Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖҮН И ТАН-ЫН ЧУЛУУН ХӨШӨӨНӨӨ ТЭНГЭРИЙН БИЧИГ ИЛЭРСЭН ЛЯН ШАНЬ ФҮ-ЫН ОЛОН БААТАР СУУРИН ДЭСИЙГ ТОГТООСОН
Түүнээс өгүүлэх нь Сүн Гүн Мин бээр Дүн Пин, Дүн Чан хоёр фү-г байлдан авч, уулан цайзандаа эгсний хойно, их бага жанжин нарыг бүртгэн үзвээс нийт нэг зуун найман хүмүүн болсон тул дотроо их л баярлан, олон ах дүү нарын зүг өгүүлрүүн:
Сүн Жян миний бие эрт өдөр Жянжоу фү-г түйвээж ууланд гарснаас нааш, олон ах дүү баатар идтэний өргөн тусалснаар уулын тэргүүн болов. Эдүгээ нэгэнт нэг зуун найман жанжин бүрдсэн тул миний сэтгэл машид баярламуй. Ах Чао Гай-г тэнгэрт дэвшсэнээс хойш, цэрэг авч байлдсан бүр эсрэг бөлгөө. Энэ нь дээд тэнгэрийн ивээл болой, хүмүүний гавъяа бус. Хэдийгээр дайсанд баригдан гянданд хоригдсон буюу биед шарх олсон удаа байвч цөм гайгүй. Эдүгээ нэгэн зуун найман хүмүүн эрүүл мэндээр нэгэн газар нийлэн цугласан нь үнэхээр эртнээс нааш ховор тохиолдсон учрал болой. Өнгөрсний дайн дүрвээнд хүмүүн амьтан маш арвин үхэж хохирсон боловч буян ном үйлдсэнгүй. Эдүгээ би дээд тэнгэрт тахил тавиг өргөж тэнгэр сахиусны ивээл соёрхолд хариулсугай хэмээмүй: Нэгэнд болбоос ах дүү олны бие сэтгэлийг амгалан болгох тухай залбиран даатгасугай. Хоёрт болбоос хаан төрийн өршөөл хишгийг хүртэж, тэнгэрийг сөргүүлсэн их ялаас хэлтрэн, улс гэртээ шударгаа гүйцэтгэж, энэ биеэ эцэслэтэл эзэн төрд хүчин зүтгэх эрхэм завшаан олсугай. Гуравт болбоос Чао тянь вангийн ариун сүнсийг эртхэн ертөнцийн орноо дахин илрүүлж үе улиран дахин золгохыг хүсэхийн хамт, цэрэг дайн, ус галын аюулд хилсээр үхсэн хүмүүсийн зуурдын сүнсэнд сайн төрөл олгосугай хэмээмүй. Миний ийнхүү үйлдсүгэй хэмээсэн нь ах дүү олны санаанд ямар болохыг мэдэхгүй? хэмээхэд, олон бүгдээр сайшаан өгүүлрүүн: - Энэ болбоос буян ном үйлдэх сайн хэрэг болой, ахын санаа осол үгүй хэмээв. Ү Юн давшин өгүүлрүүн: - Тэнгэр сахиусанд тахил тавиг өргөж, буян ном үйлдэх энэхүү ариун үйлст Гүн Сүньшэн-г түрүүгээр залж дөрвөн зүгт хүмүүн зарж уулнаас буулган, тойн хувраг хуушаан бумба нарыг залуулан, тахил тавигийн хэрэгсэл зүйл, сав хэрэгслийг авч уулнаа ирүүлэхийн хамт, тахилгад хэрэглэх хүж зул, хуар цэцэг, ариун цагаан идээ, алим жимс боов боорцог жич бусад зүйлийн хэрэгсэл тэргүүтнийг худалдан авчруулсугай хэмээв. Сар өдрийг сонгон дөрвөн сарын арван тавнаас эхлэн долоон өдөр долоон шөнийн цагаан гүрэм уншуулж цайзын сан хүүгээ алт мөнгө эд эрдэнэ үлэмж арвин гаргаж, өргөн дэлгэр өглөг буян үйлдэхээр зөвлөн тогтоов. Өдөр хоног хүрч ирэхэд их танхимын үүдэнд урт дөрвөн далбаа өлгөж, тахимын дээдэд гурван давхар өндөр мандал цогцолж, танхимын дотор Чи Бао Сань Чин сахиусны хөргийг голдуулан, хоёр этгээдэд хорин найман одон арван хоёр жилийн зургийг жагсаав. Танхимын гадна мандал сахих сахиус баатруудын зургийг өлгөв. Аливаа бүхнийг тус тус зохиож, тахилгын зүйлсийг өрж барсан хойно, Гүн Сүньшэн түрүүтэй дөчин есөн бумбыг залж гаргав. Арван тавны өдөр үүл үгүй тунгалаг, орой болоход огторгуйн цээлд гэгээн саран туяарч, сэрүүн жавар сэрчигнэмүй. Сүн Жян Лү Жюнь И тэргүүлэн Ү Юн хийгээд олон дайван дэс дараалан хүж шатаав. Гүн Сүньшэн гол суудалд залран гавал дамар дугтран, зэс хонх ажиллаж, аливаа бүхий айлтгал даатгалыг гүйцэтгэн, өргөл цацлыг үйлдэж, наманчлан залбирахыг түр дурдахгүй. Үзвээс:
Хүжсийн утаа эвэр эвэр, хуар цэцэг гүйс гүйс. Алтан мөнгөн их цөгцийг голдуулан агсаж, ар өвөр хэдэн талаар мянган зулыг бүртгэжээ. Хос хос лавир манжлагыг хоёр гарлан өлгөж, давхар давхар дуаз чимгийг дараа мөрлөн дүүжилжээ. Сансар тэнгэрийн тагнайгаас сэрүүн жавар сэрчигнэж, шөнийн сарны жихүүнд шүүдрийн дусал бөмбөрмүй. Алтан жүн эхлэн цохимогц агаар тэнгэрт аруухан гавъяаг залбиран айлтгаж, хас тойрог хавсран хавирмагц хаан хурмастад бараалхахаар өндөр мандалд авирмуй. Шар магнагт одон гараг гялалзан, цацагт титмээс алтан гэрэл цацармуй. Мандлыг сахих сахиус жанжин догшин дүртэй, тахилыг байцаах хувилгаан баатар хүчин сүрчтэй. Хуушаан бумба хоолой тааруулан ном айлдаж, хумхын утаагаар сэржим өргөхүйеэ, тэргүүлэгч тойн тарни тоолж очир эргүүлэн увдис үүсгэмүй. Бурханы номыг чагнах хөх луу шар замаар бүртэлзэн харагдаж, бор хотны цагаан тогоруу огторгуй түүгээр эргэлдэн нисмүй.
