Я.Батхүү: Өсвөр насныхан ганцаардахаас айснаас үүдэж гэмт хэргийн золиос болж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

-Өөртөө итгэлгүй байдал, ганцаараа үлдэхээс айх айдас,өөрийгөө хардах боломж олгодгоос энэ хэрэг үүддэг-

Өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг олон асуудал, бэрхшээл байдаг. Цахим орчин дахь гэмт хэрэг, гадуурхал, хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн хүчирхийлэл гээд тоо томшгүй.  Энэ бүхний цаана гэнэн томоогүй охид, хөвгүүдийн шохоорхол, үерхэл, бэлгийн боловсрол, эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдал гээд олон шалтгаан бий. Мөн сүүлийн үед өөрт нь дурлаагүйн төлөө, эцэг, эхэд нь зөвшөөрөгдөөгүйн төлөөх өш хорслоос үүдсэн аймшигт хэргүүд гарах болсон. Өсвөр насныханд болон өсвөр насны охид, хөвгүүдтэй эцэг, эхчүүдэд зориулж дээрх сэдвүүдийг хөндөж сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.

-Өсвөр насныхан  шохоорхол, бэлгийн дур хүсэл, хайр гэдгийг ялгаж ойлгоогүйн улмаас алдаж энддэг. Энэ ялгааг хүүхдүүддээ тодорхой тайлбарлавал?

-Өсвөр насны 13-18 насны хүүхдүүдэд шохоорхол, бэлгийн дур хүсэл, хайр дурлалын мэдрэмж ер бусын хүчтэй илэрдэг. Тэдэнд бүх зүйл шинэ сонин байгаа шүү дээ. Шохоорхол гэдэг бол хүмүүс бие биенээ шохоорхон сэтгэл догдолж хөөрөх түр зуурын үзэгдэл юм. Шохоорхол ихэнхдээ удаан үргэлжилдэггүй. Энэхүү ахархан хугацааны эцэст алдаа эндэгдлийн гашуун дурсамж үлдэх нь олон.

Хэт их шохоорхлын үед оюун ухаан бус хөөргөн дэврүүн сэтгэл хүнийг эзэмдэх болно. Ийм тохиолдолд залуу хүн буруу хүнд итгэх, бэлгийн харилцаанд эрт орох зэргээр харамсаад барахгүй уршигт хүргэж болно. Дур хүсэл гэдэг бол сексийн хэрэгцээгээ хангах гэсэн хүчтэй хүслэн юм. Тачаалыг "хайр дурлал" мэтээр ойлгох явдал их байдаг боловч энэ хоёр огт өөр үзэгдэл. Тачаал бол мөн чанартаа хар амиа бодох үзэл бөгөөд хувийн хэрэгцээгээ хангахаас цааш хэтрэхгүй. Маргааш нь л мартаж мэднэ.

Хайр бол өгөөмөр энэрэнгүй, атаархдаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, амиа хичээдэггүй, нөгөө хүндээ аль болох сайн сайхныг өгөхийг эрмэлздэг. Хүлээцтэй, тэвчээртэй, хүндэтгэлтэй, эрхэм нандин зүйл учир шууд энгэр зөрүүлэх явдлыг үл хүснэ. Санах, мөрөөсөх, итгэх, хүлээх, уулзах, болзох гээд сэтгэлийн таашаалыг илүү чухалчилдаг. Товчхондоо дурлал гэж бусдын давуу талд татагдахыг хэлдэг бол, хайр гэж түүний сул талыг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг.

-Өсвөр насны хүүхдүүд үерхэж эхлээд хөнгөн бодолдоо хөтлөгдөн бэлгийн харилцаанд орсноор ямар эрсдэлүүд хүлээж байдаг бол?

