ХКН-ын 100 жил ой: Хятадын нийгмийн хөгжил

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

Хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш Т.Чулуун-Эрдэнэ

2021 оны 7-р сарын 1-нд Бээжин хотноо ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болж, Хятадын дарга  Ши Жиньпин “Бүх нам, бүх үндэстэн ард түмний хамтын уйгагүй тэмцлийн үр дүнд бид эхний 100 жилийн зорилтоо амжилттай биелүүлж, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн босгож, ядуурлын асуудлыг шийдвэрлэн, орчин үеийн социалист их гүрнийг иж бүрэн байгуулах хоёр дахь 100 жилийн зорилт өөдөө урам зоригтойгоор алхан орлоо” хэмээн Тяньаньмэний индэр дээрээс онцлон тэмдэгдэв. Түүхийг сөхвөл эдүгээс 100 жилийн өмнө Мао Зэдун тэргүүтэй 13 хүн эвлэлдэн нэгдэж, намын анхны хурлыг зохион байгуулж, 53 гишүүнтэйгээр  ХКН-ыг байгуулсан бол өнөөдөр тус нам 92 сая гишүүнтэй аж (1.4 тэрбум хүн амд харьцуулбал 7 хүрэхгүй хувийг эзэлнэ).

Шинэ Хятад улс байгуулагдаж, ялангуяа өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятад улс нийгмийн хөгжлийн түүхэн ахиц дэвшилд хүрч, эдийн засаг нь хурдацтай өсч, 2010 он гэхэд дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засаг болов. Мөн өнгөрсөн хугацаанд үнэмлэхүй ядуурлыг үндсэндээ арилгаснаа мэдэгдэж, бараг 100 сая иргэнийг ядуурлаас ангижруулан, хөгжил буурай хэдэн зуун муж, хэдэн мянган тосгоныг ядуурлын жагсаалтаас хасч чаджээ.  Хятадын нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг 1978 онд Дэн Шяопин-ий авч хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлоготой нягт уялдуулан авч үздэг. Харин ХКН-ын XVIII их хурал хуралдаж, 2013 онд Ши Жиньпин  Хятад улсын даргаар сонгогдон, засгийн газрын эрхэнд гарснаар тус орон хөгжлийн нэгэн түүхэн шинэ үе рүү орсон гэж үздэг. Миний бие энэхүү нийтлэлдээ дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилт болон энэ хүрээнд иргэдийнхээ сайн сайхан байдал (民生福祉, well-being of the people)-ыг дээшлүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн бодлого, гаргасан амжилтын талаар танилцуулна.

Нэг. Дундаж чинээлэг нийгмийг байгуулах зорилт

Хятадын зарим түүхчид улсынхаа нийгмийн хөгжлийг гурван үе шатанд хуваан дүгнэдэг. Үүнд 1949 оны 10 сарын 1 өдөр Мао Зэдун-ы удирдлага доор БНХАУ байгуулагдаж, дотоодын дайн самуунаас ангижрсан үе.

Хоёрдугаар үе буюу Дэн Шяопиний удирдлага дор, ХКН эдийн засгийн шинэчлэл хийсэн үе.

Гуравдугаар үе бол Ши Жиньпинь-ий засаглалын үе ба Хятад улс хүчирхэгжиж, олон улсад дэлхийн хүчирхэг гүрний байр сууринаас хандаж эхэлсэн үе. Үүнээс Хятадын нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжлийг их удирдагч Дэн Сяопины  өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлоготой нягт уялдуулдан авч үздэг.

Дэн шяопин тус шинэчлэлтийг хэрэгжүүлэхдээ төлөвлөгөөт эдийн засгийн онцлог болох “алтан дундаж” буюу нийтээрээ ижил түвшинд байх зарчмыг эвдэж, “зарим нь түрүүлж хөлжих”, эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд тавих хөгжлийн стратегийг авч хэрэгжүүлсэн юм. Харин шинэчлэлтийн бодлого хамгийн түрүүнд тус улсад эдийн засгийн онцгой бүс байгуулснаар эхэлсэн гэж болно.

1980 оноос эхэлсэн Шөньжөнь, Жухай, Шямэнь, Шаньтоу эдийн засгийн онцгой бүс бол Хятадын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлсэн “тэргүүн фронт”, модернизацыг хэрэгжүүлсэн “хурдасгуур” байв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онцгой бүс нь Хятадын өөрчлөлт шиэнчлэлтийн тэсрэлт болсны сацуу тэгш бус хөгжлийн арга замаар нийгмийн модернизац хийх нэгэн зам болсон билээ[1].

