэрнэ, ингэж мэдэрнэ гэдэг үнэхээр сүсэлмээр шүү, таминь! Миний дэргэд бол “нүүж яваа уул” шиг л сүрлэг анд минь угтаа бол дотроо нурж явдаг амьтан. Яс минь, цус минь, амьсгал минь, Монгол минь гэж үнэн сэтгэлээсээ нурна, шанална. Зүрхнийхээ цурхирах чимээг үзэгнийхээ цусаар бичиж бидэнд уншуулна.

Монгол хүн

Солонгос руу зугтаж байна

Монгол хүн

Америк руу дүрвэж байна

Монгол хүн

Япон руу урваж байна

Монгол хүн

Европ руу шарваж байна

Монгол хүн бол

Эх орныхоо яс, мах, цус юм

Монгол хүнийг

Эх орноос нь огтчин хаяж байна.

Сэтгэл хэрэв даавуу юмсан бол цуулж урагдаж байгаа юм шиг, тархи хэрэв хана хэрэм юмсан бол цоо, цоо буудаад, онгойсон том нүхээр нь орчлонгийн үнэн чихэлдэж байгаа юм шиг л санагдуулдаг даа, түүний шүлгүүд.

Энэ хорвоо чинийх биш

Энэ хорвоо минийх биш

Энд зүгээр л чи...

Хэсэгхэн зуур инээх ёстой

Хэсэгхэн зуур уйлах ёстой

Хэн нэгнээр аргадуулах ёстой

Хэн нэгнээр алгадуулах ёстой

Нулимсыг чинь арчсан гарын

Зөөлнийг мэдрэх ёстой

Нулимсыг чинь асгаруулсан гарын

Хатууг мэдрэх ёстой.

О.Цэнд-Аюуш нэг удаа надаас асууж байна. “Анд минь, би сая хоёр номоо гаргалаа. Он дуусахаас өмнө ахиад нэг шүлгийн номоо гаргачихвал улс амьтан юу гэх бол?” гэж. Санаа нь, “Бяр амтагдаад байна, даанч бяраа байгаагийн хэрээр цацаж болдог бол уу” л гэж байгаа хэрэг. Би түүнийхээ санааг ч танилгүй дээ. Учир нь, Аюушийнхаа хэлснээр “Бид сүнсээ таньдаг хүмүүс” юм аа. 

***

ТЭМДЭГЛЭЛ - 2
 


Яг үнэндээ яруу найргийн хүрээлэлд би түүн шиг зоригжуулагч, бас хүлээн зөвшөөрөгчтэй олон таарч байгаагүй ээ. Яруу найрагчид бол өөрсдийгөө “Хамгийн лаг нь” л гэж бодож явдаг улс. Тэгж бодох нь ч зөв юм, зүй ёсных юм. Тийм бардамнал, тийм итгэл зориггүйгээр ямар юмаа бичиж чадах билээ. Тэр утгаараа ер нь өөрөөсөө бусдыг үл тооно, тоолоо ч гэсэн түүнийгээ илэрхийлээд байхгүй, болж л өгвөл “цоожтой хар авдар”-т хийгээд хав дарчихна. Магадгүй үхсэн хойно нь тэрийгээ гаргаж ирнэ. Хатуу сонсогдож байж магадгүй ээ. Тийм л байдаг хойно.

Харин Ч.Ууганбаярын хувьд арай өөр сэтгэл үнэртүүлж явдаг яруу найрагч гэдгийг сая “Poetry night” гэх арга хэмжээг зохион байгуулж байхад нь харж, таньж мэдэв. Шулуухан хэлэхэд, анх 5 яруу найрагч оролцсон ийм үдэшлэг, тоглолт зохион байгуулна гэж ярихад нь “Яасан ч романтик залуув дээ. Шүлэг сонсох гэж мөнгө төлөх хүн юу л бол доо” гэж бодсон. “Цөм шатвал яана” гэхэд минь “Шатсан ч хамаагүй ээ. Яруу найргийн үнэ цэнийг өргөе л дөө, хэдүүлээ” гэж хариулж билээ.