-Охид, хөвгүүдэд дээрх мэдрэмж бүхэн гоё сайхан санагддаг. Бие биедээ ойртох, гараас нь хөтлөх, тэврэх, үнсэх гээд бүх л зүйл нь сонин. Улмаар бэлгийн харилцаанд ч орох магадлалтай. Биеэр дотносох гэсэн хүсэл нь бие биедээ хайртайгаа харуулах гэсэн баталгаа гэж эндүүрдэг. Өсвөр насны хүүхдүүд бэлгийн харилцаанд орсноор хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин гээд эрсдэлүүд хүлээж байгаа гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Үүнийгээ дагаад бие болон сэтгэл зүйн хохирол амсана шүү дээ.

-Өсвөр насны хүүхдүүдтэй аав, ээжүүд үерхэл нөхөрлөл, бэлгийн боловсролын талаар хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах ёстой вэ?

-Ер нь манай монголчууд бүрэг ичимхий, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ маруухан, энэ талын яриа өрнүүлэхдээ тааруухан байдаг нь анзаарагддаг. Өсвөр насны хүүхдүүддээ онцгой анхаарал хандуулж, туйлын болгоомжтой харилцах ёстой байдаг. Хамгийн сайн найз нь, хамгийн түшигтэй дэмжигч нь, итгэж найдаж болохуйц эрхэм хүн нь байх ахуйд энэ харилцаа тогтоно. Тиймээс ямар ч сэдвээр нээлттэй бөгөөд болгоомжтой ярьж, тусдаа хоёулхнаа уулзаж цагийг өнгөрөөх хэрэгтэй.

Хүүхдээ юу бодож, юу хүсэж, юунд эмзэглэж явааг уудлан сонсох нь хамгийн чухал байдаг. Нэг сайхан ярилцаад ойлголцчихвол нууцаа танд хэлж, зөвлөгөө, тусламж хүсэх болно. Харин тэгж чадаагүй уурлах, ойлгохгүй байх, төвөгшөөх гэх мэтээр цааргалсан бол хүүхэд чинь хэзээ ч танд сэтгэлээ нээж, нууцаа хуваалцахгүй. Улам л дотогшоо болох, дуугаа хураах, ярилцахаас татгалзах болно. Тэр бүхнээ найз нөхдөдөө хэлж буруу зөрүү зөвлөгөө сонсож буруу зам руу халтирах магадлалтай.

-Цаг цөвүүн болсон энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ нийгэмд гаргах, хүн хартай уулзуулах дургүй, нэг л айдастай болсон шиг санагддаг.  Энэ айдас нь эргээд хүүхдээ тусгаарлах нэг хүлээс болоод байна уу даа?

-Хүүхдээ анги хамт олон, найз нөхөдтэй нь нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Хүн л юм болохоор хүүхэд залуус томчуудын хэрэглэдэг зугаа цэнгэл, эрх чөлөө, хараат бус байдал, элдэв зуршлууд, бэлгийн сонирхол төрж л байгаа. Манай зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ бүхнийг нь хориглож, хаалттай хаалганы цаана суулгаж, гэр сургууль гэсэн ганцхан маршрутаар байлгаж, хичээл ном гэсэн ганцхан хэрэгцээг тархинд нь программчлахыг тулган, хэт хянаж цагддаг.

Яг үнэндээ ийм арга барилд хүүхэд эсрэгээр нь явж эдэлж үзээгүй хэрэгцээгээ мэдэрч үзэх гэж, энэ "солиотой" гэр орон, эцэг эхээс зугтаж, бие даахын туйлын хүслэн болдог. Хориглох тусам хорхойсно гэсэн утга энд яг тохирно. Бас үргэлж загнуулж, шүүмжлүүлж байдаг хүүхдүүд өөрсдийгөө арчаагүй, доромжлогдсон мэт санадаг бөгөөд эсэргүүцэл болгож  ширүүн ааш, уур уцаартай болж хувирдаг.  Эцэг, эх хоёр хоёулаа нэгдсэн фронтоор хүүхдийнхээ эсрэг довтолж байгаа гэр бүлд маш хүнд үр дагавартай зөрчилдөөн гардаг.