Гүн Сүньшэн түрүүтэй дөчин есөн хуушаан шударга журмын танхимд тахил өргөн өдөр бүр гурван удаа хурал хурмуй. Долоон хоногийн хурал төгсөх үед, Сүн Жян дээд тэнгэрээс соёрхол хүртсүгэй хэмээн Гүн Сүньшэн- ээр айлтгал даатгал үйлдүүлж, хаан хурмастад өргүүлэн, өдрийн гурван удаа мөргөл хиймүй. Чив хэмээн ДОЛДУГААР өдрийн гуравдугаар жингийн үес, Гүн Сүньшэн агаарын мандлын тэргүүн дэгтэрт залран, олон хуушаан хоёрдугаар дэгтэрт саатаж, Сүн Жян тэргүүлэн олон дайван, гуравдугаар дэгтэрт сууж, хуяг цэргийн бага бага тушаалтан нар мандлын тойронд зогсоод олон бүгдээр алга хамтатган залбирч агаар хурмаст тэнгэрээс аврал соёрхол гуйв. Тэр шөнийн гуравдугаар жингийн үед, чиг баруун хойно огторгуйн орноос нэгэн зэрэг торгон бараа цоолох мэт шарчигнах дуун гарахул, олон хүмүүн яаран нүд өргөн үзвээс тэр зүгт "тэнгэрийн хаалга" нээгдсэн бололтой дундаа тойрог хоёр үзүүр шувтан алтан гэрэлт ан гарч дотроос нүд гялсхийм гэрэл цацран, таван өнгийн солонго түүнийг хүрээлэн татаж, төв дундаас нь нэгэн хэсэг гал бөмбөг бөмбөрөн гарч, шууд хурмастын мандлын дэргэд хүрч ирээд мандлыг нэгэн зэрэг тойрон эргэж, чиг өмнө зүгт эчиж газраа шингэв. Тэр үес тэнгэрийн хаалга хаагдаж, олон хуушаан мандлаас буухуйяа, Сүн Жян жигүүрийн ардыг дуудан хүрз зээтүү авчруулж гал бөмбөг шингэсэн газрыг эрүүлэв. Дэмий гурван тохой гүн малтсангүйгээр нэгэн чулуун хөшөө гарч ирэв. Түүний ар өвөр талд цөм тэнгэрийн бичиг харагдмуй. Шүлэгт өгүүлсэн нь:
Дөрвөн зүгийн баатар журамтан мандлын дэргэд цуглараад
Дээд тэнгэрийн соёрхлыг хүртсэн нь дэлхийд бас гайхамшиг!
Хан дэлхийн сөргүү чигчид хариулал байх учраа,
Хаан хурмаст билгийн нүдээр хэзээ үл тольдмуй?
Тэр үес Сүн Жян хүж асаан цаас шатаалгаж, тэнгэр гэгээрсэн хойно олон хуврагт цав барьж алт мөнгө эд эрдэнийн өргөц барьц өргөсөн хойно сая чулуун хөшөөг гаргаж үзвээс дээрх бичиг нь цөм эвхмэл тиг гор үсэг тул таних хүмүүн нэг ч үгүй. Олон хуврагийн дотроос нэгэн овог Хэ номын нэр Сюань Түн хэмээгч бумба гарч Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Өчүүхэн бумба миний өвөг дээдсээс уламжилсан нэгэн дэвтэр тэнгэрийн бичгийг тодлон таних толь бичиг буй. Түүний дээр цөм ийнхүү эвхмэл тиг гор үсэг бөлгөө. Ядуу бумба би түүнийг танин төсөөлөх тул орчуулж гаргаваас даруй мэдэж болмуй хэмээхэд Сүн Жяних л баярлан санд мэнд тэр чулуун хөшөөг өргөн авч Хэ бумбад үзүүлснээ тэр бумба удтал үзээд: - Үүний дээр эрхин баатар нарын овог нэрийг сийлжээ, нэгэн хажууд “тэнгэрийн төлөөнөө ёсыг явуултугай” хэмээсэн бөгөөд нөгөө этгээдэд “шударга журам хос бүрэн” хэмээн сийлжээ. Орой дээр нь одон гараг өмнөд умард хоёр ударасад буй, түүний доор нь олон хүмүүний овог нэрийг жагсаажээ. Зөвшөөвөөс эхнээс адагт хүртэл нэгэн зэрэг уншсугай хэмээхэд, Сүн Жян өгүүлрүүн: - Эрдэмтэн багшид уулзсан нь хувь ерөөл нимгэн бус, ухуулан сургаваас их ачийг үүрд умартахгүй. Дээд тэнгэр эс таалсан үг байхаас эмээмүй, тэнгэрийн зарлигийг өчүүхэн ч нуун далдлахгүй, орхигдуулан гээгдүүлэхгүй уг хэвээр нь буулган өгөхийг түмэнтээ хүсмүй хэмээгээд Сүн Жян бээр хувилгаан бичээч Сяо Ран-г дуудаж шар цаасан дээр сийрүүлэн бичтүгэй хэмээв. Хэ бумба үзвээс чулуун хөшөөний нүүр талд гучин зургаан мөр үсэг буй, гучин зургаан Тянь Ган одны нэрийг бичиж, ар талд бас далан хоёр мөр үсэг буй, далан хоёр диша одны нэрийг бичиж, түүний доор нь олон баатрын овог нэрийг жагсаан бичжээ. Хэ бумба Сяо Ран-аар эхнээс адагт хүртэл нэг нэгээр бичүүлэв. Чулуун хөшөөний нүүр талд Лян Шань Фү-ын гучин зургаан тянь ган одны хувилгааныг бичсэн нь:
Тянь Күй одны хувилгаан бат журамт Сүн Жян
Тянь Ган одны хувилгаан бодь цагаан гөрөөс Лү Жюнь И
Тянь Жи одны хувилгаан оюут одон Ү Юн
Тянь Сянь одны хувилгаан үүлэн хүлэгт Гүн Сүньшэн
Тянь Юн одны хувилгаан дам илдэт Гуань Шэн
Тянь Сюн одны хувилгаан ирвэсийн тэргүүт Линь Чүн
Тянь Мэн одны хувилгаан цахилгаан тэнгэр Чинь Мин 126
Тянь Вэй одны хувилгаан хос ташуурт Хү Яньжуо
Тянь Ин одны хувилгаан амьд Ли Гуан Хуа Рүн
Тянь Гүй одны хувилгаан хуй салхи Чай Жинь
Тянь Пү одны хувилгаан халих тас Ли Ин
Тянь Мань одны хувилгаан сайхан сахалт Жү Түн
Тянь Гү одны хувилгаан тарлан хуушаан Лү Жишэнь
Тянь Шан одны хувилгаан бадарчин тойн Ү Сүн
Тянь Ли одны хувилгаан хос жадат Дүн Пин
Тянь Же одны хувилгаан өд үгүй сумт Жан Чин
Тянь Ан одны хувилгаан хар мэнгэт Ян Жи
Тянь Өү одны хувилгаан нисэх жадат Сюй Нин
Тянь Күн одны хувилгаан гавшгай баатар Суо Чао
Тянь Сү син одны хувилгаан хий хүлэгт Дай Зүн
Тянь И одны хувилгаан улаан үст Лю Тан
Тянь Ша одны хувилгаан хар хуй Ли Күй
Тянь Вэй одны хувилгаан есөн луут Ши Жинь
Тянь Жю одны хувилгаан эсрэг баатар Мү Хүн
Тянь Түй одны хувилгаан жигүүрт барс Лэй Хэн
Тянь Шоу одны хувилгаан лусын эзэн Ли Жюнь
Тянь Жянь одны хувилгаан догшин сахиус Руань Сяо Эр
Тянь Дин одны хувилгаан усан хувилгаан Жан Хэн