Залбиран буй бодь гөрөөсний

Хавсарсан алганд ямар улирал буйг

Ширтсэн зүгт нь

Ямар баян бүрд буйг

Сац уужим оюун ухаанд нь

Сод тодоор эгшиглэн буй хөгжим ямар утгатайг

Хажууд нь бясалгах хувилгаан тагтаа

Шинэ бичсэн шүлгийг минь

Уншсан юм шиг мэдрэнэм

Уйлсан юм шиг уужирнам

Өнгөрсөн амралтын өдөр болсон мөнөөх “Poetry night” үдэшлэгт ирсэн хүмүүс ёстой л уйлсан даа. Уужирсан даа. Нэг ёсондоо Ч.Ууганбаяр маань чадсан. Хүйтэн гудамж, царцуу хана хэрмүүдийн дундуур ганц ногоон навч зуугаад нисч яваа шувуу шиг л гэгээхэн орчлонг тэр бүтээлээ. Ингэж нисч явахдаа тэр ямар шарх олж, далавчаа яаж хугалуулж байсныг нь мэднэ ээ. Хүмүүсийн үл тоомсорлосон харц түүнийг чулуу шиг л онож, өөчилсөн, муучилсан, үл хүлээн зөвшөөрсөн үгс түүнийг шуурга шиг л нүдэж байлаа.

Хайр гэж ...

Өөрт байгаа ганц чихрээ

Үлгэрт итгэдэг хүүд өгөөд

Түүнийг дуусчих бий хэмээн

Эмээн эмээн долоох тэр амтыг

Хэчнээн нандин, хэчнээн нандин болохыг

Өөрөө идсэн бол мэдэрч чадахгүй байснаа мэдэх

Хамгийн сайхан амт юм.

Энэ бол түүний сэтгэл юм. Уг нь “Vol 1” арга хэмжээндээ зургаан яруу найрагч оролцуулахаар төлөвлөсөн юм билээ. Зургаагийн нэг нь Хандхүүгийн Нямхишиг байсан. Даанч хотод ирж оролцож амжихгүй шалтгаантай байснаас тав болж тогтсон ажээ.

Тоглолт амжилттай болоод дуусах хүртэл Ч.Ууганбаяр юу туулсныг энд нурших албагүй. Гэхдээ яг тоглолт эхлэхээс ердөө 10-хан минутын өмнө тэр тайзны арын өрөөнд орж ирээд “Одоо хангалттай. Би байгаа бүх боломжоороо хичээлээ. Үнэхээр ядарч байна” гэж хэлээд, далавчаа хуга буудуулсан шувуу шиг нугдайн суухыг О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, С.Начин бид дөрөв хараад зогсож байлаа. Тоглолт эхлэх болчихоод байхад олон бэрхшээл ундарсан хэвээр л байснаас гадна тэдгээр нь хураагдсаар түүнийг зовоож, шанталсан нь энэ. Гэвч хэдхэн хормын дараа тэр далавчаа хэдийнэ эдгээчихээд, тайзан дээр нисэн шунгах адил шүлгээ уншин зогсож байлаа.

Хайр гэж ...

Зурмал бурхны өмнө зулран суугаад

Бадаг шүлгийн мөрөөс илүү цээжилсэн тарни номоо

Баранзад хадаг байгаа бүхнээ өргөн бариад

Өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө залбиран суугаа

Жижигхээн эмгэний итгэл юм.

Бахархсан шүү, түүнээр. Байж болох хамгийн уужим бодлоор хайрласан шүү, түүнийг. Тэгээд л би энэ арга хэмжээг унагаж болохгүй гэж байдгаараа хичээсэн. Үнэнийг хэлэхэд, өмнөх өдрийн бэлтгэл дээр шүлгээ ч тод уншиж чадахгүй, нөгөө дөрвөө арагш чангаах хүнээр нэрлэгдэж байлаа. Өмнө нь тайзан дээр ганц хоёроос илүү удаа гарч байгаагүй надад үзэгчдийн өмнө шүлгээ уншина гэдэг хүнд даалгавар байсан шүү. Харин Ч.Ууганбаяр бол шүлгээ үнэхээр аатай ганган уншина. Түүнийг “Чулуугаар дуулуулж, булуугаар лимбэ үлээлгэж чадах яруу найрагч” гэж Ай.Төмөр-Очир ах тун ч онож тодорхойлжээ.

Энгийн нэг хүний аялсан

Энгийн биш дуу байх чи

Энэлэн дуу алдсан төгөлдөр хуурын

Цагаахан товчлуур байх чи

Эрхэмсэг гоо үзэсгэлэнгийн өмнө

Илдээн буулган сөхрөн сууж хайр гуйсан дайчин байх чи...

гээд л цангинуулна. Шүлгийг мэтгэнэ, урлана, шаглана гээд янз янзаар бичдэгсэн. Харин уншихыг тэгтэл чамин урлана гэдэг авьяас ажээ. Ч.Ууганбаярыг би “гэзэгтэй зандан” үеэс нь мэднэ. (Уучлаарай, найзыгаа явуулж байгаа юм шүү) Гэзгээ нарийхан годон болгож сүлжээд, түүнийгээ ганц шуртхийтэл үнэрлэчихээд шүлгээ уншдаг байсныг нь санаж байна. Тайзан дээр шуугиулж, охидын зүрхийг уйлуулж явсан байх даа.