Хүүхдүүд гэрээсээ дайжиж, орон гэргүй тэнэмэл эсвэл архи, мансууруулах бодис хэрэглэдэг хар тамхичин болох ч эрсдэлтэй. Харин эцэг, эхийн нэг нь хүүхдээ дандаа шийтгэж, нөгөө нь дэмждэг гэр бүлд хүүхэд нэг талаас хамгаалагдсан байх ч, нөгөө талаас арга зальтай нэгэн болж хүмүүждэг. Луйварчин, худалч, гомдоллогч сэтгэхүйтэй болох анхны суурь тавигдаж байгаа нь энэ. Ёс суртахуунгүй байдал ба хатуу чанга хүмүүжлийн хоорондын нарийн тэнцвэрийг олох нь тун хэцүү. Насанд хүрсэн хойноо өөрийг нь ингэж загнаж, хянадаг хүнийг эрж хайх болно.

Мөн амьдралыг нь чиглүүлж, хөдөлгөж байдаг хэн нэгнийг эрж хайдаг болно. Үгүй бол үүнийгээ тэс өөрөөр хүлээж авч, эсрэгээр өөрөө дарангуйлагч болж, хүүхэд насандаа өөрийг нь гомдоож байсны өшөөг хань ижлээсээ авч дарангуйлж, доромжилдог хүчирхийлэгч болно оо л гэсэн үг.

-Эргээд үерхлийн сэдэв рүүгээ оръё. Охид хүнд итгэж үерхэж нөхөрлөснөөрөө ямар сайн болон муу талыг мэдрэх боломжтой вэ?

-Хүүхдүүддээ өгөх аавуудын хамгийн том бэлэг бол ээжийг нь хайрлах гэдэг зарчим бий. Ийм харилцааг харж өссөн охин хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг нэгэн болдог бол эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнийг хайрлаж халамжилдаг, хамгаалдаг нэгэн болж төлөвшдөг. Хайрыг өгч, авч чаддаг сэтгэхүйтэй болно.

Ийн хүмүүжсэн өсвөр насны хүүхдүүд зөв үерхэж, амьдралын алсын зорилго, төлөвлөгөөтэй болж, бие биедээ туслах, хичээл номондоо шамдах, бие биенээ таних, дэмжиж урамшуулах зэргээр эерэг үр дүнд хүрнэ. Эсрэгээр нь ийм хүмүүжлээр өсөөгүй бол буруу замаар явж, эрт үеийн бэлгийн чиг хандлага, хүсээгүй жирэмслэлт, сэтгэлийн шархтай л үлдэнэ шүү дээ.

-Өсвөр насныхны сэтгэл маш эмзэг байдаг шүү дээ. Сүүлийн үед амиа хорлох үзэгдэл нэмэгдсээр байна. Энэ нь ямар шалтгаанаас үүддэг вэ?

-Монгол Улсад өсвөр насныхны амиа хорлолтын түвшин Зүүн Ази, Номхон далайн бүсийн дундаж түвшнээс тав дахин их байна. 2003 онд энэ насныхны нас баралтын шалтгааны гурван хувь болж байсан бол 2019 онд 11 хувь болж эрс өсжээ. 2018 онд өсвөр насны хүүхдүүдийн 30 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудалтай байсан бол, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байсан. Энэ бүхнээс дүгнэхэд хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчин, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Мөн, сургуулийн орчинд өсвөр үеийнхний нийгэм сэтгэлзүйн чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих, өсвөр насны хүүхдүүдийг эрсдэлийг даван туулах, сэтгэл зүйгээ эрүүл байлгах чадвартай болгох нь нэн чухал байна. Эрт жирэмслэлт, өсвөр насны төрөлт, гэр бүл төлөвлөлтгүйгээр эцэг эх болох эрсдэл нь яагаад амьдралын мөчлөгт том золиос болдог талаар хүүхдүүдтэйгээ эрт ярилцах  хэрэгтэй. Жилд 5000 орчим өсвөр насны охид төрж, 70 хувь нь өрх толгойлсон ээжүүдийн тоог нэмж байна гэсэн тоон мэдээ ч бий.