Дэн Шяопин Хятадын онцлогтой хэв маягийн шинэчлэл бол “сайн сайхан нийгэм” бүтээх явдал юм хэмээн тодорхойлж, “дундаж чинээлэг амьдрал” гэдэг ойлголтыг анхлан хэрэглэжээ. Тодруулбал 1979 оны 12 сарын 6 өдөр Дэн Шяопин Японы Ерөнхий сайд Масаёши Охиратай (Masayoshi Ōhira) уулзахдаа "шяокан" (小康, xiaokang) гэсэн нэр томъёог ашиглан “Бидний хэрэгжүүлэхийг хүсч буй дөрвөн шинэчлэл (модернизац) бол хятад маягийн шинэчлэл юм. Дөрвөн шинэчлэл (аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, шинжлэх ухаан технологийн салбаруудын шинэчлэл) бол танай улстай адил бус, харин “чинээлэг өрх” гэсэн үг хэмээн улсынхаа хөгжлийн үзэл баримтлалыг анх удаа тайлбарласан байдаг.

Дэн Шяопин (зүүн) Японы ерөнхий сайд Масаёши Охиратай-тай 12 сарын 6 өдөр уулзаж буй нь  China.org.cn Photo

Эх сурвалж: https://news.cgtn.com/news/3d4d544f7a556a4d/share_p.html?t=1487460031429

Цаашлаад 1987 оны ХКН-ын XIII их хурлаар “Гурван алхам” -аар орчин үеийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх төлөвлөлт боловсруулсан ба эхний алхам XX зууны 80-аад оны сүүлч гэхэд ДНБ-ийг 1980 оныхоос хоёр дахин нэмэгдүүлж, ард түмний амьжиргааны “гэдэс цатгалан мөр бүтэн” байх үндсэн хэрэгцээний асуудлыг шийдвэрлэнэ; хоёр дахь алхам XX зууны сүүлч гэхэд ДНБ-ийг дахин нэг дахин нэмэгдүүлж, иргэдийн амьдралыг дундаж чинээлэг түвшинд хүргэнэ; гурав дахь алхам XXI зууны дунд үе гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг дундаж хөгжингүй орны түвшинд хүргэж, ард иргэдийн амьдрал харьцангуй хангалуун болж, шинэчлэлийг үндсэнд нь хэрэгжүүлнэ [2] хэмээн нарийвчлан зааж өгчээ.

Хятадын дарга Ши Жиньпин ХКН 100 жилийн ойн хурал дээр “гэдэс цатгалан байх” болон ард иргэдийг дундаж чинээлэг болгох эхний хоёр зорилтыг хугацаанаас нь өмнө хэрэгжүүлж дуусгалаа гэдгээ зарласан. Хятад улс түүхийн нэгэн зуунд ялангуяа 1970-аад оны өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2020 он гэхэд ДНБ хэмжээ 100 их наяд юань-ийг давж, нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 10000 ам доллар -т хүрэв.

Сүүлийн найман жилийн хугацаанд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч буй 98,99 сая хөдөөгийн оршин суугчид бүгдийг ядуурлаас гаргаж чаджээ. Мөн хотжилтийн түвшин 60%-аас давж, дундаж орлоготой хүн ам 400 сая-д хүрч, Хятад үндэстнийг олон мянган жил зовоож байсан туйлын ядуурлын асуудалд цэг тавьсан байна. Харин сүүлийн хэдэн жил Хятадын засгийн газар “хамтдаа баян чинээлэг болох”, “өнөөдрөөс нэг нь бус нийтээр баян чинээлэг байцгаая “гэсэн уриа дэвшүүлэн хөгжлийн  бодлогоо боловсруулж байна.

Хоёр. Иргэдийн сайн сайхан байдал дээшилсэн нь

Хятадын их удирдагч Дэн Шяопин “Ядуурал бол социализм биш”, “Хятад улс цаашид өөрчлөлт шинэчлэлт хийхгүйгээр, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэхгүйгээр, ард түмний амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхгүйгээр “бөмбөрцөг хотхон”-оос таягдан арчигдах болно” гээд ХКН-ын XI удаагийн ТХ-ны III бүгд хурлаар “эдийн засгийн бүтээн байгуулалтыг гол төв болгох” шийдвэр гаргажээ. Тэр цагаас хойш хятад улс “дундаж чинээлэг нийгэм” хэмээх стратегийн үзэл баримтлалаар нийгмийг хөгжүүлэх шинэчлэлийн бодлого боловсруулж, баримталснаар өнөөдөр дэлхийн улс орнуудаас тасралтгүй хөгжлийг хадгалж, амжилттай хөгжиж яваа улсын сайн жишээ болоод байна.