...Тэнгэрийг алганаасаа толь мэт алдаж хагалсан тухай

Түүнээс хойш цас нүдэн дотор нь будардаг болсон тухай... эсвэл,

...Сормуусаараа нарны гэрэл зорж

Инээмсэглэлээ агаарт үлдээж

Мананд бэлхүүсээ тэврүүлж

Шүүдэрт шилбээ үнэсүүлж

Уруулаа бороонд өгөхөд чинь

Бүсгүй хүн таныг хайрлах энгийн боловч агуу шалтгааныг олсон юм би...

Тэнгэрийг алдаж хагална гэж юу гэсэн үг вэ! Түүнээс хойш цас нүдэн дотор нь бударна гэдэг ямар янзын зүйрлэл, яасан чамин илэрхийлэл вэ! Ингэж л би түүнийг яруу найргаар нь нээж явна. Он цаг цаашид хэн хэнд маань яаж адайрлахыг хэн мэдэхэв. Гэхдээ ямар ч цагийн араншинд яруу найраг гэх алдаж хагалж, эвдэж халтартуулж болохгүй тув тунгалаг толийг бид дундаа дамжилж, бусдад сэтгэлээ тольдох, ухаарлаа олох, онох боломжийн эрэлд хатсаар л явах байх аа гэж бодогддог доо.

***

ТЭМДЭГЛЭЛ - 3
 


...Хүний мөрөөсөл болсон энэ өртөөгөө би

Хүн чанарын сүүлчийн суурин байгаасай гэж нууцхан хүсдэг.

Н.Минжинсайхан гэх яруу найрагчийн сайхан нь энэ. Тэр цаанаа л нэг нүнжиг ханхлуулсан эр хүн. Бас их голчтой, дүн нуруу сайтай, нөхөрлөхөд түшигтэй. Түүний талаар тэр бүхнийг би мэдэхгүй. Ганц түүний ч биш л дээ, ер нь үеийн болоод бусад тэнгийн яруу найрагчдыг таньж мэдэх гэж, эсвэл дотносох гэж хичээдэггүй юм. Тэд надаас хол, тэнгэрийн амьтад даа гэж бодож явах нь надад амар байдаг юм. Гэтэл Минжээ бол мөн чанараараа хүн татах чанартай.

Хөхөө донгодсон модыг түшихээр дуучин болдог гэдэг

Хүүхэд байхаасаа л би нэгэн модыг түшиж өссөн юм

Ижийдээ зориулж ганцхан дуу л дуулахын хүсэлтэй явтал минь

Үрээ хөтөлсөн эх хүн нулимстай зөрөөд өнгөрөх юм

Өнчин хүн дууламтгай гэдэг

Үнэн байг ээ... тэр яахав, нэг сайхан дуулмаар байна

Модны холтос часхийх сэрүүн цаг ойрхон учир

Хүүгийн гарыг дааруулж болохгүй, дулаахан дуу аялмаар байна.

Эндээс адууны хөх хомоол уугиулчихсан юм шиг ханх тавьж байгаа үнэр хийгээд сэтгэлийг яанам бэ. Нээрээ л Минжээгийн дуу хоолойг сонсоод дулаацах шиг болдог гэвэл итгэх үү? Хуучин модон гүүр шиг элж, орхигдож байгаа хүмүний нэг тийм тос даасан нүнжиг, тоос дарсан нөмөр хоёр түүний шүлгийн үг бүхэнд сүнс адил шингэсэн байдаг.

Орчлонд нэгэн гүүр урсан одож

Ондоо нэгэн гүүр гэрэлтэн босчээ

Урсгал усан чадал юүлэн түрхрэвч

Урьд байсан гүүрний модон хөл ёрдойно

Өлзийт ах нарын илбэж барьсан гүүрийг

Үерийн ус мөлий толхин урсахдаа ч

Өвч хүйтний мөс хага ташин тэврэхдээ ч

Элээж ер чадаагүй сэн...

Он цаг хэдий ч өнгөрөө юм бэ дээ?

Ойл, хангинуурын дуу бүдэгтэн алсарч

Орчлонгийн сайхан ах нар модон гүүрээ орхиж

Олойр хөндий цээжинд тэнэмэл салхи хургана.