Тянь Зүй одны хувилгаан Эр Лан тэнгэр Руань Сяо Ү
Тянь Сүнь одны хувилгаан жигүүрт загас Жан Шүнь
Тянь Бай одны хувилгаан амьд эрлэг Руань Сяочи
Тянь Лао одны хувилгаан Гуань Со-ын хувилгаан Ян Сюн
Тянь Хүй одны хувилгаан чигч баатар Ши Сю
Тянь Бао одны хувилгаан хоёр толгойт могой Се Жэнь
Тянь Кү одны хувилгаан хос сүүлт гүрвэл Се Бао
Тянь Чяо одны хувилгаан ганган эр Янь Чин
Чулууны хөшөөний ар талд далан хоёр Ди Ша одны хувилгааныг бичсэн нь:
Ди Күй одны хувилгаан мэргэн жюньши Жү Ү
Ди Ша одны хувилгаан гурван уулын дарлага Хуан Синь
Ди Яон одны хувилгаан Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли
Ди Же одны хувилгаан муухай жюнь ма Сюань Зан
Ди Сюн одны хувилгаан хар хулан Хао Сывэнь
Ди Вэй одны хувилгаан ялгуусан баатар Хань Тао
Ди Ин одны хувилгаан сүрт баатар Пэн Чи
Ди Чи одны хувилгаан усан сахиус Шань Тингүй
Ди Мэн одны хувилгаан галын сахиус Вэй Дингуо
Ди Вэнь одны хувилгаан хувилгаан бичээч Сяо Ран
Ди Жэн одны хувилгаан үнэнийг баригч Пэй Сюань
Ди Ко одны хувилгаан алтан жигүүрт Оу Пэн
Ди хэ одны хувилгаан улаан нүдэт эрслэн Дэн Фэй
Ди Чян одны хувилгаан торгон үст барс Янь Шүнь
Ди Ань одны хувилгаан торгон ирвэс Ян Линь
Ди Жоу одны хувилгаан тэнгэрийн аянга Лин Жэнь
Ди Куай одны хувилгаан хувилгаан зурхайч Жян Жин
Ди Зо одны хувилгаан Люй Пу-ын хувилгаан Люй Фан
Ди Оу одны хувилгаан Сюай Жэнь Гүй-ийн бүрэлбаа Гуо Шэн
Ди Лин одны хувилгаан амьд оточ Ань Даочуань
Ди Шоу одны хувилгаан шар сахалт Хуан Фүдуань
Ди Вэй одны хувилгаан ягжгар барс Ван Ин
Ди Хуй одны хувилгаан хас хатгуурт Ху Саньнян
Ди Бао одны хувилгаан түйтгэрийн эзэн Бао Сюй
Ди Жань одны хувилгаан түйтгэр мангас Фань Руй
Ди Чан одны хувилгаан долгин зант Күн Мин
Ди Куан одны хувилгаан догшин дүрт Күн Лян
Ди Фэй одны хувилгаан найман мутарт нэ-ийн Сян Чүн
Ди Зоу одны хувилгаан нисэх сахиус Ли Гүнь
Ди Чяо одны хувилгаан уран дархан Жинь Да Жянь
Ди Мин одны хувилгаан бишгүүрт сахиус Ма Линь
Ди Жинь одны хувилгаан гүмбира матар Тун Вэй
Ди Түй одны хувилгаан аварга мэлхий Тун Мэн
Ди Мань одны хувилгаан хас багана Мэн Кан
Ди Суй одны хувилгаан уран сармагчин Хоу Жянь
Ди Жоу одны хувилгаан дүүлэгч барс Чэнь Да
Ди Инь одны хувилгаан цагаан эрээн могой Ян Чүнь
Ди И одны хувилгаан цагаан царайт Жэн Тяньшоу
Ди Ли одны хувилгаан есөн сүүлт мэлхий Тао Зүнван
Ди Жюнь одны хувилгаан төмөр дэвүүрт Сүн Чин
Ди Юэ одны хувилгаан алтан бишгүүрт Юэ Хэ
Ди Же одны хувилгаан эрээн хүзүүт барс Гүн Ван
Ди Су одны хувилгаан шархт барс Дин Дэсүнь
Ди Жэнь одны хувилгаан бяцхан эсрэг Мү Чүнь
Ди Жи одны хувилгаан алан тонилгогч Цао Жэн
Ди Мо одны хувилгаан үүлэн махранз Сүн Вань
Ди Яо одны хувилгаан тэнгэр тулагч До Чянь
Ди Оу одны хувилгаан архагт барс Сюэ Юнь
Ди Фү одны хувилгаан алтан нүдэт ирвэс Ши Энь
Ди Кун одны хувилгаан амьд ба ван Жоутун
Ди Пи одны хувилгаан барс алагч баатар Ли Жүн
Ди Чуань одны хувилгаан чөтгөрийн нүүрт До Син
Ди Гу одны хувилгаан цоохор ирвэс Тан Лун
Ди Юэ одны хувилгаан өрөөсөн эвэрт луу Зоу Рүнь
Ди Дуань одны хувилгаан хээрийн луу Зоу Юань
Ди Зан одны хувилгаан номхон барс Жү Фү
Ди Чоу одны хувилгаан хуурайн матар Жү Гүй
Ди Пин одны хувилгаан төмөр гарт Цай Пү
Ди Сүнь одны хувилгаан гувай цэцэгт Цай Чин
Ди Ну одны хувилгаан эрлэгийн элч Ли Ли
Ди Ча одны хувилгаан хөх нүдэт барс Ли Юнь
Ди А одны хувилгаан нүүр үгүй Жяо Тин
Ди Чоу одны хувилгаан хатан баатар Ши Юн
Ди Шу одны хувилгаан бяцхан жин дэ Сүнь Синь
Ди Инь одны хувилгаан өлөгчин барс Гү Дасао
Ди Син одны хувилгаан ногоо таригч Жан Чин
Ди Жуан одны хувилгаан эм ягчис Сүнь Эрнян
Ди Ле одны хувилгаан цахилгаан гүйдэлт Ван Динлоу
Ди Жянь одны хувилгаан догшин онгод Юй Баосы
Ди Хао одны хувилгаан өдрийн хулгана Бай Шэн
Ди Зэй одны хувилгаан нохой бөөс Ши Чянь
Ди Гоу одны хувилгаан алтан үст нохой Дуань Жинжү
Түүнээс Хэ бумба тэнгэрийн бичгийг тайлбарлан орчуулж, Сяо Ран-аар сийрүүлэн бичүүлж бараад олонд уншиж өгснөө, олон цөм цочин гайхав. Сүн Жян олон дайвангийн зүг өгүүлрүүн: - Өчүүхэн бичээч миний бие харин тэнгэрийн одны тэргүүнд тохиолджээ, олон ах дүү нар бас угаас цөм нэгэн хоршоо ажгуу.Дээд тэнгэрээс заяасан барилдлагаар нийлэв. Эдүгээ одны тоо бүрдэж, дээд тэнгэр их бага хоёр зэрэг хуваан дэс дарааг тогтоожээ. Тянь Ган Ди Ша одны суурин дэсийг нэгэнт тогтоосон тул олон дайван орон орноо эзлэн сууваас зохимуй, харилцан маргалдан тэмцэлдэж тэнгэрийн санаанаас зөрчиж үл болмуй хэмээхүл, олон дайван зэргээр өгүүлрүүн: - Тэнгэр газрын санаа нэгэнт тогтсон тул хэн аймшиг үгүй зөрчмүй хэмээв. Сүн Жян тавин лан шижир алт авчруулж Хэ бумбад тал болгон барив. Бус олон бумба хуушаан нар зэд барилгаа авч тахил балингаа хураан, уулнаас бууж тус тусдаа эчив. Шүлэгт өгүүлсэн нь:
Гэгээн саран жихүүн салхинаа тахилын мандал өндөр,
Гарди тогоруу агаарт нисэхүйеэ донгодох эгшиг яруухан.
