Хятад улсын “XIV таван жилийн төлөвлөгөө”: Ногоон хөгжил буюу экологийн орчны салбар

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

ХКН-ын 100 жил ой

Хятад судлаач, Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн багш Т.Чулуун-Эрдэнэ

 

2021 он бол Хятад улсын хувьд ээлжит “XIV таван жилийн төлөвлөгөө”  болон “2035 оны хэтийн зорилт”-оо хэлэлцэн баталсан, мөн “иж бүрэн дундаж чинээлэг нийгэм”-ийг үндсэндээ цогцлоон, анхны 100 жилийн зорилгоо биелүүлж, “иж бүрэн орчин үеийн социалист улс байгуулах” хоёр дахь 100 зуун жилийн зорилт өөдөө шамдан орж буй түүхэн чухал уулзвар жил юм.

Энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөнд хөгжлийн шинэ үзэл баримлалыг бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгох ажлыг түргэсгэн, өндөр чанартай хөгжил, өндөр чанартай амьдралыг бий болгоно” хэмээн тусгажээ. Тэгвэл хөгжлийн шинэ үзэл баримтлалын үндсэн агуулга юу вэ?  БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХКН-ын XVIII их хурлын V бүгд хурлын үеэр “инновацийн, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх” гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлсэн нь тус намын зүгээс боловсруулсан улс орныхоо ирээдүйн хөгжлийг зохицуулах хуулийн талаарх шинэ ойлголт, Хятадын цаашдын хөгжлийн үзэл санаа, гүн ухаан, чиг баримжаа луужин болов. Миний бие өнгөрсөн удаагийн нийтлэлдээ (http://www.mglnews.mn/content/read/82258.htm?fbclid=IwAR0fVzoxcf7k5gwAmm7PhpMWt22VS1jNlKlBS0K--CAjJdwsDSoBvb7T6ig)

Хятад улс ирэх таван жилийн төлөвлөгөөт хугацаанд шинжлэх ухаан технологийн салбарыг урагшлуулах, эко хөгжлийг дэлгэрүүлэх, орчин үеийн нээлттэй эдийн засгийн тогтолцоог бий болгох, иргэдийн амьжиргааны түвшинг улам нэмэгдүүлэх чиглэлд илүүтэй анхаарах хандлагатай байгааг дурдсан. Тиймээс энэ удаад ногоон хөгжил (эко хөгжил) буюу экологи орчны салбарт ирэх таван жилд хөрш орны авч хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулна.


Ногоон хөгжлийн үзэл баримтлал

Ногоон хөгжил бол “XIV таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд нийгэм эдийн засгийн хөгжлийн  зорилтын нэгээхэн чухал хэсэг юм. Эдийн засгийн хөгжлийн стратегийн чиглэлийн хувьд "XIII таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжлийн эн тэргүүний хэрэгцээ бол чанар, үр ашгийг дээшлүүлэх, шинэчлэлтийг шинэ шатанд гаргах байсан бол “XIV таван жилийн төлөвлөгөө”-нл Хятадын эдийн засгийн бүтцийг чанарын хувьд сайжруулж, өндөр чанартай хөгжилд анхаарна гэдгээ онцоллоо. Тэгвэл энэхүү өндөр чанартай хөгжлийн шаардлага нь эдийн засаг, нийгэм, соёл, экологи зэрэг нийгмийн бүхий л салбаруудад тавигдана гэсэн үг юм.

Экологи орчны яамны сайд Хуан Рүньчиү (黄润秋)-гийн үзэж байгаагаар “экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг Хятадын онцлогтой социализмын үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд оруулж, Хятадын онцлогтой социализмыг тууштай баримталж, хөгжүүлэх шинэ эрин үед "хүн ба байгаль хоёрын зохирон оршихуйг зайлшгүй дагаж мөрдөх" ёстой. Ногоон хөгжил нь шинэ хөгжлийн үзэл баримтлалын цөм үзэл санаа болохын хувьд ‘үзэсгэлэнт Хятад орон”-ыг бүтээн байгуулах ажлыг орчин үеийн социалист хүчирхэг гүрэн болох зорилгын нэг юм [1] хэмээн онцлон тэмдэглэв. Энэ бүгдээс харахад ирэх жилүүдэд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад онцгой төвлөрч ажиллах шаардлагатай [2] тулж байна.

