ТАВАН НАЙРАГЧТАЙ ТАНСАГ ҮДЭШ
Хүн төрөлхтөн үеийн үед яруу найраг, ялдам гоо, яруухан өнгөөр зүрхээ хөглөж иржээ. Цар тахал дэлхий дахиныг нөмөрч багласан ч цадигт эгшиглэнгийн чавхдасыг тасдаж чадаагүй. Харин ч улам чивчиртэл хурцлан, чинээнд нь тултал “хашхирах” бүтээлийг олноор төрүүлж өгчээ. Яруу найраг өөрөө зовлонгоос төрсөн цэцэг шиг үзэсгэлэнтэй атлаа зовж үзээгүй юм шиг жиргэдэг шувуухай адил гэнэхэн билээ. Зүрх бүхэнд энэ л шувуухай жиргэж байгаа цагт зүйдэлгүй орчлонд зовлон гэгч нь юу сан билээ. Цар тахлаас өмнөх цалгисан амьдралыг сануулж, мартагдсан ертөнцийг сэрээж, гундсан хайрыг сэдрээж, гунигт сэтгэлийг сэргээж найраг хөг нэгэн үдэш эгшиглэв.
Тэнгэрт гялалзах таван од мэт таван сайхан залуу тайзан дээр гэрэлтэнэ. Тэд бол энэ цагийн утга зохиолын тод төлөөлөл, сод дуу хоолой болсон найрагчид билээ. Тийм ээ, энэ бол “Корпорейт Конвешн центрт”-т энэ сарын 7-ны өдөр болсон “Poetry night” байлаа. Хамгийн сүүлд тайзнаас хэзээ шүлэг сонссоноо нэхэн санангаа хамгийн нандин сэрэхүйгээсээ анир даран чагнаархлаа.
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт /МЗЭ/, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, “Алтан өд”-ийн эзэн яруу найрагч Д.Дамдинжав, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч С.Начин, Сэр-Одын шагналт яруу найрагч Ч.Ууганбаяр нарын таван найрагч сэтгэл зүрх нэгдэж энэхүү үдшийг та бидэнд бэлэглэсэн билээ. Шүлгээр уралдаж бус, шүлгээр уянгалж болдгийн жишээг яруу тод харуулахаар зорьсон тэдний үзүүлбэр бүхнээс харагдана.
Үдшийн тайз засал, өнгө будаг, гэрэл сүүдэр эздээ нэг тодосгож, нэг бүдэсгэж, дууны найруулга, хөтлөлтийн зохирол нь нэг тодорч, нэг намсаж байгаа нь нэг л сонгодог, содон үзэгдэл байлаа. Тоглолтыг СУИС-ийн утга зохиолын тэнхимийн багш, судлаач, доктор П.Батхуяг хөтөлж, найрагтай үдшийг энгийн хэр нь эрхэмсэг байлгах жанжин шугам, залуур жолоог нь атгав. Хөтлөгч тайзны булангаас үе үе бултасхийн гарч ирээд тэс хөндлөн харж ажиггүй, зогсолтгүй ярих хэрнээ үг бүхэн нь яг үзэгчид рүү онож, өр сэтгэл рүү нэвчих нь сонин. Урьд хожид ийм “хэнэггүй атлаа хэнхэг” хөтлөгч харж байгаагүй мэт. Хөтлөгч гэхээр уран тансаг үгээр бялхаж, уухайлж буухиалсан хүнээр төсөөлдөг улиг болсон мэдрэмж ор мөргүй арилж уран зохиолын багшийн хөтлөлт урбан мода болох шинжтэй дэг ээ. Тоглолт гурван хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт бүгд нэг нэгээрээ гарч шүлгээ дуудлаа.