Гүйжоу мужийн Мяо үндэстэн оршин суудаг Чянши тосгон. 2021 оны 02 сарын 17.

Эх сурвалж: https://n.eastday.com/pnews/161353103477011584

Цөөн хэдэн тоон үзүүлэлтээр тус улсын нийгмийн хөгжлийн ахицыг харуулбал: 1952, 1978  онуудад ДНБ хэмжээ 67,9 тэрбум юань, 367,9 тэрбум юань байсан буюу 1960-аад онд нэг хүнд ногдох ДНБ өндөр орлоготой орнуудаас гадна Камбож, Кени, Сьерра Леон зэрэг орнуудын ард [3] байсан бол 2020 он гэхэд Хятадын ДНБ 100 их наяд юань давж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болов.

Хятад улс 1949 онд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг, дундаж наслалт дөнгөж 36 (дэлхийн дунджаас 9 жилээр доогуур) байв. Мөн дэлхийн ДНБ-ний 0.3%-ийг бүрдүүлдэг, хоол тэжээлийн дутагдалтай, бичиг үсэг тайлагдалт тааруу, орон гэргүй иргэд түгээмэл, жил бүр хэдэн сая хүн хоол хүнсгүйн улмаас нас бардаг тийм буурай улс байсан бол эдүгээ 98.99 сая ядуу хөдөөгийн иргэдийг ядуурлаас гарган, 832 муж, 128 мянган тосгоныг ядуурлын жагсаалтаас хассан байна [4]. Ингэснээр иргэдийн дундаж наслалт 77 жил (дэлхийн дунджаас 4 жилээр өндөр) болж уртасчээ [5]. Мөн Францын эдийн засагч Томас Пикетти (Thomas Piketty) болон түүний хамтрагчид Лондоны эдийн засгийн сургуулийн сэтгүүлд нийтэлсэн судалгаан [6]-нд: "Бидний тооцооллоор (хятадын) хүн амын хамгийн чинээлэг 10% нь 1978 онд үндэсний орлогын 27%-ийг бүрдүүлж байсан бол 2015 онд 41% болж, харин хамгийн ядуу 50% энэ үзүүлэлтээр 27%-иас 15% хүртэл буурсан байна. Энэ нь нийгэмд дундаж давхаргын эзлэх хувь хэмжээ өсч буйг илтгэнэ.

Гадаадад нээлттэй байх үйл ажиллагаа өргөжин тэлснээр 1978 оноос эхлэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд олноор төрж, тэд ДНБ-ийхээ талаас илүү хувийг бүрдүүлэх болов. Бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт хэмжээ 1950 оны 1,13 тэрбум ам.доллар-аас 2020 оны 4,65 их наяд ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт 2,4 их наяд ам.долларыг давав. Мөн “нэг бүс, нэг зам” санаачлагын доор төсөл хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжсээр, эдүгээ 140 улс орон, олон улсын 32  байгууллагатай 200 гаруй хамтын  ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ [7].

Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийг даган олон тооны ажлын байр бий болсоор. Хятадад хөдөлмөр эрхлэгчдийн тоо 1978 онд 401,52 сая байсан бол 2019 онд 774,71 сая болж, 2000 оноос хойш хот суурин газарт бүртгэлтэй ажилгүйдлийн хувь  харьцангуй бага буюу 4% орчим байна. Мөн хот, мужуудын тал хувь нь сэргээгдэх эрчим хүч рүү хэдийн шилжиж, сүүлийн арван жилийн хугацаанд нүүрс нь тус улсын эрчим хүчний нийлүүлэлтийн 80%-иас 60% болон буурч, дэлхийн цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын 38%-ийг эзлэхийн зэрэгцээ ногоон эрчим хүчний сая сая ажлын байр шинээр бий болгожээ [8].

Эдийн засгийн асар хурдтай өсөлт ард иргэдийн амьжиргааны түвшинг тогтмол дээшлүүлж, 2020 онд хот болон хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох хэрэглээний дундаж зарлага 27,007 юань, 13,713 юань-аар тус тус өсч, иргэдийн амьдрал илүү элбэг хангалуун болж дээшилжээ[9].