Эмзэглэл ийм тод. Он цаг бол голын усан юм. Орчлон бол мөнөөх модон гүүр юм. Түүн дээгүүр алхагч бидэнд орчлонгийн шинэ, хуучин төдий л ялгалгүй. Он цагийг хөлөө норголгүй туулж, гаталж л байвал хуучин гүүрний үнэ цэн бидэнд дурсгалгүй. Ийм хэнэггүй, ийм хайхрамжгүй байгаад л Минжинсайхан мэт нь эмзэглэн, эрэг шиг л нурж, эмтэрч явдаг байх аа.

Амарч буй чинийхээ дүрийг ширтэн ширтэн суухдаа

Амгалан энэ өглөө шиг эгэлхэн амьдралыг би мөрөөдөж амжсан юм

Хүсэл минь төдхөнөө биелэх шиг, он цаг гэрэлтэн тодорч

Хөөрхөн хоёр үр энгэр өөд минь ассан юм.

Түүний “Хэзээ” гэх шүлэгт би их дуртай. Бас “Сэтгэл чамайг таньсан ч бил үү” дууг нь ч сонсох дуртай. Одоо бол дуртай зүйлсийнхээ жагсаалтад түүний зан чанарыг нэмж нэрлэхтэйгээ болов. “Poetry night” арга хэмжээнд оролцох болсноос хойш нэгнээ илүү таньж мэдэх бололцоо олдсон. Бид тав ямар эвлүүлдэг тоглоом шиг угсрагдаагүйгээс хойш хоорондоо санал зөрөлдөх, зөрүүдлэх асуудал мэдээж гарна. Нэг, нэгээрээ тэртэй тэргүй “том” хүмүүсийг нэгтгээд, нэг “том бүхэл” болгоод, яруу найргийн тоглолт зохион байгуулна гэдэг тооцох аргагүй сорилт, бэрхшээлүүдтэй тулна гэсэн үг юм билээ. Тийм үед Минжээ шаардлагатай бол буулт хийж чаддаг чанараараа эв нэгдлийг аварч байлаа гэж.

Орчлонгийн бүхий л гудам

Гэрэлтэй байгаасай гэж чи минь хүсдэг

Одоо байгаа гэрлийн шонгууд харин

Эвдрэлгүй байгаасай гэж би хүсдэг

Минжээ маань тоглолт дээр яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм эх орон” шүлгийг хүндэтгэн дуудсан. Яруу найргийн яруу сайхныг олон хүнд нээж өгсөн. Сайхан яруу найрагчийг сайхан анд нь мөнхөлж явна. Сэтгэл гэдгийг таниулах үүнээс илүү илэрхийлэл гэж юусан билээ.

Ийм тэмдэглэл бичихийн утга зарим хүнд “шал балай” санагдаж байж мэднэ. Нэгнийгээ магтах гэж ядлаа ч гэх хүн гарна. Мэдэж байна аа, угаасаа л үгэндээ, сэтгэлдээ, үйлдэлдээ, мөнгөндөө, мөн чанартаа харам хүмүүсийн хорвоо.

Гэхдээ бид яагаад нэг нэгнээ ирээдүйд үүнээс илүү агуу болохыг нь анах мэт, мөрийцөх мэт хүлээх ёстой гэж. Яагаад бид нэг нэгнээ үхэж үрэгдэж, үгүй болсны хойно нь үгээ олохгүй магтаж, үзгээ тавихгүй дурсах ёстой гэж. Байгаа дээрээ үгээ хэлж, байгаа дээр нь үнэн сэтгэлээ дуулгаж явахын буруугүй байх аа гэж бодно.

***

ТЭМДЭГЛЭЛ - 4
 


Сайнжаргалын Начин бол сахал нь ургасан ч хэзээ ч өвгөн болохгүй найрагч юм. Өвгөрөөд, өвдгөө тулаад өндийх тэр цагтаа С.Начин яг л өнөөдрийнх шигээ нисч чаддаг хэвээрээ л байна байх гэж итгэдэг юм. Үнэн шүү, тэр тайзан дээр гараа алдлаад зогсож байхдаа нисдэг юм. Тэнгэр, тэнгис далайгаар дүүлж яваад ирэхдээ нэг их цэлмэг тэнгэрийн хэлтэрхийг алган дээр минь тавьдаг юм. Итгэнэ үү, байна уу, өөрсдөө л мэд дээ.

Бид тавыг яруу найргийн тоглолт хийхээр болсон хугацаанд хүмүүс янз бүрээр л ярьж буй дуулдсан даа. Тэдгээрийн дунд нийтлэг сонссон нэг үг бол “Таван хар юм”, эсвэл “Та тавын хамтлаг” гэх үгс байлаа. “Дундаа ганц эмэгтэй шигтгэчихгүй дээ” гэхэд нь “Шингэн царай хэрэгтэй гэвэл Начин орлоно, шингэн дуу хэрэгтэй гэвэл Дамиа орлоно” гэж наргидаг байлаа.