Тянь Ган Ди Ша одон хувилаад нэр дараалан жагсав,
Тэнцэшгүй бат журам нэгэн насны санаа.
Түүнээс өгүүлэх нь Сүн Жян цэргийн багш Ү Юн, Жү Ү нар лугаа зөвлөн их танхимын илэрхийллийг халж "шударга журмын танхим" хэмээх гурван үсэг бичүүлэв. Дуань Жинь Тин-ий илэрхийллийг бас халуулав. Өмнөд гурван боомт байгуулж, Жүн И Тан-ы ард их тавцан цогцлон дээр нь төв дунддад нэгэн их харш байгуулж, хоёр хажууд цөм гэр байгуулан, гол харшид тянь ван Чао Гай-н хөргийг тахиж, зүүн этгээдийн гэрт Сүн Жян, Ү Юн, Люй Фан, Гуо Шэн сууж, баруун этгээдийн гэрт Лү Жюнь И, Гүн Сүньшэн, Күн Ми, Күн Лян нар суув. Хоёрдугаар мөрийн зүүн этгээдийн гэрт Жү Ү, Хуан Синь, Сүнь Ли, Сяо Ран, Пэй Сюань нарыг суулгаж, баруун этгээдийн гэрт Дай Зүн, Ян Чин, Жан Чин, Ань Даочуань, Хуан Пү Дуань нарыг суулгав. Жүн И Тан-ы зүүн этгээдэд амуу хүнсний сан хөмрөг байгуулж, Чай Жинь, Ли Ин, Жян Жин, Лин Жэнь нарыг суулгаж, баруун этгээдэд Хуа Рүн, Фань Жүй, Сян Чүн, Ли Гүнь нарыг суулгав. Уулан өмнөх нэгдүгээр боомтыг Се Жэнь, Се Бао-оор сахиулж, хоёрдугаар боомтыг Лу Жи Шэнь, Ү Сүн-ээр сахиулж, гуравдугаар боомтыг Жү Түн, Лэй Хэн-ээр сахиулав. Зүүн уулын боомтыг Ши Жинь, Лю Тан-аар сахиулж, баруун уулын боомтыг Ян Сюн, Ши Сю- оор сахиулж, хойд уулын боомтыг Мү Хүн, Ли Күй-ээр сахиулав. Зургаан боомтоос гадна ус хуурайн найман хүрээ байгуулж, чиг өмнө хуурайн хүрээнд Чинь Мин, Со Чао, Оу Пэн, Дин Фэй, чиг зүүн хуурайн хүрээнд Гуань Шэн, Сюй Нин, Сюань Зан, Хао Сывэнь, чиг баруун хуурайн хүрээнд Линь Чүн, Дүн Пин, Шань Тингүй, Вэй Дингуо, чиг хойд хуурайн хүрээнд Хү Яньжуо, Ян Жи, Хань Тао, Пэн Чи нарыг тус тус захируулан суулгав. Зүүн өмнөх усан цайзад Ли Жюнь, Руань Сяо Эр, баруун өмнөх усан цайзад Жан Хэн, Жан Шүнь, зүүн хойдох усан цайзад Руань Сяо Ү, Тун Вэй, баруун хойдох усан цайзад Руань Сяочи, Тун Мэн нарыг тус тус захируулан суулгав. Бусад дайван нарыг өөр хэрэгт тохиов. Туг хиурыг шинэчлэн зохиож, уулын орой дээр босгох "тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй" хэмээх хэдэн үсэгтэй гүйлсэн шар туг хийлгэж, Жүн И Тан-ы өмнө өлгөх "Шаньдуны бат журамт" "Хэбэйн бодь цагаан гөрөөс" хэмээх үсэг хатгамалласан хоёр улаан туг хийлгэв. Үүнээс гадна жигүүрт луу барс өтөг ирвэсийн туг, хөх луу цагаан барсын туг, улаан шаазгай хар мэлхийн туг, шар төмөг цагаан манжлага, бараан шүхэр, улаан соновтор үйлдүүлж, бас дөрвөн зүг таван махбодын туг, гурван орон есөн гарагийн туг, хорин найман одны туг, жаран дөрвөн хүлилийн туг, есөн мэнгэ найман хүлилийн туг, жич их бага нэгэн зуун хорин найман тугийг Хоу Жянь-аар үйлдүүлэв. Жинь Да Жянь- аар эл зүйлийн дөш тамга үйлдүүлэв. Аливаа бүхнийг үйлдэж дууссан хойно өлзийт өдөр бэлгэт цагийг сонгож, үхэр морь алж тэнгэр газрыг тахиад Жүн И Тан, Дуан Жинь Тин-ий илэрхийллийг өлгөж " тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулах" гүйлсэн шар тугийг босгов.
Мөн өдөр Сүн Жяних хурим бэлтгэж, өөрийн биеэр цэргийн тамгыг атгаж, цааз зарлиг өгүүлрүүн: - Олон ах дүү нар тус тусын тушаал хэргэмийг чанд журамлан гүйцэтгэх хэрэгтэй, осолдон цалгайрч бололгүй, хэрвээ зоримгоор зөрчигчид байваас эрхгүй цэргийн цаазаар аваачмуй, хэрхэвч уучлан хэлтрүүлэхгүй хэмээв.