Тус таван жилийн төлөвлөгөөний хугацаанд “нийгэм эдийн засгийн хөгжлийн загварыг бүх талаар ногоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хурдасгаж, өндөр чанартай эдийн засгийн хөгжил, байгаль орчныг дээд зэргээр хамгаалах ажлыг уялдааагаар урагшлуулах”, “хүн ба байгалийн зохирон орших нөхцлийг бүрдүүлж, хөгжүүлэх” зэрэг үндсэн шаардлага тавигдав. Түүнчлэн 2035 он гэхэд “ногоон үйлдвэрлэл, ногоон амьдралын хэв маягийг өргөнөөр бий болгож, хүлэмжийн хийн ялгарлыг дээд хэмжээнд хүргэсний дараа тогтвортой буулгах, экологийн орчны сайжруулах, үзэсгэлэнтэй Хятад орныг бүтээн байгуулах зорилгодоо үндсэндээ хүрсэн байна” гэсэн хэтийн зорилт дэвшүүлжээ. Эдгээр нь бүгд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг илүү сайн хэрэгжүүлж, байгальд ээлтэй эко орчныг бий болгох бодлогын чиг баримжаа болж буй юм.

Тус салбарын хүрээнд яригдаж байгаа томоохон асуудал бол хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах явдал. 2020 оны 9-р сарын 22-ны өдөр ноён Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дахь удаагийн чуулганд “Хятад улс цаашид дэлхийн хэмжээнд үзүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэмжээг нэмэгдүүлэн, илүү хүчтэй бодлого, арга хэмжээ авч, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралыг дээд цэгт хүргэж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалтад хүрэх болно” [3] гэж дэлхий дахинд амлалт өгсөн. Мэдээж Хятад улсын хувьд эдийн засгийг хурдасгаж, өндөр чанартайгаар хөгжих зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийг саармагжуулах амбицтай амлалтыг хэрэгжүүлэх нь хүндрэлтэй болохыг албаны хүмүүс нь бичсээр байна (дурдахад Хятадад 2019 онд нүүрсний эрчим хүчний нийт хэрэглээнд  эзлэх хувь хэмжээ 57.7%-тай байв [4]). Тиймээс ч  тус амлалт нь “XIV таван жилийн төлөвлөгөө” -ний нийгмийн салбар бүрийн тодорхой чиглэл, шинэ шаардлага болж байна.

Эх сурвалж: Derek Zheng-гийн зураг
https://supchina.com/2021/03/03/china-to-prioritize-green-development-but-will-it-be-enough-to-peak-emissions-this-decade/

Ногоон хөгжлийг дэмжих бодлогууд

“XIII таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаа (2016-2020)-нд ногоон хөгжлийн талаар анх удаа дэвшүүлж, “хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх, ногоон хэрэглээг санаачилж дэлгэрүүлэх, экологийн орчныг сайжруулах” -д төвлөрөн ажиллаж байсан бол “XIV таван жилийн төлөвлөгөө”-нд “ногоон хөгжлийг дэмжих, хүн ба байгалийн зохирон орших явдлыг урагшлуулах”-д анхаарч, Хятадын орчин үеийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн бүхий л талуудад ногоон хөгжлийн стратегийн байр суурийг хадгалах”-ыг онцлон тэмдэглэв. Энэ тухай ноён Ши Жиньпин "Бид ногоон болон хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжлийг тууштай ахиулж, хүлэмжийн хий бага ялгаруулдаг ногоон орчныг хөгжүүлэх эдийн засгийн тогтолцоог төгөлдөржүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон шилжилтийг хурдасгах ёстой” [5] хэмээн онцлон тэмдэглэв. Гэвч өнөөгийн байдлаар, Хятадын нүүрстөрөгчийн ялгаралтын эзлэхүүний нийт хэмжээ, өсөлт урьдын адил өндөр түвшинд байсаар байгаа бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалтын 85% эрчим хүчний үйл ажиллагаанаас үүдэлтэй байна. 2020 оны эцэс гэхэд Хятадад малтмал бус эх үүсвэрийн эзлэх хувь 15 орчим хувь байсан гэхээр малтмал эх үүсвэр өндөр хэвээр байгааг харуулж байна. Холбогдох бодлого чиглэлийг уншихад Хятад улс 2060 он гэхэд утаа ялгаруулалтыг тэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаашид сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, зам тээвэр, нүүрстөрөгчийг зайлуулах чиглэлийн төслүүдийг нэн тэргүүнд тавихаар байна.    Ингээд энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөний хугацаанд экологийн орчны салбар буюу ногоон хөгжлийн хүрээнд дэвшүүлсэн бодлогоос дурдъя.