Цаасны амь насыг барж муу шүлэг бичнэ гэдэг

Яруу найрагчид минь

Яавч өршөөж болшгүй нүгэл гэдгийг

Цаг ямагт тунгааж явбал...

Түүний шүлгүүд нэг тийм торгон. Үүлгүй цэмбэн тэнгэрийг эсгэж аваад, зүйдэл бүрээр нь буцаагаад оёж байгаа юм шиг уран. Гоёчлох гэж хичээдэггүй, энгийн л зураасуудаар бүтээсэн уран зураг шиг атлаа өнгө будаг нь хачин тод. Дүрслэлээр утгыг онох нь үгээр зураг зурж, хөгжим тоглохын адил аа.

Сэрвэгнэх зүүдний эрвэгнэх хөлбөрөөн лугаа

Бие сэтгэлийн дотуур дураар жиргэх уянгат дууны чинь эгшигэнд согтож

Салхин сэвшээтэй нуурын долгиог өнө удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүнд нь живүүлэхэд

Бидэртсээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гунигт дүрийг тольдоход

Чивчиртэл татсан нумны үзүүрээс алдуурсан сум адил

Чиний нүд намайг ширтэхэд хоёронтоо тайтгармуй.

Гоё уу? Чивчиртэл татаад тавьсан сум шиг чиний нүд. Энэ зүгээр л нэг зүйрлэл биш. Энд хэлээгүй утга, илчлээгүй мэдрэмж бий. Чивчиртэл татсан нумнаас алдуурсан сум шархгүй тусна гэж үү. Шархдаж, шаналж буйгаа харин эдгэрэл, тайтгарал болгон хувиргаж байгаа ийм сэтгэл, ийм ид шидийг гагц уран бүтээлчид л эзэмджээ гэвэл энэ шүлгийн утга илүү тодорч, уран зураг шиг харж болно. Яруу сайхныг олж нээхийн тулд та ид шидэнд итгэж чадахаар гэнэн болоод гэгээн байх ёстой.

Авах юм чи бид хоёрт яасан их байна вэ? хайрт минь

Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон байраас эхсүүлээд

Ор дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна

Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи л надад мэдрүүлсэн шүү

Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр

Хамтдаа агаар сороод, одод ажиглаж зогсоход

Үс чинь салхинд хийсэж л таараа

Үсийг чинь салхинаас харамлахад хавчаар ч бас хэрэгтэй биз дээ...

Тансаг уу? Хайрлахад хавчаар ч гэсэн хэрэг болно гэдгийг мэдэрч буй тэр сэтгэл ямар агуу, яасан дур булаам бэ. Тэр өөрийн ертөнцөө тунгалаг, бас жаахан ихэмсэг, эрхэмсэг байдлаар бүтээж авч явдаг. Хэн хүссэн хүнийг өөрийнх нь ертөнцөд ямар нэг зүйл сараачихыг зөвшөөрөхгүй. Сайн танихгүй хүндээ бол тэр ихээхэн шиг их зантай этгээд.

Чамдаа уусан алдрах

Цаг хугацааны жингийн туухай дээр

Цастай хөндийг туулсаар

Чихрах чимээнд нь амьд гэдгээ мэдрэн алхаж байна

Жигд хэмнэлээр хаялах борооны ширхэгт

Зүүд зөн биелэл хоёр минь нуугдаж буй хэмээн сэтгэж

Зүс төгөлдөр намрын улаахан навч голын торгон урсгал эсгэчсээр хөвөхийг

Жирийн л нэгэн үйл явц хэмээн бодотлоо алхаж байна.

Би түүний үзэгч, бас шүтэн бишрэгч л явлаа. “Poetry night” яруу найргийн үдэшлэгийн хугацаанд манай Начин өөрийгөө ямар даруу, бас ямархан дагшин зүрх сэтгэлтэй вэ гэдгээ нээж харуулсан гэж болно. Даруу гэдгийг тайлбарлах нь илүүц. Гоцолж, онцгойрох гэсэн үзэл болоод хүсэл нэг ч удаа цухуйлгасангүйг хэлж байна. Дагшин гэдгийн утгыг ташлуулан хэлбээс, булингаргүй тунгалаг, буртаггүй, хиргүй хэмээсэн утга. С.Начин бусдын тухайд барагтайд муу хэлэхгүй, муугаар бодохыг ч цээрлэдэг болов уу гэмээр л санагдсан.