Уулан цайзын олон жанжны тус тусын тушаал хэргэмийг нийтэлсэн нь:
Бүх цэргийг ерөнхийлөн захирах түрүү хоёр хүмүүн
Бат журамт Сүн Жян
Бодь цагаан гөрөөс Лү Жюнь И
Цэргийн нууц үйлийг эрхлэн захирах жюньши хоёр хүмүүн:
Оюут одон Ү Юн
Үүлэн хүлэгт Гүн Сүньшэн
Цэргийн үйлийг туслан шийтгэх тушаалтан нэгэн хүмүүн:
Мэргэн жюньши Жү Ү
Цалин хүнс эд агуурсыг захирах тушаалтан хоёр хүмүүн:
Хуй салхи Чай Жинь
Халих тас Ли Ин
Морьт цэргийн таван барсын жанжин таван хүмүүн:
Дам илдэт Гуань Шэн
Ирвэсийн тэргүүт Линь Чүн
Цахилгаан тэнгэр Чинь Мин
Хос ташуурт Хү Яньжуо
Хос жадат Дүн Пин
Морьт цэргийн найман бяо чи бөгөөд хошуут жанжин найман хүмүүн:
Амьд ли Гуань Хуа Рүн
Нисэх жадат Сюй Нин
Хар мэнгэт Ян Жи
Гавшгай баатар Суо Чао
Өд үгүй сумт Ян Чин
Сайхан сахалт Жү Түн
Есөн луут Ши Жинь
Эсрэг баатар Мү Хүн
Морьт цэргийн дэд бяо чи бөгөөд алсын чимээг турших жанжин арван зургаан хүмүүн:
Гурван уулын дарлага Хуан Синь
Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли
Муухай жюнь Ма Сюань Зан
Хар хулан Хао Сывэнь
Ялгуусан баатар Хань Тао
Сүрт баатар Пэн Чи
Усан сахиус Шань Тингүй
Галын сахиус Вэй Дингуо
Алтан жигүүрт Оу Пэн
Улаан нүдэт эрслэн Дэн Фэй
Торгон үст барс Янь Шүнь
Бишгүүрт сахиус Ма Линь
Дүүлэгч барс Чэнь Да
Цагаан эрээн могой Ян Чүнь
Торгон ирвэс Ян Линь
Амьд ба ван Жоутун
Явган цэргийн тэргүүн жанжин арван хүмүүн:
Тарлан хуушаан Лу Жи Шэнь
Бадарчин тойн Ү Сүн
Улаан үст Лю Тан
Жигүүрт барс Лэй Хэн
Хар хуй Ли Күй
Ганган эр Янь Чин
Гуань Со-ын хувилгаан Ян Сюн
Чигч баатар Ши Сю
Хоёр толгойт могой Се Жэнь
Хос сүүлт гүрвэл Се Бао
Явган цэргийн дэд жанжин арван долоон хүмүүн:
Түйтгэр мангас Фань Руй
Түйтгэрийн эзэн Бао Сюй
Найман мутарт Нэ-ийн Сян Чүн
Нисэх сахиус Ли Гүнь
Архагт барс Сюэ Юнь
Алтан нүдэт ирвэс Ши Энь
Бяцхан эсрэг Мү Чүнь
Барс алагч баатар Ли Жүн
Цагаан царайт Жэн Тяньшоу
Үүлэн махранз Сүн Вань
Тэнгэр тулагч До Чянь
Хээрийн луу Зоу Юань
Өрөөсөн эвэрт луу Зоу Рүнь
Эрээн хүзүүт барс Гүн Ван
Шархт барс Дин Дэсүнь
Нүүр үгүй Жяо Тин
Хатан баатар Ши Юн
Дөрвөн цайзын усан цэргийн түрүү найман хүмүүн:
Лусын эзэн Ли Жюнь
Усан хувилгаан Жан Хэн
Жигүүрт загас Жан Шүнь
Догшин сахиус Руань Сяо Эр
Эр Лан тэнгэр Руань Сяо Ү
Амьд эрлэг Руань Сяочи
Гүмбира матар Тун Вэй
Аварга мэлхий Тун Мэн
Дарсан пүүсийг захирч чимээ туршин зочин угтах түрүү найман хүмүүн:
Зүүн уулын дарсан пүүсэнд
Бяцхан жин дэ Сүнь Синь
Өлөгчин барс Гү Дасао
Баруун уулын дарсан пүүсэнд
Ногоо таригч Жан Чин
Эм ягчис Сүнь Эрнян
Өмнө уулын дарсан пүүсэнд
Хуурайн матар Жу Гүй
Чөтгөрийн нүүрт Ду Син
Хойд уулын дарсан пүүсэнд
Эрлэгийн элч Ли Ли
Цахилгаан гүйдэлт Ван Дин Лю
Ерөнхий туршуулын тушаалтан нэгэн хүмүүн:
Хий хүлэгт Дай Зүн
Нааш цааш цэргийн нууц чимээ хүргэх явган цэргийн түрүү дөрвөн хүмүүн:
Алтан бишгүүрт Юэ Хэ
Нохой бөөс Ши Чянь
Алтан үст нохой Дуань Жинжү
Өдрийн хулгана Бай Шэн
Дундад цэргийг сахин хамгаалах морьт цэргийн гавшгай жанжин хоёр хүмүүн:
Люй Пу-ын хувилгаан Люй Фан
Сюай Рэнь Гүй-ийн бүралбаа Гуо Шэн
Дундад цэргийг сахин хамгаалах явган цэргийн гавшгай жанжин хоёр хүмүүн:
Долгин зант Күн Мин
Догшин дүрт Күн Лян
Эрүү цаазыг эрхлэн гүйцэтгэх тушаалтан хоёр хүмүүн:
Төмөр гарт Цай Пү
Гувай цэцэгт Цай Чин
Бүх цэргийн дотор мэдээ авах морьт цэргийн тушаалтан хоёр хүмүүн:
Ягжгар барс Ван Ин
Хас хатгуурт Ху Саньнян
Эл зүйлийн хэрэг явдлыг гүйцэтгэх тушаалтан арван зургаан хүмүүн:
Бичиг харааг хамаарч жанжин цэргийг шилэн татах тушаалтан
Хувилгаан бичээч Сяо Ран
Сайшаан шагнах яллан шийтгэх цэрэг засгийн тушаалтан
Үнэнийг баригч Пэй Сюань
Цалин хүнсийг эрхлэн захирах тушаалтан
Хувилгаан зурхайч Жян Жин
Цэргийн онгоц салыг харгалзан үйлдүүлэх тушаалтан
Хас багана Мэн Кан
Дөш тамга эрхлэн үйлдэх тушаалтан
Уран дархан Жинь Да Жянь
Туг хиур хувцасхунар эрхлэн үйлдэх тушаалтан
Уран сармагчин Хоу Жянь
Цэргийн агтыг эмнэн засах тушаалтан
Шар сахалт Хуан Пү Дуань
Эл зүйлийн өвчнийг эмнэн засах цэргийн эмч
Амьд оточ Ань Дао Чуань
Цэргийн зэвсэг хуяг дуулга захиран үйлдүүлэх тушаалтан
Цоохор ирвэс Тан Лун
Их бага буу захиран үйлдүүлэх тушаалтан
Тэнгэрийн аянга Лин Жэнь
Гэр барилгын ажлыг захирах тушаалтан
Хөх нүдэт барс Ли Юнь
Мал алж нядлахыг хамаарах тушаалтан
Алан тонилгогч Цао жэн
Хурим найрыг хамаарах тушаалтан
Төмөр дэвүүрт Сүн Чин
Дарс цуу харгалзан нэрүүлэх тушаалтан
Номхон барс Жү Фү
Хот хэрмийн барилгыг захирах тушаалтан
Есөн сүүлт мэлхий Тао Зүнван
Жанжин туг барих тушаалтан
Догшин онгод Юй Баосы
Сюань Хэ-ийн хоёрдугаар оны дөрвөн сарын шинийн нэгний өдрөө, Лян Шань Фү-ын их цуглаанаас олон жанжныг тушаалд томилсон тунхаг хэмээжээ.