Үүнд:

  • Ногоон хөгжлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтуудын чухал хэсэг болгох;
  • Улсын газар нутаг, орон зайн нээн хөгжүүлэлт, хамгаалалтын хэлбэрийг оновчтой болгох;
  • Үйлдвэрлэл, амьдралын хэв маягийн ногоон шилжилтийн үр дүнг нэмэгдүүлэх;
  • Эрчим хүч, нөөцийг зохистой хуваарилах, үр ашигтай ашиглах;
  • ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах;
  • Ойн хамрах хүрээг нэмэгдүүлэх;
  • Шинэ хэлбэрийн хотын бүтээн байгуулалтын хөгжлийн бодлогод хотын нийтийн тээврийг эн тэргүүнд сайжруулж, унадаг дугуй, явган хүний замын сүлжээг хөгжүүлэх;
  • Эрчим хүчний хэмнэлтийг тэргүүн эгнээнд тавих, аж үйлдвэрлэл, барилга, тээвэр зэрэг салбар болон олон нийтийн байгууллагуудыг хэмнэлтийг гүнзгийрүүлэн, 5G, мегадата төв зэрэг шинэ тутам хөгжиж буй салбарын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг болно.

Эх сурвалж: http://www.qiplan.com/index.php?g=Wap&a=shows&catid=19&id=539

“XIV таван жилийн төлөвлөгөө”-т хугацаанд эрчим хүчний салбараас гадна аж үйлдвэр, тээвэр, барилга зэрэг салбарыг давхар шинэчлэх таатай хэсэгхэн хугацаа болж байна. Үүнд аж үйлдвэрийн тухайд ногоон үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулах, эрчим хүч их шаарддаг үйлдвэрлэлүүдийг хүлэмжийн хий бага ялгаруулдаг болгон өөрчлөх явдлыг дэмжих. Жишээ нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний эзлэх хувийг эрс нэмэгдүүлэх, технологийн судалгаа, хөгжүүлэлтийг хурдасгах, арилжааны хэрэглээг түргэсгэх, хуучирсан үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс татгалзах, таягдан хаях, үйлдвэрлэлийн төвлөрлийг нэмэгдүүлэх, нөөц баялгийг хэмнэлтэй, орчилтой хэрэглэх явдлыг урагшлуулах зэрэг орно. Харин тээврийн салбарын тухайд гол нь ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг тээврийн хэлбэрийг авч хэрэгжүүлэх, үүнд шинэ эрчим хүчний автомашин болон ухаалаг, сүлжээнд холбогдсон тээврийн хэрэгслийн гол технологийн ололт амжилт, хурдны зам болон жижиг дунд хотуудад цахилгаан цэнэглэх, солих байгууламж барьж, хотын нийтийн тээвэр, унадаг дугуй, явган хүний зам барих ажлыг хөгжүүлэх. Түүнчлэн барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийн стандартыг дээшлүүлж, шинэ хэлбэрийн ногоон барилгын материалын судалгаа хөгжүүлэлтийн хэрэглээг түргэсгэх, өндөр гүйцэтгэлтэй ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн өргөн хэрэглээг дэмжих, цэвэр эрчим хүчний халаалт болон байр орон сууцны эрчим хүчний хэмнэлтийн системийг сайжруулах явдлыг түргэтгэх [6] зэрэг орно.