Хятад улс 1953 оноос эхлэн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогоо таван жилээр төлөвлөж ирсэн ба 2021 онд 14 дэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталж, түүндээ ард иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулахын тулд:

нэгд, хөдөлмөр эрхлэлтийг нэн тэргүүнд тавих стратегийг хэрэгжүүлж, ажлын байрны тоог өргөтгөх. Бага орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, дундаж орлоготой бүлгийг өргөжүүлэх, нэг хүнд ногдох ашиглах боломжтой орлогын өсөлтийн хэмжээг ДНБ-ий өсөлттэй зэрэг нэмэгдүүлэх бодлого барина;

хоёрт, өндөр чанартай боловсролын тогтолцоог бүрдүүлж, боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөдөлмөрийн насны хүн амын боловсрол эзэмших дундаж жилийг 11.3 (2020 онд 10.8 жил байсан) болгон нэмэгдүүлнэ;

гуравт, нийтийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, хүн амын дундаж наслалтыг нэг жилээр (2019 онд 77.3) нэмэгдүүлнэ. Өндөр настны халамж үйлчилгээ, бага насны хүүхдийн асаргааг сайжруулахын зэрэгцээ төрөлтийг зохих түвшинд хүргэж, хууль ёсны тэтгэвэрийн насыг аажмаар уртасгана. Нийгмийн хамгааллын олон шатлалт тогтолцоог сайжруулж, өндөр настны даатгалд хамрагдалтыг 95% хүргэнэ (2020 онд 91 хувьтай) гэсэн хэд хэдэн арга хэмжээг авахаар заажээ [10].

Ийнхүү өнгөрсөн нэгэн зуунд ялангуяа 1980 оноос хойш Хятадын ард иргэдийн амьжиргаа улам сайжирч, идэх, өмсөх, оршин суух, явах асуудал үндсэндээ шийдэгдэж, иргэдийн хэрэгцээ нь материаллаг эд зүйлээс оюуны соёлд шат ахин, үйлдвэрлэлийн салбар нь бүтээгдэхүүний тоон өсөлтөөс чанарын өсөлтөд илүүтэй анхаарна гэдгээ мэдэгдсэн. Энэхүү хөгжлийн суурин дээр үндэслэн ХКН нь 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цаг дор баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эе зохиролт орчин үеийн социалист улс байгуулах зорилт дэвшүүлсэн билээ.

ДҮГНЭЛТ

Хятадын нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эх нь 1978 оны Дэн Шяопин-ий авч хэрэгжүүлсэн өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого авч хэрэгжүүлсэн явдал юм. Тус шинэчлэлтийн бодлогын ачаар Хятад улс зах зээлийн механизмыг эдийн засагт нэвтрүүлэн, гадаадад нээлттэй байх бодлого баримталж, хувийн өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өрнөдийн орнуудаас капитал хөрөнгө оруулалт татаж, гаднаас шинэ техник технологийн менежментийн арга барил сурч эзэмшин, эдийн засгийн их хэмжээний өсөлтийг бий болгож чадсан юм. Харин 2013 онд ноён Ши Жиньпин Хятад улсын даргаар сонгогдон, засгийн газрын эрхэнд гарснаар Ши Жиньпин-ээр төвлөсөн намын Төв Хороо нь чинээлэг дундаж нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах явдлыг бодлогын гол чиг шугам болгож, харин  хүн амыг ядуурлаас гаргах ажлыг чинээлэг дундаж нийгмийг байгуулах зорилтын үндэс суурь хэмээн үзэж, хөгжлийн стратеги бодлогоо боловсруулан урагшилж байна.


Ашигласан ном
[1]Тао Итао, Лу Жигуо ЭДийн засгийн онцгой бүс ба хятадын зам. Ай Эс Ди Рүби Паблишинг, Орчуулсан. Б. Индра. 2020 он.
[2] 习近平1

[3] https://data.worldbank.org/

[4] China builds moderately prosperous society, achieves centenary goalhttp://en.people.cn/n3/2021/0705/c90000-9868223.html

[5] Reasons to support the Communist Party of China (CPC) on its 100th anniversaryhttps://socialistchina.org/2021/07/01/reasons-to-support-the-communist-party-of-china-cpc-on-its-100th-anniversary/[6] https://blogs.lse.ac.uk/businessreview/2019/04/01/income-inequality-is-growing-fast-in-china-and-making-it-look-more-like-the-us/

[7] 庆祝中国共产党成立100周年专论:为建成社会主义现代化强国不懈奋斗https://www.54cn.net/article/202107/30/6c873837626a4ebc8ebefa47c900c190.html?channelId=32a859bfbe2a4010bbb22bcd0300ccc4

[8] https://www.independent.ie/business/world/green-jobs-boost-china-leads-way-as-renewable-energy-employment-set-to-top-28-million-by-2050-37557686.html
[9] 为什么说中华民族伟大复兴不可逆转http://jspopss.jschina.com.cn/shekedongtai/202110/t20211012_7263469.shtml

[10] 十四五指标新变化释放高质量发展强信号http://www.xinhuanet.com/fortune/2021-03/15/c_1127210275.htm

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top