...Зүрхнээс минь салаалсан үй түмэн бодлууд бол мөчир юм

Зүр согоо янзагаа дагуулж ирээд навчисынх нь нөмөрт

Шүлэг нэхэж хөлөө дэвсэнэ ээ...

...Эх дэлхийнхээ хэвлийд шингээд

Эргэж төрөхдөө өөрөөсөө

Үй олон ой төрүүлнэ ээ.

Ийм нандин сэтгэл гэж байдаг аа. Манай гоц яруу найрагч Л.Ганзул маань хэн нэгнийг магтан сайшаах бол “Мөн ч нандин даа” гэж хэлдэг байж билээ. Тэгвэл нэг нандин нь болох С.Начин маань ахыгаа дурсаж “Эгшиглэнт эх орон” шүлгийг нь ямар сайхан дуудав аа! Чухам л шүлэг гэдэг чинь нэг нь нөгөөдөө урлаж өгдөг жигүүр юм. Начин гэгч шувууны нэр болой. Тэр шувууны нэрийг эзэмдэгч С.Начин тэгвэл хүмүний сэтгэлд далавч урлагч болой.

Хөрс нь эрдэнийн чулуудаа ил тавьж амраад

Өстөний нүдийг эртнээс хужирласан дорнын эх орон минь

Хайрласан бүхэндээ лааны гэрэлд үйх эрвээхэй мэт шатсан яруу найрагчдын ганцаардалд

Өндөр өндөр хүслийн жигүүрийг нь цуцаах гуниг хайрласан

Өгөөмөр их шаналалаас чинь

Өөрийгөө олсон шүү!

Начин өөрийнхөө тухай биш, бусдын тухай, тэр тусмаа яруу найрагчдынхаа тухай ярих их дуртай. Өөрийнхөө сайныг, өрөөлийг саарыг л ажиж явдаг хүмүн бидэн дунд бусдын сайхныг шувуу шиг л шүүрч, үр шиг зууж нисээд, төгөл болтол ургуулахаар зөөж яваа мэт л төсөөлөгддөг дөө.

***
 


Төгсгөлд нь дээрх "ТЭМДЭГЛЭЛ"-ийн эзэн, "Poetry night" яруу найргийн цэнгүүний талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очирын бичсэн уран бүтээлийн шүүмжийг толилуулъя. 

АЙРГИЙН ТАВАН НАЙРАГЧ

(Үнэн үг гэдэг үнэтэй морьноос ч үнэтэй... Өврийн дэвтрээс)
 

Яруу найраг бол эрин үеийнхээ толь. Тусгал төдийгүй бусдад гоо сайхныг мэдрүүлж ирээдүйд даллан дуудах оюун ухааны тунхаглал юм. Иймээс найрагчид гэдэг цаг үеийнхээ бурантагтай тэмээ байдаггүй. Алсыг харж далдыг мэдэрч байдаг амаргүй хувь тавилангийн эзэд байдаг.

"Найргийн цэнхэр үдэш" арга хэмжээний талаар товч боловч саналаа хэлье.

Манай яруу найргийн ертөнц дэх энэ арга хэмжээ нь элэгдэл болсон хуучин арга барилаас зайлс хийж өвөрмөц шинэ арга барилаар сэдэж сэтгэж урласан " үзэгдэл " боллоо . Тайз засал үзэгдэх орчноосоо эхлээд тансаг нандин мэдрэмж төрүүлж хөгжим . дуу найруулга. гэрэлтүүлэг зэргийн зохирол нь үзэгчдэд хэлэх өгүүлэмжээрээ содон байлаа . Уг арга хэмжээ зарласан цагаасаа нилээд хожимдож эхлэсэн ч хүмүүс тэгтлээ цухалдаж бухимдахгүй нь цоо шинэ арга хэмжээг хүндэтгэсэн нь илт бололтой .

Цар тахалын нөхцөлд цас мөсний хайруугаас өрсөж түмнийхээ сонорыг мялаах гэсэн найрагчдын их тэмүүлэл. Тэгээд ч танхим тавин хувийн дүүргэлтэй. Дээр нь замын түгжрэл (Тү жанжин)-ы эрх мэдэл өндөр байсан юм билээ.

Айргийн таван морь шиг найргийн таван "хүлэг" гараа зурхайдаа жигдэрчээ. Тавуулаа ээлжилж найраг шүлгээ "тарлаж сунгаж" давхилдлаа.