-Цар тахлын үед хүүхдүүд хоёр жил цахимаар хичээллээ шүү дээ. Цахим орчны гэмт хэрэг, гадуурхал, доромжлол хүүхдүүдэд хэр учирдаг бол?

-Цар тахлын улмаас хүүхдүүд хоёр жил гэртээ сууж, гадаа ч тоглодгийг мартан байнга л цахим орчинд уяатай байна. Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, хүний эрх, нэр төрийн асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж байгаа. Монгол Улсын хэмжээнд хүүхдүүдийн 82 хувь нь интернэт ашигладаг бөгөөд тэдний хамгийн түгээмэл хэрэглэдэг нийгмийн сүлжээ фэйсбүүк байдаг. Эдгээр хүүхдүүдийн 85 хувь фэйсбүүкийн нэг болон түүнээс олон хаягтай.

Тус судалгаанд оролцсон хүүхдүүдийн 90 хувь нь интернэтээр ямар нэг зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг хүлээн авсан байна. Хүүхдүүд ийм төрлийн контент хүлээж авсан үедээ эцэг эхдээ хэлэхээс айж, ичдэг бөгөөд ихэвчлэн өөрсдийнхөө хүрээнд асуудлыг шийддэг гэсэн байдаг. Үүнээс үүдэн цахим орчинд байршуулсан болон дамжуулан тараасан хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн шинжтэй дүрс, агуулгын 60-70 хувь нь томчуудад мэдэгдэхгүй өнгөрдөг талтай. Тиймээс хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг маш сайн хянах шаардлага тулгарч байна.

-Хүүхэд тань муу хүнтэй үерхээд байгааг нь, магадгүй бие болон сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн гэдгийг нь эцэг, эхчүүд яаж мэдэх вэ. Хүүхдүүд ямар нэг сүрдүүлгэнд автаад асуудал бэрхшээлээ нуугаад яваад байж болно шүү дээ?

-Сэтгэл зүйн дарамт гэдэг нь хэн нэг муу хүн хүүхдийг чинь ятгах, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, амлалт өгөх, итгэл үзүүлэх байдлаар ойртон дотносож гэмт хэргийг үйлддэг. Хүүхэд хэрвээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол бие махбодын гэмтлээс гадна сэтгэл санаа, нөхөн үржихүй, эрүүл мэнд, зан үйлийн олон сөрөг өөрчлөлтүүд гардаг. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхдийн өөртөө итгэх байдалд сөргөөр нөлөөлөх ба насанд хүрсэн хүнд итгэх итгэл найдварыг үгүй болгодог. Энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хүүхдийн зан байдал, хандлагад дөрвөн бүлэг шинж тэмдэг илэрдэг.

Нэгдүгээрт сэтгэл хөдлөлийн хүрээнд өөрчлөлт гарна. Бэлгийн хүчирхийллээс улбаалсан айдас, түгшүүр, сэтгэл гутрал даамжирч амиа хорлох бодол, үйлдэл хийхийг оролддог.

Хоёрдугаарт нийгмийн шинжтэй өөрчлөлт гарна. Хичээл таслах, багш сурган хүмүүжүүлэгчдийн үгнээс зөрөх, эцэг эхтэйгээ сөргөлдөх гэх мэт ааш араншин үзүүлнэ.

Гуравдугаарт төрх үйлийн өөрчлөлт гэж байдаг. Зан төрх эвдрэх, гадуур тэнэх, бүтэлгүй хүмүүсийн ятгалганд орох, гэмт хэрэгт өртөх, архи мансууруулах бодисын нөлөөнд орох, хэрэглэх гэх зэргээр асуудалд орооцолдож эхэлнэ.