Дэгжин хослолтой, дэврүүн найрагчдыг шүлгээ уншихад яг дэргэд нь уянга яруу гитарын гоцлол, утга төгөлдөр саксопон хөгжим амьдаараа эгшиглэж огт өөр джаз ертөнцөд очсон мэт цэнхэр аялгуу зүрх рүү юүлнэ. Цэнгүүнийг ая дуугаараа чимж “Увертюра” хамтлаг нээж, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун “Үүлэн үст”-ийг хөвсөлзүүлж, гавьяат жүжигчин Ө.Уянга хоолойнхоо чадал чансааг гайхуулж, тоглолтыг ивээн тэтгэгч ая зохиогч Т. Бат-Оргил “Аж богдын харуул " -аа долгилуулав. Дараагийн хэсэгт найрагчид дээл хувцсаа агсаж, эх орны шүлэг дуудлаа. Мөн тоглолтыг утга учир дүүрэн уярал нигүүлсэл үелзүүлсэн хэсэг бол тэнгэрт дэвшсэн найрагчдаа хүндэтгэх дурссан мөч байлаа. Тайзны дэлгэц дээр бурхан болооч найрагчдын гэгээн дүр төрх гарч ирэх нь шүлгийнхээ айзам хэмнэлийн өнгөөр гэрэлтэн одоо ч дэргэд минь амьд сэрүүн байгаа мэдрэмжийг төрүүлнэ. Энэ агшин гэнэтийн бөгөөд гэгэлгэн мөч байлаа. Аяндаа л сэтгэл үерлэж, нулимс ивлээд ирэх.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, нэрт найрагч О.Дашбалбар, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, МЗЭ-ийн шагналт найрагч Л.Ганзул, Сэр-Одын шагналт найрагч С.Баяр нарын гэрэлт найрагчдын шүлэг бүтээлийг тэд ээлж дараалан элэг сэтгэлээ дэвсэн уншив. Энэхүү найрагтай үдэш нь цувралаар явагдах бөгөөд дараагийн хэсэгт Ардын уран зохиолч Т.Галсан, П.Бадарч, Ш.Дулмаа, Д.Цоодол, Д.Урианхай нар гэдгийг нэн бахархалтайгаар дайн хэлсү.
О . Цэнд-Аюуш “Уйтгарт эх нутгийн дуу " шүлгээр салхи хагалж, сэтгэл сандаав.
Уйтгартай даа, манай нутаг уйтгартай
Уртын урт үдэштэй
Үхэр тэрэг гадаа бөгтийн зогсож
Үүлс эцсээ хүртэл нүүсээр байдаг
Үлгэрч эмгэд эрт урьдын цагийг
Үзэж туулсан юм шиг ярьсаар байдаг”
хэмээн хаа тэртээх багын дурсамж, хачин уйтгартай эмгэдийн харц, үүл, уул, цэцэгсийг ургуулж үлгэрч өвгөн шиг “тууль хайлах” нь тэр. О.Цэнд-Аюуш өөрөө үхэр тэрэг шиг бөгтийн, уулын буга шиг сэрийн, цаст уул мэт дүнхийн, цалин үүл мэт хөвөн шүлгийнхээ ид шид, ир уранд уусан, хувилан шүлгээ дууддаг ховстой найрагч. Түүний ховсонд автан суухуйд зүүдэнд марал буга цахилж, зүрхэнд навч цэцэг сэрчигнэж, дотоодод дорнын салхи сэвэлзэж, дотогшоо доголон нулимс бөмбөрөх шиг болдог. Тэгсэн атлаа золбоотой идэр эр, зоримог анчин өвгөний дүрээр гэнэт тасхийдэг зангарагтай. “Гөрөөсөнд чинь үзгээрээ л хүрдэг шүү эх орон минь” хэмээн дуулдаг эмзэг, энхэр сэтгэлтэй найрагч маань буруутанд үгээрээ хүрдэг ээ. Харин гоо үзэсгэлэнд тэр он жилүүдээр дамжин хүрдэг билээ. Хайртынхаа төлөө тэр тэнгэрээс цас будруулж тэр цасны өнгийг амрагийнхаа дуртай өнгөөр хувилган уулсыг бүтээдэг байх нь.