Чамбай залуусын чанагдсан бүтээлүүд часс хийж цууриатахад үзэгчид үе үе үсэрч цовхорч үглэн хашгичих нь тэдний сэтгэл ховхорч. Тэвчээр алдан буйг илтгэнэ. Найрагчдыг шүлгээ уншихад ганц гитарын гоцлол. Саксопоны аргил дуу. Джаз хөгжмийн ая донжоор чимэглэн чөмөглөсөн нь ч сонор мялаан өвөрмөц санагдаж зочдын сэтгэлийг гижигдэв бололтой.

Тоглолт ерөнхийдөө гурван хэсгээс бүрджээ. Манай урлагийн сонгодог төлөөлөгчид болох Уртын дуучин Б.Билгүү, "Никитон" хамтлагийн дуучин, УГЗ  Б.Батчулуун нар ая дуугаа өргөв. Дуулах ч гэж " рамдчихаад" одов. Түүний хөгжмөө тоглох нь миний бараг яс мөлжих, түлээ хагалахаас ч амархан ажээ.

О.Цэнд-Аюушийн хорьхон насандаа зохиосон шүлгэнд тэрээр өөрөө ая зохиосон гэж сонирхууллаа. Сонгодог урлагийн театрын нэртэй төлөөлөгч, зартай дуучин Ө.Уянга Н.Минжинсайханы шүлэг, Цогтдэлгэрийн ая гэх цоо шинэ дууг гургалдайлан дуулж, олныг бишрүүлэв. Тоглолтыг ивээн тэтгэгч, ая зохиогч Т.Бат-Оргил гарч ирж, алдарт "Аж богдын харуул"-аа дуулав. Мөн "Увертюра" хамтлаг. " One way " хамтлагийн дуучин Отгоо .... шүлгээр орчин үеийн залуусын эстрад дуу өргөв .

Яруу найрагчдынхаа наадмыг яруу найрагчид минь чимэглэж гэргий нараа дагуулж гар гараа бүжиглүүлж ирсэн анзаарагдав.

Үйтэн хуараар хулдаж хүйтэн магтаалаар хулдааслаад яахав дээ. Сануулж хэлмээр, дараа дараачдаа бодмоор цөөн зүйл байлаа. Найруулагчийн гол алдаа юу над мэтээс илүү үглэж байна уу. Бүү мэд дээ.

Тоглолт О.Цэнд-Аюушийн "Уйтгарт эх нутгийн дуу" шүлгээр эхэллээ. Яасан хүнд туссан гээч. Шууд оюун санааны оргилсон эрч хүч өнөөх гоё хүлээлтийн дархлааг нам унагав. Шүлэг бол сайн шүлэг. Гэвч ёстой билэг дэмбэрэлгүй. Үзэгчид хөөсрөөд анзаараагүй ч биш бүүр будан дунд төөрчих шиг гуниглаад явчихсан юм. Энэ бол найрагчийн биш найруулагчийн асар том алдаа болсон доо.

Хөтлөгч уран зохиолын багш. судлаач доктор П.Батхуяг байлаа.

Энэ нь урд өмнө гараагүй цоо шинэ "харгуй" болж байлаа. Бөхийн барилдааныг тайлбарлан үзүүлдэг шиг яруу найргийг ингэж хөтлөсөн нь үзэгчдэд оюуны ид шидийг ойлгуулахад дөгөм байсныг мэдэрч байлаа. Энэ нь ерөнхийдөө тоглолтынхоо донжийг гоо сайхны ертөнц рүү мэрэгжлийн түвшинд "дөрлөөд" алхчих шиг бодол төрүүлсэн. Тэнгэрийн найрагчид аа хүндэтгэх хэсэг бол гүн сэтгэгдэл төрүүлж догдлуулав. Гэтэл Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нараас цаашаа ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн Ш.Сүрэнжав, Д.Нямсүрэн ч юм уу, аваргуудаа мандуулахгүй дээ гэх бодол төрснөө нуугаад яахав. Залуусаа дурсаж болно л доо. Гэхдээ тоглолтын "даралт" огцом унаж байсныг тайзан дээрх дүү нар анзаараагүй л болов уу. Хувь хүмүүс танил талын эрх ашгийг хаа ч ямар ч үед мартах ёстойг цаашид бодмоор.

Бараг дуусах дөхтөл хөтлөгч одоо чинь юу билээ гэж асуух маягтай эргэлзэхэд хаа тэртээ холоос Аяа буюу Цэнд-Аюуш найрагч "Болоогүй ээ, одоо үхэр буугаа тавина" гэх нь сонсогдов оо. Хамгийн сүүлд найрагч бүр өмнөө барих шүлгээ уншина гэхийг хэлж байгаа нь тэр ажээ. Ямар гоё сонсогдсон гэж санана аа. Яруу найрагч гэдэг ингэж л энгийн биш үгээр сэтгэж ярих ёстой юм л даа. Ийм төрөлд манай ахмадуудаас Д.Цоодол, Т.Галсан нар гайхалтай сэтгэж. уран шаглаа. торгон нэхээс шиг ярьдагсан .