Тэр өдөр Сүн Жян цааз зарлан олны тушаал хэргэмийг тунхаглан барсан хойно, олон жанжин өөр өөрийн тамга дөшийг авч, уулны хотлоор согттол ууж тус тусын тушаасан газарт одов. Тушаалд эс томилогдсон жанжин нар хэвээр их танхимын орчинд зарлигийг хүлээн суув. Лян Шань Фү-г магтан сайшаасан нэгэн анги дуулалд өгүүлсэн нь:
Орон орноос уулнаа цугларан ирж, ондоо ондоо овогтон нэгэн гэр болов. Тянь Ган Ди Ша одны хувилгаад тэнгэрийн доор заяаж, өндөр уул Лян Шань-д эрэлхэг баатарчууд цугларав. Этгээд хол газрын хязгаараа төрөгсөд, элэг зүрхээ холбож үхэж амьдрахыг хамтатгав. Өнгө зүс үг аялгуу, өмнө умар өрнө дорно үсэд өөр боловч, элэг зүрх сэтгэл санаа, үнэнч шударга итгэл журам эгнэгт ташаа үгүй. Хаадын угсаа богдсын ач нар харцсын сүрэгт нийлэн, баядын үр баатдын хүүхэд олны дунд нягтарч гурван сургаал есөн урсгалаас эхлэн анчин загасчин алагчин яргачин хүртэл ах дүүгийн ёсоор үйлдэж, эрхэм доордын ялгал үгүй. Эхийн хэвлийд хамт заяасан ах дүү, үс тэргүүн холбосон эр эм, авга ач хадам харь, түүнчлэн эзэн боол, өшөөдөн хорсолтон хэмээн ойр холын ялгал үгүй уруул шүд мэт ижилшин, баяр найраар баясан цэнгэмүй. Сэцэн сэргэлэн, болхи бүдүүлэг, эгэл ард, хээнцэр эрс ханилан нөхөрлөхөд юуны харъяа? Ааль зангаа мэдэлцэж, эе эвтэй аж төрмүй. Бийр баригч бичгийн хүмүүн, бялуу эргүүлэгч цэргийн эр, алс гүйгч, алтан хумстан хэн алины хир чадлаар хэргэм тушаалд хэрэглэжээ. Уран зальт бичгийн хүмүүнд хорсолтой учраа огоот хувилгаан бичээчийг урьж уртад аруухан хэвийг үлдээжээ. Цув дээл цууж эрихтэнд заналтай тул завшаанаар цагаан дээлт оюутныг урьтаж тонилгоод, атаа жөтөөтнийг 135
арилган дуусав. Бартаат боомт хэдэн зуун бээр, баатар эрс зуун найман хүмүүн. Эрт цагт мөрөн тэнгист нэр нэрээ сонсолцохуйяа, өндөр асрын зөнгийн дуун сонорт орсон мэт. Өнөөдөр одон гарагт овог нэрээ жагсаахуйяа эрхэн мөхлөг адил салшгүй холбоотой болжээ. Эрэлхэг цөст Чао Гай уулын эзэн суусан ч, эрт өдөр тэнгэрт дэвшиж, эрдэмт Сүн Жян олон баатрыг журмаар үйлдэн, уулан цайзын тэргүүн суужээ. Харгуй шугуйд түрхрэлдэн цуглахыг элэглэх хэрэггүй, хаан төрд эрхтэн эелдэн дагахыг хүсмүй.
Сүн Жян өлзийт сайн өдрийг сонгож, хүж шатаан, хэнгэрэг дэлдэж их танхимд олныг цуглуулаад, олны зүг өгүүлрүүн: - Энэ өдөр урьдын мэт бус, надад нэгэн үг буй. Эдүгээ Тянь Ган Ди Ша од нийлсэн тулд эрхгүй дээд тэнгэрт тангараглан, өөр сэтгэлийг орхиж, үхэх амьдрахыг хамтатган, зовлон жаргаланг нэгтгэж, нэгэн хамтаар улсад зүтгэн иргэнийг амар болговоос зохимуй хэмээсэнд, олон бүгдээр баярлан хүмүүн бүр хүж шатааж, хамтаар сөгдөн, Сүн Жян тэргүүлэн тангарагласан нь: - Өчүүхэн бичээч Сүн Жян надад эрдэм чадал үгүй бөлгөө. Тэнгэр газрын ивээлд түшиж, наран сарны гэрэлд шүтэж, ах дүү олон уулан газар цуглаж, алдарт баатар нар усан цайзнаа нийлж, нийт нэгэн зуун найман хүмүүн болж, дээшид тэнгэрийн тоонд нийцэж, дорогшид хүмүүний санаанд зохицов. Үүнээс хойш аль нэгэн хүмүүн өөр сэтгэл барьж, өршөөл журмыг үтээрэн тэрсэлбээс тэнгэр сахиус буруугаар үзэж, түмэн үе хүмүүний төрөл олуулахгүй тамын ёроол хэвтүүлтүгэй. Гагцхүү хүсэх нь бүгдээр шударга журмыг өвөрлөн, хамтаар улс гэрт гавъяа байгуулан, тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, хязгаарыг хамгаалан иргэнийг амуулсугай хэмээмүү, тэнгэр сахиус тольдож бэлгэ тэмдэг үзүүлэн соёрх хэмээн тангараглаж бараад, бүгдээр нэгэн дуугаар, ганц өнө үүрд хагацал үгүй үе улиран хамт заяаж, төрөл төрөлд түүдээрэл үгүй уулзахыг хүсмүй хэмээн шившээд цус ууж тангараглан, согттол уулцаж тархав. Шүлэгт өгүүлсэн нь:
Утаа уур харанхуй нүхнээс бургин мандаад,
Улаан тоосноо Тянь Ган Ди Ша заяаж буув.
Эрэлхэг зориг сонссон газраа зүрхийг чичрүүлэн,
Эрэмгий баатад үзсэн хүмүүний цөсийг хэмхрүүлмүй.
Эдийг нимгэлэн журмыг хүндэтгэж усан цайзнаа эчээд,
Өвчүү цээжний хорслыг тайлж уулан боомтноо гарав.
Танхимын өмнөх нэгэн боть тэнгэрийн бичгийг,
Толилох мэргэдээр нарийвчлан хянаж үзнэм болов уу.