“Уулсыг цас дарж байна
Дуугаа хураасан тэнгэр
Дуртай өнгөөр чинь уулсыг дахин бүтээж байна
Гоо үзэсгэлэнт тэр ууланд чи минь
Гомдож суугаа болов уу гэхээс
Он жилүүд намайг чам руу
Одоохон хүргээд өгье гэнэ ээ”
Ийм шидийн гэмээр сэтгэлийн урин дуудлагаар орон зай, цаг хугацаагаар аялуулан огторгуйд умбуулж, ододтой цуг цас болон будруулаад онхи өөр өнгөнд хувилган онго сахиус мэт уулыг бүтээх ажгуу. Тэгснээ “Хүннү хүн”-ээ сүр жавхлантай уянгалуулж хүн төрөлхтөнд Хүннү хүний омогшлыг бадрааж, язгуур гарал, үүх түүх, яс цус, жам ёсны тухай бодролд автууллаа.
“Хүннү хүний сэтгэл
Өөр хүнд үгүй ээ
Хүй цөглөж төрсөн бидний
Амин дотор байна
Энэ л сайхан сэтгэлийг бид
Гунихад нь нугаран унаж
Баярлахад нь сугаран ургаж
Асахад нь хүлэг мориндоо мордож
Амирлахад нь хөх тэргэндээ ачдаг аа”
Аюуш яг л Хүннү хүн шиг ухаарсан сэтгэлээ уушги зүрхэнд үлдээж, алдар суугаа Монголын нуруунд л орхих шиг тайзнаас алхаж одлоо.
Н.Минжинсайхан минж хангай шигээ цаанаа л нэг нөмөр бараатай. Эр хүний дүн нуруу, эерүү зөөлөн сэтгэл, эв эеийг эрхэмлэгч, элгэн халуун сэтгэл нь харцнаас ч гэрэлтэж, шүлгээс нь ч ханхийнэ. Түүний шүлгүүд монгол төрх, монгол нүнжиг шигээ монгол агаартай. Ихэс дээдэс, бэлгэ зөн, ёс уламжлал, хүн чанар, мөн чанар түүний шүлэгт нь аргал, хомоол дотогшоо цогших шиг амь бүлээн нуугина. Гэгээн гуниглан, гэрэлт хүслэн, энхэр сэтгэл, эвий аргадаан, эмзэг учирлал түүний шүлэгт суран зангилаа шиг учиг тайлал нь хөвөрнө. Эрт урьдын сайхан цаг, эх үрийн нандин хайр, элбэрэлт ахын халуун тэврэлт, эцэг өвгөдийн амин үгс, энхрий ханийн дулаан харцаар түүний шүлэг яс мод шиг яв цав эвцэлдэнэ.
“Хөхөө донгодсон модыг түшихээр дуучин болдог гэдэг
Хүүхэд байхаасаа л би нэгэн модыг түшиж өссөн юм
Ижийдээ зориулж ганцхан дуу л дуулахын хүсэлтэй явтал минь
Үрээ хөтөлсөн эх хүн нулимстай зөрөөд өнгөрөх юм
Өнчин хүн дууламтгай гэдэг
Үнэн байг ээ... тэр яахав, нэг сайхан дуулмаар байна”
Энэ л түүний мөн чанар. Найз нөхөдтэйгөө нар зөв хундага даялуулж суухдаа ч “Бид биедээ ойрхон, дулаахан явах учиртай юм шүү. Алив нэг сайхан үг хэлээч” хэмээн зөөлхөн ширтдэг шигээ орчлонг аргадсан аястай, олныг амьсуулсан өнгөтэй. Минжээ адайрсаныг аргадаж, аархсаныг учирлаж, холдсоныг ойртуулж, хоосорсныг дүүргэж байдаг бурхны хөвгүүн гэлтэй. Заримдаа тэр хачин их гуниглана. Энэ гунигаа нулимстай асгаж, нурж байхыг нь харах юутай эмзэг билээ. Магад түүнийг нулимсгүй, тэр ч атугай нууцгүй юм шиг өнгөцхөн бодож явсан үеэ бодоод ичих шиг. Эр хүн, тэр тусмаа найрагч хүн дотроо ямар их нулимс, ямар их нууцыг тээж явдаг юм бэ. Хөндүүрлэн шархирч, эмзэглэн шархдахдаа, орчлонгийн хар муу бүхэнд гутахдаа, нөхдийнхөө ноход шиг араншинг танихдаа, нөхөж баршгүй нөмөртэй ах нараа алдахдаа ийнхүү гуньдагийг би түүнээс л мэдэрсэн. Хүнийг дандаа өөр шигээ санаж итгэж, элгэмсэж яваа түүний эмзэглэлийг шүлгээс нь л тэмтэрдэг ээ.