Залуус суралцах хэрэгтэй. Зүйрлэл дүрслэл гэж зүлэг ногоо шиг ургуулах нь зохиолчийн эрдэм юм. Миний бодлоор Минжинсайханы шүлгүүд унь, хана тооно, углуургаараа нийлэх шиг сүмбэрлэж үзэгддэг. Ус мөрөн өөрийнхөөрөө урсах мэт хоржигнодог юм л даа. С.Начинг би "хачин амьтан" 4-р ангид байхаас нь мэднэ. Эр өсч эсгий сунана гэх үг ч багадах найрагч даа. Чу.Ууганбаяр бол чулуугаар дуулуулж, булуугаар лимбэ үлээлгэчихэж мэдэх дууч. Уншина гэж унзадлаад бас тарнидчихна.

Дорнодын их талаас үзүүр рүүгээ нэхэх хүлэг шиг бодол ухаанаараа бор борхон харцага шиг жиргэх Д.Дамдинжав бол их утга зохиолын "Дотоод тэнгэр" байж мэдэх л байх шүү. Тэр бол сэтгүүл зүй, утга уран зохиолын "Хол тоглогч" мөн.

Түүний өмнө бүтээж туурвихын их "Мэнэнгийн тал" ч цэлийж буй гэдэгт ер эргэлздэггүй ээ. Гэтэл тоглолтын төгсгөлд дараагийн найргийн үдэшлэгт Тан.Галсан, Пун, Бадарч, Шаг,Дулмаа, Дөн. Цоодол, Дам.Урианхай ... гээд л хөшиг нээгдэхэд үзэгчдийн уулга алдалт урам оролт илт сэргэж, танхимын уур амьсгал агаарт хөөрөөд нисчихсэн дээ. Ингэж хуучны "ногоон онгоц"-нд сууж яваа юм шиг сэтгэгдэл төрөхүйц огцом донсолгоотой төгссөнийг анзаарав.

Шүүмжлэх гэж шүүмжилсэнгүй. Шүлэг найргийн хувь тавиланд "шүүс" болоосой гэсэндээ тэрлэв.

Хөтлөгч П.Батхуяг сүүл хэсэг рүүгээ тус таван найрагчийн мөн чанар дотоод ертөнцийг мэрэгжлийн багш хүний хувьд дүгнэж хэлсэн нь "Бяллиардын шарик"-ийг бяц цохиод оруулах мэт оновчтой төдийгүй үзэгчид, найрагчдын ойлголцолд үзэмж нэмэх үнэлэлт өглөө .

Шинэ зүйл бүхэн алдаа оноотой л байдаг юм .

Дараа дараагийн тоглолтын давс хужирт нэмэр болох болов уу гэж илүү үглэвэй...

Эцэст нь хэлэхэд...

Яруу найргийн зөвлөл нь яагаад сураггүй байгаа юм бол доо гэж гайхшрав аа. Алаг цаас, баярын бичиг атга чихэр, урмын үг хэлж, нөхдөө дэмждэггүй юм уу ч гэж элэг сэмрэв. Бид ер нь нэгнээ хүндэлж бусдыгаа хүлээн зөвшөөрч чаддаггүйгээс тамын тогоон дотроо тамаа эдэлж явдаг юм биш биз дээ.

Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж өвгөд минь хэлчихсэн шүү дээ. 

Уг тоглолтоос уншигчид үзэгчид өрөмийг нь идсэн нь мэдээж ээ

Улыг чинь шагаагаагүй шүү, би

Хусамыг чинь идэж амтыг нь үзээд

"Хувилгаан найрагч" дүү нартаа хундагаа өргөж байгаа минь энэ.

Тат тат... бас ташуурд. Таван морь айрагдаж болдог ч нэг л морь түрүүлдгийг сана. 

Ямагт биднийг уулзуулдаг

Яруу найраг мандтугай .

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.187.21) 2021 оны 11 сарын 12

Дамиа найрагчийнй тэмдэглэлээс айраг амтагдам шүлгүүдээс нь амссандаа бахархаад Ай Төмөрочир дархны шүүмжээс үдэшлэгийн талаар мэдээгүйдээ харамсаж сууна. бичлэг нь тавигдах болов уу? та бүхэндээ уран бүтээлийн амжилт хүсье.

0  |  0
Зочин (64.119.20.135) 2021 оны 11 сарын 12

Ямар гоё юм бэээээ

0  |  0
Top