Түүнээс Лян Шань уулын сайн эрс уулаас бууваас заримдаа цэрэг морь дагуулан, заримдаа хэдэн хүмүүн нийлж цэрэг үгүй явмуй. Замаар явах худалдаа наймааны тэрэг хөсгийг дураар тавьж илгээмүй. Ганц албан ноёд тушаалд дэвшиж алт мөнгө авдар авдраар авч явах тохиолдвоос хүмүүнийг алж, эдийг булаан уулан цайздаа авчирч албан хөмрөгт оруулаад үлснийг нь олноор хуваамуй. Хоёр гурван зуун газрын үзүүрт ард иргэнийг хяхан 136
шулж амуу эдийг үлэмж хураасан их их баяд байваас даруй эчиж булаан авчрахуйяа хэн ч эсэргүүцэн хориглож үл чадмуй. Жич бас шударга иргэнийг шулж эд хөрөнгөтэй болсон бага бага баяд байваас хол ойр хэмээн ялгахгүй мөн даруй хүмүүн илгээж булаан авчирмуй. Ийнхүү булаан авчирсан өрх зуу мянгаар зогсохгүй. Ийнхүү булаан дээрэмдэж явахад, хүрсэн эл газар хариуцан эсэргүүцэх хүмүүн үгүй тул өгүүлэх учир үгүй.
Өгүүлэх нь Сүн Жян урьд өдөр тэнгэрт тангарагласнаас нааш эгнэгт уулнаас буусангүй, санамсаргүй зуны улирал өнгөрч, намрын сэрүүн орж есөн сарын есний Чүнян-ы өдөр болов. Сүн Жян бээр Сүн Чин-г дуудаж их хурим бэлтгүүлэн, олон ах дүү нарын хамт удвал цэцгийг сонирхсугай, хуримын нэрийг "удвал цэцгийн хурим" хэмээсүгэй. Уулнаас буусан хүмүүн байваас хэдий хол байсан ч цөм дуудаж хуримд ирүүлтүгэй хэмээн захив. Хуримын өдөр болсноо уул адил мах далай мэт дарс бэлтгэж, урьдаар явган морьт усан цэргийн гурван хүрээний бага түрүүчүүдийг дуудаж тус тусын хуяг цэргийн идэх уух мах дарсыг бардаагаар хүрэлцэхээр түгээн өгөв. Жүн И Тан-ы их танхимд дүүртэл удвал цэцэг тавьж, олон жанжин өөр өөрийн дэсийг бодон суулцаж хундага барилцав. Танхимын өмнө хоёр этгээдэд харанга хэнгэрэг нижигнэтэл дэлдэн, шог наадам хэлэлцэн наргиан шуугиан болж, хундага савх зөрөлдөн олон хүмүүн уужиртал уулцахад Ма Линь бишгүүр үлээн, Юэ Хэ дуу дуулж, Янь Чин ятга чавхдан цэнгэлдсээр наран шингэх үед Сүн Жяних л согтож, бийр цаас авчруулан, архины халуунаар нэгэн анги Мань Жян Хүн хэмээх дуулал бичиж гаргаад Юэ Хэ-д өгч дуулуулав. Түүний үг нь:
Чүнян-ий улирал хүрч ирлээ, цөгцийн доторх шинэ дарсны үнэр нэнд анхилуун. Улаан уул хөх усыг бараалахуйяа, урт хулс ороомог зэгс дүүрчээ. Сахал үснээ мөнгөн хяруу бас дахин нэмэгдээд, санчгийн хажууд шар удвалыг эс хатгаваас болохгүй. Хамт дарсыг хөнтрөх зуур ах дүүгийн найрыг дэлгэхүйеэ, алтан хас мэт. Барс ирвэсийг дагуулан, бартаат хязгаарыг дарангуйлахад, цааз захиа тодорхой, цэргийн сүр хурц. Өвчүү цээжнээ дуртайяа иргэнийг хамгаалан сөргүүг дарж улсыг амуулсугай хэмээмүү. Журамт баатрын улаан зүрх наран саран мэт мандахуйяа, зальхай хүмүүний үзэх нүдийг хог тоос халхлав. Тэнгэрийн хөвүүний жуу бичиг буулгахыг хүлээн эрт өдөр илбэгдэн дагаваас, элэг зүрх сая амармуй.
Юэ Хэ энэ дууг дуулж "тэнгэрийн хөвүүн жуу бичиг буулгаж эрт өдөр илбэн дагуулахыг хүсмүй" хэмээх үгнээ хүрэхэд, Ү Сүн бархиран өгүүлрүүн: - Өдрийн маргааш орж өгөхийг хэлсээр, ах дүү нарын сэтгэл цөм жихүүн болов! хэмээтэл, хар хуй Ли Күй нүд дүгрэглэн их дуугаар бархиран өгүүлрүүн: - Ам ангаймагц орж өгсүгэй хэмээмүй, орж өгөөд яамуй! хэмээгээд өмнөх ширээгээ балба өшиглөв. Сүн Жян зандан өгүүлрүүн: - Энэ хар мал юунд ийнхүү ёс бусчилмуй? Зүүн баруун этгээдийн ард түүнийг аваачиж цавчин алагтун! хэмээхэд олон хүмүүн зэргээр сөгдөж гуйн өгүүлрүүн: - Энэ хүмүүн архинд маш согтсон тул ах та уучлан аваачму хэмээвээс Сүн Жян өчрүүн: - Мэргэн дүү нар түргэн бостугай, энэ малыг түр гянданд авчиж хоригтун хэмээхүйеэ, олноороо баярлав. Тушаал гүйцэтгэх цэргийн ард урагш давшиж Ли Күй-г залахад, Ли Күй өгүүлрүүн: - Та намайг эчихгүй хэмээн айж баймуй уу? Ах намайг алавч би түүнд гомдохгүй, туячивч түүнд хорсохгүй, түүнээс бусад болбоос тэнгэрээс бас айхгүй хэмээгээд цэргийн ардыг дагаж гяндангийн гэрт эчиж унтав. Сүн Жян түүний үгийг сонсож, санамсаргүй архи эргэж уярал төрөгдөв. Ү Юн хориглон өгүүлрүүн: - Энэ өдөр ах хурим бэлтгэж олныг хуримлахад олон цөм баярлан уулцмуй, энэ хүмүүн угаас нэгэн бүдүүлэг хүмүүн тул нэгэн цагийн согтуугаар цалгайран аашилсныг бодох хэрэггүй, олон ах дүү нар лугаа хамт найрлан хуримаа төгсгөвөөс зохимуй хэмээхэд, Сүн Жян өгүүлрүүн: - Миний бие Жянжоу-д архинаа согтож эсэргүү шүлэг бичсэн үед түүний ач тусыг олсон бөлгөө. Өнөөдөр бас дуулал бичиж, ах дүү нар эрт ятган хориглосонгүй бөгөөс мөн түүний амийг хөнөхөд хүрмүй. Тэр бид хоёулын найр сэтгэл зузаан учраас тэсгэлгүй нүдэн нулимс унагамуй хэмээгээд Ү Сүн-ий зүг өгүүлрүүн: - Дүү чи хэмээгч хэрэг учрыг төсөөлөх хүмүүн атал юун хэмээн миний гажууг гээж төвийг дагаж, төрийн түшмэл болгосугай хэмээсэн санааг олны сэтгэлийг жихүүн болгов хэмээв үү? хэмээтэл Лу Жи Шэнь өгүүлрүүн: - Эдүгээ эзэн төрд харгис түшмэд эрхийг эзлээд хаан эзнийг харанхуй болгосон нь миний өмссөн хар дээл адил болжээ, түүнийг хэрхэн угаасан ч цагаан болох ёс буюу? Эзэн төрд дагаваас сайн учир үгүй, маргааш даруй салж өөр өөрийн амьдрах замыг эрсүгэй хэмээхэд, Сүн Жян өгүүлрүүн: - Олон дүү нар миний үгийг сонстугай, эдүгээгийн эзэн хаан болбоос маш гэгээн бөлгөө. Ганц зальхай түшмэдэд мэхлэгдэн түр цаг будангуйрчээ. Хожмын өдөр үүл арилж наран гарч манай тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулж, сайн иргэнийг эс хөнөөхийг мэдвээс манай ялыг хэлтрүүлэн илбэн дагуулмуй. Тэр үед бид бүгдээр нэгэн сэтгэлээр улс гэрт хүч зүтгэж түүх шастирт нэрээ үлдээвээс сайн үгүй юү? Иймийн тул эрт орж өгөхийг хүссэн бөлгөө, өөр санаа огт үгүй хэмээхүйеэ, олон цөм сайшаан талархав. Тэр өдрийн хурим баяр үгүйгээр төгсөж тус тусын цайздаа эгэв.