ХКН-ын XIX их хурлын үеэр ноён Ши Жиньпин: “Ногоон, орчилт, хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжил нь одоо цагийн шинжлэх ухаан, техникийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн чиг хандлага, хамгийн ирээдүйтэй хөгжлийн салбар мөн бөгөөд манай улс энэ талаар асар их нөөцтэй тул эдийн засгийн олон шинэ өсөлтийг бий болгож болно” гэж онцолсон байдаг. Мөн Дэлхийн Нөөцийн Хүрээлэн (World Resources Institute, WRI)-гээс хийсэн шинэ дүн шинжилгээгээр ногоон хөгжлийн загварын ачаар Хятад улс цаг уураас гадна эдийн засгийн ихээхэн ашиг олно хэмээгээд, Хятад улс хэрэв дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд одоо байгаагаас ч илүү эрчимтэй үйл ажиллага авч хэрэгжүүлбэл 2050 онд гэхэд бараг нэг их наяд ам долларын эдийн засаг, нийгмийн цэвэр ашиг хүртэх боломжтой гэсэн таамаглал дэвшүүлжээ. Эдгээр ашиг тус нь шатахуун ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 295 тэрбум долларын зардал хэмнэх; 1,89 сая хүнийг цагаасаа өмнө нас барахаас сэргийлэх; мөн нүүрсхүчлийн давхар исэл (CO2) -ийн ялгаралтыг 4.7 гигатон (Gt) бууруулах аж. Мөн  Бээжин-Тяньжин-Хэбэй, Гуандун-Хонгконг-Макао Бэйр, Янцзы голын бэлчир зэрэг эдийн засгийн дэвшилтэт бүс нутгууд нь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг 2025 он гэхэд хамгийн дээд хэмжээнд байлгаж, ирэх 20 жилийн хугацаанд жил бүр сая сая ногоон ажлын байр бий болгох юм [7].

ДҮГНЭЛТ

ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын удирдагч Ши Жиньпин-ээр төвлөсөн  ХКН -ын Төв Хороо нь экологийн дэвшил, байгаль орчныг хамгаалах ажлыг улсыг засаглахуйн чухал байр сууринд аваачсан юм. Энэ удаагийн таван жилийн төлөвлөгөөний ногоон хөгжлийн зорилтыг биелүүлэхэд нүүрстөрөгчийг саармагжуулах ажил хамгийн хүнд хэцүү сорилт болж байна. Учир нь Хятадад хүлэмжийн хийн ялгаруулалтын оргил үед хүрэх зорилгод хүрэхэд 10 хүрэхгүй жил, харин хүлэмжийн хий ялгаруулалтын оргил үеэс хүлэмжийн хий саармагжуулах зорилго хүртэл 30 орчим жилийн хугацаа байгаа юм. Энэхүү хүнд сорилтыг давахын тулд дээд зэрэглэлийн, нэн шинэ үйлдвэрлэл, ухаалаг технологи, шинэ эрчим хүчний автомашин зэрэг цөм үйлдвэрлэлийн ур чадварыг дээшлүүлэхээр зорино гэдгээ ч таван жилийнхээ төлөвлөгөөнд оруулжээ. Эдгээр шинжлэх ухааны суурь судалгаа, технологийн шинэчлэл нь Хятадын эрчим хүчний шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах нь лавтай.   Сүүлийн үед зарим судлаачид Хятад улсын зүгээс авч буй технологийн инновацийн чадавхийг сайжруулах, шинэ эрчим хүчний хэрэглээний эзлэх хувийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх гэх мэт эко орчныг сайжруулах ногоон өсөлтийн загвар нь дэлхийн цаг уурын өөрчлөлтийг эерэгээр шийдэхэд туслахаас гадна дотоодынх нь эдийн засагт ч үр өгөөж авчирах өндөр магадлалтай болох талаар бичсээр байна.

 

Ашигласан эх сурвалж:

[1] 面对艰巨任务,十四五绿色转型如何布局——生态环境部部长黄润秋接受《瞭望》新闻周刊专访https://www.mee.gov.cn/ywdt/hjywnews/202104/t20210406_827488.shtml

[2] 推动绿色发展迈上新台http://m.qunzh.com/ldjs_2612/stjs/202108/t20210802_96573.html

[3] 习近平在第七十五届联合国大会一般性辩论上的讲话(全文

http://www.xinhuanet.com/politics/leaders/2020-09/22/c_1126527652.htm

[4] 中国能源从以煤为主走向清洁低碳http://finance.people.com.cn/n1/2021/0615/c1004-32130107.html

[5] 习近平在中共中央政治局第二十九次集体学习时强调 保持生态文明建设战略定力 努力建设人与自然和谐共生的现代

http://www.xinhuanet.com/politics/leaders/2021-05/01/c_1127401181.htm

[6] 加快低碳转型 助推十四五绿色发展

http://www.xinhuanet.com/tech/2021-03/23/c_1127242738.htm

[7] 最终版_愿景2050_0.pdf

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top