Ээ, тэр “Хуучин модон гүүр” шүлэг шигээ хуучин модон гүүр нь өөрөө ч юм шиг.
“Он цаг хэдий ч өнгөрөө юм бэ дээ
Ойл, хангинуурын дуу бүдэгтэн алсарч
Орчлонгийн сайхан ах нар модон гүүрээ орхиж
Олойр хөндий цээжинд тэнэмэл салхи хургана”
хэмээхүй он цаг, урсгал уснаа элэгдсэн ч одоо хүртэл байсаар байгаа хуучин модон гүүр шиг тийм л хүн. Тэр гүүрэн дээгүүр хэчнээн хүн туучин одож, хэдэн ч хос учирч бас хагацсан юм билээ. Хүмүүний баяр, гуниг ээлжилсэн ч мөнөөх модон гүүр байсан газартаа л байсаар байгаа. Минжээ яг л тийм мөн чанартай.
Ай, бас тэр уйтгар гунигийн тунхаг, уул хангайн дүрт хэрнээ уянга хайрыг мяндсан торго шиг шаглагч, учиргүй гэгээн дууч билээ.
“Амур ахиад л чамайг дуулан сууж гансрах нь
Амур ахиад л чамайг дуудан байж шаналах нь
Гал гэрлийн нулимс ганц ширхэгийг барж
Гал усны дэргэд сар хөвүүлж хоносоор
Ойн гүн дэх нарсан дээвэртэй байшиндаа
Орой бүр гуниг нэвж суулаа шүү би
Ингэж ганцаардахдаа аль эртнээс л бодож байсан хусны үйсээ цуглуулж дуусаад
Бороонд норсон нойтон шаргал нарны туяаг дэвсгэр болгож
Боронз тэргэл бодлоо аажим аажимхан буулгалаа”
хэмээн дуулсаар 2016 онд хайрын “Цагаан уул” наадмын тэргүүн шүлэгч болж билээ. Тэгэхэд л би, эр сэтгэлийн нарийн чимхлүүр ур, томъёо бодох шиг нямбай гаргалгаа, товчлуур эгшиглүүлэх шиг хөгжимлөг сэтгэлийг мэдэрсэн сэн. Тэгснээ
“Нарсан дээвэртэй хүрэн улаан байшиндаа
Шөнө өдөргүй бүгчихмээр
Надад чинь бас олон дэмий бодлууд төрөөд л байлаа шүү Амур
Хонхрын ус зэтгүүлэн яаран яаран ирээч дээ
Хоног өдрийн торгонд цагийн салхинаа сэмрээд л байна шүү дээ Амур амур...”
хэмээн учирлан тунихад нь хэн чиг л хүний үр хэт холоос цахилаад ирмээр тийм хонгорхон дуудлага буй за. Яруу найрагч л хүнийг ийн дуудаж, дэргэдээ суулгаж чадах биз дээ. Түүний шүлгийн дэргэд сууж, дэмий бодолд гиюүрэн автаж, дэнгийн гэрэлд эрвээхэй адил дэрвэлзэж, дэвүүр сормуусаа буулган туньж, дээлээ нөмөрч мананд алхмаар ч юм шиг. Минжээгийн шүлгүүд чамин тансаг үгийн чуулган, часхийсэн алгадалт үгүй хэр нь цаанаа л хөндүүр, цаана л гэгээн. Хүнгэнэсэн баргил дуу хоолойгоор наргил боргил хүмүүн ийм зөөлөн айтай аядуухан шүлэг уншина гэдэг ямархан яруу зохирол вэ.