Жич өглөө олон хүмүүн ирж Ли Күй-г үзвээс хараахан сэрээгүй тул түүнийг дуудан сэрээж өгүүлрүүн: - Чи өчигдөр их согтож ахыг хараасан тул өнөөдөр чамайг алсугай хэмээмүй хэмээхүл, Ли Күй өгүүлрүүн: - Би зүүдээр бас түүнийг аймшиггүй хараахгүй, тэр намайг алсугай хэмээвээс түүний дураар алуултугай хэмээснээ, олон хүмүүн Ли Күй-г дагуулан танхимд ирж Сүн Жян-д уулзуулан ял хүлээлгэсэнд, Сүн Жян зандан өгүүлрүүн: - Миний доор маш арвин хүмүүн баймуй, цөм чиний адил ёсгүй аашилбаас даруй самуурах бус уу? Ах дүү нарын нүүрт чиний ялыг түр хэлтрүүлсүгэй, дахин осолдвоос хэрхэвч хялбар тавихгүй хэмээхэд, Ли Күй за за хэмээн ухран гарахуйяа олон цөм тархаж эчив.
Учир явдал үгүй, цагаан сар болох ойртов. Нэгэн өдөр, хэдэн хоногийн цас арилж тунгалаг болсноо, хүмүүн ирж мэдүүлрүүн: - цайзаас долоо найман газрын үзүүр, Лайжоу-оос Дунжин-д дэнлүү хүргэж эчих нэгэн бүлэг хүмүүнийг барьж, эдүгээ боомтын гадна зарлиг хүлээмүй хэмээсэнд, Сүн Жян: - Битгий уяж хүлэгтүн, нааш дуудаж оруултугай хэмээснээ, дэмий удсангүй танхимын өмнө авч ирэв. Хоёр албаны хүмүүн, найм есөн гар урчууд, таван тэрэгтэй ажгуу. Тэргүүлсэн нэгэн нь өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос Лайжоу-ын албаны хүмүүн, энэ хэдүүл болбоос дэнлүү үйлддэг урчууд болой. Хуучин ёсоор болбоос манай Лайжоу-оос гурван дэнлүү авмуй. Энэ жил бас хас саравчит есөн өнгийн цэцэгт дэнлүү хоёрыг нэмжээ хэмээсэнд, Сүн Жян дарс өгч уулган дэнлүүг гаргаж үзэв. Тэр дэнлүүний үйлдвэрчин есөн өнгийн цэцэгт дэнлүүг гаргаж дүүжлээд дөрвөн талын цэцгийг тааруулан дүүжилбээс дээр доор нийт ес ес наян нэгэн дэн баймуй. Жүн И Тан-ы гол нуруунаас дүүжлэхүл газар шүүрмүй. Сүн Жян өгүүлрүүн: - Би чухам дэнг чинь бүгдийг үлдээж авсугай хэмээсэн бөлгөө. Та нарт аюул зовлон болуузай хэмээн зовмуй, тийнхүү ганц энэ есөн өнгийн цэцэгт дэнлүүг үлдээн авсугай. Бусдыг нь та нар аваачиж албанаа тушаагтун, үнийг нь хорин лан мөнгө өгсүгэй хэмээхүйеэ, тэдгээр хүмүүс дахин давтан талархан мөргөж уулнаас бууж эчив.
Сүн Жян есөн өнгийн цэцэгт дэнг Чао тянь вангийн шарилын өмнө өлгүүлж, маргаашийн өдөр нь олон дайвангийн зүг өгүүлрүүн: - Би Шаньдун газар төрж өссөн боловч Дунжин хотод нэг ч удаа орсонгүй, сонсвоос хаан эзэн энэ жил гайхамшиг төгөлдөр сайхан дэн үйлдүүлж, цагаан сарын арван тавны шөнө олон иргэний хамт цэнгэн үзмүй, өвлийн тэргүүн сараас эхлэн дэн үйлдүүлээд эдүгээ сая дуусгав хэмээмүү. Тийнхүү эдүгээ миний бие хэдэн дүү нарыг авч Жин хотноо цэцэгт дэнлүүг үзэхээр эчсүгэй хэмээмүй хэмээхэд, Ү Юн хориглон өгүүлрүүн: - Болохгүй, эдүгээ Жин балгасанд цагдаа цэрэг маш олон, хэрвээ эндэгдэл гарваас хэрхмүй? хэмээхүл, Сүн Жян өгүүлрүүн: - Би өдөр болбоос зочны буудалд нууж суугаад шөнө хотноо орж үзвээс юунаас аймуй? хэмээв. Олон хүмүүн гашуудан хоригловч Сүн Жян үгийг сонсохгүй эрхгүй эчмүй хэмээмүй. Энэ үнэхээр галзуу барс луу гардийн харшид шууд орж, догшдын бүрэлбаа харанхуй шөнө нийслэл хотыг түйвээмүй. Сүн Жян нэхэн Жин хотноо орж дэн үзэхийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу,энэ зохиолыг бага байхад аав минь уншиж өгдөг байсан болохоор ,баатрууд нь танил мэт санагддаг,саяхан 3 боть номоор нь олж аваад уншиж байна,кино байдаг гэж сонслоо ,үзэх боломж юу байна,U-tube д байдаг болов уу,ямар нэртэй бол хэлж өгөөч,БАЯРЛАЛАА