Дөрөвдүгээрт стрессийн гаралтай цочмог урвалд ордог. Энэ үедээ хоолонд дургүй болох, хар дарж зүүдлэх, айх, түгших, орондоо шээх, ялангуяа эрэгтэй хүнээс айх айдас тод илэрдэг. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд аав, ээжүүд хүүхдэдээ анхаарч, ярилцах, сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Дээрх байдлаар сэтгэл заслын эмчилгээ хийхгүйгээр зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилбэл дасан зохицохуйн эмгэгт шилждэг. Ингэвэл нийгмийн болон төрх үйлийн эмгэгүүд хүндрээд явдаг. Энэ зан төрх нь насан туршид нь хор хохирол учруулж байдаг.

-Тэгвэл хүүхдийнхээ үерхээд байгаа найз охиныг нь юм уу хөвгүүнийг нь эцэг эхчүүд нь хүлээн зөвшөөрөхгүй байх, эсвэл өөрт нь дурлаагүйн төлөөх өс хорсол яагаад үүсдэг вэ. Энэ төрлийн гэмт хэргийн жишээ сүүлийн үед ноцтой байдлаар гарч байна шүү дээ?

-Эмэгтэй хүний нулимс, эр хүний уур хилэн хайр дурлалын бүтэлгүйтлээс л үүддэг. Гэтэл хайр дурлал гэдэг чинь чухам юу юм бэ гэдэг талаар маш бодитой ойлголтыг авах нь чухал. Үл ойшоогдсон хайр дурлал хамгийн хурц гомдлыг тээдэг. Үүний төлөө хүн ямар ч энэрэлгүйгээр өшөө авч мэднэ. Ийм хардалтын объект болсон хүмүүс ихэнхдээ хардалт болон хүчирхийллийг өөрсдөө өдөөдөг. Бас ингэх боломжийг нь олгодог юм. Хөвгүүд халаасыг нь нэгжиж, утсыг нь шалгах боломжийг охидод олгодог. Охид нь цүнхийг нь ухаж, цахим шууданг нь шалгах боломж олгоно. Ийм дохио дуугарангуут л тэр танд анхаарал тавьж байна аа гэж өөрийгөө хуурах хэрэггүй.

Энэ байдал улам цаашилж гүнзгийрдэг. Үүнээс л хүчирхийлэл эхлэх бөгөөд цаашид даамжирч давтагдах шинжтэй болж үргэлжилнэ. Өөрт нь дурлаагүйн төлөө шийтгэх гэдэг бол хамгийн түгээмэл шалтгааны нэг. Гэхдээ ийм тохиолдолд эр хүний өс авах арга нь эмэгтэй хүнийхээс ялгаатай. Эрчүүд сэтгэл санааны хувьд өшөө авдаг. Нэг бол олны нүдэн дээр үгүй бол хүчтэй үр дагавар үлдээхээр авдаг юм. Харин эмэгтэй хүн бол алхам, үйлдэл бүхнээ нэгд нэгэнгүй тооцоолдог. Ингэхдээ өөрөө ч биш, хэн нэгний тусламжтай хийж мэднэ.

Хэн нэгэнд хэчнээн хайртай байлаа гэсэн ч танд хувийн орон зайн хил хязгаар гэж байх ёстой. Тэнд таны зөвшөөрөлгүй хэн ч орох эрхгүй. Нийгэмд “Би чамд хайртай, тийм болохоор чи тэгэх ёстой, би ингэх эрхтэй” гэдэг болсон байна. Хөвгүүд ч, охид ч адилхан харддаг. Өөртөө илгэлгүй байдал, ганцаараа үлдэхээс айх айдас, өөрийгөө хардах боломж олгодгоос энэ хэрэг үүддэг. Таны үерхэл нөхөрлөл цаашлаад гэр бүлийн амьдрал чинь ийм боолчлолыг хүлээн зөвшөөрч огт болохгүй.

Ийм дарамт шахалтанд эрс шийдэмгий няцаалт өгч, эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдээ эрт мэдэгдэж  таслан зогсоогоогүй нь юу ч мэдэхгүй хүүхдийн буруу л болоод үлдэж байна. Өшөө хорслоос болоод сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон жишээ олон байдаг. Монголд хэдэн жилийн өмнө үл тоогдсон залуугийн өшөө авалтаар гэр бүлийнх нь хүмүүсийг хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарч байсан. Мөн саяхан болсон дотуур байрны сурагч охины харамсалтай гэхээс илүү аймшигтай, дэндүү халагламаар хэрэг гарлаа шүү дээ.