С.Начин гэдэг нэрийг сонсоод аархаж баярхсан сүрлэг бөхчүүдийн дүр төрх бууна. Начир дээрээ анхил булбарай, танхил гэнэн найрагч хөвгүүн байж билээ. Эвдрээгүй, элэгдээгүй зэрлэг талд ургасан ганц цагаан хус мэт, гань нэгэн шувуу мэт эрх чөлөө, эрмэг тэмүүлэл, эмзэг бодрол, энхрий сэтгэл түүний шүлгүүдээс “жиргэнэ”. Мөнхүү тэр л модны мөчир нахиа бүр дээр өнгө өнгийн эмзэг дууч шувуухай суучихаад уянгалан жиргэх буй за.
Манай тавыг тавуулаа бүлэрхэхийг сонсоод хүмүүс янз бүрээр л ярьсан гэлцэнэ. Тэдгээрийн дунд “Таван хар юм”, эсвэл “Та тавын хамтлаг” гэх үгс байсан аж. Ямар сайндаа л “Дундаа ганц эмэгтэй шигтгэчихгүй дээ” гэхэд нь “Шингэн царай хэрэгтэй гэвэл Начин орлоно, шингэн дуу хэрэгтэй гэвэл Дамиа орлоно” гэж наргисан гэнэ лээ. С.Начин маань хэдий “шингэн царай”-тай ч баргил дуутай хүн. Бүр төгөлдөр хуурын хамгийн өтгөн өнгөөр хүнгэнээд, тайзыг бүрхээд, сэтгэлийг донсолгоод, суудлыг доргионо гэж мэд. Энэ бол түүний дуу хоолойдоо ч байгаа юм биш шүлгийнхээ амин чанар, шид хүчинд байгаа юм. Шүлгээ уншихдаа элдэв маяг, хачир нэмэхгүй эрдүү өнгөөр, энгийнээр уншиж байгаа нь л өөрөө сонгодог билээ. Тэрбээр “Яруу найрагч байх ай яасан их, яасан их...” хэмээн шүлгээ дуудахад нь гитарын аяз эгшиглэж шүлэг, хөгжим хоёр нэгэн цул болоход хамаг бие хөшиж билээ. Танхимыг дүүргэсэн ер бусын ертөнцөд жингүйдэж, таазанд нэг хүрээд буусан санагдана. Тэгэхэд л
“Шанзны утас доргин чичирхийлээд тасрах шиг
Шаналал гунигаар л голоо зогоогч би
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй
Цогьсолтондоо баярлах нялх хүүхэд шиг эргэлзэнэ
Яах вэ? байз нүдээ аниад түүний бие рүү нэвтрэх гээд үзье!
Яруу найрагч байх яасан их, яасан их жаргал вэ”
хэмээн шүлгээ төгсгөөд мэхийн ёсолж байлаа. Энэ үдшийн агаар, хамгийн сонгодог өнгө нь С.Начин л байж шүү дээ. “Ай, яруу найрагч байх яасан их, яасан их” хэмээн давтан давтан хүч оруулж, дахин дахин хашхирмаар. Ингэхдээ жаргалтай хэр нь шаналантай, зовлонтой хэр бахдалтай тийм мэдрэмжээр халгимаар. Түүний даруу эрхэмсэг төрх нь далдхан боловсрол, хүмүүжилтэй нь холбоотой болов уу. Утга зохиолын өрнүүн яриа, улс нөхдийн тухай сайн сайхныг уушги зүрхнийхээ гүнээс уудлан ярих дуртай тэрбээр бусдын талаар нэг ч муу үг, атаа хорсол унагахгүй. Тийм л бардам, өөртөө итгэлтэй нэгэн. Сагсуурч хөөрч, сагаж булгиж явааг нь нэг ч хараагүй, харин хөндлөнгөөс бусдыг анзааран ажиглаж, тэдний тухай эргэцүүлэн суудаг мэт. Тэрхүү эргэцүүллээ хэзээ ч ил гаргахгүй, шүлэг болгочихож мэднэ. Тэр шүлэг гэхдээ энгийн амьдралын хүүрнэл биш их ээ алсаас яргасан тэнгэрийн санаа байдаг.
“Цаасны амь насыг барж муу шүлэг бичнэ гэдэг
Яруу найрагчид минь
Яавч өршөөж болшгүй нүгэл гэдгийг
Цаг ямагт тунгааж явбал...”
гээдэх чинь л бусдад часхийсэн дохио, чимхийсэн ичгүүр, сэрхийсэн санааг өгчихөж байгаа юм. Нээрэн л бид муу шүлэг бичнэ гэдэг өршөөж боломгүй гэм зэм шүү дээ гээд бодохоор цаас, үзгээ яаран шүүрмээргүй, цаашаа тавин нухацтай бодмоор санагдах. Ийм шүлгийг муу шүлэг бичдэггүй хүн л тунхаглаж чадна. Түүний шүлгүүд амилсан цаасны амь талаар нэг болоогүй агаад харин ч дэвтэр болон өвөрт нь жаргалтай тийчигнэж байгаа биз ээ. Түүнийг би өвөртөө өөр шигээ чамин, нандин дэвтэртэй гэдэгт итгэдэг. Тэрхүү дэвтэр нь үнгэгдээгүй цэвэрхэн, гар ноорог нь нэгэн жигд таталган болов уу. Дэвтрийг нь сэмхэн үзмээр, таамгаа баталчихаад буцаагаад нууцхан хийчихмээр.
“Сэрвэгнэх зүүдний эрвэгнэх хөлбөрөөн лугаа
Бие сэтгэлийн дотуур дураар жиргэх уянгат дууны чинь эгшгэнд согтож
Салхин сэвшээтэй нуурын долгиог өнө удаан ширтэнгээ нэгэн мөрийг гүнд нь живүүлэхэд
Бидэртсээр үлдсэн хэсэгт нь өөрийнхөө гунигт дүрийг тольдоход
Чивчиртэл татсан нумны үзүүрээс алдуурсан сум адил
Чиний нүд намайг ширтэхэд хоёронтоо тайтгармуй”
Найрагчийн тайтгарал ийм өвөрмөц амуй. Найрагчийн сэрэл мэдрэмж гэдэг цаг хором, мөч бүрийд сэргэг, соргог, наймаалжны тэмтрүүл мэт мэдрэмтгий гэдгийг илчилнэ. Зүгээр нэг үй түмээрээ хагдарч л байдаг навч өлмийд нь сэнсрэн унахад, зүгээр л нэг өдөр бүрийд сэвшиж байдаг салхи өвөр рүү нь шурган хургахад найрагчид үүнийг сэтгэлийн тэмтрүүлээрэээ мэдэрчихдэг үйлтэй улс. Энэ үйлээ яруу тунгалаг, хиргүй ариун, эмзэг булбарай, эрхэмсэг тансаг авч яваа түүний шүлгийг сонсоод түмэнтээ тайтгарму.
Д.Дамдинжав найрагчтай “Дотоод тэнгэр” яруу найргийн номоор нь танил болсон билээ. Түүний “Гол тоглогч” ном бол хэн хүний барьж авдаггүй хүнд, хэцүү, адармаатай төрөл болох памфлет хөргөөр дагнан туурвиж, эдүгээгийн улс төр, нийгмийн "гол тоглогч"-дыг үгээр зурсан билээ. МУСГЗ Ай. Төмөр-Очир “Д.Дамдинжав бол их утга зохиолын "Дотоод тэнгэр" байж мэдэх л байх шүү. Тэр бол сэтгүүл зүй болон утга уран зохиолын "Хол тоглогч" мөн” хэмээн дүгнэжээ. Түүний шүлгүүд харин эсрэгээрээ хүүхэд мэт сэтгэлтэй, ямар нэг эрэлд хатсан, бодлогширсон, тарчилсан дотоод сэрэхүйтэй. Миний хувьд түүний шүлгийг Шопений “Хаврын вальс” юм уу Шубертийн “Серенадэ” аялгуунд унших таатай ажгуу. Дамдинжавыг гаднаас нь “памфлет” шигээ нухацтай, ёжтой, ажигч, хоржоонтой юм уу гэхээр найрагчдынхаа дунд мөнөөх шидтэн хөвгүүнийхээ дүр төрхөөр зогсож байх нь тэр.