-Залуус, өсвөр насныхан хайр дурлалтай учирсан тохиолдолд хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэл зүйд ямар хяналтыг тавих ёстой вэ, Дурлал сохор гэдэг шүү дээ?

-“Хамгийн түрүүнд би сэтгэл хангалуун байна уу,  миний амьдралын хамгийн үнэт зүйл, зорилго минь юу вэ. Энэ хүн миний энэ шалгуурт нийцэж байна уу, би энэ хүнд үнэн сэтгэлээсээ хайртай юу” гэж асуух хэрэгтэй. Магадгүй энэ асуултууд амин хувиа хичээсэн мэт санагдаж мэднэ. Хүн өөрийгөө л нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Жинхэнэ үнэлэмжийн систем бол амьдралын төвд нь тухайн хүнийг өөрийг нь л тавьдаг юм. “Би” гэдэг бол миний бүх зүйл юм. Энэ нь үргэлж нэгдүгээрт  байх ёстой. Үүнд эрүүл мэнд, боловсрол, амар амгалан байдал, хөгжил дэвшил, үнэт зүйлс, эрхэм хүн бүгд хамаарна. Эрүүл саруул ийм сэтгэхүйтэй хүн л өөрийгөө хайрлаж чаддаг. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг зөв хайрлаж чадна.

-Өсвөр насныхан дунд үерхэл нь бүтэлгүйтсэнээс болж амиа хорлох асуудал гардаг. Ийм бодол тээж яваа хүмүүст сэтгэл зүйч хүний үүднээс ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сэтгэл зүйчийн зүгээс үерхэл, шохоорхол, хайр дурлалын тухай зөв итгэл үнэмшлийг хүүхдэд таниулахыг хүсдэг. Аминаас үнэтэй үерхэл нөхөрлөл гэж хаана ч байхгүй. Хэн нэгэн хүн хэн нэгэнд таалагдахгүй байснаараа чи муу муухай, арчаагүй, сул дорой, зүс царай муутай, өө согогтой, хэн ч тоохгүй хүн гэсэн үг биш. Чамтай тохирох, зөвхөн чамайг байгаагаар чинь хүлээж авах хүмүүс үргэлж байж ирсэн, байсаар ч байдаг.

Чиний төлөө хэзээ ч хичээл зүтгэлээ орхихгүй, чиний л төлөө насан туршдаа бүхнийг хийх, хайр сэтгэл, хамтын амьдралаа эрхэмлэдэг эр хүнтэй учиртлаа ганц бие хэвээр үлдээрэй гэж охид, хөвгүүддээ захимаар байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoshogtin hondii(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

hureltulga geel chi oorinhoo muuhaig emde nehe gireh girsen meder zlaha hend heregtein reket humuuser reekt duusdinma/

0  |  0
hoshigt(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

setgel emdrel itgel medrel geed chi mon shdee.

0  |  0
gangaa(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

chi yu bolchool hudn n eeh amdrla setgel zui zagal.zoduurig cho oor uzeed roilgono muu hogin hni naiamchin.

0  |  0
galaa(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

chi busdiga uucghure dormjoloh demil dee.oorigo humujiltei ged bodosn bol ziala chi archaagui amitan.oorigo har hort mogoig medhegui baij busdad neeh zaah demi shde. oorigo haraad busdig zurgah reket uu chi.

0  |  1
unshigch(66.181.178.117) 2021 оны 11 сарын 16

ganhuu chi oorr ih ganzaardal bolson hun shdee.

0  |  0
Уншигч(192.82.75.29) 2021 оны 11 сарын 15

Мундаг залуу байна, хэн ч ойлгохоор энгийнээр тайлбарлаж өгсөн байна. Амжилт хүсье

0  |  0
Top