“Багадаа би шидтэн байлаа
Баясан дуулдаг тайзтай байлаа
Итгэхийн аргагүй ид шидэнд минь
Итгэн үнэмшдэг ижий аавтай байлаа
Чулуунд би далавч зүүлгээд
Шувуудын араас нисгэдэг байлаа
Шидсэн чулууд минь оддын зүгт одоод
Шөнийн тооноор гэрэлтдэг байлаа”
хэмээн бяцхан хүүгийн сэтгэлээр дуулахдаа ч хоолой нь зангирах шиг цаана нь хөндүүр мэдрэгдэнэ. Энэ залуу нөгөө дөрвөн найрагчийнхаа “гол тоглогч” буюу найруулан зохицуулагч, найзархан эвлэрүүлэгч байсан болов уу. Тэгсэн атлаа “Би ингэлээ, бид тэглээ” гэж ярих нь үгүй. Харин итгэсэн хүндээ аанай л гэнэн шидтэн жаал шиг аминчилж бүхнээ ярьж мэднэ. Түүнтэй ийнхүү ярилцах боломж хараахан олдоогүй яваа билээ. Гагцхүү шүлгээр нь түүний дотуур нэвтэрч, тэнэн сэлгүүцэж явахдаа ямархан хөндүүр цурхиралтай, гашуун гансралтай, эмзэг оршихуйтайг мэдэрсэн юм. Тиймдээ ч үе үехэн таарахдаа хамаагүй үг хэлж, халдаж зүрхэлдэггүй билээ.
“Би анх чамайг олж харахад чи арван зургаатай байлаа
Бийр авч, үсийг чинь зурахад чи арван долоотой байлаа
Бэхэн дундаас чиний уруулыг хайхад чи арван естэй байлаа
Бэлхүүс зураад, дунд нь цэг хатгахад чи яг хорьтой байлаа...
гэж эхэлсэн нь цөлх, болхи энэ хүнээс гармааргүй ч юм шиг. Гарсан гэдгийг нь баталж төгсөхдөө
“Гурван ангир хөвсөн цөөрмийн дэргэд
Гуниг гэдгийг үүрд мартаад
Хулсан бийрээ хөдөлгөн суухуйд
Гучин зургаатай чи минь арван зургаатай хэвээр байлаа”
хэмээн эхлэлээсээ төгсгөл хүртэл эмэгтэй хүний дотоод ертөнц, эрхэлж хайрламаар гоо үзэсгэлэн, энгүүн амьдралын өрнүүн хувьсал хийгээд бүсгүй хүн ямагт цаг хугацааны төгс бүтээл байдгийг тунхаглажээ. Энэ л түүний дотоод тэнгэр ажгуу. Ийм гоо үзэсгэлэнтэй дотоод мөн чанараараа тэр эх орноо, ижий ааваа дуулж зогсохдоо эр бяр нь ханасан өвч тэнүүн “Уулсын эх орон”-ы эрмэг найрагч болсон шиг харагдаж байлаа.
Ч.Ууганбаярыг хүзүүндээ ганган ороолттой, хүн бүхэнтэй найрсуу нээлттэй харьдаг тэр зангаар нь мэднэ. “Poetry night” үдэшлэгийг санаачлан зохион байгуулсан гол зангилаа нь энэ хүн билээ. Түүнийг доктор П.Батхуяг “Романтик найрагч” хэмээн тодотгосон юм. Түүний шүлгээ унших хэмнэл айзам, гадаад имиджээс өрнийн соёл ханхийдэг. Чөлөөт сэтгэлгээний дуулал, эрин үеийн шинэ өнгө, хайр дурлалын бэлгэ тэмдэг, ханхүүд нарын төлөөлөл ч гэмээр. Тэр хэзээ ч шаналдаггүй юм шиг дүүлж, хэзээ ч гомддоггүй юм шиг дуулж чаддаг тийм сэтгэлийн бяртай. Тэр тэнгэрийг алган дээрээсээ алдан хагалж, сормуусаараа нарны гэрэл зорж, хайрыг эрчүүлийн зүрхэн дотор нисэж байгаа арван долоотой охидын жигүүр хэмээн сэтгэнэ. Мөнхүү
“Хайр гэж ...
Хайртайгаа хэлж чадалгүй явуулчихсан
Хүн бүхний нэр юм”
хэмээн төгсгөх нь түүний бардам зангийн цаадтайх эр мөн чанар агаад хамгийн нандин мэдрэмжийг л энэ хэмээн бодох нь л “хайр” өөрөө буй за. Яагаад ч юм охид түүний шүлэгт “нугасгүй” юм шиг ээ. Түүний шүтэн бишрэгч гоёхон бүсгүйчүүд танхимыг чимжээ. Түүний тэсрэлттэй, тэмүүлэлтэй, оршилтой, өрнөлтэй, тайлалтай, төгсгөлтэй драмлаг шүлгийн төгсгөлд үэзгчид дуу алдан алга нижигнүүлнэ. Энэ нижигнээн найрагч бүхний шүлгийг хүч оруулж, энэ үдэш үзэгч бүхнийг сэтгэлд хөг оруулж байлаа.
“Залбиран буй бодь гөрөөсний
Хавсарсан алганд ямар улирал буйг
Ширтсэн зүгт нь
Ямар баян бүрд буйг
Сац уужим оюун ухаанд нь
Сод тодоор эгшиглэн буй хөгжим ямар утгатайг
Хажууд нь бясалгах хувилгаан тагтаа
Шинэ бичсэн шүлгийг минь
Уншсан юм шиг мэдэрнэм
Уйлсан юм шиг уужирнам”
Ууганаа шүлгээ дуудаад хөшигний ард орсон ч түүний бүх юм тайзан дээр байсаар байдаг. Бүхэл бүтэн драмын жүжиг, өрнөл зөрчил ихтэй хайрын тухай кино үзчих шиг үйл явдал нь нүдэнд харагдаж, дуу хоолой нь чихэнд хадсаар байдаг. Найрагчид их нарийн мэдрэмжтэй улс. Тэр нэг үлдээсэн орон зайг нь сарниахгүйн тулд хэсэгхэн азнаад дараагийн найрагч нь гарч ирэх жишээний. 20 дугаар зууныдэлхийн суут найрагчид иймэрхүү үдэшлэгийг байнга зохион байгуулж, үзэгчид нь хэдэн мянгаараа цугларч шимтэн сонсдог байсан түүхтэй. Энэ соёлыг, энэ мэдрэмжийг улам өрнүүн, дэвшилтэй болгож уламжлал болгон түүчээлэх үүрэг бидний өмнө ийнхүү иржээ. Таван найрагчтай тансаг үдшээр найрагт дуртай ард түмний сэтгэлийн цангаа тайлагдсан биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Яруу найргийн үдшийг яруу найраг шиг буулган бичжээ. Яамар сайхан, яамар урт бас яамар яруу бичээ вэ Сүглэгмаа минь. Бичэлт ур чадвар үнхээр хол дэвшиж. Баяр хүргэе. Баярлалаа.
сайхан бичжээ.
Yu ve shuleg gej iim baidaggui yum .Yavuulangiin Tehiin zogsool .Purevdorjiin Segs tsagaan bogd .Chimeddorjiin Malchin edgeer shulguud hunii setgeld hursen hezee ch une tsenee aldahgui buteel